Н.ДАЯН
Бид нүд ямар үүрэгтэйг сайн мэддэг хэрнээ тэр бүр хамгаалж, арчилж чаддаггүй. Иймд та бүхэнд энгийн хэрнээ хамгийн ашигтай, оновчтой зөвлөгөөг хүргэж байна. Элс, шороо, тоос нь ихэвчлэн дээд, доод зовхинд ордог. Тиймээс энэ үед нүдээ арчиж болохгүй. Гадны биетийг алчуур болон зөөлөн хөвөнгөөр авах гэж оролдох бүр ч хэрэггүй. Оролдсон тохиолдолд эвэрлэг бүрхүүл буюу нүдний гадна талын тунгалаг бүрхүүлийг гэмтээх аюултай. Харин үүний оронд хэдэн секунд нүдээ анивчихад нулимстай хамт гадагшилдаг. Хэрэв ингээд гарахгүй бол усаар угаасны дараа нүдээ баруун, зүүн тийш хөдөлгөөрэй. Нүдээ угаахдаа дусаагуураар, зүүгүй цэвэр тариураар, аягатай ус зэргээр угаана. Таны нүдэнд орсон гадны биет гарсан ч торж байгаа мэт мэдрэмж төрж болно. Нүднээс гадны биетийг авсны дараа бактерийн эсрэг, үрэвсэл намдаах зорилгоор антибиотикийн дусаалга дусаагаарай. Хэрэв хэдэн цагийн дараа нүд чинь улайж, нулимс гоожих, нуухтах зэрэг шинж тэмдэг илэрвэл нүдний эмчид яаралтай хандаарай хэмээн Шастины улсын гуравдугаар төв эмнэлгийн зөвлөх поликлиникийн нүдний нарийн мэргэжлийн тэргүүлэх зэргийн сувилагч Б.Мөнхлхагва зөвлөж байна.
ШИЛ ЗҮҮХ НЬ ХАРААГАА НЭГ ТӨВШИНД БАРИХ ХАМГИЙН САЙН АРГА
Эмнэлэгт эрт хандах тусмаа таны нүд хурдан эмчлэгдэнэ гэсэн үг. Шил зүүх нь хараагаа нэг төвшинд барих хамгийн сайн арга. Хүүхдийг багад нь эмчид хандаж ямар нэг хугарлын гажигтай л гэсэн бол шил зүүлгэх хэрэгтэй. Учир нь 18 нас хүрээгүй хүүхдэд торлог, болор суулгах лазерын мэс засал хийдэггүй. Насанд хүрээгүй хүүхдийн эд, эс гүйцэт төлжөөгүй байдаг учир хагалгаа хийх нь маш хортой. Тиймээс шил зүүлгэж харааных нь төвшинг тогтоон барих нь оновчтой арга юм. 18 нас хүрээгүй хүүхдийг яаран нүдний мэс засалд оруулж, лазерын эмчилгээ хийлгэж болохгүй. Яагаад гэвэл эд, эс нь бүрэн төлжөөгүй байдаг учир нүдний шил, линз хоёрын аль нэгийг зүүх нь хамгийн зөв арга. Харин насанд хүрсэн хойно нь шаардлагатай бол хагалгаа хийлгээрэй.
БЛЕФАРИТЫН ҮЕД ЗОВХИНД МАССАЖ ХИЙХ
Блефарит гэдэг нь зовхины тосны булчирхайн үрэвсэл юм. Зовхи нь босоо байрлалтай тосны булчирхайн суваг агуулж байдаг. Энэ тосны булчирхайн сувгаас гарсан тос нь нулимсны найрлагад орж нулимсыг нүдний гадаргуу дээр удаан тогтоож нүдийг хуурайшихаас урьдчилан сэргийлдэг. Тосны булчирхайн суваг битүүрснээс тос ялгарахгүй болж нүд аргах, хуурайших, улайж, загатнах, нулимс гоожих зэрэг зовиур илэрч болно. Гэрийн нөхцөлд зовхинд бүлээн жин тавих /ууттай дүрдэг байхуу цай аль эсвэл жижиг саванд халуун ус хийж сальфетик ба самбайгаар жийрэглэж зовхины гадна талаас тавина/ Энэ жинг өдөрт нэг удаа тавихдаа 15-20 минутын хугацаатай 2-3 удаа тавина. Мөн бүлээн жин тавьсны дараа гарын долоовор хуруугаар зовхийг нүдний аяга руу шахсан байдлаар дарж массаж хийнэ. Ийм замаар массаж хийхэд тосны суваг нээгдэж зовиур багасна.
НҮДЭЭ ХАМГААЛАХ ТАВАН ЗӨВЛӨГӨӨ
-Тогтмол хараагаа шалгуулж бай. Хэрэв таны холын хараа муу бол жил бүр нүдний эмчид үзүүлж байгаарай
-Архаг өвчтэй болохоос сэргийл. Тухайлбал, чихрийн шижин өвчин болон артерын даралт ихсэх. Эдгээр өвчний улмаас хараа муудаж болно.
-Гэрлийг ихээр гялбуулж харах мөн хурц гэрлийг харж нүдээ өвтгөх зэргийг тохиолдохоос үргэлж урьдчилан сэргийлж бай.
-Хэт ягаан туяанаас хамгаалж нарны шил зүүж байх.
-Хоол, хүнсэндээ витамин А-г их хэрэглэх. Витамин А их агуулдаг хүнсэнд лууван, улаан лооль, жүрж болон тарвас ордог. Мөн бөөрөлзгөнө, интоор, анар жимс сайн идэх хэрэгтэй.