С.УЯНГА
“Зууны мэдээ” сонин хүүхдийг гар утастай ойр байлгах, ухаалаг утсаар тоглуулах нь хортой, мөн хүн төрөлхтөн өөрсдийн гараар бүтээсэн технологийн хөгжлөөс зугтаж эхэлсэн талаар “Хүүхдийг Wi-Fi сүлжээнээс хамгаалъя”, “Ухаалаг утас, интернэтгүй хот руу хүмүүс нүүж эхэлжээ” цуврал нийтлэлийг хүргэж байсан билээ. Энэ удаад хүүхдийн орчныг тэр тусмаа сургуулийн орчныг Wi-Fi сүлжээнээс чөлөөлөхийг уриалж байна.
Хүүхдийг дөрвөн цагаас дээш хугацаагаар гар утас, таблетаар тоглуулах нь 3-5 насны хүүхдүүдийн хувьд хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, өсөлт хөгжилт нь удаашрах, хордох, тархины хөгжлийг саатуулах сөрөг нөлөөтэйг шинжлэх ухаан баталсан. Мөн хүүхдээ, өөрсдийгөө Wi-Fi сүлжээнээс хамгаалахгүй бол нойр хулжааж дарамт үүсгэдэг, эсийн өсөлт, тархины үйл ажиллагааг удаашруулдаг, зүрхэнд ачаалал өгдөг, хорт хавдар үүсгэж, эрдэс бодисын дутагдалд оруулдаг сөрөг нөлөөтэйг эрдэмтэд нотолсон. Тэгвэл гэр, сургууль, олон нийтийн газар үнэгүй интернэттэй болсон энэ үед хүүхэд өдөржин ухаалаг утастайгаа харьцаж, шөнө дэрлэж унтаж байна. Мөн хүүхэд гэр бүл, найз нөхөдтэйгөө биш зөвхөн утастайгаа нөхөрлөж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдаж байгааг сэтгэлзүйчид хэлж байгаа. Дунд сургуулийн сурагчид хичээл дээрээ өдөржин цахим ертөнцөөр аялж, тоглоом тоглож байна. Шөнөжин идэвхтэй Wi-Fi орчинд унтсан хүн маргааш нь ядрах, толгой өвдөх, нойр хүрэх гэх мэтээр зовиурлаж, ажлын бүтээмж нь эрс муудаж байгааг эрдэмтэд тогтоосон. Тиймээс БСШУЯ Боловсролын газраас санал санаачлага гаргаж эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдийг эрүүл өсч, сурч боловсрох эрх, орчноор нь хангаж өгөх талаар дорвитой ажил хийх цаг болжээ.
Гар утаснаас ялгарах соронзон долгион хүний эрүүл мэндэд хор учруулж байгааг олон улсад хүлээн зөвшөөрч баталсаар байна. Тиймээс дэлхийн олон улс ухаалаг утасны хэрэглээг сургуулийн орчинд хязгаарлаж, ухаалаг утас хэрэглэвэл багш, эцэг эхэд нь хариуцлага тооцох арга хэмжээ авч байгааг бид өмнө нь мэдээлсэн. Манай улсад нэг үеэ бодвол иргэд энэ талаар мэдээлэлтэй болж эцэг эхчүүд олон нийтийн цахим хуудаст санал солилцож, хүүхдээ ухаалаг утас, Wi-Fi сүлжээнээс хамгаалахыг хүсч байгаагаа идэвхтэй илэрхийлсээр байна. Тиймээс энэ асуудлыг салбарын яам, боловсролын байгууллагууд бодлогын төвшинд анхаарья.
Сүүлийн үед зөвхөн хүүхэд ч гэлтгүй эрүүл мэндээ боддог, өөрийгөө, гэр бүлээ хайрладаг хүмүүс ухаалаг утаснаас татгалзаад эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл эрүүл мэндээ бодож энгийн утсыг сонгосон бол та биднээс илүү ухаалаг утасны “ид шид”-ийг мэддэг эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд утаснаас бүр мөсөн татгалзжээ.
Ухаалаг утасны хор нөлөөг мэдэж сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхгүй байх журмыг өнгөрсөн хавар хэд хэдэн сургууль гаргасан. Мөн Нийслэлийн боловсролын газрын даргын санаачлагаар сургуулиудад ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах дүрэм, санал хүргүүлсэн нь сайшаалтай. Нэг үеэ бодвол дэвшилт гарч байгаа зүйлүүд бий. Бид үргэлжлүүлэн энэ талаар мэдээ, сурвалжлага бэлтгэн хүргэх болно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин