Э.БЭРЦЭЦЭГ

Зуны дэлгэр цагт хүн бүр  хотоос зайдуу гарч амрах, рашаан сувилалд хэвтэж эмчлүүлэхийг хичээдэг.  Учир нь манайх  анагаах ухаанд тэр тусмаа уламжлалт эмчилгээнд өргөн хэрэглэдэг  эмийн ургамал, рашаан усаар элбэг учир хүмүүс амрахын  хажуугаар  биеэ эмчлүүлэх гэдэг. Тиймээс шавар эмчилгээний ач тусын тухай  “Оргил” рашаан сувилалын Нөхөн сэргээх эмчилгээний сувилагч, энэ чиглэлээр олон жил дагнан ажиллаж буй туршлагатай мэргэжилтэн  С.Жавзандуламтй ярилцлаа. 

-Зун, намрын улиралд манайхан эмийн бус аргаар эрүүл мэндээ тордохыг хичээдэг. Тэр дундаа рашаан ус, шавар эмчилгээгээр жил бүр эмчлүүлдэг хүн олон болсон. Тиймээс  шавар эмчилгээний орц найрлага, үр дүнгийн талаар яриагаа эхэлье?

- Шавар эмчилгээ халуун чанартай. Сүүлийн үед хүмүүс энэ эмчилгээг сонирхох болсон. Олон жил дагнаад хийлгэж байгаа хүн ч цөөнгүй.  Мөн эмчилгээний ач тус, үр дүнгийн талаар асууж, сураглаад, судлаад явж байгаа хүн ч бас олон байдаг. Тийм болохоор эмчилгээний шавар гэж юуг хэлээд байна вэ гэдгийг товчхон тайлбарлах хэрэгтэй байх.  Эмчилгээний шавар нь байгалийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тогтдог ус, эрдэс, шаварлаг эрдэс, органик бодисуудаас  бүрддэг  нэгэн төрлийн ашигт малтмал юм. Эмчилгээний шавар нь дулаан физик чанар, биологийн идэвхт бодисыг агуулсан  эрдэс бодис, төмөр, зэс, хөнгөн цагаан, аминхүчлүүд, нүүрс устөрөгчид, хүхэрт устөрөгч, даавар зэрэг төгс нэгдлүүдийнхээ ачаар эмчилгээний шинж чанартай болдог.  Тийм болохоор тухайн өвчнийг анагаах чадвартай, нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг.

-“Оргил” рашаан сувилал жилийн дөрвөн улиралд үйлчлүүлэгч олонтой байдаг. Тэр тусмаа нийслэлчүүдийн  үйлчлүүлэх дуртай газрын нэг гэж хэлж болно. Танайх эмчилгээндээ хаанахын шаврыг  хэрэглэдэг вэ?

- Манайх Төв аймгийн Их цайдам нуурын  шавраар эмчилгээ хийдэг.  Шавар эмчилгээ элдэв сөрөг нөлөөгүй учраас харшил өгдөггүй.  Цэвэр байгалийн эмчилгээ учраас  монгол хүний биед хамгийн тохирдог гэж болно. Өөрөөр хэлбэл,  бүх насны хүнд тохиромжтой гэсэн үг.

-Энэ төрлийн эмчилгээг гол төлөв ямар өвчтэй хүмүүст хийдэг юм бэ.  Курс эмчилгээ нь  хэд хоног байдаг бол?

- Шавар  эмчилгээ их олон төрлийн өвчинд тустай. Тухайлбал, ууц нуруу, тулгуур эрхтний өвчин, артикулет, хэрлэг хэрх төст өвчнүүд,  захын мэдрэлийн тогтолцооны үрэвсэлт өвчин, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, бүх төрлийн арьсны эмгэгүүд, гэмтэл бэртлийн дараах үлдэц эмгэгүүд, олон үеийн архаг үрэвсэл, үрэвсэлт ба тэжээлгүйтлийн шинжтэй хэлбэрийн өвчнүүд, мөн бруцеллёзын үе мөчний хэлбэрт өвчин, ясны сийрэгжилт зэрэг өвчнийг сэргээн засахад онцгой сайн нөлөөтэй.  Нэг  курс эмчилгээ нь 6-8  хоног байдаг. Гурван жил дараалан хийлгэж чадвал илүү үр дүнтэй  байдаг нь эмчилгээний  үр дүнгээс харагддаг.

-Хадгалалт, тээвэрлэлтийн асуудлаас  шалтгаалаад шавар эмчилгээний чанар алдагдана гэж байх уу?

-Манай сувиллын хувьд, эмчилгээний шаврын орд нь  ойролцоо  байдаг учраас шаврыг тээвэрлэлт, хадгалалт гэж хугацаа алдахгүйгээр  шинээр нь эмчилгээнд хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн  шаврынхаа  чанарыг алдагдуулахгүйгээр хэрэглэдэг.

-Уламжлалт эмчилгээг хийлгэснийхээ дараа гам сайн барих хэрэгтэй гэдэг. Шавар эмчилгээний хувьд  адилхан уу. Мөн энэ эмчилгээг хийлгэж болохгүй, хориглосон заалт байдаг уу?

-Хавдартай болон  даралт ихсэх өвчтэй хүмүүс, мөн жирэмсэн эхчүүд  энэ эмчилгээг хийлгэж  болохгүй. Мөн архаг бронхиттой хүнд энэ эмчилгээг хийдэггүй.  Эмчилгээ хийлгэж байх үедээ заавал гам барих шаардлагатай. Халуун чанарын эмчилгээ учраас даарахгүй, бороонд норохгүй  байх хэрэгтэй.