Б.ТУУЛ

Эцэг, эх болно гэдэг энэ хорвоо дээрх хамгийн сайхан зүйлсийн нэг. Ялангуяа амьдралаа дөнгөж эхэлсэн залуу хосуудын хувьд, аав ээж болно, анхны үрээ тэвэрнэ  гэдэг  үгээр хэлэхийн аргагүй сайхан.  Тиймээс ээж болохоор зэхэж буй  бүсгүйчүүдэд таатай мэдээлэл дуулгахаар энэхүү сурвалжлагаа бид “Хүрээ” амаржих газраас бэлтгэсэн юм. 

Нийслэлийн ууган амаржих газруудын нэг болох тус эмнэлгийг бид өмнө нь Улсын хоёрдугаар амаржих газар хэмээн нэрлэж ирсэн. Харин энэ оны эхээр нэрээ сольж, “Хүрээ” амаржих газар гэсэн нэртэй болсон. Тус амаржих газар нь СХД-ийн 32 хорооны  98000 гаруй эмэгтэйчүүдэд эх барихын  тусламж үйлчилгээг  үзүүлдэг. Жилд  6400 гаруй эхчүүд эсэн мэнд амарждаг, өдөр, шөнийн алинд ч ачаалалтай ажилладаг эмнэлгүүдийн нэг. Биднийг очиход төрөх тасаг нь хөл хөдөлгөөн ихтэй, төрөхийн өмнөх тасагт нь төрөхөөр ирсэн, өвдөлт өгч буй 10 гаруй ээж байв. Тасгийн эмч нараас нь зөвшөөрөл авч цааш орвол төрөх тасагт дөнгөж саяхан төрсөн, ангаахай бяцхан үрдээ ангир уургаа амлуулж буй 2-3 ээж байв. Өнөөдөр амаржих газруудын ажлын хариуцлагыг сайжруулах тухай дээр дооргүй ярьдаг, шүүмжилдэг болсон. Харин энэ үед  тус эмнэлгийн хамт олон эх, нярай хоёрт ээлтэй сайхан орчныг бүрдүүлжээ. Мөн олон сайхан найрсаг үйлчилгээг хэрэгжүүлэ эхлээд байна. “Хүрээ” амаржих газрын хамт олон саяхан  олон улсын  стандартад нийцсэн төрөх өрөөтэй болсон юм. Харин энэ удаа нярайн эндэгдлийг бууруулах, эхийн эрүүл мэндийг сайжруулах зорилготой “Анхны тэврэлт”-ийг үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Энэ нь ч эцэг, эхчүүдийн талархлыг хүлээгээд байгаа аж. Учир нь, өмнө нь төрөх эмнэлгүүдийн ихэнх нь дөнгөж төрсөн нярайг угаах, биеийн жинг нь үзэх зэргээр эмнэлгийн тогтсон ажлаа амжуулахаар ээж нарт нь хүүхдийг нь дөнгөж харуулчихаад шууд аваад явдаг байсан. Харин энэ удаа “Эрт нярайн яаралтай тусламж үйлчилгээ” буюу хүүхдийг төрөнгүүт нь эхийнх нь хэвлий дээр байлгах “Анхны тэврэлт”-ийг нэвтрүүлж, түүнийгээ 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр хэтийн төлөвлөгөөндөө тусгажээ. 

 11-2-1

АНХНЫ ТЭВРЭЛТ ХҮҮХДИЙН ДАРХЛААГ САЙЖРУУЛДАГ 

Хүүхдийг дөнгөж төрсөн даруйд нь эх баригч нар аваад явах нь ээж нарыг бухимдуулах, “Хүүхэд минь хэн нэгний хүүхэдтэй солигдчих вий” гэсэн айдаст автуулдаг, улмаар ээж, хүү хоёрыг амгалан тайван бус болгох, сэтгэлээр унах, өвдөх бас нэгэн шалтгаан болдог гэсэн олон улсын судалгаа ч гарсан байна. Тиймээс НҮБ болон ДЭМБ-аас Номхон Далайн Баруун бүсийн орнуудад нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн нэг “Анхны тэврэлт”-ийг  хэрэгжүүлэхийг бүсийн орнууддаа уриалжээ.

Манай улсын хувьд, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 54.2 хувийг нярайн, нярайн эндэгдлийн 81.4 хувийг нярайн эрт үеийн буюу төрсний дараах 0-6 хоногтой нас баралт эзэлдэг юм байна. Тиймээс  нийслэлийн төрөх эмнэлгүүд энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхээр идэвхийлэн ажиллаж байгаа ажээ. ““Эхийн анхны тэврэлт”нь  нярайн нас баралтын голлох шалтгааныг бууруулахад оршдог. Анхны тэврэлтийг хэдий чинээ удаан байлгаж хүүхдийг эхээс огт салгахгүйгээр амлуулах нь эх, хүүхдийн эрүүл мэндэд хамгаас чухал. Энэ арга нь хүүхдэд инкубаторт байгаа мэт дулаан илч өгдөг, мөн халдвар тусах эрсдэлийг бууруулахаас гадна  бие султай, бага жинтэй хүүхдийг биеийн дулаанаа алдахаас сэргийлдэг” гэдгийг эмч нар хэлж байв. Мөн хоёр дахь хүүхдээ төрүүлж буй К.Лена “Сая төрөөд охинтой боллоо. Хүүхдээ төрөнгүүт нь цээжиндээ тэврэх үнэхээр сайхан санагдаж байна. Охиноо 10 минутын дараа амлуулна. Ингээд шууд тэврэхээр хүүхэд их тайван болдог юм байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн бас нэгэн ээж “Энэ нь  хүүхдийг сайн унтаж амрахад тусалдаг, мөн ямар нэгэн өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг гэж сонссон. Эх нь хүүхдээ биедээ нааснаар өөрийн биеийн дулааныг хүүхдэдээ шилжүүлдэг болохоор инкубаторт байснаас ч илүү хурдан хугацаанд хүүхдийн дулааныг хадгалдаг гэж сонссон. Ийм үйлчилгээ нэвтрүүлж байгаад баяртай байна” гэсэн. Үнэхээр ч энэхүү арга нь хүүхдийг хэвийн дулаантай болоход дөрвөн цагийн дотор 90 хувь нөлөөлдөг бол инкубаторт хийсэн хүүхэд 60 хувийн  үр дүнтэй байдаг юм байна. “Анхны тэврэлт”-ийн талаар холбогдох албаны хүмүүсээс дараах мэдээллийг авсан юм.

 

АНХНЫ ТЭВРЭЛТ НЬ  ЭХ ХҮҮХДИЙН НАНДИН ХОЛБООГ САЙЖРУУЛДАГ

“Хүрээ” амаржих газрын Жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн эрхлэгч Л.Цэвэлмаа:

-Өмнө нь хүүхдийг төрөнгүүт хүйг нь хөндөөд жинлээд, угааж, өлгийдөөд 30 минутын дараа амлуулдаг байсан. Эрт нярайн яаралтай тусламж үйлчилгээ нь хүүхэд төрөнгүүт нь эхийн хэвлий дээр тавьж арьс, арьсаар нь шүргэлцүүлдэг. Төрсний дараа ээж хоёр цаг орон дээр байх ёстой. Тэр хугацаанд хүүхэд ээжтэйгээ хамт байна гэсэн үг. Төрсний дараа хүүхдийн шүлс ялгарч, хөхөө хөхөхөд бэлэн болоод ирэхээр амлуулдаг. Дөнгөж төрсөн хүүхдийг хэвлий дээр нь тавингуут л хөөрхөн сарвалзаад, 15-30 минутын дараа өөрийн эрхгүй шүлс нь ялгараад хөхөө хайгаад гараараа тэмтчээд ирдэг юм. Хөх уруу нь толгойг нь дөхүүлэнгүүт л хөхөө амлачихна. Ийм хөөрхөн амьтныг харсан ямар ч хүн тухайн хүүхдийг хайрлахгүй байхын аргагүй. Анхны тэврэлт нь  эх хүүхдийн нандин холбоог сайжруулдаг гэв.

 

ХАГАЛГААНЫ АРГААР ТӨРСӨН ЭЭЖҮҮД Ч БАС “АНХНЫ ТЭВРЭЛТ”-ИЙГ ЧУХАЛЧИЛНА

“Хүрээ” амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцэгээ: 

-Өнгөрсөн оны зургадугаар сард ДЭМБ-ын зөвлөхүүд манайд ирэхдээ “Хүрээ” амаржих газраас нэг нярайн эмч, нэг эх барих эмэгтэйчүүдийн эмчийг сургалтад хамруулсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ үйлчилгээг бид идэвхтэй нэвтрүүлж байна. Хамгийн гол нь энэ үйл ажиллагаа нь эмч, эмнэлгийн ажилтнуудыг сургахаас гадна “Хүүхдийн сан”-гаас сургалтын хөрөнгө оруулалт хийж, 2014  онд 4700 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт эмч мэргэжилтнүүдийнхээ 78 хувийг сургалтад хамруулсан.  Өнгөрсөн онд манай эмнэлэгт 6000 гаруй эх амаржсан. Одоогоор 3000 гаруй эх амаржаад байна. Энэхүү тусламж үйлчилгээнд цөөнгүй эхчүүд  хамрагдаад байна. Амаржсан эхчүүд маань бүгд энэ үйлчилгээнд ам сайтай байгаа. Эмч нар маань ч сэтгэл гарган ажиллаж, энэ үйлчилгээг хэрэгжүүлэхдээ баяртай байгаа. Бид саяхан ажлаа дүгнэж үзэхэд 2015 оны зургадугаар сард энэ ажил маань ахицтай, амжилттай сайн хэрэгжиж байна гэсэн үнэлгээ гарсан. Энэ “Анхны тэврэлт” эх,  нярайн яаралтай тусламж үйлчилгээг бид хэвийн төрсөн болон хагалгааны аргаар төрсөн бүх ээжүүдэд хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин