Б.ТУУЛ, Б.БУЯНЦЭНГҮҮН
Зун, намрын улиралд амарч зугаалдаг хүмүүст, зуслангийн айлуудад өгөх зөвлөгөө байна. Манай улс тарваган тахлын голомттой гэдэг. Тэгвэл бас хачигт халдварын голомтой бүс нутагт хамаардаг юм байна. 2004 оноос эхлэн манай улсад энэ төрлийн өвчин бүртгэгдэж эхэлсэн гэж албаны хүмүүс ярьж байна. Тиймээс хачгаар дамжих халдварт өвчний тухай Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн халдвар судлагч эмч Г.Ганбилэгтэй ярилцлаа.
2004 ОНООС ЭНЭ ӨВЧИН БҮРТГЭГДЭЖ ЭХЭЛСЭН
-Өнгөрсөн хавар хятадад хачигт халдвар гарлаа. ДОХ-той төстэй гэж шуугиж байсан. Гэтэл энэ өвчин манайд бас гарах эрсдэлтэй юм байна. Хорхой, шавьжинд хазуулаад, түүнийгээ тоодоггүй хүн олон байдаг. Тиймээс та энэ өвчний талаар товчхон мэдээлэл өгөхгүй юү?
- Манай улс дэлхийн хачигт халдварын байгалийн голомтын идэвхтэй бүс нутагт хамаардаг. Ялангуяа ОХУ-тай хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнод, Архангай, Говь-Алтай, Төв аймагт хачигт хазуулсны улмаас гардаг хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг өвчний тохиолдол байнга бүртгэгдэж байна. Ер нь хачигт хазуулсаны улмаас хүнд дамжин халдварладаг 30 гаруй халдварт өвчин бий. Үүнээс манайд дээрх гурван өвчин зонхилон тохиолддог юм.
-Эдгээр өвчин нь нэг төрлийн хачгаар дамждаг уу, эсвэл...?
-Өөр, өөр. Тухайлбал, хачигт энцефалит, хачигт боррелиоз нь хусан ой бүхий нутагт байдаг хачгаар, харин хачигт риккетсиоз өвчин нь манай орны ихэнх нутгаар тархсан бэлчээрийн хачгаар дамждаг.
-Сүүлийн жилүүдэд хэдэн хүн энэ өвчнөөр өвдсөн бэ?
-2004 оноос эхлэн манай улсад хачгаар дамжих халдварт өвчний тохиолдлыг бүртгэн мэдээлж, эхэлсэн. Үүнээс хойш дээрх гурван өвчнөөр 300 гаруй хүн өвчилсөн.
-Багагүй тоо сонсогдож байна. Хүнд ямар замаар, яаж халддаг юм бэ?
-Хачгаар дамжих халдварт өвчний голомтот бүс нутагт амьдрах, түр оршин суух, самар жимс, эвэр, эмийн ургамал түүх, албан томилолтоор ажиллах зэрэг үедээ хачигт хазуулснаар халдвар авч өвчлөх тохиолдол бүртгэгдэж байна. Мөн зарим тохиолдолд түүхий сүүгээр дамжин халдварладаг гэсэн мэдээлэл байдаг ч харьцангуй ховор тохиолддог.
ХАЧИГ ХАЗСАН ГАЗАР ҮРЭВСЭХ, БУЛЧИРХАЙ ТОМРОХ, ТУУРАЛТ ГАРАХ ШИНЖ ИЛЭРНЭ
-Хачгаар дамжих халдварт өвчний үед хүний биед ямар зовиур илрэх вэ?
-Гурван өвчнөө тус тусад нь авч үзье. Хачигт боррелиоз өвчний үед толгой өвдөх, халуурах, бие сулрах, булчин үе, мөч өвдөх шинж тэмдэг илэрнэ. Мөн хачиг хазсан газарт цагирган хэлбэртэй улайлт үүсч, цаашид төвдөө цайвар захаараа улаан эсвэл ягаан өнгөтэй болно. Хачигт риккетсиоз өвчний үед хачиг хазсан газарт 2мм-3 см диаметр бүхий анхдагч үрэвсэл үүсэх, ойролцоох тунгалгийн булчирхай томрох, арьсаар тууралт гарах, халуурах шинж тэмдэг ажиглагдана. Харин энцефалит өвчний үед толгой хүчтэй өвдөх, халуурах, нойр муудах, бие сулрах, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, олон удаа бөөлжих, саажилт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
-Эдгээр өвчин хүндрэх, эрүүл мэндэд муугаар нөлөөлөх тохиолдол бий юү?
-Бий. Хамгийн их хүндрэл, үлдэц ихтэй нь хачигт энцефалит өвчин. 2005-2009 онд хачигт энцефалит өвчнөөр өвчилсөн нийт 72 хүнд судалгаа хийж үзэхэд 50 хувьд нь ямар нэг үлдэц шинж тэмдэг илэрсэн гэсэн судалгаа байдаг. Тухайлбал, мартамхай болох, толгой байнга өвдөх, булчин хатангирших зэрэг муу нөлөө бий.
-Тэгвэл хачигт хазуулсны дараа ямар арга хэмжээ авах вэ?
-Хачгийн голомтот бүс нутагт байх үедээ хачигт хазуулбал хачгийн хошууг биед үлдээхгүйгээр сугалан авч, харьяа эрүүл мэндийн байгууллагад өгч, шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Мөн хачиг хазсан газраа спирт, иодоор арчих хэрэгтэй.
-Урьдчилан сэргийлэх тарилга, вакцин бий юү?
- Дээрх гурван өвчнөөс зөвхөн хачигт энцефалит өвчин нь вакцин тарьж сэргийлдэг. Хачигт энцефалит өвчнийг тодорхой товлол, зааврын дагуу гурван удаа давтан таригдсаны дараа хамгаалах чадвартай болдог. Тиймээс иргэд өөрсдөө энэ вакцинд идэвхтэй хамрагдах хэрэгтэй.Мөн хачигт хазуулахгүй байх нь чухал. Байгалийн голомттой бүс нутагт явахдаа хачиг дайжуулагч хэрэглэх хэрэгтэй. Мөн хачигт энцефалит өвчний эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай гэж зөвлөх байна.