Ч.ЗОТОЛ

Элэг нь өвдөөд эмчилгээгүй болсон, гадагшаа явж элгээ солиулж ирсэн, ийм зовлонд уначихаад зардал мөнгөгүй шаналж байгаа ах дүү садан, олон түмнээсээ хандив гуйсан хэн нэгний тухай бид олон удаа сонссон.  Хандивын тоглолт энэ тэр ч цөөнгүй удаа болж байв.

Энэ удаа бидний үзэг нэгт анд Б.Эрдэнэцогтын амь нас хутганы ирэн дээр дэнсэлж, элэг солиулах зардлын 100 сая төгрөгийг олох гэсэн нөхдийнх нь хандив гуйсан, нөгөөтэйгүүр тусламжийн гараа сунгасан сайхан сэтгэлтэй хүмүүсийн тухай мэдээлэл нийгмийг сэрээлээ.

Элэгний өвчлөл манай улсад үнэхээр үндэсний эмгэнэл болсон байна. Эмнэлэгт очоод шинжилгээ өгөхөд В, С вирусгүй хүн бараг алга. Өнөөдөр эмчилгээгүй болсон гээд  гэртээ зовиурлаж хэвтэж буй, эмчээс элэг солиулах шаардлагатай гэсэн онош сонссон ч энэ төрлийн мэс засал хийдэг улс орныг зорих зардал мөнгөгүйн улмаас амь насаа алдсан, эсвэл мөнгө хайж бусдыг царайлчилж яваа олон олон Эрдэнэцогт Монголд бий. Элэгний вирус чимээгүй тахал шиг тарсаар байна.

Төр, засаг мөнгөтэй нь гадагшаа явж элгээ солиул, мөнгөгүй нь монголдоо үх гэсэн шиг төмөр нүүрлэж болохгүй. Нэгэнт үндэсний эмгэнэл болсон энэ өвчнийг эмчлээд бүрэн эдгээж чадахгүйгээс хойш элэг болоод бусад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмнэлгийг яаралтай бий болгох шаардлагатай байна. Ийм боломж байсаар атал гараа хумхиж суух юм бол  төр, засаг маань ард түмнийхээ өмнө гэмт хэрэгтэн  болох биз ээ.

Ингэж хэлэхийн учир Монголын эмч нар дэлхийн төвшинд хүрсэн гэж бардамнах эрх бидэнд бас байна.  2011 онд БНСУ-ын “АСАН” анагаах ухааны төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал Lee Sung Gyu ахлагчтай элэг шилжүүлэн суулгах баг манай улсын элэг шилжүүлэн суулгах багийн эмч нартай хамтарч гурван ч  удаа  элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснийг санаж байна. Мөн манай улсад 200 сая вонны элэг шилжүүлэн суулгах багаж, тоног төхөөрөмжийг Улсын клиникийн төв эмнэлэгт бэлэглэхээр шийдвэрлэж байв. Энэ хүрээнд 2009 оны нэгдүгээр  сараас Монголын элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн 12 гишүүнийг АСАН төвийн элэг шилжүүлэн суулгах тасагт 14 хоногоос нэг сарын дадлага хийлгэж байсан түүхтэй. Түүнээс хойш Монголд 8-9 хүнд элэг шилжүүлэн суулгасан нь лав л эндсэн гэж дуулдаагүй өнөө хүрч байна. Тэгэхээр Монголд элэг, бөөр болон эрхтэн шилжүүлэн суулгах боломж бий. Манай эмч нар ч тэр хэмжээнд чадваржиж, дэлхийн төвшинд нэрээ гаргаж явааг хэлэх хэрэгтэй болов уу. Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төвийн их эмч н.Чинбүрэнг дэлхийн хэмжээний эмч хэмээн хөрш орнууд маань хүлээн зөвшөөрдөг юм билээ.Тэрээр  Казахстанд урилгаар очиж гурван хүнд элэг шилжүүлэн суулгах, таван хүнд элэг тайрах мэс заслыг амжилттай хийгээд ирсэн билээ. Тэгвэл Солонгосын “АСАН” эмнэлгийнхэнтэй хамтарч монголдоо есөн удаа элэг шилжүүлэх мэс заслыг амжилттай хийсэн  Улсын клиникийн төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, профессор О.Сэргэлэн, түүний шавь нар бас байна. Мөн тус эмнэлгийн  их эмч  н.Сандуйжав болон түүний гарын шавь нарыг дурьдахгүй өнгөрч болохгүй. Дээр нь Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн үед Солонгосын “АСАН” эмнэлэгийнхний хандивласан багаж, төхөөрөмж нь   байна.  Энэ бүхнийг, эмч нарынхаа чадварлаг багийг нийлүүлэхэд эмнэлэг байгуулах боломж байна шүү дээ.

Алийн болгон бусдыг царайчлах вэ,  нөгөөтэйгүүр гадагшаа явж элгээ солиулах 100 саятнууд манайд хэд билээ. Хэчнээн тэглээ гээд аль 1980-аад  манай эмнэлэгүүд бүх өвчтөнөө нэг шприцээр тарьдаг, түүнийгээ ариутгах үүднээс олон дахин буцалгаж хэрэглэдэг байх үеэс хүн амд нэлэнхүйд нь тарсан элэгний В, С вирусыг хазаарлаж чадахгүй. Хүний биед удаан хадгалагдсан вирус яваандаа хорт хавдар үүсгэж олон хүн энэ өвчнөөр хорвоог орхисоор байна. Хэдийгээр төр, засаг 1986-1987 оны үеэс энэ асуудалд сэтгэлээ чилээж вакцины тухай ярьж эхэлсэн бол дөнгөж 1991 оноос сая төрсөн нярай хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэлсэн байдаг. Вакциныг эхэндээ гаднаас авч байсан бол  манай эрдэмтэд өөрсдөө бүтээж, элэгний өвчлөлийн эсрэг тэмцэх хэмжээнд хүрсэн ололт бас бий. Гэхдээ 2021-2030 оны хооронд элэгний өвчлөл буурах урьдчилсан судалгаа гарсан байдаг. Гэвч тэр хүртэл элэгний өвчнөөр иргэдээ алдсаар байх уу. Эмнэлэг байгуулчихвал эх орноо аварсантай ялгаа юун. Иргэн хүн эх орны нэг эд эс нь  шүү дээ, элгээ солиулах эмнэлэгтэй болгож өгөөч төр, засаг минь.