Э.ОРХОНСҮРЭН
Толгой өвдөөд гэдэг үгийг бид өдөр бүр хэн нэгний амнаас сонсдог. Харин ямар шалтгаанаар өвдөж байгааг тэр бүр мэддэггүй. Зөвхөн хоол хүнс, ажил, амьдралтайгаа холбон тайлбарладаг. Гэтэл энэ өвчин нь олон шалтгаантай аж. Бас төв мэдрэлийн гаралтай өвчлөл байх магадлалтай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ тухай “Ачтан” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Энхбаяртай ярилцлаа.
ХООЛОЙН АНГИНА ТАРХИНЫ СУДСЫГ ГЭМТЭЭДЭГ
-Сүүлийн үед хөгшин, залуугүй “Тархи, толгой өвдлөө” гэдэг болж. Зарим нь бүр “Юм мартаад байдаг боллоо, толгой дүүрээд, чих шуугиад” гэж ярьдаг. Тэгвэл мэргэжлийн эмч нар үүнийг мэдрэлийн гаралтай өвчин гэх юм. Харин хүмүүсийн олонхи нь үүнийг зөвхөн түр зуурын өвдөлт гэж ойлгодог. Энэ сэдвээр яриагаа эхлэх үү?
-Төв мэдрэлийн систем буюу толгойн өвдөлт олон шалтгаантай. Ялангуяа залуучуудын хувьд ажил, амралтын дэглэм алдагдсантай холбоотой байдаг. Үүний шалтгаан нь олон цагаар компьютерын ард суух, нойр дутуу байх зэргээс үүдэлтэй.
Залуу хүнд бие даасан эмгэг бага байдаг учраас өөрт тийм их зовиур илрээд байдаггүй. Гэтэл ийм байдалтай удаан явснаас болоод мэдрэлийн гаралтай эмгэгүүд үүсдэг. Мөн гэмтэл бэртэлтэй холбоотойгоор толгой өвдөх нь элбэг. Тэр дундаа эрэгтэй хүүхэд хөдөлгөөн ихтэй байдаг учраас ямар нэгэн байдлаар тархиндаа гэмтэл авах тохиолдол байна. Мөн архаг ангинаас болж толгой өвдөх үе байна. Манай орны эрс тэс уур амьсгалтай холбоотойгоор ангина элбэг тохиолддог. Энэ өвчин нь тархины судсыг гэмтээдэг. Ангиныг үүсгэдэг нян нь маш хүчтэй цус алдалтыг үүсгэдэг. Энэ нь тархины судас тэр дундаа холбогч эд ихтэй газрыг гэмтээдэг юм. Тухайлбал, судасны хана, зүрхний клап, үе мөчний холбогч эд, бөөр зэргийг гэмтээдэг. Тиймээс архаг ангинаас хамаарч тархины судасны үрэвсэлт өвчин залуучуудын дунд элбэг тохиолддог болсон. Үүнээс гадна төрөх үеийн гэмтэл, төрөлхийн цусны даралт зэрэг нь өвчин хэлбэрээр бий болдог гэсэн үндсэн гол шалтгаан бий. Мөн тухайн хүний эрхтэн системийн өвчлөл, удамшил зэргээс мэдрэлийн өвчлөл бас үүсдэг.
-Ачаалалтай ажилладаг, тэр хэрээр ажил, амралт хоёроо зохицуулж чаддаггүй олон хүн байдаг. Мөн өдөржингөө зурагт, компьютерийн ард суудаг хүмүүс бас цөөнгүй. Тэгэхээр мэдрэлийн ядаргааны тухай жаахан тодруулаач?
-Хүмүүс мэдрэл гэж юуг хэлдэг вэ гэдгийг мэддэг байх ёстой. Тархи болон нугас түүнээс салбарладаг судлуудыг хамруулаад мэдрэлийн систем гэдэг. Энэ нь толгойн хэсгийг мэдрэлжүүлж байдаг 12 хос салаа мэдрэл, нурууны 31, 32 баганаас үүдэлтэй бүх биеийг тойрсон мэдрэлийн судлууд бий. Эдгээр тор шиг хэрсэн мэдрэлийн судсуудыг мэдрэлийн систем гэнэ. Тэгэхээр хэт удаан ачаалалтай ажиллах, компьютер дээр удаан сууснаас болж толгой өвдөхийг мэдрэлийн гаралтай гэж үздэг. Тиймээс ямар нэг байдлаар удаан ажиллаад толгой чинь өвдөж байгаа бол мэдрэлийн систем хямарч байна гэж ойлгох хэрэгтэй.
ӨВӨЛ ТОЛГОЙ НҮЦГЭН ЯВАХ НЬ ТАРХИНЫ СУДАС АГШИХАД ХҮРГЭДЭГ
-Манайхан өвлийн хүйтэнд толгой нүцгэн явж болохгүй, тархи толгойд муу гэж ярьдаг. Гэсэн ч малгайгүй өвөлждөг хүн олон бий. Энэ нь алсдаа тархины судас нарийсахаас эхлээд мэдрэлийн эд эсийг гэмтээх шалтгаан болох уу?
-Тэгэлгүй яахав. Хүйтэнд толгой нүцгэн явж болохгүй. Манайд өвөл -40 хэм хүртэл хүйтэрдэг. Энэ нь хүний биед сөрөг нөлөө ихтэй. Тэр дундаа өвлийн улиралд даараагүй мэт боловч толгой нүцгэн явах нь судасны агшилтыг бий болгодог. Хүн даарахаар гар хөл, нүүр цайж эхэлдэг. Энэ нь судас агшиж, цусны гүйлт саатаж байгаагын илрэл. Байнга даарах нь судасны байнгын нарийсал үүсч, цусан хангамж болон хүчил төрөгчийн дутагдалтай болдог. Гэтэл халуун наранд удаан явахаар эсрэгээрээ тархины судас тэлж, бас л цусан хангамжийн дутагдалд ордог. Тэгэхээр зуны халуун өвлийн хүйтэнд аль болох хувцсаа тохируулж өмсөх хэрэгтэй.
-Зарим өвчлөл улирлын шинжтэй байдаг. Харшил, ханиад, халдварт шар гээд хавар, намар идэвждэг өвчинүүд бий. Мэдрэлийн гаралтай өвчлөлд халуун хүйтний ялгаа, улирлын онцлог нөлөөлдөг үү?
-Тархи мэдрэлийн системийн өвчлөлд улирлын нөлөө нэг их байдаггүй. Өвлийн улиралд толгой нүцгэн явах нь залуучуудад элбэг тохиолддог болохоос биш дунд болон ахимаг насныхан өртдөггүй. Гэхдээ өвөл толгой даарснаас, зун хэт халснаас толгой өвдөх нь бий.
Толгойн өвдөлт нь бусад олон өвчний шинж тэмдэг болж илэрдэг. Тухайлбал, ходоод болон уушгины өвчтэй хүний толгой нь өвдөж халуурдаг. Тиймээс нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулах хэрэгтэй. Үнэхээр биеэ даасан толгой өвдөлт үү эсвэл аль нэг эрхтэн системийн хамарсан өвчин толгой өвдөлтөөр илэрч байна уу гэдгийг ялгаж байж, тохирсон эмчилгээг хийдэг.
ТОЛГОЙ ЧИНЬ ӨВДДӨГ Л БОЛ ЭМЧИД ЗААВАЛ ҮЗҮҮЛЭЭРЭЙ
-Толгой өвдөхөөр эмчид үзүүлэхгүй өвчин намдаах эм, эсвэл даралтны эм уугаад явдаг хүмүүс байдаг. Энэ хэр зөв бэ?
-Энэ манайхны хамгийн буруу ойлголт. Нэг хоёр удаа толгой өвдөхөд цитрамон, аналгин ууж болно. Гэтэл байнга өвдөөд байхад энэ эмээ уугаад л байдаг. Хоёр, гурван жил цитрамон, аналгин ууж байгаа гэсэн хүн манайд ирдэг. Энэ хамгийн буруу. Хэрэв толгой чинь ямар нэг байдлаар олон хоног өвдөж л байгаа бол заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, ямар шалтгаанаас үүдэлтэй байгааг нь оношлох хэрэгтэй.
-Толгойн өвдөлт олон шалтгаантай гэж та түрүүнд хэлсэн. Заримдаа тархиар хатгуулах лугших зэргээр өвдөлт нь янз бүрээр илэрдэг. Ер нь яаж өвдөж байгаагаас нь шалтгаалж, өвчний шинж тэмдгийг нь тодорхойлж болдог уу?
-Олон өвчний шинж толгойн өвдөлтөөр илэрдэг. Тийм болохоор нарийн мэргэжлийн эмч юунаас үүдэлтэйг нь тогтоож өгнө. Жишээ нь, ангины гаралтай тархины судасны үрэвслийн үед тархи руу хатгаж, лугшиж судасны өвдөлт өгдөг. Үүгээр нь эмч нар энэ хүний тахины судсанд үрэвсэл бий болж байна гэж тодорхойлдог. Гэтэл тархины судасны үрэвсэлгүй мөртлөө тархины даралттай хүний толгой дүйнгэтэж өвддөг. Толгой хүндрээд юм мартаад байна гэж хүмүүс хэлдэг. Тиймээс ийм тохиодолд тархины даралттай гэж тодорхойлох жишээтэй. Хүмүүсийн хэлж байгаа зовиурыг сонсоод ямар чиглэлийн байна гэдгийг эмч нар ерөнхийд нь тогтоодог. Гэхдээ түүнийг лавшруулах үүднээс тархины бичлэг хийж компьютерт хардаг.
ТАРХИНЫ СУДАСНЫ БИЧЛЭГИЙГ ЯМАР НЭГ ЭМГЭГТЭЙ ҮЕД ХИЙДЭГ
-Тэгвэл мэдрэлийн гаралтай өвчнийг яаж эмчилдэг вэ. Гол эмчилгээ нь юу байдаг бол?
-Тархины өвчлөлийг маш сайн эмчлэх шаардлагатай. Манай эмнэлгийн хувьд мэдрэлийн болон мэдрэлийн мэс заслын тасагтай. Энэ тасгуудад ажиллаж байгаа эмч нар нэлээд чадварлаг. Мөн дүрс оношлогоо, тархины судасны бичлэг, аппарат болон түүнийг уншиж байгаа эмч нарын чадвар өндөр. Мэдрэлийн гаралтай өвчлөлд нэгдүгээрт онош сайн байх, хоёрдугаарт оноштойгоо уялдаатай эмчилгээ хийдэг. Гол эмчилгээ нь тархины даралтыг бууруулах юм. Тархины даралтыг бууруулахгүйгээр судас өргөсгөх, эд эсийг сэргээх, цусан хангамж сайжруулах зэрэг эмчилгээг хийсэн ч, үр дүн багатай байдаг. Тиймээс тархины дотоод даралтыг үүсгэж байгаа хүчин зүйлийг олж, эмчлэх хэрэгтэй. Үүний дараа цусан хангамж болон дотоод эд, эсийг сайжруулах эмчилгээг хийдэг.
-Ер нь тархины бичлэг хийлгэх, компьютерт харах хоёрын ялгаа нь юу байна вэ?
-Мэдрэлийн өвчнийг оношлож эмчилнэ гэдэг тухайн эмчээс мэдлэг чадвар болоод туршлага, мэдрэмж шаарддаг. Тухайлбал, олон жил ажилласан эмч заавал компьютерт харуул гэж хэлэх нь ховор. Тухайн хүнийг үзээд тархинд нь ямар нэгэн голомтод өөрчлөлт орсон байна. Эсвэл ямар нэгэн санаа зовох асуудал байхгүй гэж үздэг. Үүнд олон жилийн туршлага хэрэгтэй. Тэгэхээр ирсэн хүн бүрийг тархины бичлэг хийлгэ. Компьютерт харуул гэж хэлэх нь ховор. Харин тархинд хавдар, буглаа судасны эмгэг үүссэн байж магадгүй гэх үед л эдгээрийг хийдэг. Ер нь ийм өвчлөлтэй хүний шинж тэмдэг содон байдаг. Тархины судасны бичлэгийг судасны ямар нэг эмгэгтэй үед хийдэг. Зарим тохиолдолд компьютерт харуулсан хүнд энгийн рентген зураг авах шаардлага гардаг. Яагаад гэхээр компьютерт нарийн судасны зураг харагдахгүй. Хүмүүс толгой өвдлөө бичлэг хийлгэчихье, компьютерт харуулчихъя гэж ярьдаг. Энэ буруу. Эхлээд заавал нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
-Эцэст нь нэг зүйлийг тодруулж асууя. Сүүлийн үед манайд хавдрын өвчлөл эрс нэмэгдэж байна. Тархины хавдрын өвчлөл хэр байна. Энэ өвчний эдгэрэх магадлал хэр байдаг вэ?
-Тархи болон нуруу нугасны хавдар нэлээд бий. Хавдрын шалтгааныг яг түүнээс болсон гээд тодорхойлсон зүйл өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд байхгүй. Гэхдээ олон таамаглал бий. Жишээ нь, вирусын, гэмтлийн, удамшлын гаралтай гэх зэргээр тодорхойлдог. Хавдрыг манайхан эмчлэгддэггүй гэж ойлгодог. Гэтэл орчин үед эрт илрүүлсэн хавдар эдгэрдэг. Хэмжээ нь бага үед шарлага эмчилгээ хийж, эдгээдэг байх жишээтэй. Хөдөөгийн хүмүүс алслагдмал байдлаасаа болоод хавдраа томруулах, өвчнөө даамжруулах хандлага нэлээд байдаг. Хавдрыг томроогүй байхад нь, эрт илрүүлсэн тохиолдолд эмчлэх бүрэн боломжтой. Өндөр хөгжилтэй орнуудад хавдрын урьдчилан сэргийлэх шинжилгээг авдаг. Цусны шинжилгээнд бүх өвчтөнүүдийг хамруулж хавдартай үгүйг нь илрүүлдэг. Ийм тестийг авдаг болсон үед хавдраас урьдчилан сэргийлж болно. Харин тархи нуруу нугасны хавдрыг мэсийн аргаар авдаг. Маш олон төрлийн хавдар байдаг. Эдгээрийг зөвхөн эсээр нь ялгадаг. Хортой, хоргүй, дахидаг, дахидаггүй, төрөлхийн буюу үр хөврөлийн үед үүссэн гэх мэт. Түүнчлэн удмын, туяанаас үүдэлтэй хавдрууд байдаг.
Манайд ирж байгаа өвчтөнүүдээс харахад толгойн өвдөлтөөсөө болоод уналт өгч ирэх нь бий. Үүнийг нь шинжлээд үзэхээр хавдар байх жишээтэй.