Э.ОРХОНСҮРЭН 

 

Улсын хэмжээнд 0-18 насны хүүхдүүдийг үзэж, оношлодог, хэвтүүлэн эмчилдэг цорын ганц эмнэлэг бол Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв. Энэ эмнэлэг ойрын өдрүүдэд ч бас ачаалал ихтэй байна. Хүүхдүүд амьсгалын замын өвчлөл, вирусын гаралтай ханиадаар өвчлөх нь их байгаа аж. Мөн төрөлхийн гажигтай нярай төрөх нь элбэгшжээ. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Эмнэлгийн тусламжийн чанарын менежер, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Б.Надмидтай ярилцлаа.

 

-Хавар болохоор хүний биеийн дархлаа суларч өвчин тусах магадлал өндөр болдог. Хүүхдүүдийн дунд  өвчлөл хэр байна?

 -Хүүхдийн өвчлөлд нас нэлээд хамаатай. Хэвийн төрсөн нярай хөхөөрөө хооллоод, эмчийн зөвлөгөөг дагаад байхад хэр барагтай өвддөггүй. Гэтэл  хаврын улиралд манай орны уур амьсгал, хөрс агаарын бохирдол зэрэг нь хүүхдэд маш их нөлөөлдөг. Мөн тоосжилт ихтэй энэ үед бага насны хүүхдийн дунд амьсгалын замын өвчин, томуу төст өвчин нэмэгддэг. Манай төвийн “Яаралтай тусламжийн тасаг” болон “Хүүхдийн зөвлөх поликлиник”-т үзүүлж байгаа нийт үйлчлүүлэгчийн мэдээнээс харахад ханиалга, халууралт, цээж шуугих хам шинж бүхий амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгээр өвдөх нь элбэг байна.

Томуугийн үндэсний төвийн сүүлийн долоо хоногийн мэдээгээр  өвчлөл бага зэрэг буурсан мэдээ байна. Гэсэн ч энэ өвчлөл зонхилон то­хиол­дох өвчний тоонд орсоор байна.  Мөн дулаарч бай­гаатай холбоотой цэцэр­лэг, сургуулийн бага ангийн хүүхдүүд гадаа тоглож болгоомжгүй байдлаас гэмтэж бэртэх нь элбэг байна.

-Сүүлийн үед  вирусын гаралтай ханиад гэж  ярих болж. Үүний гол шалтгаан нь юу байна вэ. Зарим хүн үүнийг энгийн нэг ханиад гээд ойшоодоггүй шүү дээ?

-Амьсгалын эрхтэн өвчлөлд өртөхийг ханиад гэдэг. Харин хамар, хоолой, уушгийг амьс­галын эрхтэн гэнэ. Эд­гээрийг вирусын га­ралтай өвчлөлд өртөхийг ханиад хүрлээ гэдэг. Гэтэл вирус нь дотроо олон төрөл. Тухайлбал, 2009 онд A хүрээний H1N1-ийн халдвар дэлхий нийтээр тархад бид ч бас энэ өвч­лөлд өртсөн.Тэгвэл одоо A хүрээний H7N9-ийн халдвар урд хөршид тархсан мэдээг бид бүгд мэдэж байгаа. Тиймээс ханиадыг вирус үүсгэдэг нөхцөл, вирусын өвөрмөц шинж  чанараас өвчин хамаардаг. Тиймээс хүүхдийн дархлаа нь хэвийн, суурь эмгэггүй бол хүндрээд байдаггүй. Ер нь вирусын гаралтай өвчлөл аливаа өвчний суурийг өдөөх хандлага ажиглагддаг. 

-Ханиад томуугийн өвчлөл хүйтэн сэрүүний улиралд их байдаг. Гэтэл  урин дулаан орсон ч хүүх­дүүд ханиадаас салахгүй байна. Энэ өвчний үед хүүхдэд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Ханиадны үед илрэх аюултай хэд хэдэн шинж бий. Тухайлбал, нярай буюу бага насны хүүхэд өндөр халуурах, ханиах, бөгшүүлж ханиалгах зэрэг шинж илэрдэг. Мөн нүүр, уруул орчим хөхрөх, амьсгал өнгөц, богино болж амьсгалахад саадтай болох, цээж хонхолзох шуугих зэрэг шинж аюултайд тооцогддог. Тиймээс ийм шинж илэр­сэн тохиолдолд нэн даруй эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Ер нь хүүхэд өвдөх үед эцэг эхийн мэдрэмж, халамж эрүүл үеэс хэд дахин өндөр байх нь чухал. Манай төвийн хувьд томуу томуу төст өвчний идэвхтэй  дэгдэлтийн үед орон нутаг болон хот, дүүргийн эмнэлгүүдэд эм­чилгээний менежмент болон арга зүйн зөвлөгөө тусламжийг байнга явуулж байна.

 - Тэгвэл энэ өвчний үед эмчид хандахаасаа өмнө ямар эмчилгээг гэрийн нөхцөлд хийж болох вэ. Мөн хүүхдээ өвчлө­лөөс хэрхэн хамгаалах вэ?

-Гаднаас орж ирсэ­нийхээ дараа гараа угааж хоолойгоо зайлах, хамраа цэвэрлэж хэвших хэ­рэгтэй. Мөн гэртээ тогт­мол чийгтэй цэвэрлэгээ хийх нь чухал. Бага насны хүүхдэд эцэг эх нь ха­рилцааны болон үйлдлийн зөв хэвшлийг үлгэрлэх нь хамгийн үр дүнтэй байдаг. Хэрэв танай хүүхэд халуурч байгаа бол халуун бууруулах эмийг дур мэдэн уулгаж болохгүй. Тэр дундаа халуун бууруулах эмийг удаан хугацаанд дур мэдэн уул­гах нь өвчнийг хүнд­рүүлдэг. Тиймээс өндөр эсвэл удаан хугацаагаар халуурч байгаа бол эмчид яаралтай үзүүлэх хэ­рэгтэй. Ер нь хүүхдийг багаас нь эрүүл ахуйн зөв хэвшилд сургах нь ханиа­даас сэргийлэх гол арга болно. Мөн хавар амин­дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэ­рэглэж,  хүүхдийг ча­нартай хоол хүнсээр хооллох нь дарх­лааг бий болгоно. Түүнч­лэн долоо хоногт 2-3 удаа усанд оруулах нь чийрэг байхын үндэс болно. Бас цаг агаарт тохирсон хув­цас өмсүүлж, хэт халууцаж, дааруулахгүй  байх хэрэгтэй. 

 

НЯРАЙН УРУУЛ, ТАГНАЙН СЭТЭРХИЙНЭЭС ӨӨР ГАЖИГГҮЙ БОЛ ЯАРАЛТАЙ ХАГАЛГАА ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ

 

- Нярай хүүхдийн өвчлөлийн гол шалтгаан нь төрөлхийн гажиг гэж бай­сан. Та энэ талаар тодруу­лахгүй юу. Төрөлхийн гажигтай төрөхөд нө­лөөлдөг гол хүчин зүйл нь юу байна?

-Эрүүл мэндийн сал­барт төрөлхийн хөгжлийн гажгийн оношлогоо эм­чилгээний асуудал тул­гамдсан асуудал  болоод байна.  Эрүүл мэндийн статистик мэдээнээс үзвэл нярайн эндэгдэлийн шалтгаанд төрөлхийн хөгжлийн гажгийн эзлэх хувь жилээс жилд өсөх хандлагатай байна. 1997 онд нялхсын эндэгдлийн шалтгаанд хөгжлийн  төрөлхийн гажиг 2,3 хувь байсан бол 2010 онд 14,4 хувь болж өссөн. Саяхан ЭХЭМҮТ  Олон улсын анагаах ухааны боловс­ролын төвийн эмч нартай хамтран  “Төрөлхийн хөгжлийн гажгийн онош­логоо эмчилгээ” сэдэвт уулзалт сургалт болсон. Энэ үеэр манай улсад 2011 онд 70328 эх амаржсанаас 405 нярайд төрөлхийн хөгжлийн гажиг онош­логдсон нь нийт төрөлтийн 0,6 хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарсан. Энэ гаж хөгжилд  дараах эрхтэн тогтолцооны гажиг элбэг байна. Үүнд, зүрх судас, хоол боловсруулах болон тулгуур эрхтэн, олон эрхтэн хавсарсан гажиг илүүтэй байна. Манай төв улсын хэмжээнд тө­рөлж­сөн мэргэжлийн лавлагаа төвийнхөө бодлого зо­рилтын  хүрээнд тө­рөлхийн хөгжлийн гажгийг ураг нярай үед нь оношлох сэргий­лэх, үүд­нээс анагаахын удамзүйн лабораторийг  ашиглалтад оруулан амжилттай ажил­лаж байна. Төрөлхийн хөгжилд эхийн эрүүл мэндийн байдал, ураг нярайн эрхтэн тогтолцоо бүрэлдэх явцад гадны хүчин зүйл чухал нөлөөтэй. Мөн эх ханиад хүрэх улмаар эм уух,  архи тамхи, баталгаагүй хоол хүнс ихээхэн нөлөөлдөг.

-Төрөлхийн эрхтэн тогтолцооны гажигтай төрөх нь амь насанд хэр эрсдэлтэй байдаг вэ. Эмчилж болох болохгүй гэх тохиодол бий юу?

-Төрөлхийн хөгжлийн гажиг ямар эрхтэн сис­темийг хамарсан бай­гаагаас эмчилгээ нь нас насанд нь өөр. Тухайлбал, уруул, тагнай сэтэр­хийнээс өөр гажиггүй бол нярайд яаралтай хагалгаа хийх шаардлагагүй. Харин улаан хоолой, хошного битүү гэх мэт хоол боловсруулах эрхтэний хавсарсан гажгийн үед нярайд яаралтай мэс засал хийх заалт байдаг. Эмчилгээний үр дүн нярайн ерөнхий байдал, олон гажиг хавсарсан  зэргээс шууд хамаарна. Ер нь залуу охид хөвгүүд  эрүүл мэндийн бо­ловсролтой, нөхөн үр­жихүйн нас ха­риуцлагыг ухамсарлан, сэтгэлзүй болон бие эрхтэнээ бэлдсэн үедээ эрүүл хүүхэд төрүүлэх болно.