Р.ОЮУН, Э.ОРХОН
Эрүүл мэндийн салбарт сайшааж, магтах зүйл олон ч бас сайнаас нь илүү мууг нь дуудах хүн цөөнгүй. Сумын эмнэлгээс эхлээд улсын клиникийн төв эмнэлэг хүртэл эмчилгээ, үйлчилгээний чанар муу, эмч нарын ёс зүй тааруу, ар өврийн хаалга, авлига хээл хахууль хавтгайрсан хэмээн шүүмжлүүлэх нь энүүхэнд. Тиймээс шинэчлэлийн Засгийн газрын шинэ баг бүрэлдэхүүн энэ салбарт илүү түлхүү анхаарал хандуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд илүү ойртуулж, чанартай хүргэхэд анхаарч буй. Тэгвэл энэ удаагийн “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” энэ тухай бас хэлэлцэж байна.
Эрүүл мэндийн яамнаас жил бүр салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулж, өнгөрсөн жилийн ажлаа дүгнэн, тухайн жилийнхээ үйл ажиллагааны зорилго, чиглэлийг тодорхойлдог. Тэгвэл энэ удаагийн удирдах ажилтны зөвлөгөөнийг хоёр өдөр зохион байгуулав. Зөвлөгөөнд салбарын удирдлагуудаас гадна улсын клиникийн төв эмнэлгүүдийн захирал, нийслэл болон аймаг, орон нутгийн Эрүүл мэндийн газрын дарга нар хүрэлцэн иржээ.
2013 он бол шинэчлэлийн Засгийн газар бүрдсэн, салбар бүрийн сайд дарга нар солигдсон онцгой жил. Эрүүл мэндийн салбарт ч бас эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрүүл чийрэг Монгол хүний төлөө анхаарал хандуулсан онцлог жил. Тиймээс энэ удаагийн зөвлөгөөн ч бас онцлох зүйл ихтэй болж өнгөрөв. Эмнэлгийн дарга нар энэ удаа “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого”, “Эрүүл мэндийн салбарын хариуцлага, хяналтыг, сайжруулах арга зам”, “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын судалгааны дүн, үндэсний зорилт”, “Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хуулийн үзэл баримтлал” гэсэн олон сэдвээр зөвлөлдлөө. Тухайлбал, иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад байдаг эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эмч, эмнэлэг хоёрыг бухимдуулаад байдаг төсөв, мөнгө, санхүүжилтын тухай, шинээр хэрэгжиж эхлээд байгаа Тамхины хяналтын тухай, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулиудын хэрэгжилт, хяналтын тухай хэлэлцэв. Мөн эмч нарын ёс зүй, хариуцлагын тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр санал бодлоо солилцсон юм.
Тиймээс “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-д ирсэн зарим дарга нарын сэтгэгдлийг сонслоо. 2012 он буюу “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил”-ээ хэрхэн дүгнэж, “Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэл”-ийн явц ямар байгааг сонирхов.
БИД 1,8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВЧ БАЙНА
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл:
Энэ жилийн зөвлөгөөн “Хариуцлага сахилгыг дээшлүүлье” гэсэн уриан дор болж байна. Зөвлөлгөөнд орон нутагт тулгамдаж байгаа асуудлаа танилцуулахаар ирсэн. Манай аймгийн хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан болон хоёр дахь шатлалын тусламжыг үзүүлдэг. Анхан шатны тусламж үйлчилгээний хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц тогтолцоо, стандарт, тусламж үйлчилгээний багцыг бий болгох зэрэг асуудлаар санал өгч байна. Энэ жилийн хувьд манай аймгийн эрүүл мэндийн салбарт 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төсөвлөгдсөн. Энэ хөрөнгө оруулалтаар шаардлагатай тоног төхөөрөмж авахад зориулж тендер зарлаад амжилттай явж байна. Энэ асуудал шийдэгдвэл хоёр дахь шатны тусламж үйлчилгээ авах гэж аймаг орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо багасах боломжтой. Мөн бусад байшин барилга, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаа ЭМЯ-д ирүүлсэн. Тиймээс энэ хүрээнд нэлээд олон асуудал шийдэгдэх юм.
ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ ХАМТРАН АСУУДЛАА ШИЙДЭХИЙГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од:
-Өнөөдрийн зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудын ёс зүйн хандлага, үйлчлүүлэгчидтэйгээ соёлтой хандах, мөн ажилдаа хариуцлагатай хандах талаар ярьсан. Энэ нь Монголын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа зүйл мөн. Цагаа олсон зөвлөгөөн боллоо гэж бодож байна. Хөдөө орон нутгийн эмнэлэгт тулгамдаж байгаа асуудал их бий. Үүнтэй харьцуулахад төсөв мөнгөний асуудал, байшин барилга, боловсон хүчний хангалт, мэргэжил дээшлүүлэх, ёс зүйн харьцаа, хандлага гээд ярих зүйл их байна. Бид эрүүл мэндийн салбарыг удирдаж байгаа болон тэнд ажиллаж байгаа хүмүүс энэ тал дээр нэлээд өөрчлөлт гаргаж ажиллах эрмэлзэлтэй хамтарч ажилладаг. Заавал хариуцлага тооцохдоо гол нь биш. Үнэхээр болж бүтэхгүй байгаа бол онцгойлон анхаарах нь зүйтэй. Аль болох болгохыг эрмэлзэх хэрэгтэй. Үүн дээр хамтарч ажиллавал бүх зүйл болж бүтнэ гэж бодож байна.
МАНАЙ ЭМНЭЛЭГ ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАСАН АНХНЫ БАЙГУУЛЛАГА БОЛСОН
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Баясгалан:
ЭМЯ-наас жил бүр салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж тухайн жилд хийх ажлаа төлөвлөж өмнөх жилийнхээ үйл ажиллагааны тайланг тавьдаг. Өнгөрсөн жилийг “Эрүүл мэндийн салбар чанарын жил” болгосон. Манай эмнэлэг чанарын жилийн хүрээнд олон ажил хэрэгжүүлсэн. Үүнд чанарын удирдлагын тогтолцоог эхлүүлж ISO 9001, 2008 гэсэн олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн гэрчилгээ авсан анхны байгууллага болсон. Энэ жилийн хувьд сахилга хариуцлагын жил болж байна. Тэгэхээр энэ хүрээнд тогтолцооноос гадна хувь хүний хариуцлага сахилгыг сахих асуудал нэлээд хөндөгдөнө.
ЭМНЭЛГИЙН ХҮЛЭЭГДЛИЙГ БУУРУУЛСАН
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Лхажий:
-Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд тусламж үйлчилгээг сайжруулах сайдын тушаалын дагуу ажлаа эхэлсэн. Үүний үр дүнд хүлээгдэл чирэгдлийг багасгахад нэлээд олон ажил зохион байгуулсан. Тухайлбал, хүлээгдэл 14 хоног хүртэл байсныг гурав хоног хүртэл бууруулсан байна. Өнгөрсөн жил чанарыг сайжруулах жил байсан бол энэ жил хариуцлага, хяналтыг сайжруулах юм. Энэ хүрээнд тусламж үйлчилгээг чанартай хүргэхэд хариуцлага чухал гэдгийг онцолж байна. Харин хариуцлага гэдгийг дан ганц эмчтэй холбож ойлгодог. Тиймээс энэ ажлыг хийхийн тулд хариуцлагын даатгалын хуулийг бий болгох асуудлыг ярьж байна. Хариуцлагын даатгал нь хоёр утгатай. Нэгдүгээрт, багаж тоног төхөөрмжийн хариуцлага, хоёрдугаарт хувь хүний санамсаргүй алдаа гаргасан тохиолдолд хариуцлагыг нь даатгах юм. Мэдээж санаатай алдаа гаргана гэж байдаггүй. Хүн бүр л ямар нэг байдлаар алдаа гаргадаг. Энэ асуудлыг шийдсэн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ дараагийн шатанд орох болно.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЕСӨН БҮТЭЭЛЧ АЖИЛ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН
Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн:
-Миний хувьд ажлаа хүлээж аваад удаагүй байгаа ч тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Орон нутгийн сонгуулиар сонгогдсон аймгийн удирдлагууд эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл хийнэ гэдгээ мэдэгдсэн. Эрүүл мэндийн яам ч шинэчлэлийн хөтөлбөр баталсан. Үүнтэй уялдуулж орон нутгийнхаа онцлогт тохирсон “Эрүүл мэндийн салбарыг эрс шинэчлэх нь” сэдэвт аймгийн дэд хөтөлбөр батлуулахаар ажлаа төлөвлөж байна. Энэ жил манай аймгийн 90 жилийн ой болно. Тиймээс аймгийн хүрээнд бүтээлч аяныг өрнүүлж эрүүл мэндийн салбарт есөн бүтээлч ажил хийхээр төлөвлөж байна. Үүний нэг нь барилга байгууламжийн өнгө үзэмж, ажлын орчин нөхцлийг сайжруулах бүтээн байгуулалтын ажил хийж эхэлсэн. Ажлын орчин нөхцлийг сайжруулсны дараа хүмүүсийн үйл ажиллагааг нь өөрчлөх ажил хийж эхэлнэ.
ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛТИЙГ АНХАН ШАТНЫ ЭМНЭЛГҮҮДЭЭС ЭХЭЛЖ БАЙНА
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг:
-Улсын хэмжээний эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг “Хариуцлага, хандлагыг сайжруулах” жилийн аяны хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог байна. Зөвлөгөөнөөр гол ярьж байгаа зүйл бол эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлыг төвшин бүрт ярьж байна. Анхан шатны төвшинд өрхийн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүд болон хоёр, гурав дахь шатны эмнэлгүүдийг яаж шинэчлэх вэ. Ер нь эрүүл мэндийн салбарын шинэчлэл аль шатандаа илүү явж байна, хаанаа чадамжтай, өндөр төвшний цомхон байлгах вэ гэсэн оновчтой санаануудыг ярьж байна. Үнэхээр анхан шатны эмнэлгүүд хүртээмжтэй, сайн чанартай ажиллаж чадвал нэгдүгээрт, тусламж, үйлчилгээ чирэгдэлгүй, ойрын зайнаас хүртээмжтэй хүрэх боломж бий болно. Хоёрдугаарт, хоёр, гурав дахь шатлалд шаардлагагүй хэвтэлт гэж ярьдаг. Өрх, сумынхаа эмнэлэгт эмчлүүлэх боломжтой иргэдийг хоёр, гурав дахь шатлалд явуулснаар эдийн засгийн боломж, цаг хугацааны хохирол, чирэгдэл учруулдаг. Үүнийг арилгах боломж бүрдэж байна.
МАНАЙ АЙМАГТ ЭХ, ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ БУУРСАН
Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Анхтуяа:
-Энэ оныг “Сахилга, хариуцлага, хяналтыг сайжруулах” жил болгож байна. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг ямар хэмжээнд хийх вэ гэдгийг нотолгоонд суурилсан суурь судалгаатай хийж байгаагаараа давуу талтай. Энэ судалгаан дээрээсээ одоо хийх ажлынхаа гарцыг гаргаж өгч байгаа нь онцлог байна. Манай эрүүл мэндийн салбарын хувьд шинэчлэлийн асуудлыг хийж байна. Гол тулгуур нь бол иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эрэлт хэрэгцээнд нь тулгуурласан тусламж, үйлчилгээ үзүүлэх, Эрүүл мэндийн газрын даргын тушаал гаргаад үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ шинэчлэлийг хийхэд дагуулах эрсдлийнхээ үнэлгээг хийж , үүнд тулгуурласан үйл ажиллагааг явуулах ажлыг зохион байгуулж байна. Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд аймгийн Засаг дарга манай салбарын хувьд өөрийнхөө эрхийн хэмжээнд дэмжлэг үзүүлж, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд нэн шаардлагатай тоног, төхөөрөмж, эмч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжлийг дээшлүүлж сургахад орон нутгаас мөнгө гаргаж өгсөн. Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлэлт өмнөх онтой харьцуулахад ахисан үзүүлэлттэй байгаа. Тухайлбал, эхийн эндэгдэл буурсан, хүүхдийн эндэгдэл сүүлийн гурван жилд тогтвортой буурч байгаа үзүүлэлттэй байна.
ХЭНТИЙ АЙМАГ “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУВИЛАГЧ”-ТАЙ БОЛЛОО
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Ганболд:
- Энэ зөвлөгөөн эрүүл мэндийн салбарт тулгарч байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн арга хэмжээ боллоо. Манай байгууллагын хувьд суурь шинэчлэлийн хүрээнд бүх үйл ажиллагаагаа төлөвлөөд тушаал, зааврын дагуу хийж гүйцэтгэж байна. Энэ зөвлөгөөний үеэр манай Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ц.Цэвээнсүрэн улсын тэргүүний сувилагчаар шалгарлаа.