Б.ЭНХЗАЯА
ТАВАН ИХ ЭМЧ, 12 СУВИЛАГЧТАЙ ГЭМТЛИЙН ТАСГИЙНХАН
Нийслэлийн дараа орох томоохон хотын нэг бол Дархан. 100 гаруй мянган хүн амтай тус аймаг бүтээн байгуулалт, томоохон үйлдвэрийн тоогоор бусад аймгаас ялгарна. Түүнчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээг шинээр санаачлан нэвтрүүлдгээрээ ч онцлог. Дархан-Уул аймагт 1979 онд хөдөө орон нутаг дахь анхны гэмтлийн бие даасан тасаг байгуулагджээ. Тэр үед ЗХУ-ын нэг мэргэжилтэн, Дархан-Уул аймгийн н.Батмөнх гэсэн хоёр эмчтэйгээр нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгаас өрх тусгаарлаж байсан бол өдгөө 32 ортой, нарийн мэргэжлийн таван их эмчтэй, 12 сувилагчтайгаар ажиллаж байна.
Өргөжих болсон нь хүн амын нягтаршил, хөгжлөөс шалтгаалсан гэнэ. Түүнчлэн дамжин өнгөрөх төмөр зам болон автозамын дунд байрлах учир ачаалал их байдгийг эмч мэргэжилтнүүд нь онцолж байв. Тэд орон нутагт анх удаа шинэ төрлийн хагалгааг амжилттай хийжээ. Тухайлбал, хавирганы хугарлын үед цээжний хэлбэр алдагдсан гэмтлийг ялтсаар бэхлэх хагалгааг хийжээ. Одоогоор хэд хэдэн хүнд хагалгааг амжилттай хийсэн байна. Орон нутгийн гэмтлийн тасаг учраас ойролцоох аймгуудын өвчтөнүүд тус тасгийг зорих болсон гэнэ. Энэ талаар эмч Б.Батхишигтэй ярилцлаа.
Б.Батхишиг:
ЗЭРГЭЛДЭЭХ АЙМГУУДЫН ӨВЧТӨНИЙГ ХҮЛЭЭЖ АВДАГ
-Танай тасгийнхан орон нутагт хэд хэдэн шинэ хагалгааг амжилттай хийжээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бид сүүлийн таван жилд шинээр 4-5 шинэ хагалгаа хийжээ. Тухайлбал, нэг болон хоёр талын олон хавирганы хугарлын үед цээжний хэлбэрийн алдагдлыг гаднын ялтас тавьж бэхлэх хагалгааг хийсэн. Мөн элэгний баруун доод буюу II-III сонгинотод хамарсан урагдлын үед оёх боломжгүй байдаг. Ийм гэмтлийг өлгийдөн боох аргаар эмчилсэн нь үр дүнтэй болсон. Элэгний гэмтэл гэнэтийн ослын үед ихэвчлэн тохиолддог. Одоогийн байдлаар дөрвөн өвчтөнд энэ аргаар хагалгаа хийсэн нь үр дүнтэй болсон. Олон улсын гэмтэл согогийн “ЭАО”-ийн ангилал гэж бий. Түүний дагуу хүчтэй хугарлын үед гаднын ялтас тавьж бэхлэх хагалгаа ч хийлээ. Орон нутагт анх удаа гавлын ясны янз бүрийн гэмтлийн үед ялтас тавьж нөхөх боломжтой болсон. Ясны дутагдлыг ялтас тавьж нөхөх болон шинээр үүссэн гүн шарх болон гуяны шархыг бугалганы хэсгийн сул үндсэн арьснаас нөхөж байгаа.
-Орон нутгаас танай аймагт л гэмтлийн тасаг дангаараа ажилладаг юм байна. Зэргэлдээх аймгуудаас өвчтөн хүлээж авдаг уу?
-21 аймгаас ганцхан манай аймагт гэмтлийн тасаг дангаараа ажиллаж байна. Манай мэс заслын тасаг 36 ортой, гэмтлийн тасаг 32 ортой. Мэс заслын 10 орчим эмч, гэмтлийн таван эмчтэй. Харин бусад аймагт ийм тасаг, эмч нар нь холилдчихсон байдаг. Манайх орон нутагт анх удаа мэдрэлийн мэс заслын эмчийг гэмтлийн эмч нарын дундаас бэлдэж гаргаж байна. Ганц манай аймаг ч бус Хөвсгөл, Орхон, Булганы иргэд хандах болсон. Тэд хот явж эмчлүүлэх боломжгүй, цаг хугацаа хөрөнгө мөнгө их шаарддаг. Орон нутаг дахь анхны бие даасан тасаг гэдгээрээ манайд хандах нь нэмэгдсэн. Ойрхон бас хотын төвшинд нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг болохоор тэр биз. Манай тасгаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн 30 орчим хувь нь бусад аймгийнх байдаг.
-Дархан нийслэлээс ялгарахааргүй хөл хөдөлгөөн ихтэй газар. Гэнэтийн ослоос гадна өвлийн улиралд хальтиргаа, гулгаа их үүсдэг байх. Ачаалал ихтэй байдаг уу?
-Манай аймаг 110 гаруй мянган хүн амтай, замын хөдөлгөөн ч их. Дамжин өнгөрөх төв учир хүмүүс их зорчдог. Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах өдөрт 60-70 хүн үзэхэд тэдний 60 орчим нь манай тасгаас нарийн мэргэжлийн тусламж авсан байдаг. Ахуйн санамсаргүй гэмтэл, автын осол гарах тохиолдол цөөнгүй. Нарийн мэргэжлийн эмч нар долоо хоногт хоёр удаа ээлжинд хононо, дуудлагад явна. Мөн сумдаас ч алсын дуудлага ирнэ.
-Орон нутагт шинэ хэлбэрийн хагалгаа хийдэг гэхээр төсөв санхүүгийн хувьд хүрэлцэж байна уу?
-Нэг эмчид ногдох хүн амын тоо олон байдаг. 100 гаруй мянган хүнд тавхан хүн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Ачаалал ихтэйгээс гадна хүрч үйлчлэх боломж бага. Харин тоног төхөөрөмж, төсөв санхүүгийн холбогдолтой зүйл гайгүй. Мэдээж мэс засалд шаардлагатай багаж тоног төхөөрөмж дутагдалтай нь үнэн. Хагалгаанд шаардагдах дурангийн аппарат одоохондоо байхгүй. Багаж тоног төхөөрөмжийн сонголт ч байхгүй. Тиймээс байгаа төвшиндөө л үйлчилж байна. Бид саяхнаас томографын аппараттай болсон. 30 гаруй жилийн түүхэнд нэг ч компьютер байсангүй. Тоног төхөөрөмжтэй болох тусам ядаж аймгийнхаа иргэдэд чирэгдэл бага учруулна. Тухайлбал, нэг үйлчлүүлэгчийг хот руу явж тийм шинжилгээ өгөөд ир, ийм зураг авхуулаад ир гэхгүй шүү дээ. Чирэгдэлгүй болчихоор үр дүн хурдан гарна.
-Нийслэл рүү өвчтөн илгээдэг үү?
-Манай аймгийн гэмтэл согогийн тасаг таван гэмтлийн нарийн мэргэжлийн эмчтэй. Бидний дунд зөвлөх эмч бий. Зөвлөх эмч маань клиникийн профессор цолтой гэмтэл согогийн чиглэлээр 40 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай. Мөн тэргүүлэх зэрэгтэй хоёр эмчтэй. Тиймээс судалгаанаас үзэхэд гэмтэл согогийн нарийн мэргэжлийн тусламжийг хот руу цөөн тохиолдолд явуулсан байдаг. Гэмтэл согогийн үндэсний төвийнхөн ч гэсэн судалгаа гаргасан байдаг юм. Тэд танайх өөрөө зөвлөх эмчтэй учир шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Бүх мэс заслын хагалгааг хийх боломжтой гэсэн дүгнэлт хийсэн байна лээ.
-Эмч нарыг ур чадварыг сайжруулахад хэр анхаарч байна?
-Бид Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтарч ажилладаг. Тэнд эмч нараа сургадаг. Өнгөрсөн жил нэг эмчээ түлэнхийн чиглэлээр сургаж байсан бол гар сарвууны чиглэлээр ч сургаж байна. Мөн бид Солонгосын эмнэлэгтэй харилцаатай байдаг. Түүний дагуу нэг эмчээ Солонгост гэмтэл, нөхөн сэргээх тусламж үйлчилгээний чиглэлээр зургаан сарын хугацаатай сургалтад явуулсан. Мөн Буриад улсын эмнэлэгтэй холбоо тогтоогоод байна.
-Цаашид шинээр нэвтрүүлэх үйлчилгээ, хагалгааны талаар сонирхоё?
-Нарийн мэргэжлийн эмч нараа чиглэл чиглэлийнх нь дагуу сургалтад хамруулахаар төлөвлөж байна. Нөхөн сэргээх, түлэнхий зэрэг гэмтлийн нарийн мэргэжлийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг бий болгох талаар ажиллаж байна.