Э.ОРХОН 

 

 Олон улсын болон үндэсний шинжээчдийн баг 2010-2015 онд  ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үндэсний стратеги төлөвлөгөө боловсруулж байна. Энэ хүрээнд шинжээчид зарим дүгнэлтийг гаргажээ. Энэ талаар ЭМЯ-ны Глобал сангийн ерөнхий зохи­цуулагч А.Оюунбилэгээс тодрууллаа.

 

- Төсөл хэрэгжиж эхэлс­нээс хойш нэлээд хугацаа өнгөрч байна. Ажлын явц ямар байна. Ямар ажлуудыг түлхүү хийж байна вэ? 

-Төслийн хүрээнд хүн амд чиглэсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг түлхүү хийж байна.

Мөн эмнэлгийн нарийн мэр­гэжлийн бо­ловсон хүч­нийг нэмэг­дүүлэхэд давхар анхаарч байгаа. Үүний дотор эмч, ажилчдын мэдлэг, лабо­раторийн оношлогооны ча­давхийг сайжруулах, бэх­жүүлэх түүнд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа яваг­даж байна. Мөн бэлгийн замын халдварын кабинетуудаар болон жи­рэм­сэн эхчүүдэд зориул­сан, сайн дурын зөвлөгөө шинжилгээг явуулж байна. Түүнчлэн оношлогоо, ла­бо­раторийн хүчин чадлыг сайжруулах, эм онош­луураа нэмэг­дүүлэх чиг­лэлд олон ажил хийж эхэл­сэн. 

- Үр дүн ярих хараахан болоогүй ч явцын дунд тодорхой хэмжээний үр дүн гарч байгаа байх?

-Үр дүн гарч байна. Гэхдээ хамгийн гол үр дүн нь нийт хүн амын дунд ХДХВ-ын халдварын тархалтыг бага төвшинд тогтоон барьж байгаа явдал юм. Үүний хажуу­гаар зарим төрлийн бэлгийн замын халдварт өвчин буурахгүй, нэмэгдэх хандлага гарч байна. Үүнд нөлөөлөх олон хүчин зүйл бий. Тухайлбал, хөрш зэр­гэлдээ оронд энэ төрлийн тархалт өндөр байх, хүн амын шилжилт хөдөлгөөн, залуучууд өөрсдийгөө эрс­дэлд оруулах зэрэг асуудал нэлээд нөлөөлдөг.

-Сүүлийн саруудад ДОХ-ын тохиолдол эр­чимтэй өсч байна. Одоо­гоор  137 дахь  тохиолдол бүрт­гэгдсэн. Халдвартай хү­мүүсийг  насны байдлаар нь ангилвал хэдээс хэдэн насныхан байна. Мөн хүйсийн хувьд...?

-ХДХВ-ын халдвартай гэж бүртгэгдсэн хү­мүүсийн 70-80 хувь нь эрэгтэйчүүд байна. Үүний дотор эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэй хүмүүс дийлэнх хувийг нь эзэлдэг. ХДХВ бэлгийн замаар тархана гэдэг салст бүрхэвч тодорхой хэм­жээгээр гэмтэхийг хэлнэ. Гэмтсэн үед цусны судлууд нээлттэй болж халдвар тар­хах эрсдлийг нэмэгдүүлдэг. Үүнд гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь бэлгийн замаар дамжих халдвар юм. Тийм учраас зөвхөн ДОХ-ын эсрэг гэхээсээ гадна бэлгийн замаар дамжих халдварт давхар арга хэмжээ авч байна.

-Халдвартай хүмүүст одоогоор ямар эмчилгээ хийж байна? 

-ХДХВ-ын үед зөвхөн вирусын эмчилгээ хийдэг. Өвчтөний халдварын тар­халтын явцаас хамааран вирусын эсрэг хэрэглэж байгаа олон төрлийн эмээс сонгон хэрэглэдэг.