Р.ОЮУН

 

Эрүүл явбал мянган лан гэж эмээ, өвөө маань ярьдаг байсан. Бид өвчилсөн хойноо эмнэлгээр гүйдэг хуучин сэтгэлгээгээ халж өвдөхгүйн тулд өөрөөс шалтгаалах бүхнийг хийх цаг болжээ. Тиймээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаж “Зууны мэдээ” сонин, Монгол, Солонгосын Дорнын анагаах ухааны төвтэй хамтран ажилчдаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан юм. Монгол Улс эрүүл иргэнтэй байж хөгжинө. Сүүлийн үед нуруу, нугасны өвчтэй хүний тоо ихэсч байгаа. Тиймээс солонгос, монгол эмч нар үзлэг хийн тухайн хүнд ямар өвчин байна. Эрүүл мэнддээ юуг анхаарах, ямар арга хэмжээ авах талаар манайханд зөвлөгөө өгөв. Энэ үеэр нуруу, нугасны гажиг засах болон сэргээн засах эмч Сүн Ён Хунаас өвчлөл яагаад ихсээд байгаа талаар сонирхлоо. Тэрээр “Би Монголд ирээд удаагүй ч миний ажигласнаар монголчууд суугаа ажил их хийдэг юм байна. Үүнээс гадна дасгал хөдөлгөөн бага хийдгээс нуруу, нугасны өвчлөл ихэсчээ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүүл мэндийн дасгал хөдөлгөөний тухай сурталчилгаанууд бага явдгаас нуруу, нугасны өвчлөл ихэссэн байж магадгүй. Эмэгтэйчүүдийн хувьд өндөр өсгийтэй гутал их өмсдөг юм байна. Ер нь хэт өндөр, намхан өсгийтэй гутал өмсөх хэрэггүй. ­­­­­­­­­­­­­­­­­­­­­­

Суугаа ажил хийдэг хүмүүс хэцүү байсан ч санасан үедээ эгц суух дасгалуудыг хийх хэ­рэгтэй. Харин эрчүүдийн хувьд хүнд юм өргөхдөө өвдгөө нугалж байгаад өргөх ёстой. Хэрэв шууд өргөвөл нурууны дискэнд ачаалал өгдөг. Эрүүл бай­хад хоол боловсруулах эрх­тэн, хоолны дуршил чухал. Монгол хүмүүс мах их иддэг ч түүндээ таарсан жимс, ногоо иддэггүй юм билээ. Мөн идсэн ма­хандаа таарсан хөдөлгөөн хийж хоолоо шингээх хэрэгтэй” гэж ярилаа.            

 

НЭГ АНГИАС ХОЁР ХҮҮХЭД ЭРҮҮЛ ГАРЧЭЭ

 

Судас барина, онош­лоно гэдэг аугаа том мэр­гэ­жил. Гарын мэдрэмж шаарддаг ажил. Тухайн хүн үнэнээсээ өвдөж байна уу эсвэл сэтгэ­лээсээ өвдөж байна уу гэдгийг эмч хүн царайнаас нь хардаг. Мөн үзүүлэх гэж байгаа өвчтөний алхаанаас мэдэж болдог байна. Тус төвийнхөн саяхан ерөнхий бо­ловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд зөвхөн шүдний үзлэг хийхэд нэг ангийн 30-40 хүүхдээс хоёр нь л эрүүл байжээ.

Монгол, Солонгосын дорнын анагаах ухааны төв нь нугас, нурууны өөрчлөлттэй, үе мөчний өвчтэй, тархи, нүүр, нүүрний мэдрэлийн үрэв­сэлтэй зэрэг дотор эрх­тэний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүсийг эмчилдэг.

Мөн сүүлийн үеийн эхо, рентгений аппара­туудтай, ирэх сараас ор­чин үеийн иж бүрэн хэ­рэг­сэл бүхий хүний мэд­рэлийн эд, эсийг нө­хөн сэргээх шинэ каби­нетийг нээн ажиллуулах гэж байгаа ажээ. Түүнч­лэн “Койка”-гийн буцалтгүй тусламжийн хүрээнд 400 мянган ам.долларын төсөл хэрэг­жүүлж байна. Энэ нь Монголын ард түмэнд үзүүлж байгаа том тус хэмээн Монгол, Со­лонгосын дорнын анагаах ухааны төвийн захирал Ц.Батмөнх ярьж байсан. Мөн тэрээр “Манайх эхний ээлжинд олон нийтэд үйлчилдэг “Зууны мэдээ” сонины хамт олонд урьдчилан сэргийлэх анхны үзлэгийг хийлээ. Дараагийн ээлжинд бид өнчин хүүхдүүдийг асрах газарт очих бодолтой байгаа. Ялангуяа, манай солонгос эмч нар ч гэсэн ийм хүсэлт тавьдаг. Ер нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээш­лүүлээгүйгээс өвчлөл ихэсдэг” гэсэн юм.