Г.ЖАРГАЛМАА

 

Жирэмслэлтийн олон янзын эмгэг байдгийн нэг нь умайн гаднах жирэмс­лэлт. Манайхан үүнийг савны гадуурх жиэмслэлт ч гэж ярьдаг. Үр тогтсон өндгөн эс умайн хөндийд орж аль нэгэн хананд нь бэхлэг­дэж үр хөврөл болон бүрэлдэж өсөх ёстой байдаг. Гэтэл үр хөврөл үр дамжуулах хоолойгоор умайн хөндийд орохгүй­гээр үрийн хоолойд юм уу эсвэл эхийн хэвлийн хөндийн эрхтнүүд дээр бэхлэгдэж байрладаг гэнэ. Энэ эмгэг сүүлийн жилүүдэд өсч, жирэмсний хяналтад орсон эмэгтэй­чүү­дийн 1-2 хувьд тохиолдох боллоо. Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн их эмч М.Эрдэнэтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.


-Умайн гаднах жирэмс­лэлт гэж юу вэ. Юунаас болж үүсдэг юм бэ?

-Үр хөврөлийн өндөг умайн хөндийд биш харин түүний гадна хэсэгт байр­лан ихэсжиж, хөгжихийг умайн гаднах жирэмсэн гэдэг. Өндгөн эс ихэвчлэн үр дамжуулах хоолойд байрласан байдаг ч үүнээс өөр умайн гаднах ямар ч хэсэгт томорсон байж бол­дог. Энэ нь эх эндэх гол шалтгаан болдог учир бүс­гүй­чүүд бие давхар болсноо мэдмэгц ЭХО-д харуулах хэрэгтэй. Жи­рэм­сэн эмэгтэйн нэг хувьд нь умайн гаднах жирэм­сэн тохиолддог ч  сүүлийн үед маш их тохиолдож байгаа. Ялангуяа 25-30 насны эмэгтэйчүүдэд их тохиолддог. Умайн гаднах жирэмсэн нь умайн гуур­сан хоолойн жирэмсэн, хэвлийн өндгөвчний жи­рэм­сэн гэх мэт хаана байр­ласнаасаа шалтгаалаад олон янз байдаг. Тэр дун­даа умайн гуурсан хоо­лойн жирэмсэн нь хам­гийн их тохиолддог бөгөөд 98-99 хувьд нь тохиолддог. Сүүлийн үед ихэсээд байгаа үндсэн шалтгаан нь бага аарцгийн хөндийн болон үрэвсэлт өвчнүүдтэй холбоотой. Ялан­гуяа бага аарцгийн идээт болон бусад үрэвсэл бэлгийн замаар халдвар­ласан бусад өвчнүүд бас олон абортод орсонтой холбоотой байгаа нь сүү­лийн үед их ажиглагдаж байна.

-Умайн гаднах жирэмс­лэлтийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Жи­рэмний үеийн шинж тэмдэг илэрдэг үү?

-Сарын тэмдэг ирэх­гүй байх, тестээр үзэхэд эерэг хариу гарах, дотор муухайрах, огиулах, хөх хөндүүрлэх зэрэг хэвийн жирэмслэлтийн үеийнх шиг шинж тэмдгүүд илэр­дэг ч эдгээрийн зэрэгцээ хэвлийн доод хэсэг болон гэдсээр хүчтэй хатгуулж өвдөж байвал умайн гад­нах жирэмсэн байх магад­лал өндөр байдаг. За­римдаа мөр болон хүзүү­гээр өвдөж, толгой эргэн ухаан алддаг. Мөн үтрээ­нээс доош сарын тэмдгээс хавьгүй их, эсвэл бага хэмжээний цус гарна.

-Энэ төрлийн жирэмс­лэлт 30 хүртэлх насны эмэгтэйчүү­дэд их тохиолд­дог гэлээ. Ямар эмэгтэй­чүүд өртөх магадлал их байдаг вэ?

-Түрүүнд миний хэл­сэнчлэн 25-30 насны эмэг­тэйчүүд, өмнө нь умайн гадна жирэмсэлж байсан, аарцаг болон хэвлийн хөн­дийн мэс засалд орж бай­сан. Мөн хэд хэдэн удаа үр хөндүүлж  байсан бол өртөх магад­лалтай. Түүнч­лэн спираль тавиулсны дараа жирэм­сэн болвол умайн гаднах жирэмсэн байх тохиолдол маш их байдаг.

-Яаж оношлож, эмчлэх вэ. Энэ тал дээр эмэгтэй­чүү­дийн мэдлэг хомс бай­даг учраас яах учраа мэ­дэхгүй сандардаг?

-Онош нь хэр бат­лагд­сан, хөврөлийн хэмжээ хир зэрэг том байгаа, ямар багаж хэрэглэх боломжтой байгаа зэргээс эмчил­гээний арга хамаарагддаг. Хэрэв онош батлагдсан, хөврөлийн хэмжээ жи­жиг, цус алдалт үүсээгүй нөхцөлд Метотрексат гэдэг эм хэрэглэдэг. Энэ эмийн бодисийг булчинд тарьдаг бөгөөд цусны урс­галд шимэгдэн орж ихэсийн эсийн өсөлтийг зог­соосноор жирэмс­лэл­тийг тасладаг. Хэсэг хуга­цааны дараа хөврөл шимэгдэн алга болдог. Эмийн бодисын үйл­чилтэй холбоотойгоор сө­рөг үр дагавар хэсэг хугацаанд гарч ирж магад. Үүнийг хэрэглэж байгаа үед түүний үйлчлэлд саад болох согтууруулах ундаа болон бэлгийн харьцаа­наас зайлсхийх ёстой. Энэ эмчилгээг хийлгэсний дараа цусанд гонадот­ропины хэмжээг дахин үзэж жирэмслэлт зогссон эсэхийг тодруулдаг. Хэр­вээ үр дамжуулах хоолой урагдаж, цус алдаж эхэлсэн бол яаралтай мэс ажилбар хийхээс өөр арга байхгүй. Ингэснээр үр дамжуулах хоолойг гэм­тээл­гүйгээр жирэмслэл­тийг зогсоож болно. Харин зарим аюултай тохиолдолд үр дамжуулах хоолойг тэр чигт нь авахаас өөр ар­гагүй тохиолдол ч гардаг. Хэрэв цус алдалт яваг­даагүй бол заавал тэгэх шаардлагагүй. Үр дам­жуу­лах хоолой урагдаагүй тохиолдолд эмчийн хянал­тад орж ажиглалт хийнэ. Заримдаа үр хөврөл томорч өөрөө амьгүйдэн зулбан гарах тохиолдол ч бий. Ингэсэн үед эхэд дараа нь учирч болох наалдангийн аюулаас хамгаалах хэ­рэгтэй. Харин эхийг хянал­тад авахдаа өвчт­нийг сайтар мэдээллээр ханган, ямар нэгэн цус алдалтын шинж тэмдэг илэрвэл хугацаа алдалгүй эмчид хандах хэрэгтэйг сануулах ёстой. Цөөн тохиолдолд үр хөврөл нь үр дамжуулах хоолойноос өөр газар томордог. Үр дамжуулах хоолойноос хэсэг хугацааны дараа өөрөө зулбах мэтээр гарч гэдэсний хөндийд тогтон тэндээ томорч эхэлдэг. Заримдаа өндгөвчин до­тор, савны амсарт жирэмс­лэлт явагдах нь ч бий.

-Савны гадуурх жи­рэм­с­лэлтээс хэрхэн сэргийлэх вэ?

-Үүнээс сэргийлэх хам­­гийн энгийн арга бол эмэгтэйчүүд өөрсдөө сарын тэмдэг ирэх хуга­цаандаа ирээгүй тохиол­долд цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Ингэс­нээр умайн гаднах жи­рэмс­лэлтээс бүрэн дүүрэн хамгаалж чадахгүй ч эхэд болон үр дамжуулах хоо­лойг гэмтээлгүйгээр эмч­лэх бүрэн боломжтой байдаг учир эмэгтэйчүүд маань өөрөө өөрсдөдөө хяналт тавьж хамгаа­лалтгүй бэлгийн харил­цаанд орохгүй байж, олон дахин үр хөндөлт хийл­гэхгүй байх хэрэгтэй. Үр дам­жуу­лах хоолойд тогт­сон өнд­гөн эс томорч, баг­­тахгүй болоод ирэ­хээрээ хагарах юм уу эсвэл хоо­лойг урж цус алддаг. Энэ то­хиолдолд эмэг­тэйчүү­дийн анхааралгүй, хайх­рамжгүй байдлаас болж дотуур цус алдалтын ул­маас эхийн амь нас эндэх аюултай байдаг учраас цаг алдалгүй эмчид хандан эмчилгээ хийлгэж, хэт авиан дурангаар үр хөврөл умайд орсон эсэхийг шал­гуулах нь хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга юм.

- Үүний дараа дахин хэвийн жирэмслэх бо­ломжтой юу?

-Умайн гаднах жирэмс­лэлттэй болж бай­сан бол hCG дааврынхаа хэмжээг 0 болтол нь байнга буюу дор хаяж гур­ван сард нэг удаа үзүүлж байх хэрэгтэй. Энэ даав­рын хэмжээ өндөр байх нь хэвийн бус хөгжилтэй хөврөлийг бүрэн аваагүй байгааг харуулдаг юм. Умайн гаднах жирэмс­лэлтийн дараа дахин хэ­вий­нээр жирэмслэх ма­гад­лал 60 хувьтай байдаг учир эмэгтэйчүүд маань биеэ гамнаж, эрүүл мэнд­дээ анхаарал хандуулах хэрэгтэй. Түүнчлэн эмэг­тэйчүүдийн эмчид тогтмол үзүүлж байгаарай.