Э.ОРХОН 

 

Манай улсад сүүлийн жилүүдэд элэг, бөөрний өвчлөл эрс нэмэгдэх болсон. Тиймээс гадаадын өндөр хөгжилтэй орны сайн гэсэн  эмнэлгээр үйлчлүүлэх хүсэлтэй иргэдийн тоо ч нэмэгдэх болсон.

Бид ихэвчлэн Япон, Солонгос,  Тайландыг зорьж эмчлүүлдэг. Тэр дундаа Солонгосын “Кореа” их сургуулийн дэргэдэх “Анам” эмнэлэгт  элэг, бөөр шилжүүлэн суулгах хүсэлтэй иргэд цөөнгүй үйлчлүүлдэг юм.  Тийм учраас тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах тасгийн их эмч Пак Гвон Тэ өнгөрсөн амралтын өдөр бөөр, элэгний өвчнөөр шаналж яваа иргэдтэй уулзаж, зөвлөгөө өглөө. Тэрээр мөн бөөрний өвчтэй найман хүнд хөнгөвчлөх хагалгааг үнэ төлбөргүй хийсэн юм. Энэ үеэр Пак эмчтэй уулзаж  ярилцлаа.

-Та 2001 онд Ионсей эмнэлгийн урилгаар Монголд ирж, гурван жил ажиллаж байсан. Одоогоос 10 жилийн өмнө гэсэн үг. Тухайн үетэй харьцуулахад манайд өвчлөл хэр нэмэгдсэн байна?

-Тухайн үед би  дурангийн мэс засал хийдэг байсан. Тэр  үед монголчууд дунд цөсний чулуу, шамбарам зэрэг өвчин нэлээд их байсан.  Харин одоо элэг, цөс, бөөрний өвчлөл нэмэгдсэн байна. 

-Сүүлийн жилүүдэд манайд элэг, бөөрний өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Солонгост  энэ төрлийн  өвчлөл хэр байдаг вэ. Монголчуудын элэг, цөс, бөөр өвчлөх болсон гол шалтгааныг та юутай холбож тайлбарлах вэ?

-Солонгост ч гэсэн энэ төрлийн  өвчлөл ихэсч байгаа. Ялангуяа сүүлийн үед бөөрний өвчлөл эрс ихэсч байна. Ер нь энэ өвчлөл дэлхий нийтэд ижилхэн. Гол шалтгаан нь даарах, цусан дахь сахар их байх зэрэг олон шалтгаантай. Монголчуудын хувьд, элэгний В, С вирус их байна. Элгэнд С вирус их байх нь  асуудалтай. Тийм учраас энэ асуудалд эмч нар болон эрүүл мэндийн салбарынхан  анхаарлаа хандуулах ёстой. Яагаад гэвэл,  С вирус зүгээр нэг өвчлөл биш амь насанд халтай өвчин. Тиймээс элэгний өвчлөлд анхаарах хэрэгтэй.

-Энэ удаад та  найман хүнд хагалгаа хийсэн гэсэн.  Ямар өвчтэй, ямар оноштой хүмүүст хагалгаа хийсэн бэ?

-Бөөрний өвчтэй хүмүүст эмчилгээ, үйлчилгээ үзүүллээ. Бүгд бөөрний дутагдалтай гемодиализын аппаратад ордог хүмүүс байсан. Эдгээр хүнд хөнгөвчлөх эмчилгээ буюу судасны хагалгааг хийсэн. Бүгд амжилттай болсон.

-Манай улс 2008 оноос бөөр шилжүүлэн суулгадаг болсон. Гэвч зарим хүн энэ хагалгааг хийлгэхээр гадагшаа явдаг. Магадгүй энэ нь манай эмч нарын ур чадвар, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй  холбоотой байх. Энэ тухай та юу гэж боддог вэ?

-Би монгол эмч нарын бөөр шилжүүлэн суулгах хагалгааг харж байгаагүй. Тиймээс эмч нарын ур чадвар ямар төвшинд байгааг хэлж мэдэхгүй нь. Тэгээд ч харьцуулах шаардлагагүй гэж бодож байна. Харин хагалгааны төвшин гэхээс илүү хагалгаанд орохоос өмнөх болон дараах хэд хэдэн үе шатанд нь эмчилгээг дутуу хийгээд  байгаа нь ажиглагдсан. Тиймээс л монголчууд солонгос явж, эмчилгээ хийлгэхийг хүсдэг байх. Түүнээс биш монгол эмч нарын ур чадвар  сайн.

-Солонгосын “Аннам” эмнэлэгт монголчууд цөөнгүй эмчлүүлдэг гэж сонссон.  Мөн энэ эмнэлэг монголчуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг гэсэн сайхан мэдээ байдаг. Та тэр эмнэлэгт ажилладаг болохоор ирж буй өвчтөнүүдийг ажиглаж, анзаарч байдаг байх. Ер нь гол төлөв ямар өвчтэй, хүмүүс тэнд очдог вэ?

-Эрхтэн шилжүүлэх, тэр дундаа элэг, бөөрний хагалгаа хийлгэх гэсэн хүмүүс очдог. Мөн онош нь тодорхой биш, хүнд өвчтэй, хорт хавдартай хүмүүс цөөнгүй ирдэг. Эдгээр хүмүүсийн 50 хувь нь Монголд эмчилгээ муу учраас ирлээ гэдэг. Гэтэл 50 хувь нь илүү сайн үйлчилгээ, чанартай эмчилгээ авах  гэж очдог.

-Манайд эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай олон хүн байдаг ч  донорын асуудал нэлээд хүнд байдаг. Солонгост энэ асуудлыг  хэрхэн шийддэг вэ?

-Солонгост  донорын асуудлыг амар хялбар шийднэ гэж байхгүй.  Донор нь заавал тухайн хүнтэй хамт явах ёстой. Солонгост  нас барж байгаа буюу амь нас нь үхлийн ирмэг дээр байгаа  хүний эрүүл эрхтэнийг зөвшөөрөлтэйгөөр авч, өөр хүнд донор болгон өгч болно.  Гэхдээ ийм тохиолдол тун ховор.  Учир нь маш их дараалалтай байдаг.