Д.МЯГМАР


Монгол Солонгосын дорнын анагаах ухааны төвийн  эмч  Юн Сын Гюг дугаарын зочноор урилаа. Тэрээр Солонгосын хамтын ажиллагааны нийгэмлэгийн КОИКА байгууллагын шугамаар манай улсын Монгол Солонгосын дорнын анагаах ухааны төв эмнэлэгт урилгаар ирж ажиллаж байгаа туршлагатай эмч нарын нэг юм. Бид нүүрний саажилт, мэдрэлийн өвчний талаар болон тус эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний талаар ярилцлаа.

 

-Сайн байна уу. Танай эмнэлгээр сонин сайхан ямар мэдээ байна вэ?

-Сайн. Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Би эхлээд уншигчдадаа эмнэлгээ танилцуулсан нь зүйтэй байх. Монгол Улсын Засгийн газраас уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлогыг хөгжүүлэхээр хүсэлт тавьсны үндсэн дээр Солонгос Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр манай төвийг байгуулсан. 13 дахь жилдээ ажиллаж байгаа манай төвд одоо 17 эмч, эмнэлгийн ажилтан, солонгос хоёр эмч ажилладгийн нэг нь би. Манайх  20 орчим нэр төрлийн уламжлалт эм­чилгээ, эмнэлгийн үйл­чилгээг иргэдэд үзүүлж байгаа.

Манай төв орчин үеийн иж бүрэн хэрэгсэл бүхий хүний мэдрэлийн эд, эсийг нөхөн сэргээх шинэ кабинетийг байгуулах ажилдаа орсон. Энэ мэдээ мэдээж ахмад настнууд болон гэртээ өвчтэй хүн асарч суудаг хүмүүст сайхан сонсогдох байх. 

-Шинэ төв хэзээ ашиглалтад орох вэ?

- Энэ кабинетийг ирэх сарын 15-наас эхлэн ажиллуулана гэж бид тооцоолсон. Солонгосын “Medipeace” байгууллагын тусламж­тайгаар энэ ажлыг төсөл болгон хэрэгжүүлж эхэлсэн. Манай эмнэлэг шинэ кабинеттай болс­ноор цус харвалтын дараах саа саажилт, үений хө­дөлгөөн  хязгаарлагдсан хүмүүст анх удаа эм­нэлгийн тусламж үйл­чилгээг тусгай орчинд үзүүлэх боломжтой болно.

-Мэдрэлийн өвчнөөс болоод нүүр нь нэг тал­руугаа унжсан хүн энд, тэндгүй таардаг. Сүүлийн үед голдуу залуус компьютер, техникийн дэвшлээс болоод хөдөл­гөөний хомсдолд орж, ажлын ачааллаа хэтрүүлс­нээс үүдэн мэдрэлийн ядаргаанд орж нүүр, ам нь муруйх болсон гэж дуулсан. Саажилт гэдгийг нь яаж мэдэх вэ?

-Нүүрний захын мэдрэлийн саажилт гэж бий. Илрэх шинж тэмдэг нь нэг л өдөрт гэнэт хөмсгөө дээш өргөн духаа үрчийлгэх хөдөлгөөн хийх боломжгүй болдог. Нүдээ анихад төвөгтэй байна. Хүн хонхорхой бүдгэрсэн, уруул нэг талруугаа унжаад хоол идэхэд жавьжаар асгарах зэргээр хүндрэлтэй тал бий.

-Нүүрний саажилттай болсноор гоо сайхан алдагддаг. Өөр сөрөг тал бий юу?

-Нүүрний захын мэдэрлийн саажилтын шинж тэмдэг нь олон байдаг. Тухайлбал, Саажилт илрэхээс өмнө чихний ар талд чилж өвдөх тохиолдол их байдаг. Хөмсөг өргөхөд духны арьсны ар нэг тал өргөгдөхгүй. Нүдээ гүйцэд аньж чадахгүй болно. Нүд аргаж нулимс гарч, нүд улайх тохиолдол ч байдаг. Хүн хонхорхой бүдгэрч нэг талруугаа доош унждаг. Нэг талын чих дүнгэнэдэг. Хэлний амт мэдрэх чадвар 3/2 хувиар буурна.

-Нүүрний захын мэдрэлийн саажилт нь тархины судас нарийсах (саа өвчин)-тай адил уу?

-Бүх биеийн булчин тархинд захирагддаг. Нүүрний булчингууд ч үүнд хамаарна. Хэрэв их тархинаас нүүрний мэдрэлийн төв хүртэл холбодог мэдрэлийн судас гэмтвэл хэсгийн мэдээ алдалт ( нүүрний мэдрэлийн саажилт) гэнэ. Төв хэсгийн мэдээ алдалт нь тархины судас нарий­сахын нэг төрөл ба энэ нь нүүрний хэсэгчилсэн мэдээ алдалт юм. Тархины судас нарийсах (саа өвчин)-аас үүдсэн нүүрний саажилт нь дээр дурьдсан шинж тэмдгээс гадна биений тал хэсгийн саажилт мөн улаан хоолой буюу хоол залгих чад­варгүй болох гэх мэтчлэн шинж тэмдэгээр илэрдэг.   

-Нүүрний захын мэдрэлийн саажилтын үүсэх шалтгаан юунаас болдог вэ?

-Нүүрний захын мэдрэлийн саажилтийг үүсгэдэг тодорхой шалт­гаан одоохондоо илрээгүй байна. Нүүрний саажилт нь саажилттай өвчтөнүү­дийн 51 хувийг эзэлдэг болсноор эмч, мэргэ­жилтнүүдийн санааг зовоох болсон. Тиймээс манай төв шинэ кабинет байгуулахаар шамдаж байна.

-Хүний нүүр, ам сааж­сан тохиолдолд ямар эмчилгээ хийлгэх вэ?

-Өвчин үүссэн шалтгаанаас хамаарч өвчтөний биеийн байдал янз бүр байдаг. Тийм учраас эмчилгээний арга барилууд нь ч өөр байна. Юуны түрүүнд өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тоохгүй яваад байж бо­лохгүй. Хамгийн түгээмэл хэлбэр болох нүүрний захын мэдрэлийн саа­жилтын (Bell’s palsy) үед ойролцоогоор 70 хувь нь эмчилгээ хийлгээгүй ч яваандаа эдгэдэг. Зарим нь муруй нүүр, амтай болчихдог. Өвч­төний биеийн байдлаас хамаарч саажилт нь 10 хоногийн дотор засарч, 1-2 сарын дотор бүрэн эдгэрэх боломжтой. Эдгэрэлт нь удааширсан тохиолдолд тухайн өвчтөний бие хоёр сар өнгөрч байж бага багаар сайжирдаг. Саа­жилт хүндэрсэн тохиол­долд нүүрний булчин сулраад унжиж үлддэг.

Чихний ойролцоо усан цэврүү үүсэх шинжээр илэрсэн тархины саажилт нь нүүрний захын мэд­рэлийн саажилтыг бодвол илүү хүнд юм. Нүүрний булчин саажих мэдээ алдах болон сонсголын согогтой үлдэх тохиолдол ч байдаг. Ихэвчлэн эм­чилгээ нь бөөр ба тархины цусан хангамжийг сайж­руулах эм бэлдмэл уух хэрэгтэй. Хүндэрсэн өвчний үед мэс заслын аргаар тухайн хүнийг эмчилж, эрүүлж болгох тохиолдол байдаг. Өвчтөний биеийн онц­логоос шалтгаалан Со­лонгосын ардын анагаах ухаанаар нотлогдсон зүүн эмчилгээ ба эмийн эм­чилгээг хослуулан хэрэг­лэснээр саажсан хэсгийн эмчилгээний үр дүн сайн байдаг. 

-Танайд саажилттай өвчтөн голдуу ирдэг үү. Тэд цаашид ямар дэглэм барих ёстой вэ?

-Манайд ийм хүмүүс их ирдэг. Ийм тохиолдолд та даарахгүй байх ёстой. Стресст орохгүй байхыг хичээ­гээрэй. Мөн ажил, амралтаа зөв зохицуулж сайн унтаж амрах хэ­рэгтэй. Зүү болон цахил­гаан эмчилгээ хийлгэвэл илүү үр дүнтэй байдаг юм.

-Танай эмнэлгийн цөс угаах үйлчилгээгээрээ сүрхий  гэж дуулсан юм байна?

-Манай эмнэлгийн цөс угаах бэлдмэлийг монголчууд сайн мэддэг болсон. Манайд ажиллаж байсан Мүн эмчийн жороор энэ бэлдмэлийг хийдэг, манай брэнд бүтээгдэхүүн гэж хэлж болно.

-Энэ бэлдмэл зөвхөн цөс хөөдөг юм уу. Өөр үйлчилгээ байна уу?

-Энэ цөс угаах бэлдмэл дан ганц цөсний хүүдийг угаах биш,  элэгний дотор цөсний суваг болоод гэдсийг угаадаг, ходоодны галыг дэмждэг бүтээгдэхүүн юм. Цөс угаах явцад дотор муухайрах, бие эвгүйцэх шинж тэмдэг гардаггүй ба элсэрхэг чулуу хүртэл урсаад л гардаг.

-Хүн бүр л цөсөө угаалгалаа гэдэг болж. Энэ зөв үү?         

-Ер нь хоолны дэглэм барьдаггүй, бүдүүн шир­хэгт хоол хүнс хэрэг­лэ­дэггүй /бор гурил, арвайн гурил, хөц будаа зэрэг/, хөдөлгөөний хомсдол, хэт өөхлөлт таргалалт, ажил амралтын дэглэм алдагд­санаас хүний цөсний хүүдийн агших чадвар муудан сунаж, хана нь зузаардаг. Улмаар цөс тогтонгшиж чулуу үүсдэг юм. Үүнээс урьдчилан сэргийлэхэд цөс угаах бэлдмэл тун чухал.