Г.ГАНЧИМЭГ
Хүмүүсийн дунд ууц нуруу, хүзүүгээр хөшдөг зовиур элбэг байдаг. Энэ нь сарын дотор бий болчихдог өвчин биш юм. Амьдралын туршид хуримтлагдаж явсаар эмчилгээ хийлгэхэд хүрдэг. Ялангуяа Монголд нурууны өвчингүй хүнийг олоход бэрх гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Хоёр хүн тутмын нэг нь ийм зовиур, өвчнөө бага дээр нь оношлуулж эмчлүүлээгүйгээс өртөг өндөртэй хагалгаанд орох болдог. Харин “Улаанбаатар мед” эмнэлэг мэсгүйгээр буюу хагалгаа хийлгүйгээр ийм төрлийн өвчин зовиурыг оношлож, эмчлэх шинэ технологийг японуудтай хамтран нэвтрүүлжээ. Энэ нь Ультралайн төхөөрөмжөөр бага насны хүүхдээс эхлээд бүх насныханд оношлогоо, эмчилгээ хийх арга юм байна. Эрүүл байхын гол үндэс нь хөл, гар, нуруу, хүзүү бүгд тэгш хэмд байх ёстой ч амьдрал дээр энэ дүрмийг зөрчигсөд толгой дараалаад бий.Тэгвэл Ультралайн төхөөрөмж нь биеийн тэгш хэмийг бий болгохын зэрэгцээ хуримтлагдсан өвчлөлийг мэсгүйгээр богино хугацаанд эмчилдэг аж. Өөрөөр хэлбэл цахилгаан соронзон давтамжаар мэдрэлийн эд, эсийг сэргээнэ. Энэ төхөөрөмжөөр зөвхөн нуруу нугасны өвчлөл гэлтгүй ясны хугарал, биед үүссэн шархыг эмчлэх боломжтой гэнэ. Тиймээс энэхүү аппарат нь нөхөн сэргээх эмчилгээний аргачлалд цоо шинэ хувьсал хийсэн технологид тооцогдож буй юм байна.
“Улаанбаатар мед” эмнэлгийн Мэдрэл, нөхөн сэргээх тасгийн их эмч Б.Зулчимэг “АНУ-ын Sigma компанид үйлдвэрлэгдсэн Yamasaki брэндийн Ультралайн аппарат нь мэдрэлийн эсийн төвшинд цахилгаан соронзон долгионоор үйлчилж, мэдрэлийн ёзоорыг сэргээх эмчилгээ хийдэг. Энэ төхөөрөмж биеийг тэгш хэмтэй болгохын зэрэгцээ хуримтлагдсан өвчин эмгэгийг мэсгүйгээр богино хугацаанд эмчилдэг. Өөрөөр хэлбэл цахилгаан соронзон давтамжаар мэдрэлийн эд, эсийг ёзоорыг нь хүртэл сэргээдэг гэсэн үг” хэмээн тайлбарлалаа.
Тус эмнэлэгт анх энэ оны дөрөвдүгээр сараас Ультралайн аппаратаар эмчилгээ хийж эхэлжээ. Одоогоор 400 орчим хүн энэ эмчилгээнд хамрагдсанаас 10 хүн курс эмчилгээгээ дуусгаж үр дүнг үзээд байгаа гэнэ. Эмчилгээний үеэр юунаас шалтгаалан биеийн тэгш хэм алдагдаж, хөл гар өвдөж байгааг өвчтөнүүддээ хэлж, хэрхэн дахин өвчлөхгүй байх талаар зөвлөгөө мэдээллийг өгдөг учраас дахин өвчлөх эрсдэлээс сэргийлж чаддаг хэмээн тус эмнэлгийнхэн үзэж байна.
Аппаратад долоо хоногт нэг удаа орох бөгөөд эмчилгээ гурван сар үргэлжилж нийтдээ 12 удаа орсноор нэг курс эмчилгээ болдог аж.
[caption id="" align="alignnone" width="700"]
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин