“Сумади” уламжлалт эмнэлгийн их эмч Р.Молортой ярилцлаа.
-Танай эмнэлэгт ихэвчлэн ямар өвчтэй хүмүүс хандаж байна?
-Манай аав Раднаабазар “Сумади” эмнэлгийг 1992 онд анх үүсгэн байгуулсан. Байгуулагдсан цагаасаа уламжлалт анагаах ухааны чиглэлээр бариа засал, судас оношлогоо, эмчилгээ, хануур, тан эмчилгээг голчлон хийж ирсэн. Манайд голчлон үе мөчний хөдөлгөөний эрхтэн тогтолцооны талаасаа их асуудалтай байна. Мөн таван цул, зургаан савын өвчнүүд байна. Эдгээрт зүү төөнүүр, эмийн болон эмийн бус бусад эмчилгээний аргыг хавсран хэрэглэж байна.
-Танайх эм тангаа өөрсдөө бэлддэг үү. Тан уухад багадаа хэд хоног уух ёстой байдаг вэ?
-Эмч нар эм барих эрх байхгүй учраас эмийн үйлдвэрүүдээс захиалж авдаг. Би өмнө нь Манба дацан эмийн үйлдвэрт ажиллаж байсан болохоор эмийн үйлдвэрийн худалдаанд байдаг эмнүүдээс аль гайгүй сайн, чанартай гэснийг авна. Яагаад гэвэл эмийн түүхий эд нарийн ажиллагаатай, хадгалалт, хамгаалалт чанар чухал. Хоол, унд идээд хүний биед шингэх хугацаа нь хамгийн багадаа долоо хоног байна. Тэгэхээр өнөөдөр эм ууж эхлээд долоо хоногийн дараа биед анхан шатны үр дүн гарна. Тиймээс дунджаар хагас сар, нэг сараар эмчилгээ хийгддэг. Гэхдээ өвчтөнд ганц эм өгдөггүй. Эмийнхээ хоорондын хоршлыг нь сонгож 2-3 эм уулгадаг.
-Шахмал эмийг уухаар тухайн өвчнөө эдгээдэг ч өөр эрхтэндээ нөлөөлдөг гэдэг. Үүнтэй адил тан уухад бусад эрхтэнд нөлөөлдөг болов уу?
-Уламжлалт эмэнд ч ийм зүйл бий. Аливаа эмийг хэтрүүлбэл хор л болно. Эмийн зохисгүй хэрэглээ буюу надад таардаг эм гээд байнга нэгэнтээ уугаад байдаг нь буруу юм. Аливаа өвчин эдгэрээд нэг үе шатанд очоод тэндээсээ буцаж өөр өвчинд хувирдаг. Үүнийг завсрын үе гэдэг. Эм нь хэтрэхээр буцаад өөр өвчин болж байгаа юм. Тухайлбал, ходоодны өвчнийг халуун, бүлээн эмээр эмчиллээ гэхэд хэтэрвэл цөс, нойр булчирхайн өвчин болж хувирдаг сөрөг талтай.
-Танай эмнэлэгт үе мөчний хөдөлгөөний асуудалтай хүмүүс их ирдэг гэж байна. Тухайлбал, яг ямар өвчин зонхилж байна вэ?
-Ер нь нуруу, нугасны өвчин элбэг болжээ. Хүмүүсийн ихэнх нь суугаа хөдөлмөр эрхэлдэг, суурин иргэншилтэй хобоотой. Хөдөө орон нутагт нүүдлийн иргэншлээр амьдарч байгаа хүмүүс гэмтэж, бэртэх нь их болж. Анх гэмтлийн шалтгаанаар үүссэн, яваандаа хөдөлгөөн хоригдлын нурууны чангарлууд эсвэл зогсоо, суугаа, удаан хүчилж, нэг хэвийн хөдөлгөөнтэй байснаар нурууны булчингууд чангардаг. Нуруу муруйсан, буруу суулттай бага насны хүүхдүүдийн өвчин ч элбэгшиж байна.
Мөн яс, үений холбоо сийрэгжиж хэврэгшсэнтэй холбоотой ахмадуудад үүсдэг өвчин ч байна. Энэ бүх өвчинд анхан шатанд бариа зохимжтой байдаг. Өвчин хүндэрч, хуучраад үе хоорондын жийргэвч бусад зөөлөн эд, холбоост нөлөөлж үе холбоо нэлээд муруйж, тахийсан бол мэс засал хийлгэхээс аргагүй.
-Нуруу нь өвддөг хүмүүс гэрийн нөхцөлд ямар дасгал хийж болох вэ?
-Эмчилгээний дасгалын үндсэн зарчим нь аажуухан, далайцтай. Дасгалыг олон дахин, хурдтай хийж өөрийгөө ядраагаад хэрэггүй. Мэдээллийн сувгуудаар янз бүрийн дасгал зааж байгаа нь сайн. Ганцхан та өөрийнхөө нурууны эмчээр тодорхойлуулаарай. Үүний дараа ажлын байранд хийж болох энгийн дасгалуудыг тогтмол хийдэг болоорой.
-Нурууны өвчинд уламжлалт эмчилгээ илүү үр дүнтэй гэдэг. Үнэн үү?
-Хэрэв нуруу чинь өвдөж байгаа бол өрхийн эмнэлгүүд, анхан болон хоёр дахь шатны эмнэлэгт байгаа уламжлалтын эмчид хандаарай. Уламжлалтын эмч судас барьж дотор эрхтэнийх нь талаас, үе мөч, холбоог дарж шалгаж үзсэнээр бусад гэмтэл, ажлын нөхцөл байдлаас үүсэх халдварт бус элдэв өвчнийг байгааг илрүүлж, тохирсон эмчилгээ хийж, шаардлагатай бол шинжилгээ өгүүлдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин