Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн
З.БУЯН-ОРШИХ
Миний бие барилгын мэргэжлийн хүн болоод ч тэр үү XI хороололд 1990 оноос хойш амьдарч байгаагийн хувьд энэ орчимд баригдаж байгаа, баригдсан хэдэн барилгууд нүдэнд минь тусах юм. Тухайлбал, Хөгжим бүжгийн дунд сургууль өргөтгөл хийх сураг дуулаад нэгдүгээрт гэрт ойрхон хоёрдугаарт, мэргэжлийн үүднээс захиалагч хийдэг юм бил үү гэж бодоод захиралтай нь уулзах гэж очсон ч тааралдсангүй. Учир нь уг барилгын зургийг хараад би хувьдаа голсон. Төв гудамж руу харсан фасад нь нэг л зохимжгүй санагдах юм. Манай соёл, урлагийн эх үүсвэр болсон алдартай сургууль шүү дээ. Миний таньдаг олон барималч, зураач мэдээж дуу хуур, хөгжим, бүжиг мэт 1-10 дугаар ангитай том сургууль гэдэг үүднээс барилга нь ядахдаа фасад нь доторх байдлаа илэрхийлсэн байгаасай гэж бодсоных. Хоёрдугаарт уг хороололд Хөгжим бүжгээс хойш явах автобусны зогсоолын дэргэд “Эрдэм төгс” гэж сургууль бий. Уг нь хоёр давхар барилга байгаад олон жил болсон юм. Гэтэл шууд дөрвөн давхар нэмээд одоо зургаан давхар барилга боллоо. Үүнээс харвал хоёр давхраар зураг төсөл нь зөв бол дөрвөн давхарын хэдэн мянган тонн ачаа нэмсэн захиалагчийн буруу юу гэсэн асуудал зүй ёсоор тавигдах учиртай. Эсвэл зураг нь хоёр давхар биш зургаан давхраар хийсэн бол худлаа зураг болж байх шиг. Энэ талаар барилгын байцаагч нарт хандсан. Гуравдугаарт, нийслэлд барьсан барилгуудын нэг болох хуучин Гэмтлийн эмнэлгийн барилга байна. Мөн нурааж шинэ барилга барих талаар мэдээлэл аваад даргатай нь уулзсан. Үүнтэй зэрэг баригдсан Эдийн засгийн дээд сургууль /Ж.Батмөнхийн хөшөөтэй/, их сургуулийн дотуур байр мэтийн Хятад загварын гэх барилгууд ашиглагдаж байгаа. Саяхан харсан чинь дээврээс нь эхлэн нураах ажил хийгджээ. Эндээс дүгнэвэл дээр дурдсан улсын байцаагч нар жинхэнэ барилга талаас нь биш харин ашиглагчийн үгэнд орж хахууль авч нураах дүгнэлт гаргажээ гэж баттай хэлж болно. Энд тэнд ашиглалтын буруугаас эвдрэл гэмтэл гарсан байж болно. Тэгвэл зураг төслийн байгууллагад хандаад бэхэлгээ хийлгэх эсвэл жинхэнэ нурааж, буулгах эцсийн дүгнэлт гаргуулж болно. Миний бие нь Улаанбаатар хотын нэр бүхий олон барилгад бэхэлгээний, өргөтгөлийн зураг төсөл хийсэн учраас энэ бүгдийг баталгаатай хэлж байгаа юм. Дөрөвдүгээрт, гуравдугаар 10 жилийн сургууль байна. Уг барилгыг нурааж олон давхар барилга барина гээд үүдийг нь барьчихсан байна лээ. Гэхдээ амьдрал ядуу зүдүү байхад татварын хэдийг болдогсон бол хэн ч гэсэн хайрлаж, гамнах, зөв юманд зарцуулах эх оронч сэтгэлгээ хүн бүрт байвал улс хөгжих учиртайсан. Тухайн үед барилгын их засвар хийсэн нөхдүүд том алдаа гаргаснаа надад хэлж байсан. Хотын хяналтын инженер миний таних хүмүүс надаар үзүүлж байсан тал бий. Мэдээж дээр өгүүлсэн барилгын улсын байцаагчид ямар дүгнэлт гаргасныг яаж мэдэх билээ. Энэ сургуулийн барилга нь нэг, хоёр, гуравдугаар ч билүү 84 айлын /Барилгачдын/ орон сууцны айлуудын хүүхдүүдэд зориулагдсан. Тавдугаарт, орон сууцнуудын дунд Сэлбэ голын эрэг дээр баригдсан Америкийн Элчин сайдын яамны барилга байна. Энд хамгийн эвгүй зүйл нь 10-15 жил болж байгаа 50 орчим чингэлэг байгаа юм. Том хашаа хатган өргөтгөл юм болов уу нэлээд хэдэн гүнзгий нүх ухаад л байна. Иймд уг Элчингийн барилгад лабораторийн шинжилгээ хийлгэх, чингэлэгнүүдийг яаралтай зөөлгөх, Элчин сайдын яаманд газар өгч нүүлгэх, энэ байранд нь цэцэрлэг, ясли, сургуульд өгөх зэрэг асуудлыг энд оршин суугчийн, мөн иргэний хувьд ч Тагнуулын ерөнхий газарт, Улаанбаатар хотын захиргаанд, Гадаад харилцааны яаманд өнгөрсөн оны есдүгээр сарын 6-ны өдөр бичиг явуулсан. Хариуг нь иргэнд өгдөггүй бололтой. Зургадугаарт, Сэлбэ голын баруун талаар засмал тавьсан байгаа. Энэ замыг нэг талын урсгалтай гэх юм уу эсвэл таних тэмдэг тавих замаар аюулгүйн талаас нь дүүргийн болон хотын замын цагдаагийнхан яаралтай арга хэмжээ авахгүй бол хожимдох байх шүү. Долдугаарт, хуучнаар “Ардын эрх” сонины зүүнтэй автын сэлбэгийн худалдаа, засварын “Авто плаза” байдаг. Энд үйлчлүүлэхээр олон машин гол замын нэгдүгээр эгнээг таглан бүтэн өдөржингөө бөглөх юм билээ. Энд Замын цагдаа анхаарах байлгүй дээ.