Р.ОЮУН
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Нөхөн үржихүйн ахлах эмч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Г.Энхтуяатай умайн хүзүүний хавдрын талаар ярилцлаа.
-Эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хавдар ихэсч байгаа нь сэтгэл эмзэглүүлэх боллоо. Энэ юутай холбоотой вэ?
-Умайн өмөнгийн урьдал олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Нэгдүгээрт, анхны сарын тэмдэг хэт их эрт ирэх. Хоёрдугаарт, бэлгийн амьдралын онцлог, олон хавьтагчтай байх, халдварт өвчнөөр өвдөх, гэр бүлийн гадуурх бэлгийн харьцаанд байдаг хүмүүс ихэвчлэн бэлгийн замын халдварт өвчнөөр өвдсөнөөр умайн хүзүүний урьдлаар өвчлөх нь өндөр. Гуравдугаарт, нөхөн үржихүйн үйл ажиллагаатай холбоотой.
-Энэ өвчний үед ямар зовиур, шинж тэмдэг илэрдэг юм бэ?
-Умайн хүзүү битүү эрхтэн. Хэр баргийн өвдөлт зовиур өгдөггүй. Харин хавдар болсон тохиолдолд ууц, нуруугаар өвдөх, цагаан юм их гарах, эвгүй үнэртэй болох зэргээр илэрнэ. Яг урьдлын үедээ гайгүй. Сүүлийн үед манай эрүүл мэндийн бүх нэгдэлд умайн хүзүүний урьдал өвчнийг эрт илрүүлж байгаа. Үүнд товлолт нас заагаад нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүдийг хамруулсан. Тухайлбал, 30, 33, 36, 39, 42...гэсэн насанд умайн хүзүүний урьдал өвчний хавдрыг илрүүлэхийн тулд үнэ төлбөргүй үзэх компанит ажлыг өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн зохиож байна. Хамгийн гол нь нөхөн үржихүйн товлолт нас заасан тохиолдолд өрхийн эмч нар хүмүүсээ дуудаад урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан эсийн шинжилгээ авч байгаа. Эсийн шинжилгээ аваад хариу нь ямар нэг өөрчлөлттэй гарсан тохиолдолд дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдэлд ирээд эмэгтэйчүүдийн тусгай кабинетэд ирж эдийн шинжилгээ өгч хавдар байна уу, үгүй юү гэдгээ баталгаажуулна. Уг нь эмчилгээ авдаг өвчин. Манайхан ихэвчлэн хүндэрсэн хойно нь үзүүлдэг.
-Эсийн шинжилгээ өгөөд ямар хугацааны дараа хариу нь гардаг юм бэ?
-Улсын хэмжээнд хийж байгаа болохоор удна. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд 32 өрхийн эмнэлэг байна. Эсийн шинжилгээний хариу гарлаа гэхэд халдварт бус өвчнийг хариуцсан нэг хүн бий. Түүнд бүх хариу нь ирдэг. Хариу дотроосоо өөрчлөлттэйг нь авч өрхийн эмч нарт “Танай хорооны тэр хүний хариу өөрчлөлттэй гарсан байна” гэж мэдээлэхэд манай эмэгтэйчүүдийн кабинетэд ирнэ. Дахин нягталж үзэх онцлогтой. Эмэгтэйчүүдийн кабинетэд Германы сүүлийн үеийн аппаратаар эсийн онош зөв байна уу гэдгийг томруулж харна. Хоёр урвал тавиад өөрчлөлт өгсөн байвал тухайн хэсгээс эд авч Хавдар судлалын үндэсний төв рүү явуулдаг. Манайд таван мянга гаруй эмэгтэй урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаас 10 хавдар илэрсэн. Хавдар илэрсэн хүмүүс Хавдар судлалд очиж эмчилгээ хийлгэнэ. Харин умайн хүзүүний урьдал өвчний өөрчлөлтийг бид эмчилдэг. Хавдрын урьдлыг гурван шатаар авдаг. Анхан шатыг дүүргийнхээ хэмжээнд эмэгтэйчүүдийн эмч нь хариуцна. Хоёрдугаар шатанд хавдар судлалд очдог. Залуу охидууд ч гэсэн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, мазокын шинжилгээ өгөх хэрэгтэй. Ер нь эсийн шинжилгээ өгөхөд буруудахгүй.
-Умайн хүзүүний өмөн үүсэхэд ямар нэг суурь өвчин нөлөөлдөг үү?
-Өмөн үүсгэдэг суурь өвчин гэж байдаг. Улайлт, салст урвах юм. Энэ нь үр хөндүүлэх, олон төрсөн эхчүүдийн умайн хүзүүний цагираг булчин гэмтсэнээс үүсдэг. Умайн хүзүүний цагаарал, ур нь хавдар үүсэх гол хүчин зүйл болдог юм. Үрэвслийн зэрэглэл гэж бий. Хэддүгээр зэрэгтэй байна, мөөгөнцөр, үтрээний болон нянгийн гаралтай үрэвсэл байна уу гэдгийг мазокын шинжилгээгээр мэдэж болно. Мөөгөнцөр бас үрэвсүүлдэг. Энэ нь үтрээгээ үрэвсүүлж загатнах, хорсох зэргээр илэрнэ. Зарим тохиолдолд цагаан юм тараг шиг, ээдэмцэр маягийн ялгадас гарна. Тухайлбал, мөөгөнцрийн үед ийм эмчилгээ хийнэ гэдэг ч юм уу, трихомонад, заг хүйтний үед бэлгийн замын стандарт эмчилгээ хийдэг. Яагаад гэвэл өөр өөр үүсгэгчээр үүссэн байдаг. Умайн хүзүүний шархлаа ямар нэг үрэвслээс үүсдэг. Тэр үрэвслээ зөв оношлуулах ёстой. Үтрээний үрэвсэл мөн үү, ямар үүсгэгчээр үүсгэгдсэн бэ гэдгийг тогтооно.
-Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юү?
-Хамгийн гол нь олон хавьтагчгүй, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхгүй байх хэрэгтэй. 30-аас дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамрагдсан тохиолдолд энэ өвчнөөс сэргийлж чадна.
-Хүмүүс эм их ууснаас болж мөөгөнцөртчихлөө гэдэг. Энэ үнэн үү?
-Мөөгөнцөр үүсэх шалтгаан олон янз. Хүмүүс антибиотекийг хамаагүй дур мэдэн хэрэглэснээс мөөгөнцөр үүсч байна. Антибиотек нь хүний дархлалыг дарангуйлж байдаг. Мөөгөнцөр дархлаа суларснаас бий болдог. Мөн чихрийн өвчнөөр өвчилж байна. Гармоныг замбараагүй хэрэглэснээс ч үүсч болно. Хамгийн гол нь хувь хүн өөрийнхөө эрүүл мэндэд санаа зовж, энэ талын мэдлэгтэй болсноор эрүүл явах боломж бий. Манай нөхөн үржихүйн кабинет бэлгийн замын болон умайн хүзүүний өмөнгийн урьтал гэхгүйгээр жирэмснээс хамгаалах бүх зөвлөгөөг өгдөг.