Ц.БАЯР
Хүн инээж хөөрч, баясаж, цэнгэж, юу бодож, хийж, бусадтай харилцаж, идэвхтэй байх дуртай. Нэг ёсондоо тархиа байнга ажиллуулсаар байгаад үүндээ бүр дасчихсан байдаг. Эргэн тойрноо харвал хаа сайгүй нүд татам хаяг, реклам, ТВ-р дүүрэн шоу, кино, интернетэд орлоо баахан зураг, мэдээ. Бид тархийг идэвхжүүлэхийг дэмждэг орчин, нийгэмд амьдарч байна. Ийм нөхцөлд зүгээр суугаад, юм бодохгүй буюу ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх нь уйтгартай санагдана. Байгалийн сайхныг ажаад, маш энгийн зүйлээс гоо үзэсгэлэнг мэдэрч, таашаал авах чадвар алдагдсан байна. Ганцаараа байж мэдрэмжээ ажиглаж, юу мэдэрч байгаа бүрэн мэдрэх нь уйтгартай санагдана. Оронд нь утсаа оролдож, фэйсбүүк үзэх нь дээр ч юм шиг. Идэж, ууж байгаа зүйлээ хүртэл хэтэрхий амталж, чихэр, давс, хачир нэмж үндсэн мөн чанарыг өөрчилж хэрэглэж байна. Нэг ёсондоо бид бүхий л мэдрэмжээ байнга сэдрээж, хэт сэргэг байдалтай байлгасаар байгаад энгийн натураль төлөвөөс холдсон. Бидний энгийн төлөв одоо байгаа төлөвтэй харьцуулахад их уйтгартай л даа. Яахав эхэндээ уйтгартай санагдана. Яваандаа тэр уйтгарлалыг давж гараад энгийн төлөвтөө байж сурснаар юутай харьцуулшгүй аз жаргалыг маш өчүүхэн зүйлээс авч сурна. Бясалгал бол тэр төлөвт хүрэх арга зам, дадал дасгал. Уйтгартай зүйл. Гэхдээ уйтгарлалыг мэдэрч туулсны дараа таныг их гайхалтай зүйл хүлээж байгаа. Урт хугацааны үр ашгийг нь харж чадвал тэр уйтгарлал, удаан суулт, тэвчээргүй байдал бүгд аяндаа алга болох болно. Зүгээр хэсэг тэвчээд дадал болгох замаар бясалгал хийхэд тээршээхгүй болдог.
Эх сурвалж:www.zms.mn