Н.НОМИН-ЭРДЭНЭ
Улсын хэмжээнд байдаг клиник эмнэлгүүдээс хүүхдийн тасагтай ганц эмнэлэг байдаг нь Улсын хоёрдугаар төв эмнэлэг буюу бидний хэлж заншсанаар Сайд нарын эмнэлэг юм. Эдний хүүхдийн тасгийн эмчилгээ, үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн өртөг өндөртэй, гадаадын эмнэлэгтэй жишихүйц байдаг хэмээн олон хүнээс сонссон. Тиймээс 1000 сонсохоор нэг үз гэгчээр тус эмнэлгийг зорилоо. Эмнэлгийн хаалгаар ороход шороотой гутлаар гишгэмгүй цэвэрхэн, намуухан орчин угтав.
Хүүхдийн тасаг хөл хөдөлгөөн ихтэй байсан ч бухимдаж цухалдсан хүнгүй байлаа. Учир нь үүдэнд суух сувилагч бүсгүй орж ирсэн хүн бүрийг найрсгаар угтан авч гарыг нь ариутгаж, улавч өмсүүлэн ямар эмчид үзүүлэх гэж байгааг нь асуунгаа хаана, хаашаа орохыг нь зааж өгч байсан юм.
Хүүхдийн тасагт дөрвөн эмч, зургаан сувилагч ажиллаж байгаа бөгөөд 0-17 насны 1200-1400 хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг гэсэн тоо бий. Шаардлагатай үед эмч нар нь өдөр, шөнө гэлтгүй дуудлагаар явдаг ажээ.
Энэ талаар тасгийн эрхлэгч Ж.Нямсүрэнгээс тодруулахаар өрөөнд нь очиход хяналтдаа байдаг дөрвөн сартай хүүг үзэж байсан юм. Тэрээр “Манайх энэ жил “Өнөр бүл” төвийн 170 хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, 0-2 насны 126 хүүхдийг үзлэг, оношлогоонд хамрууллаа. Сүүлийн 3-5 жилийн хугацаанд өвчлөл улирлын шинж чанартай байхаа больсон байна. Өвөл, зун гэлтгүй уушгины хатгалгаа, амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтэний өвчлөл буурахгүй байна. Манай хүүхдийн тасаг их ачаалалтай, хоёр дахь шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна” гэсэн юм.
Хүүгийн ээжийн сэтгэгдлийг сонирхлоо. Түүнийг Х.Сарангэрэл гэдэг аж. Тэрээр хэлэхдээ “Хүүхдийн эрүүл мэнд улс орны хөгжлийн салшгүй хэсэг мөн. Тиймээс хүүхдээ эрүүл байгаа эсэхийг нь мэдэж байхын тулд эмчийн хяналтад байлгадаг. Бид хоёр одоо товлолын вакцинаа хийлгэх гээд хүлээж байна” гэлээ.