Р.ОЮУН

Хүйтний ам цаашилж, урин дулаан цаг ирсэн ч ханиад томуу, халдварт шар өвчнөөр бага насны хүүхдүүд өвдөх нь ихэссэн. Тэр байтугай дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, ор нь хүрэлцэхгүй хонгилд хэвтэж байгаа талаар их ярих болсон. Тиймээс бид Хан-Уул дүүргийн Нэгд­сэн эмнэлгийг зорьж очиход хүлээн авахын үүдэнд түргэнээр ирсэн, “Манай хүүхэд шөнөжин­гөө унтаж чадахгүй ханиагаад” гэсэн хүмүүс ээлжээ хүлээн зогсч байтал хүүхэд нь гэнэт халуурч таталт өглөө гэсээр ээж, аав хоёр нь 11 сартай хүүхдээ тэвэрсээр орж ирэв. Жижүүр эмч хүүхдэд үзлэг хийнгээ өглөө хэдэн цагт халуурсан, өмнө нь татдаг байсан эсэх, их ханиаж байна уу, өтгөн, шингэн нь хэр гарч байгаа талаар асууж байв. Төд удалгүй суви­лагч халуун бууруулах, таталтын эсрэг тариа хийж, өвчтөний түүхийг нь нээлээ. Хэрэв 0-2 настай хүүхдүүд өндөр ха­луунтай, таталт өгч байгаа бол шууд хэвтэн эмч­лүүлдэг байна.

Энэ жил 0-5 насны хүүхдүүдийн дунд амьс­галын замын цочмог халдварт өвчин их гарч байгаа аж. Тус эмнэлэгт гэхэд 130 хүүхэд хэвтэн эмч­лүүлж байгаа ажээ. Энэ талаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүх­дийн тасгийн эрхлэгч, 2013 оны “Алтан чагнуур”-ын эзэн Ж.Саранцэцэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед бага насны хүүхдүүд ханиад томуугаар өвчлөх нь ихэсч хэвтэх оргүй, эсвэл хонгилд хэвтэж байна гэх юм. Танай эмнэлэгт хүүхдийн өвчлөл хэр байна вэ?

-Өнөөдөр 75 ортой, манай хүүхдийн тасагт 90 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Манай тасгийн эмч нар амралтын өдрөөр ажиллаж байгаа болохоор аль болох  хатгаа­гүй, хүндрэл багатай хүүх­дүүдээ гаргаад нягтралаа багасгаж, ачааллаа зохицуулж байна. Мөн насанд хүрэгсдийн дотрын тасгийн долоон өрөөг суллан хүүхдүүдээ авч эмчилж байна. Хүүхдийн өвчлөл жилээс жилд ихэсч байгаатай холбоотойгоор эмнэлгийн байрны асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Хэдийгээр хүүхэд олон ирж байгаа ч хэвтэх шаардлагатайг нь авдаг ч ачааллаа дийлэхгүй байна. Нэгэнт түргэнээр, дуудлагаар хэв­тэх бичигтэй ирж байгаа хүүхдүүдээ хэвтүүлэх гэ­хээр ор байхгүй учраас богино хугацаанд гайгүй хүүхдүүддээ зөвлөгөө өгч гаргаж байгаа.

 -Томуу ямар шинж тэмдгээр илэрч байна вэ. Ямар тохиолдолд хүндэрдэг юм бэ?

-Энэ ханиад хордло­гын шинж чанартай бай­на. Ялангуяа, 2-5 насны хүүхдийн хоолой нь өвдсөн, идээтэй, нэлээн хордлоготой ирж байна. Өнгөрсөн долоо хоногт нэгээс доош насны хүүхдүүд их өвчилж байна. Өнөөдөр Хятадад N5Н9 халдвар гарч байгаа. Ханиад, вирусын халдвар их гарч байна. Ер нь N1-ийн хүрээний вирус гарч байгаа гэж бодож байгаа. Хамрын арчдасыг долоо хоногт хоёр удаа авч ХӨСҮТ рүү явуулсан ч хариу нь ирээгүй байна. 14 хоногийн хэвтэлтийн байд­­лаас харахад амьсгалын замын бөглөрөл, нэлээн хорд­логотой гэсэн хүндрэлүүд их ирж байна.

-Хүүхдээ ханиад хүрэхээр манайхан эмчид үзүүлэхээсээ илүү дур мэдэн эм уулгадаг. Энэ талаар эцэг, эхчүүдэд хандаж зөвлөгөө өгөөч?

-Манай эцэг, эхчүүд дур мэдэн эм өгдөг. Ерөө­сөө ингэж болохгүй. Гэх­дээ л ямар нэг антибио­тикийг гэрээр хэрэг­лэчихээд ирдэг. Зарим нь эмчийн заавраар хэрэглэж байхад зарим нь сайн гэсэн болгоныг дур мэдэн хэрэглэж байна. Эцэг, эхчүүд хамгийн гол нь хүүхдүүддээ тавих анхаа­рал халамжийг сайжруу­лах, өвдөөд, ханиад хүрсэн тохиолдолд сайн асарч, дулаан байлгах, бүлээн шингэн юм сайн уулгах, хооллолтынхоо чанар, төрлийг олшруулж ойр ойрхон өгөх, витамин­жуулалтад хамруулах хэрэгтэй. Хэрэв халуурч өвдсөн тохиолдолд дур мэдэн эм өгөх хэрэг­гүй, заавал өрхийн эмчдээ хандаж анхан шатны тус­ламж авах шаард­лагатай. Өвдсөн бол­гоныг хэвтүү­лэх ал­багүй. Томуугийн дэгдэлт гарсан үед манай эмнэлэгт нэмэлтээр жи­жүүр эмчийг ажиллуулж байгаа. Нэг жижүүрийн эмч маань тасгийн 120 хүүхэд, дээр нь эрчимт эмчилгээний хүүхдүүд, хүлээн авах дээрээ ажил­лахад ачаалалтай. Үүнээс болж чирэгдэл, бухимдал үүсдэг. Тиймээс аль болох хоёр жижүүр эмч хонож ачааллаа багасгаж, анхан шатны тусламж үйлчил­гээгээ үзүүлж байна.