Э.БЭРЦЭЦЭГ

 

Рахит буюу сульдаа өвчний тухай эцэг, эхчүүд өмнө нь сонсч байсан байх. Магадгүй, зарим нь энэ өвчний талаар эмч нараас зөвлөгөө авч, эмнэлэгт хандаж байсан ч байж болох. Яагаад гэвэл, энэ өвчин манай оронд бага насны хүүхдүүд дүнд элбэг тохиолддог. Зарим эмч нар үүнийг хүйтний улирал удаан үргэлжилдэгээс үүдэлтэй  гэж тайлбарладаг.  Учир нь нарны  хэт ягаан туяаны нөлөөнд арьсан дор “Д” амин дэм үүсдэг тул агаар салхинд бага гарсанаас болж,  хүүхдийн биед  амин дэмийн дутагдал үүсч рахит өвчнөөр өвддөг аж. Энэ өвчний талаар  Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Хүүхэд, өсвөр үеийн мэргэжилтэн Д.Одончимэгээс дараах зөвлөгөөг авлаа.  

РАХИТ ӨВЧНИЙ ХҮНД ХЭЛБЭРЭЭР ӨВДСӨН ХҮҮХЭД БҮРЭН ЭДГЭРДЭГГҮЙ

-Рахит өвчний талаар залуу эцэг, эхчүүд ойлголт муутай явдаг. Зарим нь хүүхэд нь өвдөж зовиур­лахгүй л бол хөл, гар бага зэрэг мурийхыг огт тоо­доггүй. Тиймээс та рахит буюу сульдаа өвчнөөр өвдсөн хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэгийг хэлж өгөөч?

- Хүний биеийн кальци болон эрдэс боди­сын солилцооны алдагд­лаас ясанд өөрчлөлт гарс­наар рахит өвчин үүсдэг. Уг бодисын солилцооны алдагдал нь ясны хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг “Д” амин дэмийн дутаг­далд хүргэдэг. Энэ өвчний үед  хүүхдэд дараах шин­жүүд илэрдэг. Тухайлбал, хөхөө хөхөх болон унтаж байхдаа хөлрөх, цо­чимтгой болох, гавлын яс зөөлрөх, хөл гар сулбайх, шээс эхүүн үнэртэй болох, ясанд өөрчлөлт илрэх, хөл муруйх, гарын бугуй, хавир­ганы нумаар сам­пингийн эрхний шинж илрэх зэрэг шинж илэр­дэг. Тиймээс эцэг, эхчүүд үр хүүхдээ сайн ажиглаж, биеийн хөгжлийг нь ан­заарч харж байх хэрэгтэй.. Учир нь ясанд эдгэрэшгүй өөрчлөлтүүд гардаг ба хөл нь “Х” “О” хэлбэртэй болох, цээжний яс нь төвийх, шувуун цээжтэй болох, хавирганы ясаар дэлбийх, бөгтөр болох, хөл гарын яс хугарах зэрэг аюултай шинжүүд илэрдэг

-Хүмүүс рахит өвчин гэхээр л хүүхэддээ олон төрлийн кальци вита­минуудыг авч өгдөг. Үүний оронд  цагаан идээ, жимс ногоо зэргээс “Д” вита­минаа нөхөж авч болдог уу?

-Болно. “Д” амин дэм нь загас, сүү, самар, ногоо, бяслаганд ихээр агуулагддаг тул эдгээр хүнс орсон хоолыг  түлхүү хэрэглэх шаардлагатай.

 

ХҮҮХДИЙГ ӨДӨРТ 30 МИНУТААС ИЛҮҮГҮЙ НАРАНД БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ

-Бага насны хүүхдийг энэ өвчнөөс яаж  урьд­чилан сэргийлэх вэ. Мөн жирэмсэн эхчүүдэд  зөвлөгөө өгөөч?

-Юуны өмнө хүүхдийг эхийн сүүгээр хооллох хэрэгтэй. Мөн хүүхдийн нүүр гарыг өдөрт 30 минутаас доошгүй хуга­цаанд наранд байлгах, “Д” витаминаар баялаг хоол хүнс өгөх,  урьдчилан сэр­гийлэх тунгаар “Д” вита­миныг хэрэглэх хэрэгтэй. Жирэмсэн эхчүүд  кальци болон “Д” аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, зуны улиралд наран шарлага хийхийн зэрэгцээ агаарт тогтмол явж амарч байх хэрэгтэй. Зарим эцэг, эхчүүд хүүхдээ хэтэрхий бөөцийлж агаар салхинд гаргаж, нар үзүүл­дэггүй.Энэ нь  маш буруу. Үүнээс гадна хүү­хэддээ  өдөр тутам кальци, витамин ихтэй хоол хүнс өгөх хэрэгтэй. Мөн жирэмсэн эхчүүд өөрсдөө “Д” амин дэмийн дутагдалтай бай­даг. Энэ тал дээр эцэг эхчүүд илүү анхаарах шаардлагатай. 

-Хүмүүс хүүхдүүддээ эм, тариа антибиотик өгөх их дургүй байдаг. Рахит өвчнийг уламжлалт Монгол аргаар эмчилж болдог уу?

-Зуны дулаан цагт гүүний айраг болон шар сүүгээр биеийг нь угаах, элсэн дээр тоглуулах зэрэг нь хүүхдийг эрүүл чийрэг болгодог.  Үүнээс гадна залуу эцэг, эхчүүд хүүхэддээ гадаадаас орж ирдэг олон найрлагат витаминуудыг их өгдөг. Үүнийг хэрэглэхдээ эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг зөвлөх байна.