Б.ЗАЯА
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэлтэй ярилцлаа.
-Та аймгийн Эрүүл мэндийн газрыг удирдаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Танай салбарт ч багагүй шинэчлэлт гарч байна. Аймгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа хэрхэн шинэчлэгдэж байна?
-Юуны өмнө эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууддаа баярын мэнд хүргэе. Тэр дундаа Шарын гол сумын эрүүл мэндийн төвийн 50 жилийн ой болж өнгөрлөө. Ажилчиддаа бас давхар баяр хүргэе. Энэ оныг эрүүл мэндийн салбарт хариуцлага хяналтыг сайжруулах жил болгон зарласан. Тиймээс аймгийн эрүүл мэндийн газар бүтэн жилийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Манайд энэ жил хөрөнгө оруулалтын томоохон ажлууд хийгдэж байгааг онцолж хэлмээр байна. Салбарын яамнаас манайд 1.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эмнэлгүүдийн тоног төхөөрөмж хуучирч, тусламж үйлчилгээ хүргэхэд хүндрэлтэй байсан. Энэ хөрөнгөөр яаралтай тусламж, төрөх эмэгтэйчүүдэд хэрэглэх тоног төхөөрөмж зэргээр багаж тоног төхөөрөмжийнхөө дийлэнх хувийг шинэчилж байна. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын багцаас орон нутагт 511.6 сая төгрөгийн хөрөнгө хуваарилсан. Аймгийн Засаг дарга эрүүл мэндийн салбарт энэ онд 5.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлсэн. Засаг даргаас төсөвлөсөн хөрөнгө суурь өвчтэй 0-5 насны хүүхдүүдийн чийрэгжүүлэх сувилалд зарцуулагддаг. Энэ жилийн хувьд хоёр гэр шинээр авч 371 хүүхэд сувилаад байна. Сум өрхийн эрүүл мэндийн төвүүдэд суурь өвчтэй хүүхдүүдийг эрүүлжүүлэх үйл ажиллагаа энэ сарыг дуустал явагдана.
-Тоног төхөөрөмжөө шинэчилсэн гэлээ. Эмнэлгийн чанартай, тусламж үйлчилгээг дарханчууд хотоос биш, эндээсээ авах боломж бүрдсэн гэсэн үг үү?
-Нэгдсэн эмнэлгийн вакум хагалгааны блокыг 95.6 сая төгрөгийн төсвөөр шинээр ашиглалтад оруулсан. Ингэснээр дурангийн хагалгааг хийж эхлэх боломж бүрдсэн. Одоогоор 10 гаруй хүнд энэ төрлийн хагалгааг хийгээд байна. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн байгууллагын тулгамдсан асуудлаар салбарын сайдтай гурван удаа уулзсан. Түүнчлэн салбарын удирдлагууд манай аймагт хэд хэдэн удаа ажилласны үр дүнд Хонгор сумын эрүүл мэндийн төвийнхөн 10 сая төгрөгийн үнэтэй биохимийн шинжилгээний аппараттай болсон. Ирэх сард түргэн тусламжийн машинтай болох сайхан мэдээ сонссон. Бүтээлч ажлын хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд орон нутгуудаас анх удаа манайх эрүүл мэндийн өдөртэй болсон. Ингэснээр сар бүрийн сүүлчийн долоо хоногийн баасан, бямба гаригт эрүүл мэндийн өдрийг зохиох болсон. Одоогоор 78 байгууллагын 3800 гаруй иргэнийг хамруулсан зургаан удаагийн томоохон үйл ажиллагааг зохион байгуулаад байна. Иргэдэд эрүүл зан үйлийг төлөвшүүлэхээр “Өглөөний нарны алхалт”, Спорт, аялал жуулчлалын газартай хамтран төрийн байгууллага, иргэдийн дунд ажлын байрны бие чийрэгжилтийн арга хэмжээг тус тус зохиолоо.
-Хөдөө багийн иргэдэд ямар үйлчилгээг хүргэж байгааг сонирхуулахгүй юу?
-“Иргэдээ сонсъё” аяныг зохиож байсныг та бүхэнд дуулгаж байсан байх. Үүнээс гадна “Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” гэсэн чөлөөт хэлэлцүүлэг явуулсан юм. Хэлэлцүүлгийн дүнд 20 гаруй санал гарч, үүний дагуу төлөвлөсөн ажлуудаа эхэлсэн. Харин хөдөөгийн иргэдийн хувьд явуулын амбулатори сайдын тушаалаар аялуулах болсон. Зургаан чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нар хөдөөгийн иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ. Мөн үнэгүй эмийн санг айлуудад тараагаад байгаа.
-Явуулын амбулаторийн үйлчилгээ иргэдэд илүү хүрч байгаа байх?
-Тийм. Явуулын амбулаторийг сүүлийн гурван жилд аялуулж байгаа. Жилд хоёр удаа явдаг байсан. Энэ жилээс хүрээг нь өргөтгөж малчдыг эхо-д харах, даралт хэмжих зэргээр төв рүү очиж хийлгэдэг эрүүл мэндийн үйлчилгээг гэрт нь үзүүлэх болсон.Бидний энэ ажилд иргэд ам сайтай байгаа. Тиймээс лабораторио ирэх аравдугаар сард дахин аялуулна.
-Монгол Улсын шилдэг өрхийн эрүүл мэндийн төв танай аймгаас тодорсон байх аа?
-Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг төр засаг өндрөөр үнэлж байгаа. Аймгийн нэгдсэн эмнэлэг Монголын мянганы сорилын сангаас зарласан уралдаанд Эрүүл мэндийн дэмжигч байгууллагаар шалгарсан. Мөн Монгол Улсын өрхийн шилдэг эрүүл мэндийн төв манайхаас тодорсон. Түүнчлэн өрхийн дөрөв, сумын эрүүл мэндийн хоёр төв, нэгдсэн болон хувийн хэвшлийн долоон эмнэлгийг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулдаг магадлан итгэмжлэлийн үнэлгээнд амжилттай дүн үзүүлсэн. Бид Монголын өрхийн анагаахын ухааны мэргэжлийн холбоотой бүсийн 12 аймгийн эмч мэргэжтилтнүүдийг оролцуулсан сургалт зөвлөгөөнийг зохион байгуулсан.
-Эмчийн тангаргийг анх удаа сэргээн уншсан гэж сонслоо?
-Эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, хариуцлагыг сайжруулахын тулд Дэлхийн эмч нарын өдрийг угтаад Монгол Улсын хүний эмчийн тангаргийг сэргээсэн ёслолын үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ үеэр зөвхөн тангараг уншаад өнгөрөх биш эмч нар ямар хариуцлагыг хүлээх ёстойг сэргээж байгааг онцлох хэрэгтэй байх. Эмч нараа мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэхийн тулд энэ оны эхний хагас жилийн байдлаар найман эмчийг төрийн сангийн зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан. Одоогоор дөрвөн их эмч үргэлжлүүлэн суралцаж байна. Ирэх сараас дахин дөрвөн эмчийг эмэгтэйчүүд, сэтгэц, нүд, арьс харшил, дөрвөн сувилагчийг лаборатори, нярай, сэргээн засах чиглэлээр сургана. Мөн дотооддоо мэргэжил дээшлүүлэхээс гадна гадаадад 10 гаруй эмч мэргэжилтэн Сингапур, Хятад зэрэг оронд суралцаад ирлээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй гэрээ байгуулж, хүүхэд, нярай, төрөхийн чиглэлээр ажлын байрны сургалтыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 20 орчим хүн амжилттай суралцаад орон нутагтаа шинийг санаачлаад ажиллаж байна байна.