Б.ТУУЛ

 

Гудамжаар алхах хүмүүсийн дунд нүдний шил зүүсэн хүн цөөнгүй таардаг.  Харааны шил зүүх нь  зарим хүнд  жирийн  үзэгдэл  мэт боловч  энэ нь цаанаа  нүдний өвчин, хараа муудах эрсдэл газар авч байгааг илтгэж буй хэрэг. Тиймээс нүд улайх, харанхуйлах, нүдэн оч үзэгдэх гэх мэт  шинж илэрвэл яаралтай нүдний эмчид үзүүлж, учирч болох аюулаас өөрийгөө  хамгаалаарай  гэдгийг эмч нар хэлж байна. 

Энэтхэг, Монголын хамтарсан “Солонго” эмнэлгийн их эмч Б.Гэрэлмаа танд шилэнцрийн бүдэгшил, шилэнцрийн ховхролтын талаар зөвлөж байна.

 

ШИЛЭНЦРИЙН БҮДЭГШИЛ, ШИЛЭНЦРИЙН ХОВХРОЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Сүүлийн үед нүдэнд халгаатай өвчин эрс ихэссэн. Чихрийн шижин газар авах хандлагатай байна. Энэ өвчин нүдний торлог шилэнцрийг гэмтээн улмаар хараагүй болгох  аюултай.  Мөн ревматизм  өвчин үе мөчинд шилжин хүндрэх үед нүдний эвэрлэг бүрхүүл болон солонгон  давхарга үрэвсдэг. Нүдний хараанд сөргөөр нөлөөлдөг энэ  мэт өвчнийг дурьдаад байвал нэлээд бий.  Тэгвэл шилэнцрийн бүдэгшил, шилэнцрийн ховхролт гэж юу вэ гэдгийг хэлье.

Олон хүн “Нүдэнд оч гялсхийлээ”, “Хар юм нүдний өмнүүр гүйлээ” гэж зовиурладаг.  Хэрэв энэ зовиур  удаан үргэлжилвэл  эмчид хандах хэрэгтэй. Харьцангуй аюул багатай боловч эмчилгээ хийлгээгүйн улмаас хараа алдахад хүргэдэг. Энэ өвчин торлогийн хууралт, урагдал, цөцгийн цус харвалт зэрэг өвчний үед илэрдэг учраас анхааралгүй орхиж болохгүй. Тиймээс хүндрэлээс сэргийлж,  нүдний эмчид хандан торлог болон  цөцгийг шинжлүүлэх хэрэгтэй.

 

НҮДЭНД ЮМ ХӨВӨХ, ОЧ ҮЗЭГДЭХ НЬ САЙН УУ, МУУ ЮУ?

Нүдний цөцгий нь тунгалаг хагас шингэн хэлбэртэй, гель маягийн бүтэцтэй байдаг. Нас ахихад бодисын солилцооны өөрчлөлтын улмаас шингэрч торлогоос хуурах нөхцөл бүрддэг. Үүнийг цөцгийн арын хуурал гэх ба 40-70 насанд хэвийн үед тохиолддог. Ингэж цөцгий хуурч торлогоос татагдах үед харааны талбайд гэрэл гялсхийх шинж илэрдэг. Торлог шилэнцэрийн наалдацтай эсвэл торлогийн нимгэн хэсэгт торлог урагдаж болох бөгөөд шингэрсэн цөцгий түүгээр орж торлог хуурч болно.

Цөцгийн тунгалаг байдал алдагдахад нүдэнд юм хөвж харагдах ба хэвийн үед тодорхой хэмжээгээр илэрч болдог. Өөрөөр хэлбэл, цөцгийн арын хууралтын үед гэнэт ихсэх ба цусны судас хамрагдвал цөцгийд цус хурж хараа огцом муудан бөөн хар юм харагддаг. Хүмүүс үүнийг  хараа хаалаа гэж ярьдаг.

 

ХЭРЭВ ТОРЛОГ ХУУРСАН БОЛ МЭС ЗАСЛЫН АРГААР ЭМЧЛЭХ НЬ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ

Торлогийн урагдалгүй цөцгийн арын хууралтын үед нүдэнд хар юм хөвөх зовиур гурван сараас дээш хугацаанд аажуу яваандаа багасаж арилах болно. Хэрэв зориур арилахгүй, нүдэнд юм хөвөх байдал нэмэгдвэл эмчид хандах хэрэгтэй. Тухайлбал, гэнэт гэрэл гялсхийх, гэнэт хар юм хөвөх зэрэг шинж илэрвэл эмчид үзүүлэх нь чухал. Үүнтэй холбоотой төвийн хараа муудаж, харааны талбай багасах нь торлогийн урагдал болон хууралтыг сануулах шинж бөгөөд цаг алдалгүй нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй. Хэрэв торлог хуурсан бол мэс заслын аргаар эмчлэх ба хагалгаа эрт хийлгэх тусам үр дүнтэй. Хараа сэргэлт сайн байдаг.

 

ЖИЛД НЭГ УДАА  МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД ЗААВАЛ ҮЗҮҮЛ

Өндөр хасах шил зүүдэг ихэнх хүмүүст цөцгийн бүдэгшил байдаг. Тиймээс  жилд нэг удаа  заавал торлог, шилэнцрээ мэргэжлийн эмчид үзүүлж байх нь аливаа хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд туслана.  Хэрэв торлог бүрхүүлд урагдал, цуурал илэрвэл хүндрэл гарахаас сэргийлж амбулаториор торлогийн лазер эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Энэ нь урагдалтай хэсэгт торлогийг доорхи эдтэй нь наан бэхжүүлж, шингэрсэн цөцгий торлогийн араар орж, торлогийг хуурахаас сэргийлнэ. Торлогийн лазер эмчилгээ нь аюулгуй үр дүн нь  сайтай  мэс ажилбар юм.