Б.УУГАНБАЯР

“...Гэртээ харихаар хэ­дэн хүүхэд маань хоол нэ­хээд ангалзаад сууж бай­гаа. Хүүхдүүдийнхээ нү­дийг бүлтийлгээд өлсгөж цангаагаад байлтай биш дээ. Аль болох л хэдэн төг­рөг ахиу олохыг боддог” гэж том оврын автобусны жолооч нар ярьж байна. Тэд ч бас бидний л адил ар гэртэй, амьдрал ахуйтай, аавыгаа хүлээсэн хүүх­дүүд­тэй хүмүүс билээ.

 

ЭРТЭЧ “БОЛЖМОРУУД” БОЛ НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭН

 

Нийслэлд өдөр тутам 24 аж ахуйн нэгжийн 900 орчим том оврын автобус бидэнд үйлчилдэг юм бай­на. Тэдний ажил өглөө 05.30 цагт автобусны парк дээр ирэхээс эхэлдэг бө­гөөд хамгийн эхний авто­бус 06.30 гэхэд иргэдэд үйлчилж эхэлдэг аж. Авто­бусны цонхны урд талд 11, 13 эсвэл нэг зэргээр том тоо наачихсан байдгийг та санаж байна уу? Энэ нь ав­то­бусны паркаасаа гар­сан гарааных нь тоо бай­даг ажээ. Хэрэв хамгийн эхний автобус болж гарсан бол нэг гэж бичсэн байх жишээтэй.

Хүний хөл татарч, ажил, сургуулиасаа гэртээ харих иргэд багасаад ирэ­хээр хамгийн эхний авто­бус нь 19 цагаас эхлэн бууж эхэлдэг байна. Ийн­хүү 20, 21 цаг гэх мэтээр автобуснууд цөөрсөөр хам­гийн сүүлийнх нь 22 цаг гэхэд эцсийн зог­соол­доо хүнээ хүргэж, парк­ руугаа явдаг аж. Бид­нийг өглөө ажилд маань хүргэж, орой гэрт буул­га­даг автобусны жолооч, мөнгө хураагч нарын аж­лын цаг хүмүүсийг дуг ной­рондоо автаж байх үед буюу үүрийн 05 цагт эхэлдэг.

“Автобусны жолооч, мөнгө хураагчийн ажил хүнд шүү. Тэдний ихэнхи нь захын хороололд амь­дар­даг. Дээр нь цалин мөн­гө бага. Бид нар энэ хэ­дийнхээ аашийг нь бүр мэд­дэг болчихсон. Аль болох торгууль, төлбөр та­вилгүй гарсан зөрчлийг нь арилгуулахыг боддог” гэж Тээврийн хяналтын улсын байцаагч И.Эрдэнэцэг хэлж байсан юм. Жолооч нар  ихэвчлэн ямар зөрчил гар­гадгийг тодруулахад, “Цагаараа явахгүй байх, гүй­цэт бүтэн эргэлт хийл­гүй замын дундаас буцах, стан­дартын шаардлага хангахгүй байх зэрэг зөр­чил  олон давтагддаг” гэж байв.

Ер нь нийтийн тээв­рийн­хнийг дагасан хэл ам тасардаггүй. Жолооч нар нь мэргэжлийн бус, ур чадваргүй, мөнгө хураагч нь соёлгүй бүдүүлэг гэж шүүмж­лэх хүн олон. Дээр нь тус салбар мэргэшсэн жолоочийн хомсдолд ороод байгаа бөгөөд ялан­гуяа хавар болж зам, ба­рил­гын ажил эхлэхээр хам­гийн ур чадвар сайтай, олон жил ажилласан жо­лооч нар нь тийшээгээ урвадаг гэж байсан.

Нийтийн тээврийн ав­то­бусыг зарим хүмүүс гал­зуу хулганатай зүйрлэж бай­хад, нөгөө хэсэг нь ав­то­бусандаа дүүртэл нь хүн чихдэг учир хэлбэр нь үлээ­сэн гүзээ шиг хэмээн шог­лодог. Ийнхүү явган шог “амилсан” нь инээд­тэй ч нөгөө талаасаа ний­тийн тээврийн ачаалал ямар их байдгийг харуулж буй хэрэг юм. “Алдагдал­тай ажиллаж байгаа, үнээ нэмнэ” хэмээн айлгадаг ний­тийн тээврийнхний зовлон үнэхээр их байд­гийг би өнгөрсөн долоо хо­ногийн баасан гарагт Тээв­рийн хяналтын улсын байцаагч Д.Тумбааш, И.Эр­дэнэцэг нарыг дагал­дан, тэдний ярьж занш­са­наар “их буулт” буюу  орой автобуснуудыг хэсэг, хэс­гээр нь шалгаж, буулгах ажилд явахдаа ойлгосон билээ. Тийм ээ, нийтийн тээврийн жолооч, мөнгө ху­раагч нарыг өмөөрөх шалт­гаан надад байна.

 

МӨНГӨНИЙ ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН ОСОЛ РУУ ТУРХИРДАГ

 

Социализмын үед том оврын автобусны жолоо­чийг жил гаруй сургалтад хам­руулж, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгээд, цалин хангамжийг нь хан­­галт­тай өгч ажиллуул­даг байсан. Гэтэл өнөөдөр манайд ийм боломж, бо­лол­цоо, тогтолцоо нь байх­гүй, жолооч нарын хүрэл­цээ муугийн дээр ажлын ачаа­лал их байдаг учир ачаал­лаасаа үүдэж жолооч нарын самбаачлах чадвар удааширч, анхаарал буур­даг нь ослын нэг үндэс болж байна гэж улсын бай­цаагч нар ярьж байсан. Ийм асуудал үнэхээр гар­даг эсэхийг “Блю бус” ком­панийн жолооч Ц.Ор­гил­сайханаас асуухад “Жо­лооч нар ихэнхи то­хиол­долд хоёр өдөр уртаар гараад нэг өдөр амардаг. Ачаа­лал ихтэй байдаг нь үнэн” гэв.

Жолооч нар яагаад осол гаргах нь ихсээд бай­гааг байцаагч нараас лав­ла­хад “Гарч байгаа зөрч­лүүд бүгд орлоготой хол­боо­той”. Учир нь, эргэлт ту­тамд орлогын төлөвлөгөө тавьж, түүгээрээ шахдаг. Тэ­гэ­хээр жолооч нар аль болох таван хүн илүү авахын төлөө хоорондоо урал­даж, “босс”-ынхоо тушаасны дагуу заасан мөн­гийг нь олохын тулд хоорондоо багахан хэм­жээ­ний “дайн” өрнүүлдэг гэсэн юм. 

Үүний зэрэгцээ авто­бус­ны чиглэл нэмэгдэж буйтай холбоотойгоор шу­гамын давхцал өсч, авто­бус­ны тоо ч хоёр жилийн өмнөхийг бодоход 20 ор­чим хувиар нэмэгдсэн” гэж Тээврийн хяналтын улсын байцаагч Д.Тум­бааш хэлсэн нь анхаа­рууш­тай тоо баримт бай­лаа. Нийслэлийн сур­гууль, эмнэлэг, захиргаа­ны бүхий л үйлчилгээ хо­тын төвдөө байдаг учир шу­гамын давхцал нэмэг­дэж, автобусны тоо өссө­нөөс олох орлого багассан атал компаниас эргэлт бүрт тооцож авах орлогын тө­лөвлөгөөг хасах биш, ха­рин ч нэмэх болсон нь жо­лооч, кондукторуудад хам­гийн том дарамт болж бай­гаа юм байна. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажиллачихаад са­рын цалингийнхаа ихэн­хийг нь эргэлтийн мөнгө хүрээгүй хэмээн компа­ни­даа өгчихөөр бид яаж амьд­рах юм бэ хэмээн гом­доллох жолооч, мөнгө хураагч цөөнгүй байсан.

 Тухайлбал, “Блю бус” компанийн мөнгө хураагч Н.Цэрэнханд “Би 17 жил мөнгө хураагчаар ажил­лаж байна. Миний үндсэн ца­лин 300 мянган төгрөг бай­даг ч өнгөрсөн хоёр, гу­равдугаар сард нийт ца­лин­гийнхаа 30 хувийг ор­лого дутаасан гэсэн шалт­гаа­наар компанидаа төл­сөн” гэв. Жолооч нараас ч сард 150 орчим мянган төг­рөгийн цалин авч, эх­нэр­тээ хөөгдөхдөө тулаад бай­на гэж хэлэх хүн нэ­лээд­­гүй байв. Ажил хийж ца­лин авах биш харин ч эс­рэ­гээрээ компанийн ал­дагд­­лыг нөхөх мөнгийг төлж амьдарна гэдэг амар­гүй.

“Бид өдөрт 6-7 рейс хий­дэг. Ингэхдээ компа­нийн зүгээс нэг рейсэнд 45 мянган төгрөг байх ёс­той гэж тогтоодог. Хэрэв үүнээс мөнгө нь дутвал бид­ний цалингаас ху­вилж, мөнгөө тооцож ав­даг” хэмээн гомдоллох хү­мүүс ч байв. Нэг эргэлтэд 49 мянган төгрөг хүргэх үүрэг компаниас өгсөн байдаг ч тэд энэ эргэлтээ­сээ 35-40 мянган төгрөг олж байгаа гэдгээ учирлаж байх аж. Ганц “Блю бус”  ком­пани ч биш хувийн бу­сад компаниуд бас л жо­лооч, мөнгө хураагчдаа энэ ялыг үүрүүлдэг гэд­гийг жолооч нар ярьж бай­сан юм. Үнэхээр автобус­ны компаниудын зүгээс ажилчдаа мөнгөний да­рам­тад оруулж, цалин хөлс­нөөс нь шууд хувилж авч байгаа нь хэрээс хэ­тэр­сэн хэрэг  биш гэж үү? 

 

МӨНГӨӨ ТӨЛӨХ “ХОНШООРТОЙ” БАЙЯ

 

Автобусанд суусан ар­ван хүний дөрөв нь л мөн­гө төлдөг гэвэл та итгэх үү. Тэг­вэл манайд оюутны, өн­дөр настны, группын гэ­сэн үнэмлэх нэмэгдсээр бай­гаад үнэгүй зорчдог хү­мүүс нийт үйлчлүүлэгч­дийн талаас илүү хувьд хүр­сэн байдаг аж. Гэтэл сүү­лийн үед үнэгүй явдаг хү­ний тоо өмнөхөөсөө эрс нэмэгдсэн гэнэ. Үүний шалт­гааныг “Блю бус” компанийн мөнгө хураагч М.Цэрэнханд “Өндөр нас­тны үнэмлэхийг хоёр­ду­гаар сараас хойш Хотын тээврийн газар тараадаг байс­наа больж, дүүрэг хо­роодын Засаг дарга нарын эрх мэдэлд очсон. Үүнээс хойш өндөр настны үнэм­лэх­тэй хүний тоо эрс нэ­мэг­дэж, орлого муудах бол­сон” хэмээн тайлбар­лав. Засаг дарга нар өндөр настны үнэмлэхийг биз­нес болгон 30-50 мянган төг­рөгөөр гаргаж өгч буй су­раг ч дуулдах болсон гэнэ. Уг нь үнэгүй явуул­даг билетээ яг хэрэгцээтэй хүнд нь өгөөд, хяналттай хандаж чадвал орлого нэ­мэгдэх боломж байгааг ний­тийн тээврийнхэн он­цолж байсан билээ.

Нийтийн тээврээр зор­чигчид үнэгүй билет авах гэж хөөцөлдөх биш, харин ч иргэний үүргээ ухамсарлаж мөнгөө төлөөд явах “хоншоортой”  байя гэж хэлмээр санагдсаныг нуух юун.

Дээр нь иргэд ногоон гэрлээр гардаггүй, гарц ашиглаж мэддэггүй, за­мын хөдөлгөөнд бүдүүлэг орол­цож байгаа нь осол, зөрчил гарахад багагүй нөлөөлдөг байна. Жи­шээл­бэл, түгжирсэн ма­ши­нууд дундаас гэнэт гүйж гарч ирэх, замын хаалт, хашлагыг давах, за­мын голд машинаас үсэрч буух зэрэг үйлдлүүдийг жолооч нар онцлон дурь­даж байсан. Уг нь иргэд маань өөрийгөө болон өрөөл бус­дыг хүндлээд энэ мэт үйлд­лээ зогсоочихвол жин­хэнэ соёлтой зорчигч болж чадах юм. Тийм ч учраас Нийс­лэлийн тээв­рийн газраас зарласан ая­ны урианд “соёлтой зор­чигч” гэдэг үг орсон болов уу.

Олон улсын жишигт нийтийн тээврийн салба­рыг нийтийн сайн сайхны тө­лөө төр нь татаасаар авч явдаг. Гэхдээ нийгмийн амьдрал хувийн хэвш­лийн­хэнгүйгээр урагшла­хаа больсон учир төрөөс тэ­дэнд ачаа үүрүүлдэг. Ха­рин үүрч буй ачаа нь сар бүр нийтийн тээврийнх­энд өгдөг нөхөн олговор­тойгоо хэр дүйцдэг юм бол?

Хүний суудал өнцөг­дө­хөөр ажил үйлс нь бүтэ­хээ байж, засал ном хийл­гэ­дэг. Тэгвэл нийтийн тээв­рийн салбар яах арга­гүй л “өнцөгдчихөөд” бай­гаа нь дээрх жишээнээс харагдаж байна. Үүнийг учрыг олж, хужрыг нь тунгааж, сандал, суудлыг нь “зөөлрүүлэх” цаг бол­жээ гэдгийг Нийслэлийн тээврийн газрын өнөөгийн удирдлагууд олж харсан учраас тус салбарт бод­логын шинэчлэлт хийж эхлээд байна.

Шинэ бодлогын хү­рээнд автобусны жолооч, кондукторуудын нийг­мийн асуудалд анхаарал тавьж, эрүүл мэндийн үз­лэгт оруулж, сургалтад хам­руулна, орон сууцны асуудлыг нь шийднэ гэхч­лэн чихэнд чимэгтэй үгс дуулдах болжээ. Ажил хө­дөл­мөрийн үнэ цэнэ өсч, нийтийн тээврийн үйл­чил­гээ сэтгэлд хүрдэг бо­лох сайн цаг айсуй.