Х.МОНГОЛХАТАН

Худалдаа, бэлтгэлийн яамны орлогч сайд асан, Худалдааны болон Боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын мастер тогооч, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын улсын II зөвлөгөөний төлөөлөгч Ж.Чулуунбаатартай ярилцлаа.

-Та хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын улсын II зөвлөгөөний төлөөлөгчөөр оролцжээ. Зөвлөгөөний үр дүнг хэрхэн харж байна?

10-15-9-Ерөнхийлөгчийн ивээл дор Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын улсын II зөвлөгөөн болж өнгөрлөө. Хүн амын эрүүл мэнд амьжиргааны өдөр тутмын хэрэглээ болсон хоол үйлдвэрлэл үйлчилгээний хөгжил, өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашдын зорилгыг тодорхойлсон чухал ач холбогдолтой болсон. Төв орон нутгийн төлөөлөгчид ажилд байгаа ахиц дэвшил, тулгамдсан асуудлыг зохицуулах талаар санал бодлоо ярилцлаа. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын ажлыг орчин үеийн төвшинд нийцүүлэн улам сайжруулах эхлэл тавигдлаа гэж үзэж байна

-Манайд нийтийн хоолны салбар хэзээ үүссэн юм бэ?

-Монголын нийтийн хоолны орчин үеийн хөгжил 1930-аад оноос эхэлсэн гэж үздэг. Учир нь энэ үед манайд үйлдвэр аж ахуйн газар, эмнэлэг, сургууль байгуулж, зам тээвэр хөгжиж эхэлсэн. Тэгээд зам тээврийн газрын, эмнэлгийн, сургуулийн, амралт сувиллын гуанз олныг байгуулсан. Тэр үед гуанзыг гал тогоо гэж нэрлэдэг, тогоочийг нь галч гэдэг байж. Энэ жижиг гал тогоонууд өргөжсөөр 1938 он гэхэд анхны гуанз, рестораны барилга баригдаж эхэлсэн байдаг.

1948-1952 оны улс ардын соёлын аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд анх удаа нийтийн хоолны салбар орсноор нэлээд ахиц дэвшил гарсан. Анх­дугаар таван жилийн төлөвлөгөөний эцсийн жил буюу 1952 онд улсын нийтийн хоолны салбар 175 болж 19 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байдаг. Энэ тухайн үеийн үнэлгээгээр маш их мөнгө юм.

-Тухайн үед хэдэн нэр төрлийн хоол ундаар үйлчилж байсан бол. Нийтийн хоолны нэгдсэн технологи жор байсан уу?

-Төв орон нутагт гуанзууд байгуулагдаж, хүнсний материал хоолны газруудаар дамжих болсноор хоолны жор, технологи, хоол хийх аргачлал хэрэгтэй болсон.

Тиймээс Москвад хоолны дээд сургууль төгссөн манай ахмад тогооч Содномдаржаа 1963 онд 500 хоолны жор боловсруулж гаргасан. Энэ жорыг дагаж мөрдөх Худалдааны яамны сайдын тушаал гарч байсан. 1964 онд сайд нарын зөвлөлийн 139, 251 дүгээр тогтоол гарч нийтийн хоолны талаарх судалгаа хийж, сайжруулъя гэсэн байгаа юм. Энэ тогтоолд тогооч нарыг сургаж бэлтгэх, байнгын курс бий болгох, нийтийн хоолны газрыг хүнсний материалаар хангах, нийтийн хоолны газруудыг томруулж зориулалтын байшинтай болгох, түлээ мод уугисан гал тогооноос нь салгах гэсэн зорилтуудыг тавьсан байдаг. Тэгээд сайн ажиллаж байгаа байгууллагуудыг шалга­руулж эхний гурван байрыг 5-10 мянган төг­рөгөөр шагнаж урам­шуулж, сайн ажилласан тогоочид Монгол Улсын мастер тогооч цол өгч эхэлсэн. Энэ бол нийтийн хоолны хамгийн том цол юм. Мастер тогооч 40 төгрөгийн нэмэгдэл цалин авдаг байсан.

-Улсын анхдугаар зөвлөгөөнд та төлөө­лөг­чөөр оролцож байсан уу. Тухайн үед ямар асуудлыг хэлэл­цэн шийдвэрлэж байв?

-1966 онд Монгол Улсын нийтийн хоолны тэргүүний ажилчдын Улсын анхдугаар зөвлөгөөн гэж болсон. Энэ зөвлөгөөнд тухайн үеийн улс төр, намын гишүүд, ахмад эрдэмтэд илтгэл тавьсан.

МАХН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, намын төв хорооны нарийн бичгийн дарга Н.Жагварал гуай илтгэлдээНийтийн хоолны гол зорилго, үйл ажиллагаа нь хүн ардаа зөвхөн цатгахад бус шинжлэх ухааны үндэс­лэлтэйгээр зөв зохистой хооллоход оршиногэж онцолсон байдаг.

Анхдугаар зөвлөгөөнөөрНийтийн хоолны ажлыг цаашид сайжруулах тухайнаймдугаар тогтоолыг гаргасан юм. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх олон ажил хийж, нийтийн хоолны хөгжлийг түргэтгэсэн, олон улсын жишигт хүргэсэн олон арга хэмжээг авсаар 50 жилийн нүүр үзжээ. Тиймээс ч энэ удаагийн зөвлөгөөн бас ач тусаа өгч, нийтийн хоолны хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.

-Та нэгэн цагт энэ салбарт ажиллаж, сайд байсан хүний хувьд өнөөгийн нийтийн хоолны талаар ямар бодолтой явдаг вэ. Таны гаргасан хоолны жор байдаг байх аа?

-1985 онд 1000 хоолны жор миний удирдлага дор гарсан. Одоог хүртэл энэ жорыг улсын хэмжээнд дагаж мөрдөж байна. Тэр үед дагаж мөрд гэсэн тогтоол гарч байсан бол өнөөдөр заавал дагаж мөрдөх албагүй ч хоолны ерөнхий технологи тэр жороор явж байна.

Хүнсний бүтээг­дэхүүний сонголт олширч байгаа энэ үед шинэ жор, технологи боловсруулах шаардлага зайлшгүй гарч байна. Мөн боловсон хүчнийг бэлтгэх асуудал нэн чухал. Хэдийгээр нийтийн хоолны то­гооч бэлтгэдэг курс дамжаа олширсон ч мэр­гэжлийн төвшинд бэлт­гэхгүй байна. Тиймээс системчилсэн сургалт хэрэгтэй болжээ. 1957 онд Худалдааны техникумын дэргэд нийтийн хоолны анги нээж байсан. 1959 оноос улсын төсвөөс мөнгө гаргаж тогооч нарыг бэлтгэж эхэлсэн. Энэ систем өнөөдөр байхгүй болсон. Тиймээс орчин үеийн нийтийн хоолны шаардлага хангахаар мэргэжилтнүүдийг сайн бэлтгэх асуудал маш чухал юм.

-Нийтийн хоол гэхээр зөвхөн ресторан зоогийн газрууд багтахгүй. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд онцлогтой газруудын хоолны эрүүл аюулгүй байдал яригдах байх?

-Хоол бол эрүүл мэндэд хамгийн чухал зүйл. Тиймээс эмнэлгийн дэргэдэх хоолны газар чухал үүрэгтэй. Дэлхий даяар эм, эмч, эмнэлэг гурваас гадна хоол тэжээлээр эмчлэх арга байгааг ярьж байна. Мөн манайд сургуулийн үдийн хоол, оюутан, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол, хүнд үйлдвэрийн ажилчдын хоол, аялал жуулчлалын хоол гэсэн мэргэжил салбарын онцлогтой газрууд бий.

Манайх хүнсний мате­риалаар баян чинээлэг улс биш. Тиймээс хүнсний материалыг зөв хуваарилах, гамнах, арвижуулах, баяжуулах бодлого ч чухал. Нэг кг цагаан будааг зөв агшаавал 3-4 кг болж өсдөг. Энэ мэтчилэн хүртээмж хангамжийг нэмэгдүүлэх нь нийтийн хоолны салбарт нэн чухал байна.

-Тогооч нарын үнэ­лэмж, хөдөлмөрийн нөхцөл гээд асуудал яригддаг. Энэ тал дээр ямар бодлого барих ёстой юм бэ?

-Ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах хэрэгтэй. Тогооч мэргэжил хүнд ажилд тооцогддог. Үргэлж зогсоогоороо, халуунд ажилллана. Хөдөлмөрийг нь үнэлж, нөхцөлийг нь сайжруулах зайлшгүй шаардлагатай. Гадаадад зөөгч, үйлчлэгчийн хөдөлмөрийг уурхайн хөдөлмөртэй зэрэгцүүлж үнэлдэг. Нийтийн хоолны салбартай холбоотой хууль дүрмүүд гарсан байдаг ч хэрэгжүүлэх нь муу байх шиг. Тиймээс энэ тал дээр Хүнс, хөдөө аж ахуйн яам илүү анхаарч, хариуцаж ажиллах цаг болжээ. Яамны бүтцэд хүртэл нийтийн хоол хариуцсан хэсгийг бий болгох хэрэгтэй. Нийтийн хоол улс орны нэр нүүр тахална шүү дээ. Төр засаг бүгдийг хариуцна гэж байхгүй л дээ. Тэгэхээр Монголын тогооч нарын холбоо гэж 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй холбоо идэвхтэй ажиллах хэрэгтэй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин