-Бид орон нутагтаа цус сийвэнгээ үйлдвэрлэдэг болсон-
Э.СҮРЭН
Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга М.Буманцэцэгтэй тус аймгийн өвчлөлийн талаар ярилцлаа.
УУЛ УУРХАЙ ХӨГЖСӨН СУМДААС ОСЛЫН ДУУДЛАГА ИХ ИРДЭГ
-Танай аймаг уул уурхайгаа дагаад нэлээд хөл хөдөлгөөнтэй юм. Тиймээс эмнэлгийн ачаалал хэр байгаа талаар яриагаа эхлэх үү?
-Манай аймгийн нэгдсэн эмнэлэг нь 2012 онд Бүсийн оношлогоо эмчилгээний төв болж өргөжсөн. Аймгийн хүн амаас гадна явуулын хүн ам өссөнтэй холбоотойгоор эмнэлгийн ачаалал нэлээд нэмэгдсэн. 2009 оноос хойш уул уурхайн компаниуд нь Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд иж бүрэн үзлэг, шинжилгээ хийлгэж байна. Мөн яаралтай болон төрөлжсөн мэргэжлийн тусламжийг үзүүлж байгаа.
Манай аймагт 21 аймгийн иргэд ажиллаж амьдардаг. Жилд 56 мянга гаруй хүн амбулаториор үйлчлүүлдэг байсан бол 2009 оноос хойш эрс нэмэгдэж өнгөрсөн оны байдлаар жилд 100 мянга орчим хүнд амбулаторийн үзлэг хийж байна. Үүнтэй холбоотойгоор төрөлт бас нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд жилд мянга гаруй хүн төрж байна. Энэ мэтээр эмнэлгийн ачаалал ихэссэн.
-Хүн ам нэмэгдсэнтэй холбоотойгоор үүсч байгаа хүндрэл бэхршээл юу байна?
-Бидэнд бэрхшээл бий. Хэдийгээр Бүсийн оношлогоо эмчилгээний төв болсон ч гэсэн хуучин нэгдсэн эмнэлгийнхээ барилга, хүчин чадал, төсөв хөрөнгөөр өнөөдөр ажиллаж байна. Эмнэлгийн эмч нарын тоо нэмэгдээгүй учраас нэг эмчид ногдох өвчтөн, хэвтэн эмчлүүлэгчийн тоо өндөр.
Хүн ам нэмэгдсэнтэй холбоотойгоор дотрын өвчлөл ихэссэн. Гэтэл дотрын эмч нэлээд дутагдалтай байна. Тэр дундаа нарийн мэргэшсэн зүрх судас, ходоод гэдэс, элэгний эмч нэн шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар манай эмнэлгийн дотрын тасагт нарийн мэргэшсэн зүрх судасны ганц эмч бий. Бусад чиглэлийн эмч мэргэжилтэн ховор байна. Тиймээс дотрын өвчинг эмчлэх, оношлох эмч хэрэгтэй байгаа юм. Шинээр төгсч байгаа эмч нарын хувьд анхан шатны буюу өрхийн эсвэл сумын эмнэлэгт заавал ажилласан байх шаардлагатай байдаг. Үүний дараа Бүсийн оношлогоо эмчилгээний төвд ажиллах эрхтэй болно. Тэгэхээр залуу эмч нар зургаан жил сурсаны дараа хоёр жил анхан шатны эмнэлэгт хоёр жил ажиллах ёстой байдаг. Ингэж явсаар залуу эмч нарыг бэлтгэхэд доод тал нь 8-10 жил шаардлагатай байна. Мөн нарийн мэргэшүүлэх чиглэлээр сургахад дахиад 3-4 жил шаардлагатай. Энэ мэт бэрхшээлээс үүдэлтэй эмчийн хүрэлцээ, хангамж муу байна.
Уул уурхай хөгжсөн Гурвантэс, Цогтцэций, Ханбогд сумдаас ирэх алсын дуудлага эрс нэмэгдсэн. Тухайлбал, гэмтлийн, мэс заслын, төрөх эмэгтэйчүүдийн хүндрэл зэрэг яаралтай тусламжийн дуудлага дээрх сумдаас нэлээд ирнэ. Хүүхдийн өвчлөл мөн адил нэмэгдсэн. Тиймээс дээрх сумдад хангамж болоод хүний нөөцийн бодлого нэлээд үгүйлэгдэж байна.
УУЛ УУРХАЙ ХӨГЖСӨН СУМДАД УУШГИНЫ ӨВЧЛӨЛ ИХ БАЙНА
-Өвчлөл хэр байна. Урин дулаан цаг ирэхээр халдварт өвчин нэмэгддэг. Танай аймгийн хувьд ямар өвчин зонхилж байна?
-Манай аймаг сүрьеэгийн өвчлөлөөр улсын дунджаас бага төвшинд байдаг. Хүн ам ихтэй газар олон эмэнд дасалтай сүрьеэ их гардаг. Манай аймагт энэ өвчлөл бүртгэгдээгүй байсан бол саяхан олон эмэнд дасалтай сүрьеэ шинээр бүртгэгдсэн. Энэ нь хүн ам нэлээд шигүү суурьшиж байгаагийн нэг илрэл юм.
Уул уурхайтай холбоотойгоор уушигны өвчлөл ихсэх хандлага нэлээд ажиглагдах болсон. Тэр дундаа бусад хатгаанаас өөр өвөрмөц хүндрэл өгдөг, амархан хатгаа болдог амьсгалын замын өвчлөл Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдад ажиглагдаж байна. Тиймээс үүнд мэргэжлийн эмч нар харьцуулсан судалгаа, дүгнэлт хийж байгаа.
Мөн амьсгалын замын өвчнөөс гадна хоол боловсруулах замын өвчин элбэг байна. Түүнчлэн элэг, шээс бэлгийн замын болон бөөрний өвчлөл ихсэх хандлага ажиглагдах болсон. Тухайлбал, эход харуулж байгаа хүмүүсийн ихэнх нь бөөрний их бага өвчлөл, өөрчлөлттэй байх жишээтэй. Гэхдээ энэ өвчний хувьд хүндэрч, архагшсан нь харьцангуй бага. Харин элэгний өвчин тэр дундаа элэгний хавдар нэлээд их тохиолдож байна. Энэ өвчлөл нь идэр насны залуучууд дунд элбэг тохиолдох юм. Үүнийг нь судлаад үзэхээр уул уурхайн компанид ажилладаг залуусын 13-16 хувь нь В,С вирустай буюу вирус тээгч байна.
Бусад аймаг, улсын хэмжээнд В вирус түгээмэл байдаг. Гэтэл манай аймгийн хувьд С вирус нэлээд их байна. Энэ нь ямар шалтгаантай байгааг одоогоор нарийн судалж үзээгүй. Хамгийн харамсалтай нь залуу хүмүүс энэ өвчнөөр их өвдөж байгаа нь магадгүй 10-20 жилийн дараа элэгний хавдар болох эрсдэл юм.
-Эдгээр өвчлөл их байгаа гол шалтгаан нь юу байна вэ?
-Хүн амын дунд В, С вирус их байгаа нь элэгний хавдар үүсэх гол шалтгаан болдог. Мөн хоол хүнсний буруу хэрэглээ, хорт зуршлыг хэтрүүлэн хэрэглэх зэрэг олон шалтгаантай. Аймгийн хэмжээний хүн амын 10 гаруй хувь нь В,С вирустай байна гэдэг өндөр үзүүлэлт. Шарлаж, өвдөж байгаагүй хүмүүс ийм халдвартай байна гэдэг сэтгэл зовоож байгаа асуудлын нэг юм.
Уушигны тэр дундаа амьсгалын замын өвчлөл жилийн дөрвөн улиралд буурдаггүй. Амбулаториор үйлчлүүлэгчдийн ихэнх нь амьсгалын замын өвчтэй байна. Гэхдээ амьсгалын замын өвчин нь уул уурхайтайгаа холбоотойгоор баргийн эм тарианд дарагдахгүй байх жишээтэй. Гэтэл зарим нь хүндэрсэн үедээ оношлогдож байна.
ДУРАНГИЙН ХАГАЛГААГ ХИЙЖ ЭХЭЛСЭН
-Уул уурхайгаа дагаад тоосжилтоос үүдэлтэй уушигны өвчлөл их байна гэдэг асуудлыг албаны хүмүүс ярьж байсан?
-Үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Халдварын бус өвчин буюу уушиг, элэг, цөсний өвчин ямар учраас их байгаа талаарх суурь судалгааг одоогоор хийгээгүй. Хэрэв энэ төрлийн судалгааг хийхээр бол түүврийн аргаар аймгийн төв болоод 14 сумдад хийж өвчлөлийн шалтгаан, төвшинг тогтоож болох юм.
-Бүсийн оношлогоо эмчилгээний төв болсноос хойш өнөөдрийн байдлаар ямар эмчилгээ оношлогоог иргэдэд үзүүлж байна вэ?
-Төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжаас гадна яаралтай тусламжийг үзүүлж байна. Төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж гэдэг нь үндсэн үзүүлэх ёстой долоон чиглэлээс гадна чих хамар хоолой, нүд, шүд, эрүү нүүр, дотор, мэс заслын үйлчилгээг үзүүлж байна. Мөн хэвлийн хөндийн болон цээжний хөндийн мэс засал, тархины мэс засал, томоохон хэмжээний хугарал бэртлийн үеийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Саяханаас хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг 14 хүнд хийж цөсний чулууг нь авсан. Одоогоор хүндрэл гараагүй. Үүнээс гадна хоёрдугаар шатлалынхаа хүрээнд эх барихын тусламж үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлдэг. Мөн мэс заслын эмч нар маань нарийн мэс заслыг амь насны заалтаар хийдэг. Тухайлбал, ослын үед дэлүүг авах, дэлүү, элгэнд оёдол тавих няцарсан бөөрийг авах зэрэг мэс заслыг эмч нар маань амжилттай хийж байна.
-Эмч нарын ур чадвар ямар байна?
-Нийт эмч нарын 25 орчим хувь нь ахлах болон тэргүүлэх зэрэгтэй. Мөн анагаах ухааны магистр болон клиникийн профессор цолтой эмч нар тус бүр ес бий. Сувилагч тусгай мэргэжилтнүүдийн 30 орчим хувь нь мөн мэргэжлийн зэрэг цолтой.
-Орон нутгийн замд осол их гардаг гэсэн. Тэгэхээр гэмтлийн дуудлагад үзүүлэх тусламж үйлчилгээ хэр байна?
-Гэмтлийн дуудлага нэлээд ирдэг. Гэхдээ одоогоор ослын дуудлага буурах хандлагатай байна. Учир нь нүүрс тээвэрлэлттэй холбоотойгоор том машины осол буурсан. Харин мотоциклоосоо унаж бэртэх дуудлага тасардаггүй. Ер нь ослын томоохон дуудлагад мэс заслын эмч нар явдаг. Гэмтлийн мэргэшсэн хоёр эмчтэй. Эдгээр эмч нар газар дээр нь очоод хугарал, бэртэл, гэмтлээ оношлоод тархины цус хуралтыг авах хагалгаа зэргийг хийж байна. Наана гавлын ясны доор байгаа цусан хурааг авдаг. Харин тархиныхаа гүнд байгаа цусан хурааг авах бэрхшээлтэй. Гэхдээ бид өөрсдийн чадлынхаа хэрээр боломжтой бүх арга хэмжээг авч ажилладаг.
-Ойр болоод хол сумдаас хүндэрсэн өвчтөн хэр ирдэг вэ?
-Хүндэрсэн тохиолдол их ирнэ. Тухайлбал, саяхан Гурвантэс сумаас гурван литр цус алдсан, хүнд жирэмсэн гэх дуудлага ирсэн. Энэ тохиолдолд сумынх нь эмчтэй зөвлөх эмчээ яриулж, дуудлагын эмч очтол ямар эмчилгээ хийх зааварчилгаа өгөх зэрэг боломжтой бүх л аргаа хэрэглэнэ. Ер нь иймэрхүү хүнд дуудлагад 6-7 хүний бүрэлдэхүүнтэй эмчийн баг явдаг. Манай аймгийн хувьд цусны нөөцөө нэлээд бэхжүүлж чадсан. Тиймээс цус алдалтаар нас барих тохиолдол буурсан. Өөрөөр хэлбэл бид орон нутагтаа цус сийвэнгээ үйлдвэрлэдэг болсон.
-Танай аймаг томоохон хагалгааг хийдэг юм байна. Тэгэхээр хагалгааны үеийн тоног төхөөрөмж хэр байна вэ?
-Хагалгааны болон унтуулгын багаж хэрэгсэл сайжирсан. Гэхдээ аливаа юм учир дутагдалтай байдаг хойно бүх юм 100 хувь хангагдсан гэж хэлж чадахгүй. Ялангуяа сэхээн амьдруулах, мэс засал хийдэг багаж хэрэгсэл нэлээд муудаж хуучирсан. Гэхдээ энэ асуудлыг энэ ондоо багтааж шийдэхээр аймгийн удирдлагууд шийдэж өгөхөөр болсон..