Р.ОЮУН
УИХ-ын даргын ивээл дор “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Зөвлөгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа ажээ. Тус арга хэмжээнд Монгол, АНУ, Англи, Австрали, Хятад, БНСУ-ын эрдэмтэд, төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бодлого шийдвэр гаргагч гэсэн 160 гаруй төлөөлөгч оролцож байна. Тэд агаарын бохирдол хүүхэд болон ургийн бойжилтод үзүүлж буй нөлөө, Улаанбаатар хотын хүүхдийн уушгины хатгалгаа, амьсгалын замын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буй талаар хэлэлцэж байгаа юм.
ДЭМБ-ын мэдээлж буйгаар агаарын бохирдол нь архаг өвчлөл, хавдрын өвчлөлийн эрсдэлт хүчин зүйл болж байна. Мөн гадаад, дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч байгаа бөгөөд жил бүр тэдний 3.1 нь наснаасаа эрт хорвоог орхиж байгаа ажээ. Эрүүл мэндийн статистик мэдээллээр 1999-2016 онд агаарын бохирдолтой шууд холбоотой амьсгалын өвчин дунджаар 26.8, зүрх судасны өвчин 18.1 хувиар нэмэгдсэн аж. Манай орны хувьд хүн амын тал хувь нь нийслэлдээ амьдардаг. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар олон ажил хийж байгаа ч агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламж, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс давсан үзүүлэлт буураагүй байна.
Энэ үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дарга С.Оюун, судалгаа хийсэн АНУ-ын Саймон Фрейзерийн их сургуулийн доктор, дэд профессор Райн Аллен, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, анагаах ухааны доктор Г.Энхжаргал нар ийн ярьж байна.
ГЭР ХОРООЛЛЫГ БАРИЛГАЖУУЛАХАД 10-30 ЖИЛ ХЭРЭГТЭЙ
УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дарга С.Оюун:
-Агаарын бохирдол хамгийн том тулгамдсан асуудал. Бүх чиглэлээр бага багаар урагшлах ёстой. Гэр хорооллыг барилгажуулахад 10-30 жил хэрэгтэй. Тэгэхээр барилгажуулалт тодорхой хэмжээгээр явах ёстой. Нөгөөтэйгүүр энэ жил хийгээр халаана гэж байна. 180 мянган айлыг нэг өдөр хийн хоолойгоор холбож чадахгүй. Монгол Улс хий олборлодоггүй, Орос, Хятадаас авчирч хийн халаагуурыг нэвтрүүлэх хэрэгтэй. Мөн дээрээс нь айл бүр дулаалгаа сайжруулах нь чухал. Түүхий нүүрсээ сайжруулсан түлшээр орлуулах хөтөлбөр Н.Алтанхуяг ерөнхий сайдын үед эхэлж байсан ч харамсалтай нь энэ жил зогсчихлоо. Сүүлийн дөрвөн жил бодитой төсөв төсөвлөгдөж, хөрөнгө оруулалт хийснээр бага ч гэсэн буурсан нь анх удаа Цэвэр агаар сан байгуулж жил бүр 30 тэрбум төгрөг суулгасан. Мянганы сорилын сан, Дэлхийн банк гэсэн олон улсын байгуулагатай хамтарч гэр хорооллын ихэнх айлыг сайжруулсан зуухаар хангасан. Тодорхой ажил хийгээд анх удаа бага ч гэсэн буурч эхэлтэл “Өө нэмэргүй юм байна. Баахан мөнгө үрээд үр дүн гарахгүй юм. Эдийн засаг муудлаа” гээд 2016 онд агаарын бохирдлыг бууруулахад нэг ч төгрөг орж ирээгүй. Их хурал дээр бид нэлээд тэмцэж байж таван тэрбум төгрөгийг суулгалаа. Хот тодорхой хэмжээний мөнгө зарцуулах юм шиг байна.
ЖИРЭМСНИЙ ЯВЦАД АГААРЫН БОХИРДЛЫН ТАЛААР АНХНЫ СУДАЛГААГ ХИЙСЭН
АНУ-ын Саймон Фрейзерийн их сургуулийн доктор, дэд профессор Райн Аллен:
-Бид судалгаандаа Сүхбаатар дүүргийн 540 ээжийг сонгож хоёр хувааж эхнийхэд нь гэр сууцны дотоод орчин, агаарын бохирдол үүн дотроо нарийн ширхэгтэй тоосонцор PМ2.5-ыг багасгасан бол нөгөө багийнхыг нь багасгаагүй. Ингээд судалж үзэхэд агаарын бохирдлыг бууруулсан багаас төрсөн ээжүүдийн нярай илүү жинтэй буюу 80 гр, 0.4 см-ээр урт байсан. Нөгөө талаар агаарын бохирдол энэ хэмжээгээр ургийн өсөлт, хөгжилтөд нөлөөлж байна гэсэн үг. Бусад оронд ч гэсэн агаарын бохирдол ургийн өсөлт, хөгжилтөд нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон. Өсөлт, хөгжилтийн гол үзүүлэлт нь жин, өндөр, толгойн тойргийн хэмжилт байдаг. Бид жирэмсний явцад агаарын бохирдлын талаар анхны судалгааг хийсэн. Энэ судалгааны үр дүнгээр эерэг дүн гарсан. Агаарын бохирдол, тоосонцрын агууламжийг бууруулахад ургийн жин, урт нэмэгдсэн. Тиймээс хувь хүн, жирэмсэн ээжүүд өөрийгөө хамгаалах арга хэмжээ авах ёстой. Үүний нэг нь бидний судалгаанд ашигласан гэр сууцныхаа, өөрийнхөө амьдрах ихэнх цагийг өнгөрөөдөг дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах багаж, тоног төхөөрөмж, багийг ашиглах ёстой. Хоёрдугаарт, агаарын бохирдол их байдаг өглөө эрт цонхоо онгойлгохгүй, орой гадагшаа гарах хэрэггүй.
ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДСОН 10 ХОТЫН ТООНД УЛААНБААТАР ОРДОГ
АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, анагаах ухааны доктор Г.Энхжаргал:
-Бидний амьдарч байгаа нийслэл агаарын бохирдолт өндөртэй. Дэлхийн хамгийн их бохирдсон 10 хотын тоонд Улаанбаатар ордог. Энэ бохирдолт нь ургийн өсөлтөд нөлөөлж байгаа талаар хэвлэл мэдээллээр гардаг. Ургийн өсөлт, хөгжилтөд нөлөөлж байна уу, үгүй юү гэдгийг шинжлэх ухаанаар нотолсон судалгаа манайд байхгүй. Тиймээс АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Саймон Фрейзерийн их сургуультай хамтарч 2014-2015 онд хийсэн судалгааны үр дүн гарч байна. Бидний судалгаа бол өсөлт, хөгжилт. Канад, АНУ, Европын орнуудад хийсэн судалгаагаар агаар бохирдуулагч, үндсэн бохирдуулагч гэсэн үзүүлэлт байдаг. Үүн дотроос бид Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцор РМ2.5-ын ургийн өсөлт, хөгжилтөд үзүүлэх нөлөөллийг судалсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин