Бид жил бүр 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсоор нилээд хэдэн жилийг үдлээ. Энэ үер дурсамж голдуу мэдээллээр хэвлэлийн хуудас дүүрч, бөх барилдаад өнгөрөх хэвшил тогтохоос эмээх юм. Учир нь бид Үндсэн хуулиа хэрэгжүүлэх тухай ярихаасаа өмнө өөрчлөх тухай ярьж, Үндсэн хуулийн үндсэн үзэл баримтлалаас тэс өөрийг мөрөөдөж, шинжлэх ухаанчаар бус өөрт бодогдсныгоо тааж ярьж, тааж ойлгоод будлих тийшээ хандаад байх шиг. Үндсэн хуулийн эрх зүй хэмээх шинжлэх ухаан байдаг гэдгийг ойлгох ч сөхөөгүй улс төрчид олшрох тусам Үндсэн хуулиа дээдлэх, хэрэгжүүлэх тухай ойлголт биднээс улам л алсран холдсоор байна уу даа. Энэ бүхэнд сэтгэл чилж, цаашид яах бол гэхээс сэтгэл түгших юм.

Шинэ Үндсэн хууль Монгол орны хөгжил дэвшилд зарчмын өөрчлөлт, шинэчлэл хийснийг өнөөдөр хэн ч үгүйсгэх аргагүй. Хүн төрөлхтний хүлээн зөвшөөрсөн ёс, дэг жаягаар бол нийгмийн суурь зарчмыг ард түмнээр \иргэдээрээ\ хэлэлцүүлж, тэдний төлөөлөл баталсан бол тэр үнэт зүйл, тухайн зарчимд улс үндэстнээрээ нэгдэж, эрхэмлэн дээдэлдэг билээ. Монгол улс ч өнө эртний түүхэндээ хуультай байж, түүндээ захирагдаж, хүчирхэг гүрнийг байгуулж байсан гэдэг дээ.

Үндсэн хуулийн оршил хэсэгт монгол түмний эрхэм зорилго бол “эх орондоо  хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” гэж тодорхойлжээ. Тиймээс ч Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцана” гэсэн байдаг. Олон өөрчлөлтийн зөвхөн нэг нь ийнхүү монгол түмний эрхэм зорилгыг биелүүлэхийн тулд төр иргэнийхээ өмнө үүрэг хүлээдэг болсон явдал юм. Төр хэмээх нийгмийн зохион байгуулалтын нэг хэлбэр нь үнэн чанартаа эрх мэдлийн хүч юм. Эрх мэдлийг төрийн албан тушаалтны үйлдлээр хэрэгжүүлдэг бодит үнэнийг бид тойрох арга одоохондоо алга. Хэрэв  ухаалаг төр байдаг бол   ухаалаг түшмэл \албан тушаалтан\-ээр дамжуулж эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Гэтэл сонгууль болгоны дараа “хэн нэгэнд хүчин зүтгэсэн эрхэм”, түшмэл ёсонд үл суралцсан нэгэн эрх мэдлийг хэрэгжүүлж, “төрийн албыг төрлийн, ангийн найзуудын, танил талын алба болгон” иргэний өмнө хүлээсэн үүргээ умартсаар байгаа нь харамсалтай. Түүнээс улбаалан буруу бодлого, шийдвэр гарч, ард иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Эндээс харвал Үндсэн хуулийн заалт буруу байсандаа биш, харин түшмэл \эрх мэдэл бүхий албан хаагч\ буруу ажилласанд алдаа нь байгаа бусуу. Бид Үндсэн хуульд буруу өгч өөрчлөхөөсөө өмнө тогтоосон зарчмуудыг хэрэгжүүлэх гээд үзвэл яасан юм. Ер нь тухайн нутаг дэвсгэрт хүний амьдрал хэцүү, ажилгүй, ядуу иргэн олонтай, амьдрах арга нь шударга ёсны дэмжлэггүй байвал Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд заасан үүргээ тухайн тойргийн УИХ-ын гишүүд, ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нар биелүүлэхгүй байна л гэсэн үг шүү дээ.

Үндсэн хуулийг огт өөрчилж болохгүй гэж би хэлэх гэсэн юм бишээ, өөрчилж боловсронгуй болгох зүйл заалт, нэмэлт байгаа. Гэхдээ л эхлээд хэрэгжүүлэх гэж оролдоод үзвэл яасан юм вэ л гэж байгаа юм. Тухайлбал, Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ” гэсэн нь Үндсэн хуулийн эрх зүйн болон Улс төр судлалын шинжлэх ухааны ойлголт болох төлөөллийн ардчиллаар  сонгож байгуулсан байгууллагаар дамжуулан төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх тухай асуудал юм. Гэтэл төлөөллийн ардчилалын илэрхийлэл болох сонгуулийг “төгрөгөөр хэмжигдсэн” хөрөнгөлөг хэсгийн уралдаан болгож, “мөнгөгүй бол сонгуульд оролцоод хэрэггүй гэсэн” ардчилалын эсрэг буруу аффоризмыг сонгогчдын тархинд гүнзгий суулгах гэж оролдсоор байна. Үүнийг Үндсэн хуулийг өөрчилж биш сонгуулийн хуульд шинэчлэл хийж санхүүжилтийн асуудлыг тодорхой, ил тод болгон улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийг гаргаад шийдчих бүрэн боломж байж л байна. Энд бас намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж, бүлгийн эрх ашгаас өмнө монгол түмний нийтлэг эрх ашиг байх ёстойг хүлээн зөвшөөрөхөд л болох юм. Бид шинэ Үндсэн хуулиа баталснаас хойших 23 жилд улс, үндэстнийхээ нийтлэг эрх ашгийг илэрхийлэх нэгдмэл хөгжлийн бодлогогүй явж ирлээ шүүдээ. Улс төрийн намуудын огцом амлалт, бодлогогүй өөрчлөлт, шинэчлэлтээс иргэд маань залхаж гүйцлээ.

Уг нь шинэ Үндсэн хуулийн III бүлэг бүхэлдээ төрийн эрх мэдлийг хуваарилж, хуваарилагдсан эрх мэдлийг хянаж, тэнцвэржүүлэх механизмыг тогтоосон билээ. Энд буй зарим нэг алдааг эс тооцвол манай Үндсэн хуулийг ардчилсан Үндсэн хууль гэж олон улсад үнэлсэн байдаг. Гэтэл эрх мэдлээ булаацалдсан, тэнцвэржилтийг хангах хяналтад түүртсэн үзэгдэл газар авсаар. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хяналтын үүргээ гүйцэтгэж гаргасан шийдвэрийг нь гоочлох, үл тоох бүдүүлэг соёл ч байсаар байна.

Үндсэн хуулийн заалтыг нэг бүрчлэн хэрэгжүүлж байж л хууль өөрөө амьд байна. Гэтэл санаатай санамсаргүй үл тоох байдал харагдах  юм. Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлийн 2-т “Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно” гэсэн байна. Гэтэл хамгийн сүүлчийн өөрчлөлтөөр энэ заалт үл тоогдох” жишээтэй.

Үндсэн хуульд төрийн албатай холбоотой тухайлсан заалт бий. Тухайлбал, 46 дугаар зүйлийн 1-д “Монгол улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна” гэсэн байгаа. Энэ нь хэн нэгэнд орон тоо гаргахын тулд дураараа өөрчилж байх тухай ойлголт арай биш л дээ. Оны сүүлээр нэг салбарын Стратегийн баримт бичгийн төсөл дээр сууж, асуудал боловсруулж байхдаа Барилга хот байгуулалтын яамны нэрийг сарын дотор гурван удаа өөрчилж бичин “бэдэрч” байхад тэнд ажилладаг албан хаагчид юу бодож байдаг юм бол гэхээс ичих шиг болж билээ. Мөн салбар дундын зохицуулалтыг “барахгүй” ч гэсэн хийх гэж мэрийж байсан байгууллагуудын чиг үүргийг шууд л нэг яамны харъяалалд оруулж байгааг хархад юу л болоод байна даа хэмээн эмээх сэтгэл төрснөө нуух юун. Үндсэн хуулийн дээрх зүйлийн 2-т байгаа “Монгол улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” гэсэн заалтыг биелэгдэж байна гэвэл тэрэн шиг худлаа юм алга боллоо. Төрийн алба ард түмний тусын тулд биш хэсэг бүлгийн, амин хувийн аж амьдралаа дээшлүүлэх хэрэгсэл болоод дууслаал даа. Үүнийг харсаар байж дуугай суух эрх үндсэн хууль судлаач, Үндсэн хуулийн эрх зүйн багш надад алгаа. Төрийн албан хаагчдыг төрийн арга ухаанд сургадаг, сэтгэл оюуныг нь бэлддэг тогтолцоо бодлогогүй намын үйлдлээр нүдэн дээр нуран унаж байхад сэтгэл зовхоос өөр зүйлгүй суугаадаа харамсах юм. Оросын боловсролтой хүн хэрэггүй гэж адлагдсан ч шинжлэх ухаанаар асуудлаа шийдэх ёстой гэсэн итгэл үнэмшилтэйгээ үлдэж байгаа өөрийн боловсролоороо харин бахархах юм даа.

Ирээдүйд хөгжих үндэс сууриа баттай тавьж чадсан монголын ард түмэн цаг зуурын эдийн засгийн бэрхшээлтэй учирсан ч даваад гарах зовхи нь өөдөө ард түмэн гэдэгт л найдах юм. Бодлогогүй, боловсролгүй байдлаасаа, хуулийг үл хүндэтгэх сэтгэлгээнээсээ салж чадвал 1992 оны Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйл, зарчим, заалтууд зөв хэрэгжих нь дамжиггүй. Үүний тулд Үндсэн хуулийн өдрөөрөө баярлаж цэнгэхийн зэрэгцээ бодож, эргэцүүлж, Үндсэн хуулиа хэрэгжүүлж байгаа байдалдаа дүн шинжилгээ хийж байвал зүгээрсэндээ. Тэгвэл юун түрүүн төрийн албан хаагчид маань Үндсэн хуулиа өөрчлөх гэж дайрах бус хэрэгжүүлэх гэж мэрийдэг болох ч юм билүү.

В.Удвал

/Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан, “Хууль судлал, хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн/