Р.ОЮУН
Хавар болмогц харшил хөдлөөд гэж ярих хүн олон бий. Тэд ихэнхдээ ургамлын болон тоос, ногооны харшилтай гэдэг. Гэвч юунаас харшилтай болсноо мэдэхгүй найтаалган, ханиаж, нулимс нь байнга гоождог хүмүүс хаана, хэнд хандахаа мэдэхгүй бие биеэсээ асуудаг.
ДЭМБ-ын судалгаагаар дэлхий дээр 220-250 сая хүн хүнсний харшилтай гэжээ. Энэ харшлаар өвчлөгсдийн тоо хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад өсч байгаагийн ихэнх хувийг хүүхдүүд эзэлж байна. Тиймээс Дэлхийн харшлын байгууллагаас санаачлан, Монголын харшил судлалын нийгэмлэг хоёр дахь жилдээ “Харшилтай тэмцэх дэлхийн долоо хоног 2013” арга хэмжээг “Хүнсний харшил дэлхий дахинд тулгамдаж буй Эрүүл мэндийн асуудал” сэдвийн дор зохион байгуулж байна. Энэ талаар Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн С.Мөнхбаярлахтай ярилцлаа.
-Хүнсний харшил гэж байна. Яг ямар хүнсний бүтээгдэхүүнээс харшил авч байна вэ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Дэлхийн харшлын байгууллага нь эгнээндээ 93 орны харшлын байгууллагыг нэгтгэсэн том байгууллага. 2005 оноос Дэлхийн харшилтай тэмцэх долоо хоногийг тэмдэглэж ирсэн. Энэ арга хэмжээг сүүлийн гурван жил манайд амжилттай хэрэгжүүлж байна. Дэлхийн уур амьсгалтай дуу хоолойгоо нэгтгэж байна. Энэ жилийн хувьд “Хүнсний харшил дэлхий дахины эрүүл мэндэд тулгамдаж буй асуудал” сэдвийн дор энэ сарын 8-15-ныг хүртэл зохион байгуулж байна. Энэ жил харшил, түүнээс урьдчилан сэргийлэх талаар үйл ажиллагаа явуулж байна. Хүнсний харшил, эмийн харшил сүүлийн үед бидний санааг зовоож байна. Яагаад гэвэл эмнэлзүйн шинж тэмдгээрээ хүнд илэрдэг. Өөрөөр хэлбэл, харшлын өвчин хүндрэхэд хэдэн шалтгаан байдаг. Үүний нэг нь хүнс. Тухайлбал, төрөл бүрийн самрын харшилтай хүн Монголд их бий. Самар идэхэд харшлын шоконд орж хүндэрдэг эмгэг. Иргэдэд зориулж явуулах гэж байгаа сургалт эхлээд хүнсний харшил гэж юу вэ. Үүнээс хэрхэн зайлсхийх вэ. Яаж оношлуулах талаар зааж сургах юм. Манайд хүнсний харшил түгээмэл байна. Бидний амьдралын хэв маяг, идэж байгаа хоол хүнстэй холбоотой. Бид олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг. Хүнсний бүтээгдэхүүн дотроос сүү, өндөг, самар, далайн гаралтай хоол, хүнс, үр тарианы гаралтай гурилан бүтээгдэхүүнүүд, амьтны гаралтай махнаас ихэвчлэн харшил үүсдэг.
-Долоо хоногийн хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ. Хүмүүс хүнсний харшлаас өөрийгөө яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Эхний ээлжинд олон нийтэд харшлын талаар илүү ойлголт өгөхийн тулд зурагтаар хэд хэдэн нэвтрүүлгийг зохион байгуулсан. Дараагийнх нь мэдээж харшлын эмч нарын мэдлэг, чадвар өндөртэй, орчин үеийн анагаах ухааны тулгамдсан асуудлыг шийдэх төвшинд хүртлээ бэлтгэгдсэн байх ёстой. Энэ утгаараа бид харшлын эмч нарыг сургах арга хэмжээг зохион байгуулна. Иргэд эрүүл мэндийн боловсролтой байвал өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар зөв ойлголттой болно. Тиймээс нөгөөдөр арьс, харшил, чих, хамар, хоолой, уушги, дотрын зэрэг нарийн мэргэжлийн эмч нарт зориулсан харшлын талаарх сургалтыг ЭМШУИС-ийн Оюутны соёлын төвд зохион байгуулах гэж байна. Энэ сургалтад харшлын эмч нар болон судлаачид оролцон иргэдэд харшил гэж юу юм бэ, ямар шалтгаанаас үүсдэг, ямар ямар харшлууд байдаг. Манай оронд ямар харшил нь илүү гарч байна. Түүнээс яаж урьдчилан сэргийлэх талаар сургалт, лекц уншина. Эцсийн дүнд хүн амын эрүүл мэндийн боловсролд харшлын тухай зөв ойлголттой болох. Тодорхой хугацааны дараа үр дүн гарна. Өөрөөр хэлбэл харшлын өвчин өндөр хөгжилтэй орнуудад хамгийн их тархалттай байгаа. Мөн вакумжсан амьдралын хэв маяг нэмэгдэхийн хэрээр харшлын өвчин нэмэгдэж байна. Манай орны хувьд харшлын өвчнийг нэмэхгүй байх. Энэ төвшнийг барих, хяналтад авах арга хэмжээг зохион байгуулах ёстой.
-Тухайн хүн харшилтай болсноо яаж мэдэх вэ. Ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?
-Харшил олон төрлийн шинж тэмдгээр илэрдэг. Тухайлбал, амьсгалын замын, арьсны, холимог байдлаар ч илэрч болно. Харшил эмчлэгддэг ч эдгэрдэггүй өвчин.
Дэлхийн шинжлэх ухааныг 100 хувь эрүүл болгоод эдгээж чадахгүй байна. Ямар ч харшлыг эмчлэхэд үндсэн дөрвөн зарчмыг баримталдаг. Нэгдүгээрт, өвчтөний сургалтын асуудал. Тухайн өвчтөн эмчтэйгээ харилцан ойлголцоод хамтарч өвчнөө эмчилнэ. Энэ зарчимд тулгуурласан сургалтыг явуулдаг. Хоёрдугаарт, тухайн харшилтай хүний харшлын шалтгааныг мэдэж аваад түүнээс хэрхэн зайлсхийх аргаа олох ёстой. Тухайлбал, тавдугаар сараас хус модны тоосжилтын үе эхэлдэг. Ийм харшилтай хүн модонд ургадаг жимснүүдийг идэхэд харшил нь сэдэрч улмаар хүндэрч астма болдог. Тиймээс түүнийг мэргэжлийн эмчид хэлж өгнө. Яагаад хусны тоосонд харшилтай хүн алим, лийр идэж болдоггүй талаар эмч зааж сургана. Үүнээсээ тухайн өвчтөн зайлсхийж чадвал шинж тэмдэг, зовиур нь багасна. Гуравдугаарт, эмийн эмчилгээ. Орчин үед дэлхийн харшлын эмчилгээнд хэрэглэж байгаа сүүлийн үеийн эмнүүд манайд орж ирсэн. Эмч нарын хувьд эмийн сонголт харьцангуй сайн байгаа. Манай дотоодын эмийн үйлдвэр ч хангаж байна. Гаднаас импортын сайн эмнүүд ч орж ирж байгаа. Дөрөвдүгээрт, дархлааны эмчилгээ байгаа.
-Монголчуудын хувьд улирлын чанартай харшил их гардаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Шалтгаанаасаа хамаараад харшлын өвчин улирлын чанартай тохиолддог. Зуны улиралд буюу одоо тавдугаар сараас эхлээд ургамлын тоосжилтын үе эхэлнэ. Арав, арваннэгдүгээр сараас эхэлж хотын агаарын бохирдолт, утаа ихэсдэг учраас астмын өвчлөл нэлээд нэмэгддэг. Хавар цас ханзарсны дараа агаарын тоосжилтын хэмжээ нэмэгдсэнээр амьсгалын замын, мөн нарны хэт ягаан туяаны идэвхжлийн үе байдаг. Иймээс нарны харшилтай хүмүүсийн харшил сэдэрдэг. Эмийн болон хүнсний харшилд улирал хамаардаггүй.
-Хаана очиж оношлуулж болох вэ?
-Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Арьс судлалын үндэсний төв, бүх хувийн хэвшлийн эмнэлэгт оношлогоо, шинжилгээ хийж байгаа. Нэгдүгээр эмнэлэгт өнөөдрийн байдлаар 8-10 мянган хүн үйлчлүүлж байгаагийн 30 хувь нь хүнсний харшилтай байна. Хамрын харшилтай хүмүүс тэр бүр эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд байдаггүй. Энэ хүмүүсийн цаана ажил хөдөлмөрийн бүтээмж буурах, хичээл сургууль нь тасалдах зэрэгтэй холбоотой нийгэм, эдийн засгийн хохиролтой гэдгийг мэдэх учиртай.