“EBS медиа” группийн захирал Ц.Чинбат Японы хөгжлийн бэрхшээлтэй улстөрч Хори Тошиказүгийн “Тэмцэл дунд өнгөрүүлсэн он жилүүд” номыг монгол хэлнээ хөрвүүлэн, уншигчдад хүргэхэд бэлэн болжээ. Түүнтэй ярилцлаа.
-Та Японы хөгжлийн бэрхшээлтэй улстөрч Хори Тошиказүгийн “Тэмцэл дунд өнгөрүүлсэн он жилүүд” номыг монгол хэлнээ хөрвүүлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ улстөрч болсныг дуулахад энэ талаараа дурссан ном болов уу?
-Японы парламентэд хараагүй улстөрч байдаг тухай сонссон юм. Эхнэр маань Японд суралцаад өнгөрсөн дөрөвдүгээр сард төгсөхөд Японд очихдоо түүнийг олж уулзсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүн парламентэд суух ямар байдаг, Японы Засгийн газрын бүтэц, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь яаж амьдардаг талаар сонирхолтой яриа өрнүүлсэн. Тэр үед Хори Тошиказүгийн бичсэн “Тэмцэл дунд өнгөрүүлсэн он жилүүд” номыг нь Монгол хэлнээ хөрвүүлэх зөвшөөрлийг аваад Япон-Монгол төвийн орчуулагч дүү нартайгаа хамтран орчуулж, өөрөө редакторласан. Номонд Хори Тошиказү амьдралынхаа талаар бичээд зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийнхөө төлөө хэрхэн тэмцдэг, төр нь хэрхэн дэмждэг талаар өгүүлдэг. Тиймээс Монголынхоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд идэвхтэй амьдрах нөхцөл боломжууд байгааг, гутарч яваа нэг нь энэ номыг уншаад сэргээсэй гэсэн зорилгоор орчуулж олны хүртээл болгож байна. Номын нээлт нөгөөдөр /маргааш/ Интер номд болно.
-Тухайлбал, Японы төр засаг ямар шийдвэртэй алхам хийсэн байх юм?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөө тэмцэж, парламентэд орж ирснийхээ хувьд бас олон өөрчлөлтүүдийг хийсэн байгаа юм.
Халамжийн хууль гэхээс илүү хөдөлмөр эрхлэлтийн хуульд хөдөлмөр эрхлэлтийг ангиллыг бий болгосон. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ийм ажлыг хийж болно гэсэн ангиллыг бий болгоод хуульчлаад өгсөн гэсэн үг. Тухайлбал, хараагүй хүн зүү төөнүүр, бариа заслын ажил хийвэл татвараас чөлөөлөгдөнө. Тэргэнцэртэй иргэд праграммист хийдэг бол тухайн орон нутагт байгаа тэр чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг зогсоож, тэдний хөдөлмөр эрхлэлтийг бий болгож дэмждэг. Бас төрийн албаны шалгалтыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өгөх боломжийг нээж өгдөг. Гэтэл манайд үгүй шүү дээ. Монголд ийм өөрчлөлтүүдийг хийх боломж бий.
-Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигддөг, эрхзүйн орчин хангалтгүй байдаг. Таныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж үр дүнтэй ажилласан талаар олон хүн ярьдаг. Одоо та бүхэнд ямар асуудал тулгамдаж байна?
-Би 1997 онд Эрдэнэтэд найман залууд зодуулаад хараагүй болсон. ОХУ руу яваад эргэж ирээд 2000 онд дахин хараагүй болсон. Хөгжлийн бэрхшээлтэй болохоор хүн өөрийгөө нийгмээс тусгаарлаж эхэлдэг юм билээ. Хамгийн түрүүнд сэтгэлзүйн хувьд дарамтад ордог. Дарамтаа мартахын тулд архи ууж эхэлсэн. Гурван жил уухад аав маань бурхан болсон. Аавыгаа өөд болсны дараа нэг өглөө босоод “Чинбат аа, чи ингэж амьдарч болохгүй, бусдаас юугаар дутав” гэж өөрөөсөө асууж, тэмцлээ эхлүүлсэн. 2003 онд Монголын хараагүйчүүдийн нийгэмлэгт ирж хэсэг залуустай нэгдэж тэмцэл зохион байгуулахад уриалж оролцсон. 2007 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн хуульд өөрчлөлт оруулахаар харааны бэрхшээлтэй иргэдтэй хамтарч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны гадна өлсгөлөн зарлаж, асуудлууд шийдвэрлүүлж байсан. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд багагүй ажлыг амжууллаа. Өөртэйгөө тэмцэж явсны дүнд тодорхой хэсэгт өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан. Манай нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст халамж хэрэгтэй л гэж хардаг. Гэтэл хамгийн гол нь хөдөлмөрийн харилцаанд оруулах эрх зүйн орчин дутагтаж байна. Тухайлбал, би төрийн албаны шалгалт өгөхийг хүссэн ч өгч чадаагүй. Хуульд нь төрийн албаны шалгалтыг эрүүл хүн өгөх ёстой гэсэн утга бүхий заалттай. Хувийн хэвшлийнхнийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд ав гэж шахахаас илүү төр өөрөө ийм асуудлаа эхлээд цэгцлэх ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин