Өмгөөлөгч Ц.Монгол өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд МИАТ-ийн дарга асан Ц.Орхоны талаар мэдээлэл хийлээ. Түүний бэлдсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хэвлэлийн мэдээ
2013-04-22
·Төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн өмчийн компаний эрх мэдэл бүхий этгээдүүд онц ноцтой гэмт хэрэг үйлдэж байсан олон тохиолдлыг хуулийн байгууллагаас илрүүлэн шалгаж байгаа, цаашид ч монголчуудын эрх ашгийг уландаа гишгэсэн, гэрээ хэлэлцээр нэрээр ард түмний өмчийг Оюутолгой, Таван толгой г.м харийнханд өгсөн эрх мэдэлтнүүдийг шалгаж эхэлж байгааг иргэний хувьд тууштай дэмжиж байгаа гэдгийг юуны өмнө тэмдэглэх нь зүйтэй болов уу!
· Харин аливаа Эрүүгийн хэргийг эхэлж шалгах явцад хэрэгт холбогдолгүй боловч зарим хүнийг сэжиглэн шалгах зайлшгүй шаардлага гардаг. Иймд Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан хүн бүр “гэмт хэрэгтэн биш” байх тохиолдол нэлээд байдаг. Эдгээр хүмүүст үүсгэсэн хэрэг шалгалтын явцад хэрэгсэхгүй болдог тул ийм асуудалд хэвлэл мэдээллийн ажилтнууд их анхааралтай хандаж эх сурвалжаа сайн нягталж байх учиртай.
·Анх Ц.Орхон гэх хүн надтай уулзаж эрх зүйн туслалцаа хүсэхдээ өөрөө уг хэрэгт оролцоогүй гэдгээ тодорхой тайлбарлаж хэлсэн ба өмгөөлөхөөр зөвшөөрсөн. Би монголчуудын нийтлэг эрх ашиг зөрчигдсөн болон хэргийн хохирогч, мөн гэмт хэрэг үйлдээгүй ч сэжиглэгдэн шалгагдаж байгаа, эрхээ хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн зэрэг иргэдийг голчлон түлхүү өмгөөлдөгийг Та бүхэн мэдэх байх аа.
· “МИАТ” ТӨХК-ий захирлаар ажиллаж байсан Ц.Орхоныг “МИАТ”-ын дайны эрсдлийн даатгалын мөнгийг ашигласан, мөнгө угаасан гэх хэргийн “зохион байгуулагч, гол гэмт хэрэгтэн” гэх мэтээр төрийн зарим өндөр албан тушаалтан мэдээлж, түүнийг нь зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл “үнэн” гэж ташаа ойлгон “Шүүхийн Шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй”, “хүний халдашгүй байх эрхийг хангаж хэнд боловч...хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчиж, Ц.Орхоны нэр төрд нь халдаж, улмаар 3 сарын дотор олон нийтэд “Ц.Орхон бол гэмт хэрэгтэн, төрийн, ард түмний татварын мөнгийг завшигч” гэх буруу ойлголтыг өгсөөр байгаад харамсаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр Ц.Орхоны талаар үндэслэлгүй мэдээ мэдээлэл их гарсан, одоо ч гарсаар байна. Гэхдээ уг мэдээллийг тодорхой эх сурвалжаас өгч байгаа нь тодорхой тул зөвхөн хэвлэлийнхнийг бүхэлд нь би шууд буруутгахгүй байна.
·Энэхүү үндэслэлгүй ноцтой мэдээллийн уршгаар Ц.Орхоны ах Д-нь 2013.01.24-ний орой мэдээ үзэж байгаад цочирдон цус харваж нас барсан эмгэнэлтэй явдал болсон. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? 2013.01.24-ний орой телевизийн сувгуудаар хууль зүйн сайдын ярьсан зүйлээс болон ярилцлагаас нь иш татсан Төрийн Сайдад ихэнх хүн итгэж, ярьсан зүйлийг нь илүү үнэн гэж хүлээн авдаг онцлогтой тул хүнд тусдаг болон бусад олон мэдээ цацагдсан нь энэ хүний амь насанд халгаатай болсон гэж үзэхээр байна. Зүй ёсоор бол ийм мэдээллийг Хуулийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтнууд л тоймлон товч хийж, “шалгагдаж байна” гэж мэдээлэх үүрэгтэй байдаг.
·Анх Ц.Орхоныг цагдан хориход бид мөрдөн байцаалтын ажиллагааг хүндэтгээд, хэргийн үнэн бодит байдлыг тогтооход саад учруулахаас зайлсхийн, ямар нэг мэдээлэл хийхгүйгээр хүлээсэн. Ерөнхийдөө Мөрдөн байцаах газар уг хэргийг 3 сар шалгасны эцэст хэргийн байдал тодорхой болж, хэн нь гэмт хэрэгт холбогдолтой хэн нь гэм буруугүйг тогтоох шатандаа явж байна.
Иймд өмгөөлөгчийн хувьд Ц. Орхон, түүний ах дүү, найз нөхөд, ар гэрийнхний хүсэлт, өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан, мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүйгээр, дараах бодит мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзсэн юм.
1. Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаагийн хувьд 2002 онд нээлгээд огт ашиглаагүй байсан данс дансны асуудлыг шалгасан.
. Мөрдөн байцаалтын явцад Ц.Орхон, Ү.Цэцэгмаа нар нь мэдүүлгээ маш тодорхой өгсөн бөгөөд мэдүүлгээсээ буцсан зүйл байхгүй, өөрчлөгдөөгүй. Гэтэл хэвлэлд “МИАТ-ын хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүд хоорондоо утсаар ярьсан, улмаар тэд мэдүүлгээсээ буцсан” гэж шалгагдаж байгаа бүх хүмүүст хамааруулан эрх бүхий байгууллагаас мэдээлсэн нь алдаатай, санаатай гэж хэлэхээр худал мэдээ байсан. Уг мэдээг Сайдад бэлтгэж өгсөн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ буй заа. Үнэндээ Ц.Орхон, Ү.Цэцэгмаа нар мэдүүлгээсээ буцаагүй, утсаар яриагүй, ярих ч шаардлага байхгүй, хорих байгууллагын дүрэм журмыг зөрчөөгүй тул дээрх мэдээ нь гүтгэлэг байсан тул няцааж байна. Үүнийг ШШГГазар нотолж байгаа. Одоогийн байдлаар Ү.Цэцэгмаа батлан даалтанд гарсан ба Ц.Орхон нь цагдан хорих 461-р ангид цагдан хоригдож байгаа. Ц.Орхоны биеийн байдал зүгээр, хорихын ажилтнуудын зан харьцаа сайн, тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтанд гарах хүсэлт тавьж байгаагүй, харин хэргийг үнэн зөв шуурхай шалгаж тогтоож, батлан даалтанд гаргахыг хүсэж байгаа. Гэтэл “өвчний улмаас” гэсэн олон нийтийн дургүйцлийг төрүүлмээр, бас л буруу ташаа, худал мэдээлэл гарсаар байна.
2. Ц.Орхон МИАТ-д хэрхэн ажиллаж байсан талаар цөөн зүйл хэлэх ёстой:
Ц.Орхоныг 2010.05.27-нд анх ажил авахад нислэг зогссон, ажил хаялт болсон, онгоц гэмтсэн жуулчдыг тээвэрлэх онгоцгүй байсан. Тэрээр энэ бүх асуудлыг шийдвэрлэж, МИАТ-д түрээсийн 2 том онгоц зах зээлийн үнэлгээнээс 5-6 сая ам.доллараар хямдаар олж гэрээ байгуулсан. Ажил авахад байсан 6-8 сая ам.долларын богино хугацааны зээлийг төлж барагдуулсан. Орлогыг жил бүр 20 орчим тэрбум төгрөгөөр өсгөсөн. Урьд нь 160 суудалтай онгоцыг 347.000 ам.доллараар түрээслэж байсан бол тус бүр 260 суудал бүхий 2 онгоцыг 297.000 ам.доллараар маш багаар түрээслэх гэрээ байгуулсан. Хятадаас 5 ширхэг орон нутгийн нийслэгийн онгоц авах гэсэн ашиггүй наймааны эсрэг байж чадсан. Тэрээр аль ч нам бус, МИАТ-ыг улс төрөөс ангид байлгахыг хүссэн. 2012 оны 3-р улиралд МИАТ-ХК-г ашигтай хүлээлгэн өгсөн. Нисэхийн сургууль төгссөн, 20 жил ажиллаж, амьдралынхаа бүхнийг хуваалцсан хамт олон, компанийхаа эрх ашгаас урвах хүн биш юм.
3. Та бүхэн мэдэж байгаа “МИАТ” ХК урьд нь байнга хуучин онгоц ашигласаар ирсэн ба техникийн гэмтэл дутагдал байнга гардаг. Үүнийг шийдэх гол алхмыг Ц.Орхон хийсэн. “МИАТ” ХК-ий удирдлага шинэ онгоц авах гэрээ хэлэлцээр дээр жил орчим хугацаагаар ажиллаж 160 орчим сая ам.долларын үнэтэй цоо шинэ онгоцыг 100 сая ам.доллараар үйлдвэрлүүлэн авахаар тохирсон. Үүнийг Монгол улсын ерөнхийлөгч АНУ-д айлчлах үед гарын үсэг зурж баталгаажуулсан. Одоо энэ онгоц 6 сард монголд ирнэ.
4. Дайны эрсдэлийн даатгалын төлбөрийн тухайд Ц.Орхон “МИАТ” ХК-ий захирлаар томилогдсоны дараа Дайны эрсдлийн даатгалын болон “МИАТ” ХК-ий урьд нь мөрдөж байсан бүх гэрээ хэлэлцээрүүдийг ажлын хэсэг томилон шалгуулсан. Уг гэрээг гэрээнд заасан нөхцлийнх нь дагуу 3 сарын өмнө мэдэгдэл өгч хариу ирэхгүй болохоор нь шууд цуцалж, “МИАТ” ХК-д 4 тэрбум гаруй төгрөгийг үлдээж, далд гэмт хэргийг таслан зогсоож, гэрээг сунгах гэсэн саналыг хүлээн аваагүй. Тэрээр “МИАТ” ХК-д урьд нь мөрдөгдөж байсан Дайны эрсдлийн даатгалын гэрээ, уг гэрээг аудит, ТӨХ-оос олон жил дараалан зөв гэж үзэж ирсэн, хуулийн зөвлөх нь хянасан, төлбөрийн даалгаврыг хариуцсан нягтлан бодогч байгаа баримтыг шалгасны үндсэн дээр бичиж, ерөнхий ня-богоор хянуулж, санхүүгийн хэлтсийн дарга хянаад, зөвшөөрөөд оруулж ирэхэд гарын үсэг зурсан ба үнийн дүн их байгааг анхаарч холбогдох хүмүүст үүрэг өгсөн, улмаар гэрээг цуцлах талаар шат дараалсан арга хэмжээ авч, гэрээнд заасан нөхцлийг баримтлан гэрээг цуцалсан тул гэрээ хүчинтэй байх үед шилжүүлэг хийсэн түүний үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй. Олон улсын хууль, Монгол улсын Иргэний хуульд зааснаар гэрээг ингэж л цуцлах журамтай. Энэ үйлдэл маш тодорхой байгаа, үүнийг Санаатай гэмт үйлдэл гэж үзэх үндэслэлгүй тул Ц.Орхонд холбогдох хэргийг хараат бус хуулийн байгууллага маань хэрэгсэхгүй болгон, буруу мэдээлэл авч мэдээлэл хийсэн Удирдах албан тушаалтнууд үнэн байдлыг зөвөөр ойлгож байр сууриа өөрчилнө гэж итгэж байна.
5. Эцэст нь тэмдэглэхэд: Ер нь олон нийтэд хүргэж байгаа мэдээлэл тэнцвэртэй, үнэн зөв байх учиртай. Ардчилсан монгол оронд төр, иргэн, аливаа хуулийн этгээд бүгд тэгш эрхтэй. Иймд төрийн төлөөлөгч илүү давуу эрх эдлэх, төрийн арга механизмыг ашиглан гэмт хэрэгт сэжиглэгдсэн боловч, гэм буруу нь тогтоогдоогүй иргэнийг “гэмт хэрэгтэн” гэж зарлах эрхгүй. Ер нь эрүүгийн хэргийг шалгаж байгаа асуудал бол тусдаа Эрүүгийн байцаан шийтггэх хуулиар нарийн зохицуулагдсан асуудал юм. Эрүүгийн хэргийг цагдаагийн байгууллага зохих ёсоор шалгаж байх үед хэн нь гэмт хэрэгт холбоотойг дарга нар байтугай шалгаж байгаа нь ч хүртэл урьдчилан мэдэх боломжгүй байдаг. Харин хэрэгт ач холбогдол бүхий байж болох зарим мэдээ мэдээллийг гадны хэн нэгэн этгээд буруу тайлбартайгаар хэвлэлд нийтлүүлэн, ингэхдээ Ц.Орхоны зургийг голдуу тавьж, түүнийг “гол гэмт хэрэгтэн” мэтээр бичиж байгаа нь мөрдөн байцаалтанд нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэхээр байгаа тул хэн ямар зорилгоор ийм санаатай худал мэдээлэл тарааж байгааг шалгаж тогтоож өгөх талаар Прокурорын байгууллагад хүсэлт гаргасан байгаа.
6. Та нөхдөд мэдээлэл хийхдээ энэ хэргийн тухайд би бүхэлд нь ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөх гээгүй, гагцхүү миний үйлчлүүлэгч Ц.Орхоны тухай бодит байдлыг мэдээлж байна. Та бүхэн ч учрыг нь олж хужрыг нь тунгааж асуудалд хүнлэг, зарчмын байр сууринаас хандаж өгнө үү. Ийм ч зорилгоор 4 дэх хүчтэй засаглал болох Хэвлэл мэдээллийнхэнд хандаж байна.
Нэгэнт хүнийг гэм буруу нь тогтоогдоогүй байхад “гэмт хэрэгтэн” гэж бичээд байгаа тул өмгөөлөгч би Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэн Ц. Орхоны эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж Ц.Орхон “гэмт хэрэгтэн биш” гэж няцааж мэдээлэл хийх, түүний зөрчигдсөн эрхийг хамгаалах эрхтэй, тийм ч үүрэгтэй. Анхаарал тавьсанд Баярлалаа.
Хүндэтгэсэн: “МИАТ” ТӨХК-ний захирал асан, иргэн
Ц. Орхоны Өмгөөлөгч Ц. Монгол
Утас 99116035