Антибиотикийн зохистой хэрэглээг сурталчилах дэлхийн долоо хоног
Б.ЭНХТУУЛ
“Би одоо 34 настай. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.Хэдэн жилийн өмнө би олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвдөөд, хэвтэрт хүнд, хэцүү өдрүүдийг давах гэж их зовсон. Хүн хэзээ эдгэх нь тодорхойгүй хүнд өвчин тусчихаар, ганцхан үхэх тухай л боддог юм билээ. Хүн харахын аргагүй болтлоо турж эцсэн, хэвтэрт орсон хүн юу эсийг бодохов дээ. Би өөрийгээ үхээд боссон хүн гэж боддог юм. Харин одоо тэр хүнд өдрүүдийг давж, өвчнөө эдгээж чадсандаа баярлаж явдаг юм...” хэмээн баярлах, гомдохын хооронд чимээгүйхэн нулимсаа арчиж, хэрсүүхэн хэдэн үгээр өөрийгөө бас зоригжуулах залуухан бүсгүйтэй уулзав.
Хотын төвийн нэгэн зоогийн газарт, үдшийн бүрийгээр уулзсан хоёр бүсгүй булангийн ширээ бараадан суугаад хэн нэгэнд үл сонстох чухал яриа дэлгэн суугаа нь энэ. Харахад нүдэнд дулаахан, цайвар шаргал царайтай, тогтуухан харцтай, өмсөж, зүүсэн нь тод, гоё ганган, боломжийн амьдралтай бүсгүй бололтой. Ярилцаж суух зуур түүний нүдэнд үе, үе нулимс цийлэгнэх нь зарим хүний анхаарлыг татах аж. Харин зарим нь намуухан эгшиглэх хөгжмийн аяыг сонсонгоо хүмүүсийн орж гарахыг харан хаана, хэн ямар яриа дэлгэн суугааг үл анзаарна. Өөрт минь “нууц”-аа дэлгэх энэ бүсгүй гол усны нэртэй юм. Тиймээс хүний эрхийг хүндэтгэж, ус голын ундрага шиг нэрийг нь нийтлэлдээ Н.Ундрал хэмээн солив. Бид хоёр энд уулзалдахын өмнө хэд, хэдэн удаа утсаар ярьж, учир шалтгаанаа тоочсон эчнээ танилууд. Үнэндээ, би ч бас энэ бүсгүйтэй уулзахын өмнө “Сүрьеэ туссан” гэхээр нь жаахан цэрвэж байв. Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн эмч нартай уулзаж, энэ талаарх мэдээллийг тодруулж, зөвлөгөө авсны дараа уулзаж, ярилцахыг хүссэн юм. Бусдын амьдралыг сүрьеэгийн тахлаас аврахын тулд, бас хэн нэгэнд мэдсэн, туулсан бүхнээ хуваалцах гэж энэ бүсгүй ч бас уулзах хүсэлтийг минь зөвшөөрсөн юм.
...”Жаргалын удаан, зовлонгийн түргэн дээр” гэдэг. Гэтэл сүрьеэгийн өвчин хүнд гэнэт ирсэн шигээ богино хугацаанд “буцаад явдаггүй” хэцүү өвчин. Тэр тусмаа олон эмэнд дасалтай сүрьеэ хүнээс их тэсвэр, тэвчээр шаардсан урт хугацааны эмчилгээ шаарддаг. Би өвчнөө эдгээх гэж бүтэн хоёр жилийг, хоногоор тооцвол 730 хоногийг сүрьеэтэй тэмцэлдэж өнгөрөөсөн. Сүрьеэ 100 хувь эдгэрдэг өвчин гэхэд эхэндээ эргэлзэж л байлаа. Аз болоход энэ айхтар өвчин эдгэдэг юм билээ. Алтан гартай эмч нарын буянаар, хэтэрхий их тэвчээр шаардсан урт эмчилгээний үр дүнд би өвчнөө эдгээж чадсан. Өвчнөө эдгэсэнээс хойш дахин төрж, хөөрхөн хүүтэй болсон. Амьдрал дунд алдсан цаг, хугацаагаа нөхөх гэж хичээж явна. Бүсгүйчүүд бид, ээжүүд бид ажил, амьдрал хоёрын дунд цаг, наргүй ажилласаар өөрийгөө мартчихдаг. Гэр бүлийнхээ төлөө ууж идэх, унтах нойроо хасан байж гүйдэг. Би ингэж л яваад гэнэт нэг өдөр өвдчихсөн юм. Харин одоо бусдыг хайрлах хүчтэй байхын тулд эхлээд өөрийгөө хайрлах ёстой юм байна гэдгийг яс, махандаа шингэтэл ойлгосон. Заримдаа бурхан миний тэсвэр хатуужлыг шалгасан юм шиг, шагналд нь надад зорилготой амьдрах урам хайрласан юм шиг санагддаг юм” хэмээн яриагаа цааш үргэлжлүүлэв.
Хорвоо дээр сонин, хачин зүйл олон. Хүмүүний амьдрал ч баян. Харин яагаад энэ удаа заавал энэ бүсгүйн зовлонт амьдралын түүхийг сонсож, суугаа учир шалтгааныг эрхэм уншигч танд тоон мэдээллээр тайлбарлая.
СҮРЬЕЭ БОЛ АГААРТ АМЬДАРДАГ “ЗОМБИ”
[caption id="" align="alignnone" width="700"]
Монгол хүний эрүүл мэндийн байдалд хийсэн сүүлийн үеийн судалгаануудыг харвал сэтгэл зовинох тоон мэдээлэл цөөнгүй байна. Монголчууд бидний цөөнгүй хэсэг нь сүрьеэгийн өвчнөөр хорвоог орхиж байна. Хуучны “танил” гэж хэлж болох сүрьеэгийн өвчнөөс өмнө нь бид сүрдэж, айгаад байдаггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд тоомжиргүй хандаж байсан энэ өвчин нүүдэлчин монголчууд бидэн рүү маш заналтайгаар “довтолж” явааг олж мэдэв. Орчин цагийн хэллэгээр бол сүрьеэ агаарт амьдардаг “зомби” болон хувирчээ. Ингэж тодотгохын учир нь сүрьеэгийн нян бидний амьсгалаар дамжин ам, хамраар орж халдварлан, бие эрхтэнийг минь дотроос нь сорж суудаг “шимэгч хорхой”-той адил гэдгийг танил бүсгүй маань тунчиг сайн хэлж ойлгуулсан хэрэг.
Өдгөө гуравхан сая хүнтэй Монголд жилд 4200 хүн сүрьеэгээр өвдөж байна. Гэтэл 270 сая хүнтэй АНУ-д ердөө 12 мянган хүн энэ өвчнөөр өвчилдөг аж. Гэтэл Монголд өнөөдөр халдварт өвчний шалтгаантай нас баралтын тэргүүн эгнээнд сүрьеэ жагсаж байна. Хамгийн түгшүүртэй нь, өвчлөгсдийн 60 гаруй хувь нь Улаанбаатарт, тэр дундаа хүн ам ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт өвчлөл өндөр байна. Дээр нь өвчлөгсдийн дийлэнх нь буюу 80 орчим хувь нь амьсгалын замаар халдварладаг уушигны сүрьеэтэй гэсэн оноштой явж байгааг албаныхан дуулгав. Ийм л учраас өнөөдөр, маргааш хоёрын аль нэгэнд, танд ч бас халдварлаж мэдэх цагаан тахлын аюулаас сэрэмжилж, энэ бүсгүйтэй уулзсан хэрэг.
Шинэ танил маань өвчлөл өндөртэй дүүргийн иргэн. Анх энэ өвчнөөр өвдсөн гэдэгтээ итгэхыг хүсээгүй, бас бусдад хэлэхээс ичиж байснаа хэлсэн. Тиймдээ ч 2005 онд анх уушиг нь өвдөж эхлэхэд элдэв эмнэлэгт хандаж, буруу эмчилгээ хийлгэж, жилийн дараа өвчнөө бүр хүндрүүлж, хэвтэрт оржээ. Тэгээд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлсэн гэж байв. Мөн түүнийг Монголд сүрьеэгээр өвдөж эхлэх үед Америкт ажиллаж, амьдардаг эгч нь бас сүрьеэгээр зэрэг өвджээ. Тиймээс Н.Ундрал өнөөдөр ч бас энэ өвчний халдварыг хаанаас авсанаа бодож л суудаг юм хэмээн хуучилсан.
“БИ ЭДГЭРДЭГ ӨВЧИН ТУССАН АЗТАЙ ХҮН”
Сүрьеэг нийгмийн халдварт өвчин гэдгийг өмнө нь та сонссон байх. Учир нь халдвартай хэлбэрийн сүрьеэтэй нэг өвчтөн жилд дунджаар 10-15 хүнд халдвараа тараадаг гэдгийг эмч нар хэлж байсан. Тиймээс амьсгалах агаараар дамжин халдварлаж буй энэ өвчин танд хэзээ мөдгүй халдварлах аюул ойрхон байна. Амьдралынхаа түүхийг хүүрнэн суугаа энэ бүсгүйн ах дүү, хамаатан садан дунд сүрьеэгээр өвсөн хүмүүс байдаг аж. Тиймээс Н.Ундрал “Би тэднээс л сүрьеэгийн халдвар авсан байх” хэмээн таамаглаж сууна. Өөрийгөө буруутгах бас нэг шалтгаан нь биеийн дархлаатай холбоотой гэв. Тэрээр “Би 2005 онд дээд сургуулиа төгсөөд удаагүй байсан. Сургуулиа дөнгөж төгсөөд ажилд орсон, анхныхаа хүүхдийг төрүүлсэн. Гэсэн ч гэртээ удаан суухыг хүсээгүй, нялх биетэй ажлаа хийж эхэлсэн. Дээрээс нь агаар салхинд ховорхон гардаг. Өглөөнөөс орой болтол амрах завгүй ажилладаг, сүүдэр талдаа цонхтой, нар бага тусдаг өрөөнд өдрийн ихэнхийг өнгөрөөдөг байсан. Тиймээс миний биеийн дархлаа сайнгүй байсан байх. Тэгээд сүрьеэгээр өвдсөн болов уу гэж боддог юм” гэв. Түүний энэ ярианаас сүрьеэгийн нян хүний биед нуугдаж “амьдардаг” гэдгийг та анзаарсан байх. Сүрьеэгийн нян үнэхээр хүний биеийн дархлаатай салшгүй холбоотой гэдгийг эмч нар хүртэл сануулан хэлж байв. Учир нь сүрьеэгийн халдвар авсан хүн бүр тэр даруйдаа өвддөггүй юм байна. Таны биеийн дархлаа сайн бол насан туршдаа ч энэ өвчнөөр өвдөхгүй байх боломжтой. Харин дархлаа муудах үед таны биед унтаа байдалтай “нуугдаж” байсан нянгууд сэрж, өсөж үржиж өвчилдөг” гэдгийг Н.Ундрал эмч нараас дутахааргүй тайлбарлаж байв. Тэрээр өвдөхөөсөө өмнө олон хүнтэй харьцдаг оффисийн ажил эрхэлдэг байж. Тэгээд биеэ өвдөж эхлэх үед эмчилгээ хийлгэхээр ажлаасаа гарчээ.
Н.Ундрал “Хүмүүс сүрьеэтэй гэж сонсохоороо айж, цэрвэдэг юм. Би ч эхэндээ тийм л байсан. Харин одоо айж, ичихээс илүүтэй эрүүл байх хэрэгтэй гэдгийг илүү сайн ойлгосон. Өвдөөд хэвтэх, өвчнийг тэсвэрлэж өнгөрөөнө гэдэг угаас амар байгаагүй. Би өвчтэй байх хугацаандаа өдөрт таван төрлийн маш хүчтэй антибиотик уудаг байлаа. Эмийн гаж нөлөөг нь үгээр хэлэхын ч аргагүй. Эмээ дөнгөж уугаад, тархи толгой эргэж, чих шуугиад, хажууд эрүүл хүн тогтож, суухын аргагүй хэцүү ааш авиртай болдог байсан. Үүнийгээ ч өөрөө хянах чадваргүй байв. Хэрэв тэр үед хоёр ээж маань, хань ижил минь дэргэд байгаагүй бол би энэ бүхнийг давж гарахгүй байсан байх. Энэ бүх эмчилгээний явцад шантрах үе надад олон гардаг байсан. Тэр үед “Би эдгэрдэг өвчин туссан азтай хүн. Эмчилгээгээ таслахгүй л байвал энэ бүхний ард заавал гарна” гэж өөрийгөө аргадаж, тайвшруулдаг байлаа. Одоо өвдөж зовох зүйлгүй сайхан амьдарч байна”...” хэмээн танил бүсгүй маань хуучилсан.
ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГТ ЖИЛД 500 ОРЧИМ ХҮН СҮРЬЕЭТЭЙ ГЭЖ ОНОШЛОГДДОГ
Монголд энэ бүсгүй шиг огт санаандгүй явж байгаад сүрьеэгийн халдвар авсан 4000 гаруй хүн эмчилгээнд хамрагддаг аж. Ялангуяа, сүүлийн үед оюутан залуусын дунд сүрьеэгийн өвчлөл элбэгшиж байгаад эмч нарын сэтгэл зовинож байна. Гэр орноосоо хол, хоол унд, амьдрах орчин нөхцөл муу, эрүүл мэндийн мэдлэг тааруухан хүмүүс дээд боловсрол эзэмших гэж гүйж яваад жилд 200-300 оюутан сүрьеэгээр өвдөж, зарим нь бие биенээсээ халдвар авч, хичээл сургууль, залуу насны мөрөөдлөө орхиход хүрч байна. Дээрээс нь шилжилт хөдөлгөөн, ажилгүйдэл, ядуурал, архидалт, агаарын бохирдол зэрэг нь сүрьеэгийн өвчлөл ихсэхэд нөлөөлж байна” гэдгийг албаныхан хэлж байсан. Тиймээс сүрьеэгийн талаарх тоон мэдээллийг сонирхох зуур өвчлөл өндөртэй дүүргүүдийн эмч нартай уулзав. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Сүрьеэгийн диспансерийн эмч С.Сарантуяа “Манай эмнэлэгт өглөө 09:00-15:00 цаг хүртэл хүн ихтэй байдаг. Энд нийт 24 хорооны өрхийн эмнэлгээс ирж буй хүмүүсийн шинжилгээ оношлогоог хийдэг. Манай гурван эмч өдөрт 30-40 хүнд үзлэг хийдэг. Жилд дунджаар 30 орчим мянган хүн үйлчлүүлдэг. Үүний 70 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, бусад нь амбулаторийн болон хяналтын үзлэг байдаг. Эмчилгээний дагуу эм ууж буй 280 орчим хүн ирдэг. Дүүргийн хэмжээнд жилд 480 гаруй хүн сүрьеэтэй гэсэн онош тогтоолгодог” гэж байв. Харин ХӨСҮТ-ийн сүрьеэгийн эмч нартай уулзахад “Сүрьеэг ядуу хүний өвчин, надад огт хамаагүй гэж ойлгох хүмүүс бий. Сүрьеэ хүнд агаар, амьсгалын замаар халдварладаг бөгөөд бараг хүн бүхэнд сүрьеэгийн нян байдаг. Харин тэр нян таны биеийн дархлаа, эсэргүүцэл сулрахыг тандаж суудаг гэдгийг мартах ёсгүй. Тэгэхээр энэ өвчин хүн бүхэнд хамаатай. Сүрьеэгээр хэн ч өвдөж болно” гэдгийг Б.Батхуяг эмч хэлж байв.
Та бидэнд өвчнийхөө түүхийг хүүрнэж буй энэ бүсгүй ч бас сүрьеэг ядуу хүний өвчин гэж ойлгодог байснаа нуугаагүй. Тиймдээ ч олон эмэнд дасалтай сүрьеэ тусчээ гэсэн онош сонсоод сэтгэл санаа нь хямарч, сэтгэлзүйн хүнд дарамтад орсон гэж байв. Мөн манай гэрийнхэн ч бас энэ мэдээллийг хүлээж авахад хүнд байсан. Гэсэн ч эдгэрэх боломжтой өвчин гэсэн ганцхан найдлага тээгээд гэрийнхэнтэйгээ хамт эмч нарын зөвлөгөөнөөр орж, юу ч болж байсан эмчилгээгээ таслахгүй гэсэн гэрээ хийн, амлалт өгч эмчилгээгээ эхэлсэн гэж байв. Түүний гэрийнхнээс, ялангуяа хүнд, хэцүү өдрүүдийг давахад хамт байж тусалсан, санаа сэтгэл, асаргаа сувилгаагаар түүнийг тордож байсан ээж, нөхөр хоёртой нь уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.
Нөхөр М: БИД ХИЧЭЭСЭН УЧРААС ЭНЭ ӨВЧИН ЭДГЭСЭН
“Мэдээж, бүх зүйл амар байгаагүй. Айл гэрийн амьдралыг эхнэр, нөхөр хоёр л авч явдаг. Ялангуяа айлын эхнэр хүний нуруун дээр үр хүүхдүүдээ асрах, гэр орны ажилд анхаарал тавих гээд багагүй ажил ногддог. Гэтэл эхнэр минь өвдөөд хэвтчихсэн, дээрээс нь эдгэх үү, эдгэрэхгүй юу гэж дотроо шаналж, санаагаар унахаас эхлээд гэр бүлийнхэн бүгдээрээ сэтгэл санааны маш хүнд дарамтад ордог юм билээ. Надад ингэж санагдаж байгаа юм чинь эхнэрт минь бүр хүндээр тусч байгаа байх. Түүнийгээ яаж санаа сэтгэлээр дэмжих вэ, яаж асарч тойгловол бие сайжрах бол гэх мэтчилэн ажил хийх мантай, олон зүйлийг бодож, ар гэртээ, эхнэртээ санаа зовж өдрийг өнгөрөөдөг байлаа. Ялангуяа, эхнэр маань эмийн эмчилгээнээс болж санаа сэтгэл нь маш их хямарсан. Тийм болохоор орой харихад ямар нэгэн зүйл болоогүй байгаа гээд ажлаа тараад гүйх шахам ирдэг байсан. Ялангуяа, сүрьеэгээр өвдөх, тэр дундаа олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвдөх айл өрхөд халдвар хамгааллын өндөр дэглэм барих, хүн бүр амны хаалт зүүх, эмчилгээнд явахаас эхлээд явдал ихтэй, санаа сэтгэл болон санхүүгийн хямралд ордог, хэцүү юм билээ. Бид хичээсэн. Аз болоход энэ өвчин эдгэсэн” гэв.
Харин түүний ээж насаараа эрүүл мэндийн байгууллагад ажилласан эмч хүн байдаг юм байна. Хүүхдүүд нь гадаад, дотоодод ажиллаж амьдардаг, боломжийн амьдралтай энэ айлд хоёр ч хүүхэд нь сүрьеэгээр зэрэг өвдөх нэлээд хүнд тусчээ. “Ээж минь маш их санаагаар унасан. Нөгөөтэйгүүр, эмч хүн учраас энэ өвчний учир шалтгааныг ойлгож хүлээж авсан. Мөн гэр бүлийнхэнд минь зөвөөр ойлгуулсан учраас дотны хүмүүс, найз нөхөд минь намайг гадуурхаад сүйд болоогүй. Би ч бас өвчнөө эдгэртэл олон хүнтэй уулзахыг хүсээгүй” гэдгийг Н.Ундрал хэлж байв. Түүний ээжээс энэ тухай асуулаа.
Ээж Л: ТЭТГЭВЭРТЭЭ СУУГААД ОХИНОО АСАРСАН
“Ямар ч эх хүн хүүхэд нь өвдөхөд үргэлж, санаа сэтгэлээ чилээж, сэтгэлээрээ хамт өвдөж байдаг. Яг түүн шиг надад маш хүнд туссан. Хоёрдугаарт, миний сэтгэл эмзэглэсэн бас нэг зүйл нь, эмнэлгийн хүн байж, хүүхдүүддээ өмнө нь энэ өвчний талаар мэдлэг, мэдээлэл өгч байхгүй яав гэж бодсон. Мөн охиндоо анхаарал халамж бага тавьжээ гэж өөртөө шүүмжлэлтэй хандсан. Гэхдээ тухайн үед эмнэлэг, эмчилгээний асуудал хамгийн чухал байлаа. Тиймээс охиндоо энэ өвчний талаарх ойлголтыг зөв өгч, эмээ таслахгүй уух, эмчийн зөвлөгөөг ягштал дагаж мөрдөхыг л чухалчилсан. Дээрээс нь охиндоо анхаарал халамж сайн тавьсан. Ээж хүний зүгээс охиноо эрүүл болгохын төлөө чадах, мэдэх бүхнээрээ дэмжиж, тусалсан. Би тэтгэвэртээ суугаад охиноо асарсан” гэв.
“АМЬДРАХЫН ТУЛД ТЭМЦЭХ Л ХЭРЭГТЭЙ”
[caption id="" align="alignnone" width="700"]
Одоогоор манай улсад амьсгалын замын халдварт өвчний 40 гаруй хувийг сүрьеэ эзэлж байна. Өвчлөл ихэсч буй шалтгааныг нь холоос хайвал хөрш хоёр оронд өвчлөл өндөр байгаатай холбоотой. Харин ойрын шалтгаан нь хүн амын хэт төвлөрөл, ажилгүйдэл, ядуурал, стресс, эмийн замбараагүй хэрэглээтэй холбоотой гэв.
Монголд жилд 4000 гаруй хүн шинээр сүрьеэгээр өвддөг. Үүнээс эмийн дасалтай сүрьеэгээр 200 орчим хүн өвчилдөг аж. 2014 онд сүрьеэгийн 4172 шинэ тохиолдол бүртгэгджээ. Хамгийн ноцтой нь, нэг гэр бүлийн 4-5 хүн бүгд бие биеэсээ халдвар авч, олон эмийн дасалтай сүрьеэгээр өвчилж, амиа алдах явдал олон удаа гарчээ. Мөн сүрьеэгийн эмч нар ч бас энэ өвчнөөр өвдөж, нас барах тохиолдол гарч байна гэсэн түгшүүртэй мэдээллийг бас сонсов. Өнгөрсөн онд олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)-ийн 187 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Манай улсын хэмжээнд сүрьеэгийн шинэ тохиолдлын 56 хувийг Улаанбаатар хот эзэлдэг. Харин аймгуудын хувьд Дархан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодод өвчлөл их, өвчлөгсдийн дийлэнх нь мөн уушгины сүрьеэгээр өвджээ.
Н.Ундрал ч бас уушгины сүрьеэгээр өвдөж байж. Тиймээс эмчийн зөвлөснөөр эмчилгээгээ таслахгүй, эмээ тууштай уухыг сүрьеэгээр өвдсөн хэн бүхэнд аминчлан захисан. Тэрээр “Би өдөр бүр эмээ уусны дараагаар сэтгэл санаа үймэрч, өөрийгөө маш их дорд үзэж, сэтгэлээр унадаг байлаа. Үүнээсээ болоод байнга амиа хорлох тухай ярьдаг байсан гэдэг юм. Би үүнийгээ сайн санадаггүй, ээж, нөхөр хоёр маань хэзээ хойно хэлж байсан. Тэгээд эмээ тасралтгүй уугаад, зургаан сарын дараа бие минь сайжирч, эмчилгээний үр дүн гарч эхэлсэн. Хүн яг энэ үед эмчилгээгээ таслах тухай боддог юм билээ. Бие нэгэнт дээрдчихсэн юм чинь ингээд больё гэж боддог юм билээ. Тэгээд л зарим хүн эмчилгээгээ дутуу орхидог, түүнээсээ болж өвчнөө хүндрүүлдэг байх. Тиймээс би шүд зуугаад ч болов эмчилгээгээ үргэлжлүүлсэн. Бусадтай адилхан ажиллаж, амьдармаар санагдсан ч бие үнэхээр дийлээгүй учраас өдөр бүр эмээ таслахгүй уухыг хичээсэн. “Амьдрахын тулд тэмцэх л хэрэгтэй” гэж өөртөө амласан. Тэр үед эрүүл болох л цор ганцхан хүсэлтэй байлаа” хэмээн өвдөж, зовсон, өөрийгөө зоригжуулсан тэр өдрүүдийн тухай эргэн дурсав.
Сүрьеэгийн өвчлөл дотроо олон янз байдаг аж. Эмэнд мэдрэг, эмэнд дасалтай, олон эмэнд дасалтай, мөн маш олон эмэнд дасалтай гэх мэтчилэн ангилдаг юм байна. Анх удаа сүрьеэгээр өвдөж буй хүмүүс ихэвчлэн эмэнд мэдрэг сүрьеэгээр өвддөг. Харин эмээ дутуу уух, эмчилгээгээ таслах, дур мэдэн буруу горимоор эмчлэх, эмийг хяналтгүй уух зэрэг шалтгаанаас үүдэн эмэнд дасалтай сүрьеэ үүсдэг аж. Иймд “Сүрьеэгээр өвдсөн бол эмнэлгийн ажилтны хяналтан дор эмчийн заасан эмчилгээний горимоор эмийг өдөр бүр уух естой. Эмэнд мэдрэг сүрьеэтэй нэг өвчтөнг хоёр сарын дотор эмчилнэ, зардал нь 20 ам.доллар, 100 хувь эдгэрнэ. Харин эмнэлгийн нэршлээр олон эмэнд тэсвэртэй архагшсан сүрьеэг 18-24 сарын турш эмчилж байж үр дүн гарна. Нэг курс эмчилгээний зардал 3000 ам.доллар, эмчилгээний үр дүн дэлхий дахинаа 80 гаруй хувьтай байна. Бүр хүндэрсэн буюу маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэг хоёр жилээс дээш хугацаанд эмчийн хатуу хяналтанд дор эмчилж байж үр дүн гарна” гэдгийг сүрьеэгийн эмч нар онцгойлон анхааруулж байсан. Хэдийгээр дэлхий нийтээрээ сүрьеэг эдгэрдэг өвчин хэмээн тодотгож байгаа ч эмчилгээний зардал өндөр, хугацаа урт. Хугацаа алдаж, өвчнөө хүндрүүлсэн тохиолдолд сүрьеэгийн ихэнх тохиолдол нь нас баралтад хүргэдэг байх юм. Энэ таагүй мэдээллийг бас тоон мэдээллээс харж болох нь. Тухайлбал, “Дэлхийд жил бүр 9 сая хүн сүрьеэгээр шинээр өвчилж, жилд 1.5 сая хүн буюу өдөр бүр 4000 гаруй хүн энэ өвчнөөс болж хорвоог орхиж байна. Сүрьеэгийн нийт тохиолдлын 80 гаруй хувь нь 23 оронд, тэр дундаа Энэтхэг, Хятад, Бангладеш, Индонез, Пакистан, Филиппин гэсэн Азийн зургаан оронд өвчлөлийн 50 хувь нь оногдож байна” гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэж байна. Харин сүүлийн үед ихсээд байгаа олон эмэнд дасалтай сүрьеэ буюу нянгийн эсрэг тэсвэржилт юунаас үүдэлтэй вэ гэсэн асуултад холбогдох албаныхан дараах хариултыг өгсөн юм.
НЯНГИЙН ЭСРЭГ ТЭСВЭРЖИЛТ ДЭЛХИЙ НИЙТЭД ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛООД БАЙНА
ДЭМБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн ахлах зохицуулагч, доктор Вү Жин Лью:
“Антибиотикийг зөв зохистой хэрэглээгүйн улмаас хүний биед нянгийн эсрэг тэсвэржилт тогтдог. Энэ нь антибиотикийн эмчилгээ хэрэгтэй үед антибиотик үр нөлөөгүй болохыг хэлж буй юм. Нянгийн эсрэг тэсвэржилт нь нийгмийн эрүүл мэндэд бодит аюул учруулахуйц дэлхий нийтийн асуудал болоод байна. Өнөө үед антибиотикийг хүн эмнэлэгт хэрэглэхээс гадна мал аж ахуй, загасны аж ахуй, газар тариаланд өргөнөөр ашиглаж байна. Иймээс ДЭМБ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Мал амьтны эрүүл мэндийн дэлхийн байгууллага хамтраад нянгийн тэсвэржилттэй тэмцэх дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаад байна. Уг төлөвлөгөөг Дэлхийн эрүүл мэндийн ассамблей 2015 оны гуравдугаар сард баталсан. Төлөвлөгөө нь таван стратегитай. Эдгээрт, нянгийн эсрэг тэсвэржилтийн тухай ойлголтыг сайжруулах, тандалт, судалгаа хийж бодит байдлын дүр зургийг гаргах, халдварын тохиолдлыг бууруулах, микробын эсрэг эмийн хэрэглээг зохистой болгож, шинэ эм, оношлогоо, вакцин боловсруулах ажилд хөрөнгө оруулалт хийх зэргийг тусгаж өгсөн. ДЭМБ гишүүн орнууддаа хандан улс орныхоо нөхцөл байдалд тохируулсан нянгийн тэсвэржилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхийг зөвлөж байна” гэсэн юм.
БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ “ШҮЛСЭЭ БИТГИЙ ХАЯАРАЙ”
“Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэдэг шиг Н.Ундралтай ярьж суухад тэрээр сүрьеэгийн талаар эмчээс дутахааргүй мэдлэг хуримтлуулжээ. Түүний үг бүр нь хал үзэж, хашир суусан хүн шиг нухацтай, хэн хүний амьдралд хэрэгжүүлж болохоор зүйл яриан дунд нь цөөнгүй байв. “Сүрьеэ амьсгалын замаар халдварладаг, нянгаар үүсгэгддэг өвчин. Тиймээс манайхан эрүүл ахуйн энгийн дүрмүүдийг сайтар сахиж байх хэрэгтэй. Сүрьеэгээр өвдсөн хүмүүс ч бас бусдад халдвар тараахгүй байх энгийн зүйлсийг мэдэж байх нь чухал.
Сүрьеэгийн нян тоосонд 100 хоног, хөрсөнд зургаан сар, усанд 150 хоног амьдрах чадвартай.Гадаад орчинд маш их тэсвэртэй. Хүний биеийн ямар ч эрхтэнийг дарангуйлж болох ч ихэнхдээ уушгийг гэмтээдэг. Сүрьеэгийн нян нь хоол унд муутай, биеийн эсэргүүцэл суларсан байгааг андахгүй ангуучилж, нянгаа түгээдэг. Тиймээс хувь хүн дархлаагаа сайн тордох, өрөөндөө цэвэр агаар оруулж, чийгтэй цэвэрлэгээ хийх, гудамжинд явж байхдаа нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэгт суралцах хэрэгтэй. Ялангуяа шүлсээ битгий хаяарай. Хүний шүлсэнд ханиад томууны вирусээс гадна хатгаа, сүрьеэ зэрэг халдварт өвчин үүсгэгчийн нян агуулагдаж байдаг. Зарим вирус хүний хаясан шүлсэнд 6-8 цаг амьдрах чадвартай байдаг учраас шүлсээ ил задгай хаях нь халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд шүлсээ битгий хаяарай” гэсэн юм. Яг түүн шиг хүн төрөлхтөн ч бас сүрьеэ өвчнийг мэддэг болоод олон зууныг үджээ. XIX зуунд хөгшин Европт сүрьеэгийн өвчлөл дэгдэж, хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон учраас энэ өвчнийг “Цагаан тахал” хэмээн нэрийдэж байв. Мөн их дэгдэлтийн энэ үед буюу 1882 онд Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгчийг анх нээж, 1921 онд сүрьеэгийн эсрэг вакциныг гарган авчээ. Энэ вакциныг хүүхэд дөнгөж төрсний дараа буюу 24-48 цагийн дотор нэг удаа хийдэг гэдгийг манайхан ч бас мэддэг болж.
Харин одоо монголчууд бидний эмийн замбараагүй хэрэглээ хэрээс хэтэрч, иргэд антибиотикийг хоол хүнс шигээ “иддэг” болсноос үүдэж, та бидэнд бас нэгэн аюул заналхийлж байна. Эмийн санчид нь ч эмчийн жор нэхэлгүйгээр иргэдэд антибиотик эмийг хүссэн хэмжээгээр нь олгодог энэ байдлаас үүдэж, нянгийн тэсвэржилт үүсч, аливаа өвчин эдгэж, илааршихгүй байх сөрөг нөлөөтэй байх нь. Улмаар антибиотик эмийн замбараагүй хэрэглээ нь эдийн засагт ч, эрүүл мэндэд ч ихээхэн хохирол учруулдаг гэдгийг та дээрх мэдээллээс харж байгаа байх.
Монголд өнөөдөр олон эмийн дасалтай сүрьеэгийн өвчин ихэсч, өвчлөл өндөртэй долоон орны нэгд тооцогдож байгаа нь цөөхөн хүн амтай манай улсын хувьд аюулын харанга дэлдэж буй юм. Хамгийн сэтгэл зовоосон асуудал нь сүрьеэгийн хүнд хэлбэрийн өвчлөл ийнхүү нэмэгдэж байгаа энэ үед “Глобал” сангийн санхүүжилт удахгүй зогсох гэж байгаа нь өвчтэй, зовлонтой олон хүний хоолойд “ хутга тулгасан” хэрэг болоод байна.
“ГЛОБАЛЬ САН”-ГИЙНХАН НАДАД ГЭР БҮЛТЭЙГЭЭ ХАМТ БАЙХ БОЛОМЖИЙГ ОЛГОСОН”
“Бүтэн хоёр жилийг сүрьеэгийн өвчинтэй тэмцэж өнгөрөөсөн” хэмээн ярьж суугаа энэ бүсгүй өвчнөө эрт оношлуулах, эмчилгээгээ таслахгүй байх гэдэг хоёр зүйлийг өвчиндөө зовиурлан суугаа олон хүнд онцгойлон анхааруулсан. Мөн “сүрьеэтэй” гэсэн оношийг хамт сонссон эгч нь Америкт эмчилгээгээ зэрэг эхлүүлж, өвчнөөсөө бас зэрэг салж чадсан гэсэн баяртай мэдээллийг бас дуулгав. Харин одоо садан төрлийн нэг эгч нь сүрьеэгээр өвдөөд шаналж суугаа, санаагаар унах бүрт нь сэтгэлээрээ дэмжиж, мэдэх чадах бүхнээ хэлж өгдөг гэсэн юм.
2006 онд Н.Ундралыг энэ өвчнөөр өвдөөд ХӨСҮТ-д хэвтэх үед Монголд анх удаа олон эмийн дасалтай сүрьеэ өвчнийг эмчлэх төсөл хэрэгжиж эхэлсэн нь, амьд үлдэх, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх боломжийг олгосон хэмээн тэрээр нүдэндээ баярын оч гялалзуулан ярьсан. Энэ мэдээллийг цааш сонирхвол, эмэнд мэдрэг буюу хөнгөн хэлбэрийн сүрьеэтэй иргэдийн эмчилгээг Засгийн газар 100 хувь даадаг. Харин хүнд хэлбэрийн буюу олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөний зардлыг “Глобал” сангаас санхүүжүүлсээр иржээ. Засгийн газар ДОХ, сүрьеэтэй хүмүүсийн эмчилгээний зардлын багагүй хувийг гаргадаг ч 2003 оноос хойш “Глобал” сангийнхан энэ хүнд ачааг үүрсээр иржээ.
“Глобал” сан нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны санаачилгаар байгуулагдсан бөгөөд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх, эдгээр өвчний тархалт өндөртэй, бага болон дунд орлоготой орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байгууллага юм. Сүрьеэтэй тэмцэхэд жилд 15 тэрбум төгрөг зарцуулж байгаагийн 1/3-ийг “Глобаль сан”-гийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлдэг юм байна. Тус сангийн санхүүгийн дэмжлэгийн үр дүнд 2006 он хүртэл сүрьеэг бүрэн эдгээж чаддаггүй байсан манай улс оношилгооны орчин үеийн иж бүрэн лабориторийн сүлжээтэй, эмчилгээний тогтолцоотой болж чадсан байна. Мөн улсын хэмжээнд ажиллаж байгаа сүрьеэгийн 36 лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчилж, эмч мэргэжилтнүүдийн 80 хувийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлжээ.
2003 оноос хойш жилд 336 мянган ам.долларын эмийн хангамжийг олон улсын байгууллагаас хийж, сүрьеэгээр оношлогдсон бүх өвчтөнд уух эмийг нь 100 хувь үнэ төлбөргүй олгож байна. Өнөөг хүртэлх 12 жилийн хугацаанд Глобаль сангаас нийт 4.7 сая ам.долларыг зөвхөн сүрьеэгийн эмийн санхүүжилтэд зориулан гаргажээ. Манай улсад сүрьеэгийн өвчлөл жилд 4.3 хувиар буурч байгаа ч өвчлөлийн чанарт өөрчлөлт орж, эмэнд тэсвэртэй, маш олон эмэнд тэсвэртэй хүнд хэлбэрийн сүрьеэ нэмэгдэж буйд мэргэжилтнүүд сэтгэл зовниж байна. Иймд нийгмийн халдварт өвчин гэгддэг сүрьеэтэй бүх нийтээрээ тэмцэх нь чухал байгааг ЭМСЯ-наас онцолж байв.
Зуун дамнасан энэ өвчин Монголын хүн амд, тэр дундаа залуучуудын дунд тун идэвхтэй нүүдэллэж буй учраас Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтдоо “2015 он гэхэд сүрьеэгийн тархалтыг 100.000 хүн амд 150, нас баралтыг 1.5 болгож бууруулах”-аар тусгасан байна. “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратеги”-ийн үйл ажиллагааны үр дүнд дээрх зорилтыг биелүүлсэн ч Монгол Улс энэ өвчний тархалт өндөртэй орны нэг хэвээр байна. Иймд манай улс сүрьеэгийн илрүүлэлтийг 70 хувь, эдгэрэлтийг 85 хувиас дээш хэмжээнд үргэлжлүүлэн барих зорилт тавин ажиллаж байна. Нийтлэлийнхээ төгсгөлд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн Олон эмэнд дасалтай сүрьеэгийн тасгаар орж нөхцөл байдалтай нь танилцав.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин