П.ЭНХМАА

Хүйтэн сэрүүний улиралд хүүхэд багачуудын дунд түгээмэл тохиолддог өвчлөлийн нэг нь тархины даралт буюу хүчилтөрөгчийн дутмагшил. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ байнга агаар салхинд гаргах, аль болох уйлуулахгүй тайван байлгах орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг  эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Учир нь хүүхдийн уйлах шалтгаан олон ч байнга уйлах, унтаж байхдаа цочих,  гулгих, нойронд муу болох, зулай хөөж бэмбийх  зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай өрхийн эмчдээ хандаарай  гэдгийг СБД-ийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эмч Н.Хажидсүрэн зөвлөж байна. Түүнтэй ярилцлаа.

 

-Сүүлийн үед  хүүхдүүд тархины даралттай төрж байна гэх юм. Энэ юунаас болдог юм бэ. Мөн  манайхан  тархины даралт гэж ярьдаг ч ямар учиртай өвчин болохыг нь  төдийлөн сайн мэддэггүй. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Сүүлийн үед хүү­хэд болгон тархины даралттай төрж байна гэсэн ойлголт хүмүүсийн дунд яваад байна. Тархины даралт гэдэг нь тархины судаснуудын агшилтын жигд бус байдал, хүчилтөрөгчийн дутмагшилт юм.  Эхийн биеийн байдал тааруухан, эмгэг хууч өвчтэй мөн төрөлтийн явцаас ихээхэн хамаардаг. Ураг дотроо бүтсэн, ус үлдэж гарсан зэрэг олон шалтгаанаас болж хүүхэд тархины даралттай төрдөг. Ийм хүүхэд нойр хоолондоо муу байх, уйлагнах, хөдөлгөөн багатай сулбагар байх зэрэг шинж  тэмдэг илэрдэг.  Эх нь жирэмсэн үедээ ханиад хүрсэн, элдэв архаг хууч өвчтэй, архи, тамхи хэрэглэдэг, байнгын стресс ядаргаатай, цус багадалттай байснаас  болж ийм эмгэгтэй болно. Мөн жирэмсний хожуу үеийн хордлоготой бол ургийн хүчилтөрөгчийн архаг дутагдал үүсгэдэг. Эмгэгтэй эхээс төр- сөн хүүхэд ихэвчлэн тархины хүчилтөрөгчийн хурц дутагдалтай буюу бүтэлттэй төрдөг. Ийм үед хүүхэд өвчлөмтгий ханиад амархан хүрч, шингэн алдана, гадаад орчинд дасан зохицох чадвар муутай байдаг.

-Зарим хүн үүнийг агаарын бохирдлоос үүдэлтэй гэж ойлгоод байдаг. Тархинд үүсч байгаа хүчилтөрөгчийн дутмагшил гэхээр энэ өвчин бас байнга битүү орчинд байснаас болж үүсдэг гэж ойлгож болох уу?

-Энэ нь  агаарын бохирдолттой  ч бас холбоотой.  Тиймээс ийм  хүүхдүүдийг болж өгвөл агаар, салхинд байнга гаргаж байх хэрэгтэй. Манай эцэг эхчүүд хүүхдээ тархины даралттай гэж  мэддэг боловч  хүүхдээ яаж эмчлэх, анхаарал  халамж хэрхэн  тавих  вэ гэдгээ  сайн мэддэггүй. Тиймээс хүүхдэд эдгээрээс ямар нэгэн шинж тэмдэг илэрч  байвал өрхийн эмнэлэгтээ ирж үзүүлэх хэрэгтэй. Өрхийн эмч нар юунаас болж өвдсөнийг тодорхойлж,  ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай, гэртээ хэрхэн асрахыг зааж зөвлөдөг. Хэрэв нарийн шинжилгээнд хамруулж нарийн мэргэжлийн эмчид  хандах шаардлагатай бол дараагийн шатны эмнэлэг рүү шилжүүлдэг. Залуу ээж, аавуудад  хэлэхэд хүүхдээ аль болох  уйлуулахгүй тайван байлгах,  ая тухтай орчныг нь  бүрдүүлж өгөх нь чухал. Мөн хүүхдээ хөхөөрөө хооллож байх нь  хамгийн гол эмчилгээний нэг болно  гэдгийг  хэлмээр байна.

-Тархины даралттай, байнга уйлдаг хүүхдийг ямар аргаар оношлодог юм бэ. Зулайг нь ЭХО-д хардаг юм байна лээ?

-Юуны  түрүүнд хүүхдийн сэтгэхүй     хөдөлгөөний хөгжлийн төвшинг тодорхойлдог. Хэрэв хүүхэд өөрийн насанд тохирсон хөдөлгөөнийг хийж  чадвал хэвийн гэж үздэг. Хэрвээ чадахгүй бол хоцрогдолтой гэж үздэг. Энэ нь тархины болон өөр ямар ч төрлийн эмгэг байж болно. Жишээ нь алга амны рефлекс гэж байдаг. Алганы хонхорхойд нь дарахад хүүхэд амаа ангайж, толгойгоо бөхийлгөж байвал хэвийн байна гэсэн үг. Түүнээс гадна хүүхдийн толгойны  хэлбэр, зулайн, гавлын ясны хэлбэр  байдлыг сайн ажиглах хэрэгтэй.  Хүүхэд  төрөхөд их, бага, хажуугийн гэсэн гурван зулай байдаг. Хажуугийн зулай нь хүүхдийг  төрөх үед битүүрдэг. Бага зулай нь 1-2 сарын дотор  битүүрч их зулай нь хүүхдийн өсөлт хөгжлөөс шалтгаалж, 1-2 нас хүрсний дараа битүүрдэг. Их зулай нь гавлын ястай нэг төвшинд байх ёстой. Хүүхдийн зулай дээр зөөлөн дарахад ямар нэгэн лугшилт, чинрэлт, дүүрэлтгүй байвал хүүхдийг хэвийн гэж үздэг. Хэрэв хүүхдийн зулай ямар нэгэн  байдлаар хөөж, дүүрэлттэй байвал яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Оношлогооны хувьд зулай нь битүүрээгүй бол хүүхдийн мэдрэлийн эмчид үзүүлээд зулайгаар нь ЭХО-д хардаг. Сар тутам өрхийн эмнэлэгтээ үзүүлээд, эмчийн хяналтад байвал энэ өвчин хурдан эдгэрнэ.  

-Тархины даралттай хүүхдэд ямар эмчилгээ хийлгэх ёстой  вэ. Зарим нь эмийн эмчилгээ сайн гэх юм. Харин зарим нь бариа заслаар эмчилж болдог гэх юм?

-Хүүхдийг гол нь  агаарт сайн гаргах ёстой. Манай эцэг, эхчүүд үүнийг ойлгохдоо хэдэн цагаар ч хамаагүй хүүхдээ гадаа байлгах юм байна гэж ойлгоод байдаг. Бага багаар олон удаа хүүхдээ гадаа гаргах  ёстой. Эмийн эмчилгээ хийх  бол  заавал эмчийн заавар зөвлөгөөгөөр өгөх хэрэгтэй. Энэ нь хүүхдийг  тайвшруулах, өвчин намдаах эмчилгээ гэсэн үг. Мөн өвчний явц  бага бол бариа заслаар эмчлүүлж болно. Үүнийг хүүхдийн нас болон биеийн байдалд нь тохируулж сар сард нь өөр эмчилгээ хийдэг.  Хүүхдийг  том болоход нь усан бассейнд явуулах хэрэгтэй. Энэ нь зүрхний үйл ажиллагааг хэвийн байлгадаг төдийгүй хүүхдийн өсөлт хөдөлгөөнд маш их ач тустай. Хүүхдийг оношилж, эмчлэхдээ байгалийн гэрэлтэй хэвийн дулаантай өрөөнд тайван байхад нь нуруугаар нь болон хэвлийгээр нь хэвтүүлж,  амьсгал хэвийн байгаа эсэхийг шалгадаг. Мөн хоёр хөл дээр нь зогсоож биеийн тэнцвэр болон хүчийг шалгаж үздэг. 

Нярай хүүхдэд судасны ханыг  бэхжүүлэх, хялгасан судаснууд гэмтэхээс хамгаалсан витамин өгөх хэрэгтэй. Тархины бодисын солилцоог сайжруулах эмийг насных нь тунгаар өгөх шаардлагатай байдаг. Гэхдээ үүнийг заавал эмчийн заавраар өгнө.

-Ийм эмгэгтэй хүүхэд нийслэлд олон байдаг юм шиг санагдсан. Танай эмнэлэгт хэр ирж байна. Ер нь хүйтэн сэрүүний улиралд их ирнэ биз?

-Сүүлийн үед тархины  даралттай хүүхэд нэлээд ирж байна. Хүндрэлтэй биш хэрнээ уйлдаг, цочимтгой, толгой нь өвддөг шинж тэмдэгтэй хүүхдүүд их ирдэг. Манай эмнэлэгт өвөл хоногтоо 30-40 хүүхэд ирдэг. Тэр дунд тархины даралттай хүүхэд цөөнгүй ирдэг юм.

-Төрөлхийн тархины даралттай төрсөн, уйлдаг, цочдог хүүхдийн өвчин яваандаа эдгэрэх үү?

-Хүнд, хөнгөнөөс шалтгаална. Эрт эмчилбэл мэдээж үр дүн сайтай. Эрт эмчилсэн ч үр дүн муутай байх тал бий. Эмийн эмчилгээ хийхээс гадна эцэг, эхийн арчилгаа сайн, унагааж доргиохгүй, шингэн алдуулахгүй байх нь хамгийн чухал.

-Тэгвэл  эцэг, эхчүүд хүүхдээ хүнд, хөнгөн өвчилснийг яаж мэдэх вэ. Хараад шинжих боломж бий юү. Ер нь гол төлөв ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хүчилтөрөгчийн дутагдал хүнд, хөнгөн, хүндэвтэр гэж байдаг.  Хүнд нь татах, саажих, тархинд усжилт үүсэх магадлал өндөртэй. Хүндэвтэр нь эмчлэхгүй бол хүндрэх эрсдэлтэй. Харин хөнгөн хэлбэр нь ямар нэг эмчилгээгүйгээр өөрөө эдгэрэх магадлал өндөртэй байдаг. Тархины даралттай хүүхдэд илрэх хэд хэдэн шинж бий. Нэгдүгээрт, төв мэдрэлийн тогтолцооны дарангуйллын шинж хү­чил­төрөгчийн ду­таг­далтай хүүхдэд илэрнэ. Ийм үед хүүхэд унтаа ноомой болно. Энэ нь хүнд хэлбэрт орно. Эцэг, эхчүүд “Манай хүүхэд тайван байна” гээд хүндрүүлдэг тал бий. Бас төв мэдрэлийн системийн сэрлийн үйл явц нь мэдрэг хүүхэд уйланхай байдаг. Гэхдээ дээрхтэй харьцуулахад аюул багатай. Мөн хөдөлгөөн сэтгэхүйн хөгжлийн хоцрогдолтой байж болно. Гүйлгэдэг, амархан ханиад хүрдэг, хөлөрдөг бол гавлын дотоод даралт буюу тархи усжилтын хам шинж гэж оношлоно. Ийм үед хүүхдийн толгойн хэлбэр өөрчлөгддөг. Дух руу цүлхийх, даралт ихсэхэд зулай овойж чинэх гэх мэт.