-30-аас доош насны иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамруулна-
Э.ОРХОНСҮРЭН
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаанд Монголын хүн ам зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчнөөс сэргийлэх мэдлэг, хандлага, дадлага хангалтгүй байна гэжээ. Учир нь манай оронд халдварт бус өвчний өвчлөл нас баралтын үндсэн шалтгаан болж байгаа аж. Зүрх судасны эмгэгээр нас барах явдал сүүлийн 10 жилд хоёр дахин нэмэгдж, гурван хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өөд болж байгаа гэсэн судалгаа байна.
ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ГУРВАН САРЫН АЯНГ ЭХЛҮҮЛЭВ
Зүрх судасны өвчлөл хоол хүнс, амьдралын буруу хэв маягаас ихээхэн шаалтгаалдаг байна. Нийт хүн амын 92 хувь нь давс хэтрүүлэн хэрэглэдэг мөн ахимаг насны хүмүүс давс хэтрүүлэн хэрэглэх нь хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлөхгүй гэж үздэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар хүн хоногт таван грамм давс хэрэглэх ёстой ажээ. Гэтэл монголчууд хоёр дахин ихийг хэрэглэдэг. Аливаа өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг ч өвчний суурийг бид өөрсдөө тавьдаг гэдгийг эмч нар хэлж байна. Улмаар өвдсөнөө мэдэхгүй, мэдсэн ч өвдөхгүй л бол тоохгүй яваад байдаг хэнэггүй зангаасаа болж, өвчлөл хүндэрч эмчилгээ авахгүй, үр дүнгүй болох зэрэг асуудлууд гардаг байна. Тиймээс дээрх өвчнүүдийн эрт илрүүлгийн үзлэгийг Монголын мянганы сорилтын сангаас өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан. Энэ үзлэгийн хүрээнд хамрагдвал зохих 40-оос доош насны иргэдийн 13,1 хувь нь артерийн даралт ихсэх, 9,2 хувь нь чихрийн шижингийн үзлэгт хамрагдсан байна. Энэ нь нийт иргэдийн хамрах хүрээ хангалтгүй байна гэж үзэн ММСС-гаас энэ сарын 14-нөөс гурван сарын хугацаатай дээрх үзлэгийг орон даяар эхлүүлжээ. Аяны зорилго нь 30-аас доош насны хүн амын зүрх судас болон чихрийн шижин өвчинөөр өвчилсөн хүмүүсийн дунд халдварт бус өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, хүндрэлээс сэргийлэх, эерэг хандлага бий болгох ажээ. Тиймээс иргэн та өөрийн эрүүл мэнддээ анхаарч энэ аянд хамрагдахыг хүсвэл харъя дүүргийн эмнэлэг болон өрхийн эмнэлэг дээрээ очиж, үнэ төлбөргүй үзлэгт хамрагдаарай. Амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байсан. Энэ тухай дараах мэдээллийг тодрууллаа.
ТА БҮХЭН ЭНЭ АЯНД ЗААВАЛ ХАМРАГДААРАЙ
ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн дэд захирал Б.Мөнхбат:
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард явуулсан аяны дүн хангалтгүй байсан учраас уг аяныг дахин явуулж байна гэж ярьж байгаа. Үр дүн дахиад хангалттай үнэлгээг өгч чадахгүй бол яах вэ. Сайн дураараа хамрагдаж байснаас бүх нийтээр нь хамруулвал цаг, мөнгө хэмнэх юм биш үү?
-Манайхан их буруу сэтгэлгээтэй. Заавал хүчээр аливаа юмыг хийх гээд байдаг. Хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өвдсөн үед нь биш өвдөхөөс нь өмнө үзүүлээд сурах дадал хэрэгтэй байна. Харин энэхүү аян маань хүмүүс өөрөө эрүүл мэндээ гэсэн сэтгэлтэй, өөрийнхөө төлөө очоод биеэ үзүүлдэг байх тэр нөхцөл, бололцоог нь хангаж өгч байгаа юм. Тийм учраас иргэд та бүхэн энэ аянд заавал хамрагдаарай гэдгийг захиж хэлэх байна.
САЙН ЧАНАРЫН ДАВС Ч ГЭСЭН ХЭТРҮҮЛЖ ХЭРЭГЛЭВЭЛ ХОР БОЛНО
ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн мэргэжилтэн Н.Оюунбилэг:
-Зүрх судасны өвчний үүсвэрийн нэг нь давс гэсэн. Харин манайхан сүүтэй цайндаа хүртэл давс хийж уудаг ард түмэн. Яавал давсны хэрэглээг багасах вэ?
-Давс гэдэг аливаа өвчний эх үүсвэр болж байна. Тиймээс дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний өдөрт хэрэглэх давсны хэрэгцээг таван грамм байхад болно гэсэн байдаг. Гэтэл энэ нь манайд хэрэгждэггүй. Монгол хүний өдөрт хэрэглэх давс дунджаар 10 грамм байдаг. Баруун аймаг тэр дундаа Увс аймгийн давсны хэрэглээ өдөрт 15 грамм хүртэл байдаг. Ийм их давсны хэрэглээтэй учраас зүрх судасны өвчинд өртөх магадлал сүүлийн арван жилд хоёр дахин өссөн. Тийм учраас хувь хүн өөрийн эрүүл мэндээ бодон аль болох давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй.
-Дээр үед бид бор давс хэрэглэдэг байсан. Харин иоджуулсан давс хэрэглэх ёстой гээд сүүлийн 10 жилд амьдралын хэв маягаа арай өөрчлөөд байгаа. Гэтэл сүүлийн үед бор давсаа буцаад хэрэглэж байна. Ер нь давсанд сайн, муу гэж байдаг юм уу. Өөрөөр хэлбэл, биед нөлөөлөх нөлөө нь өөр байдаг уу?
-Бор давс цэвэр байгалаас гардаг учраас хүний биед хэрэгтэй маш их эрдэс бодис байдаг. Хүн өөрөө хэрэглээгээ зохицуулж хэрэглэх нь хамгийн чухал. Түүнээс биш сайн муу гэж ялгах нь чухал биш. Хэтрүүлж хэрэглэх л юм бол хор болно гэдгийг ойлгох нь чухал.
-Давсыг өөр зүйлээр орлуулах боломж бий юу. Жишээ нь амтлагч. Энэ нь давснаас бага хортой байж чадах уу?
-Болно. Давсны оронд элдэв янзын хоол амтлагч элбэг байдаг болсон. Түүнийг хэрэглэж болно. Энэ нь давсны хэрэглээгээ бууруулах бас нэгэн арга юм.