Р.ОЮУН

Сүүлийн үед зам тээврийн болон өндрөөс унаж бэртэх нь ихэсч байна. Энэ тухай Гэмтэл согог судлалын үндэсний төвийн жижүүрийн ахлах эмч, Насанд хүрэгчдийн гэмтлийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй их эмч Ө.Өлзийбаатартай ярилцлаа. 

-Ойрын өдрүүдэд танай тасгийн ачаалал хэр байна вэ. Хүмүүс ихэвчлэн ямар шалтгааны улмаас гэмтэж, бэртэж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар манай тасаг 105 өвчтөнтэй, ачаалал нэлээд их байна. Орны хувьд 80 орны багтаамжтай. Манайд хэвтэж байгаа өвчтөнүүдийн ихэнх нь өндөр настнууд байна. Тэд явганаас хальтирч унасан гэдэг. Ер нь гэмтлийг гурав хуваадаг. Нэгдүгээрт, ахуйн осол. Нөгөө нь авто осол.  Гурав дахь нь согтуугаар үүссэн гэмтэл байдаг. Сүүлийн үед гэмтэл бэртэл эрчимтэй нэмэгдэж байна.

-Ор, тасаг, хүрэлцэхгүй ч гэсэн олон хүн энэ эмнэлгийг зорьдог. Илүү гарсан хүмүүстээ эмнэлгийн тусламжийг яаж хүргэж байна вэ?

-Цаанаас зааж өгсөн заалт нь энэ. Гэхдээ аливаа газрын шингэц гэж бий. Манайх 100 хүн хүлээж авах хүчин чадалтай. Өмнө нь хэвтсэн хүмүүстээ хагалгаа хийгээд, цаашид эмчлүүлэх шаардлагагүй хүмүүсээ үзээд зөвлөгөө өгч гаргаад хонгилд байгаа хүмүүсээ хэвтүүлдэг. Эмийн эмчилгээ манайд доголдол, чирэгдэлгүй явж байгаа. Ард түмний эмнэлэг учраас хэн ч ирсэн эмчилж, тусална. Тиймээс бид ялгаварлахгүй үйлчилж байна.   

-Нийслэл гэлтгүй хөдөө орон нутагт хүмүүс их гэмтэж байна. Энэ үед түргэн тусламж ирэхийг хүлээх зуураа цаг алдалгүй эмнэлгийн анхны тусламжийг яаж үзүүлэх ёстой вэ. Энэ талаар зөвлөгөө өгөөч?

-Дээхнэ үед жолооны курст гэмтлийн эмч нар хичээл ордог байсан. Жолоочоос гадна аливаа нэг хүнд анхны тусламж үзүүлэх, асуулт лавлагааг цэгцлэх, осол болсон газраас гэмтсэн хүмүүсийг яаж эмнэлэгт аваачиж хүргэж өгөх вэ гэсэн хичээл заадаг байсан. Ямар ч гэсэн манай жолооч нар эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэгтэй байна. Тухайлбал, зам тээврийн ослын үед хөл нь хугарсан байхад чиг барьж боох, цус алдсан бол чангалуур тавих зэргээр анхны тусламжийг хийж ирдэг.

Ямар гэмтэл авснаас шалтгаална. Яс нь ил гараад цус алдаж байвал тогтоох, цус алдаж байгаа газрынхаа дээгүүр чангалуур тавих, даралттай боох, судсыг нь дарах зэрэг арга хэмжээ авна. Мөн хүнээ тайвшруулах, цус алдалтын эсрэг эмчилгээ, өвдөлт намдаах, хүнээ зөв байрлалд тайван байлгах зэрэг олон арга бий.

-ГССҮТ-д өдөрт хэчнээн хүн хандаж байна вэ. Хот, хөдөөнөөс хэр олон хүн ирж байна?

-Хүлээн авах үзээд манай тасагт хуваарилсан доод мөчний гэмтэлтэй хүмүүсийг хүлээж авдаг. Тухайн хүний өвчтөний түүх дээр хүмүүс согтуугаар хэвтсэн гэж бичсэн байдаг. Үүнийг тухайн үеийн цусны шинжилгээгээр л илрүүлнэ үү гэхээс “Чи архи уусан байна” гээд эмчлэхгүй гэсэн ойлголт байхгүй. Манай гэмтлийн эмнэлгийн эмч нар нийгмийн нэргүй дайны талбарт ажиллаж байгаа хүмүүс. Манай эмнэлэг өдөрт 300 хүн хүлээн авч үздэг. 16 цагийн байдлаар гэхэд 170 гаруй хүнийг үзсэн байна. Амбулаторт 24 цагаас хойш хот, хөдөөгийн харьяалалтай 40-50 хүнийг  үздэг. Манай эмнэлэг өдөрт 40-50 хагалгаа хийдэг, төрөлжсөн нарийн мэс заслын эмнэлэг.

-Сүүлийн үед хийж байгаа эмчилгээнийхээ талаар сонирхуулахгүй юу?

-Сүүлийн үед манай тасаг дурангийн болон өвдөг, түнхний хиймэл үений, дунд чөмөг болон шилбэний хугарал хадах хагалгааг хийж байна. Хамгийн гол нь хагалгаа хийх стандартууд нь дэлхийн төвшинд дөхөж очсон, материалууд нь нийлэгдсэн. 98 настай хөгшин долоо хоногийн өмнө дунд чөмөгний хагалгаанд ороод өнөөдөр эмнэлгээс гарч байна. Энэ нь манай эмнэлгийн болон хамт олны хийж байгаа ажлын жишээ. Өмнө нь маш төвөгтэй байдаг байсан хагалгаануудыг өндөр төвшинд хийдэг боллоо. Манай тасгийн хувьд нэлээд эрчимтэй сайн хөгжөөд шинжлэх ухааныхаа хувьд дэлхийн хаана ч очсон, ямар ч эмч ирсэн “Арай ч дээ” гэж хэлэхээргүй болсон.

-Манайхан өвдөг, түнхний хиймэл үений хагалгааг хийлгэхээр гадаад руу их явдаг. Тэгвэл энэ хагалгааг эх орондоо хийлгэх боломжтой болжээ гэж ойлгож болох уу?

-Гэмтлийн эмнэлэг 2004, 2005 оноос эхлээд өвдөг, түнхний хиймэл үе солих хагалгааг хийж ирсэн. Түнхний үений мэс заслыг 1998 оноос хийсэн. Бид ийм хүнд ажилтай байдаг учраас ийм хагалгааг эх орондоо хийлээ гэж сурталчилах шаардлагагүй. Тэртэй тэргүй том эмнэлэг учраас хүмүүс өөрсдөө ирдэг. Манай Б.Батзориг, Отгонгэрэл, сүүлийн үед Баяртулга, Сүхбат, Мөнхсайхан гэсэн эмч нар бүгдээрээ сүүлийн үеийн дэлхийн стандартын хагалгаануудыг гадаадад сурч ирээд Монголдоо нутагшуулаад хэрэгжүүлж байна. Үүнийг нутагшуулахад ганц эмч нар ч биш.

Сувилагч, үйлчлэгч, гэрэл цахилгаан, багаж тоног төхөөрөмж хариуцдаг мэргэжилтнүүд байна. Энэ том хагалгааг Монголд нэвтрүүлж нутагшуулаад өөрийн болгоод хийж байгаа нь 2-5 жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Энэ хагалгааг нэгдүгээр эмнэлэг болон хувийн эмнэлгүүдэд хийж байгаа. Солонгос, Франц, АНУ, Хятадтай энэ хагалгааг хамтарч хийж байсан. Сүүлийн үед нурууны бэхэлгээнүүд, нурууны жийргэвч солих зэрэг бүх хагалгааг манайд хийж байгаа. Айлын хүүхдээр бол ажил хийгээд, томоотой яваад байдаг нэг хүүхэд байдаг шүү дээ яг түүнтэй адилхан.

-Мэдээж хагалгаа хийхэд чанарын шаардлага хангасан багаж, тоног төхөөрөмжтэй байх ёстой. Энэ талаар?

-Тоног төхөөрөмжийн хувьд 2001 онд Францын тоног төхөөрөмж оруулж ирсэн мэс заслын блок, эрчимт эмчилгээний блокуудыг шинэчилж сольсон нь үр дүнгээ өгсөн. Үүгээр ганц гэмтлийн эмнэлэг сайжирч байгаа юм биш. Монголын болон бидний хамаатан садан, өвчтөнүүдээр дамжуулж сайжирч байгаа үр дүн юм. Дэлхийн хөгжлөөс хол биш ч ойрхон явж байгаа гэдэгт бардам хэлнэ. Миний хувьд  Хятадад сургууль төгсч мэргэжил дээшлүүлсэн. Бид өөрсдөөрөө, хамт олноороо бахархах хэрэгтэй.

-Манайхан гадаад руу явж өндөр үнээр хагалгаа хийлгэдэг. Монголдоо өвдөг, түнхний хиймэл үе солиулах хагалгаа хийлгэе гэвэл нууц биш бол хэдэн төгрөг хэрэгтэй вэ?

-Хийж байгаа материал, өвдөг, түнхний хиймэл үений суулгацаас хамаараад 3600-4000 гаруй ам.долларын үнэтэй. Энэ бол зөвхөн хиймэл үений суулгацын үнэ. Бусад хариуцаж байгаа эмчилгээ, эм тариаг улс даатгалынхаа журмаар өгчихдөг учраас манайд хямдхан. Харин гадаадад энэ нь янз бүрийн үнэтэй байдаг. Хамгийн хямд нь Хөх хотод 8000 ам.доллар цаашлаад 22 мянган ам.долларын үнэтэй. Үнэ гол нь биш. Хамгийн гол нь бидний хийж байгаа үйл ажиллагаа бол өөрсдийнхөө хөгжлийг дээшлүүлж, ард түмэндээ үнэтэй чамбай, дэлхийн зах зээлээс хямдхан, аль болох үнэ төлбөргүй хүргэхийг зорьж байна. Сүүлийн үед хүмүүс гадаад руу явахаасаа илүү манай эмч нарт ханддаг болж байна. Манай эмч нар хагалгааг үнэхээр сайн хийж байгаа. Манай тасгийн хувьд 10 эмчтэй, өдөрт 6-8 хагалгаа хийдэг. Энэ нь дандаа дунд чөмөг болон шилбэний хугарлууд, тойг, өвдөг болон түнхний хиймэл үе солих мэс засал. Дээрээс нь дурангийн өвдөгний, жийргэвч, мөгөөрсний болон урд, ард чагтан холбоосны хагалгааг манай тасаг хийж байна. Дэлхийн сүүлийн үеийн шилдэг технологийг Монголд нутагшуулж байгаа хамт олон. Манайд түнхний мултралын хагалгааг Бүдээ эмч сайн хийдэг. Үүнтэй адил манай Сүхбат, Мөнхсайхан эмч нар түнхний үений мултралын хагалгааг хийж байна. Гадаадад 12 мянган ам.доллараар хийдэг байсан хагалгааг Монголд 3600 ам.доллараар хийж байна. Манайх Монголын ганц гэмтлийн эмнэлэг. Тэгэхээр Монголын гурван сая хүн хүссэн, хүсээгүй хүрч ирнэ. Зах зээлийн хуулиар эрж хайх шаардлагагүй. Одоо бол манайхыг хүмүүс мэддэг болсон байна. Ер нь үений хагалгааны талаар Батзориг эмч Канадад сурч ирээд нутагшуулсан. Яагаад нутагшуулсан гэж яриад байна гэхээр жилд 200-300 хийж байгаа. Манай эмнэлэгт үений тасаг гэж байдаг. Энэ тасагтайгаа хамтарч үений хагалгаа хийдэг юм.