Д.МЯГМАР
Монгол-Солонгосын дорнын уламжлалт анагаах ухааны төвийн эмч Жүн Мин Гюүтэй ярилцлаа. Жүн Мин Гюү эмч Дорнын анагаах ухааны их эмч мэргэжилтэй бөгөөд Донггүк их сургууль Дорнын анагаах ухааны их эмчийн мэргэжлээр 2001-2007 онд суралцаж дүүргэсэн. Улмаар Донггүк их сургуульд 2008-2011 онд суралцаж Нөхөн сэргээх эмчилгээгээр магистр цол хамгаалсан. Тэрээр Донггүк их сургуулийн эмнэлэгт дорнын анагаах ухааны их эмчээр 2007-2011 онд ажиллаж байсан. 2011 оноос эхлэн манай улсад хүрэлцэн ирж Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны төв /МСДАУТ/-д уламжлалт анагаах ухааны их эмчээр ажиллаж байна. БНСУ-ын нуруу мэдрэлийн “Чүна” эмчилгээний нийгэмлэгийн гишүүн, улсынхаа Дорнын нөхөн сэргээх эмчилгээний академи болон Зөөлөн эдийн гэмтлийн ортопед эмчилгээний академийн гишүүн юм байна. Түүнтэй ууц нурууны өвчний талаар ярилцсанаа хүргэе.
-Монгол-Солонгосын хамтарсан эмнэлэг анх байгуулагдсан түүхээс яриагаа эхлэх үү?
-1999 онд Солонгосын Ерөнхийлөгч Ким Дэ Жун Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэр үед Монгол Улсын Засгийн газраас хүсэлт тавьж ийм эмнэлэгтэй болох санал гаргасан юм. Манай эмнэлэг 2001 онд хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан. Эрүүл мэндийн яамны харъяанд ажилладаг.
-Сүүлийн үед хүмүүс албан тасалгаанд олон цагаар сууж ажилласнаас болоод нуруу нь шохойжлоо, өвдлөө, төмөр үе суулгалаа гэх мэтээр нэлээн асуудалтай болжээ. Хүний биеийн чухал, тулгуур эрхтний нэг нь нуруу байдаг. Нурууны өвчнийг ерөнхийд гоедох гэж нэрлэж байна уу?
-Гоёдох өвчин бол хүний хүзүү, ууц нуруу, бэлхүүс орчмоор үүсдэг өвчин юм. Ихэнх хүмүүс энэ өвчнөөр олонтаа өвддөг. Түгээмэл өвчний нэг гэж хэлж болно.
-Ямар шалтгаанаас болоод ийм өвчин хүмүүсийн дунд түгээмэл болов?
- Ийм өвчин үүсэх шалтгаан нь хүнд юм өргөх, эвгүй хөдлөх, удаан хугацаагаар нуруундаа ачаалал өгөх, даарах зэргээс үүдэлтэй. Ихэнх хүн нурууны дискийн өвдөлт гэж ойлгодог хэдий ч үнэндээ нурууны дискнээс болж өвдөх нь харьцангуй бага юм. Харин ихэнхдээ үе, нуруу хүзүү, бүсэлхий орчмын булчин холбоос зэрэгт бий болсон өвдөлт голлодог. Ийм өвдөлтийн 90 хувь нь ууц, нуруу, бүсэлхийний булчин хэлбэрээ алдан чангарч зангирах, булчин удаан хугацаагаар агшсанаас үүдэлтэй. Ууц нуруу, бүсэлхийн булчин болон өгзөгний булчинг барьж үзэхэд хатуурсан бөгөөд хөл рүү нь өвдөлт дамждаггүй онцлогтой.
-Нуруугаар өвдөхөд ямар хүчин зүйл нөлөөлдөг юм бол?
-Олон хүчин зүйл бий. Тухайлбал, хэт таргалалт нөлөөлнө. Ялангуяа гүзээтэй хүмүүсийн нуруу өвдөх нь элбэг тохиолддог. Гэмтэл бэртэл авах, их даарах үед нуруу дорхноо өвдөнө. Мөн жирэмсэн эмэгтэйн ууц нуруу, бүсэлхийгээр өвдөх нь бий.
Хоёрдугаарт, дискний өөрчлөлт /Диск гадагш гарсан эвэрхий/. Диск нь ууц нурууны ясны хооронд зөөллөж өгдөг нэг ёсны зөөлөвчийн үүрэг гүйцэтгэдэг эд. Диск гадагш гулгаж товойн, хөл рүү орсон мэдрэлийн судлыг дарснаас үүссэн өвчинг дискний эвэрхий гэдэг. Залуу хүмүүст олонтоо тохиолдож, хөл рүү өвдөлт дамждаг юм. Ихэнхдээ ууц нурууны нэг тал, өрөөсөн хөлөөр өвдөх бөгөөд хэвтэж байгаад хөлөө дээш өргөх үед хүчтэй өвдөх нь бий.
Гуравдугаарт, нурууны нугалам хоорондох зайн нарийсал байна. Нурууны нугалмын хоорондын зай нарийсч, мэдрэлийн судлыг бүхэлд нь дарсан байдаг. Нурууны дискний эвэрхийгээр удаан өвдсөн өвчтөн эсвэл биеийн хүчний ажил хийдэг, хүнд юм өргөдөг хүн 40-өөс дээш насны хүмүүс голдуу ингэж өвддөг.
Гол шинж тэмдэг нь удаан явахад нуруугаар улам хүчтэй өвдөж, хоёр хөл рүү ижилхэн байдлаар хөдөлж чадахгүй болтол өвддөг онцлогтой. Үүнээс гадна нурууны өвчний шалтгаалах боловч ихэнх тохиолдолд нурууны буруу байрлал, ясны ургалт, гэмтлээс болж энэ өвчин үүсдэг.
Иймд энгийн үед ууц, нурууны ачааллыг тохируулан, зөв сууж, даарахгүй байх нь чухал. Мөн зогсож ажиллаж занших нь чухал бөгөөд ууц, нурууны булчинг чангалах дасгал хөдөлгөөнийг идэвхтэй хийж байх хэрэгтэй.
-Ууц нуруу, бэлхүүсээр өвдөх үед ямар арга хамжээ авах вэ. Зарим хүн өвчин намдаах эм уудаг?
-Буруу байрлаж унтаад сэрсний дараа нуруу өвддөг. Тэгвэл сандал дээр суунгаа шалан дээр байгаа зүйлийг түүж авах хэрэгтэй. Мөн хүнд зүйлийг эргүүлэх үед гэнэт нуруу, бэлхүүсээр өвдөхийг мэдэрдэг тохиолдол байдаг. Энэхүү өвдөлт нь ихэнхдээ ууц, нурууны булчинд ачаалал бий болсноос үүддэг. Ийм тохиолдолд та хангалттай тайван амрах хэрэгтэй. Тэгвэл өвчин тэр дороо эдгэрдэг.
-Гэнэт ууц нуруугаар хатгахад хүн хөдөлж чаддаггүй. Ийм хурц хэлбэрийн өвдөлтийн үед нурууны өвчнийг намжаах арга байна уу?
-Хэвтэж нуруугаа амрааж болно. Ууц, нуруугаар гэнэт өвдвөл хэвтэж амрах хэрэгтэй. Гагцхүү гурван өдрөөс дээш хугацаагаар тайван амарч байлаа ч өвдөлт намдахгүй бол эмчид яаралтай хандаарай. Мөн бас нэг арга нь хүйтэн, халуун жин тавих хэрэгтэй.
Хурц хэлбэрийн өвдөлтийн үед халуунаас илүүтэй хүйтэн жин тус болно. Өвдөж байгаа хэсэгт хүйтэн жин тавибал судас агшиж, өвдөлт багасна. Өвчин удаан үргэлжилж булчин агшсан тохиолдолд үр дүнтэй байдаг. Хурц хэлбэрийн өвдөлтийн үед эхний гурван өдөр орчим нь хүйтэн жин, дараагийн гурван өдөр халуун жин тавина. Ууц, нурууны архаг өвдөлтийн үед халуун жин тус болно. Гагцхүү халуун жинг үргэлжлүүлэн тавих бол хоёр долоо хоногоос хэтрүүлж болохгүй. Нурууны хамгаалалтын бүс хэрэглэж болно. Хурц хэлбэрийн өвдөлтийн үед ууц, нурууны булчинг хамгаалах хэрэгсэл хэрэглэх нь тохиромжтой. Харин хэт удаан хугацаагаар хэрэглэвэл нурууны булчин сулрах учраас хоёр долоо хоногоос илүү хугацаагаар хэтрүүлж болохгүй.
-Нуруу бэлхүүсээр өвдсөн үед заавал эмнэлэгт хандах шаардлагатай юу?
-Ууц, нуруугаар өвдөх нь янз бүрийн шалтгаантай боловч ихэнхдээ хүнд биш өвчний улмаас бий болдог. Иймд гэртээ байхдаа өөрөө эмчлэн эдгэрүүлж болдог. Цөөхөн тохиолдолд хүнд өвчний улмаас үүдэлтэй буюу мэс засал хийлгэх шаардлага гардаг. Тийм учраас эмнэлэгт очиж мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч эмчлүүлэх хэрэгтэй. Заавал эмнэлэгт хандах шаардлагатай тохиолдлууд байдаг. Тухайлбал, сараас дээш хугацаагаар нурууны өвчин намдахгүй, илааршихгүй үргэлжлэн өвдөж байгаа бол мэргэжлийн эмчид үзүүлээрэй. Шөнө унтаж, амарч чадахгүй байгаа болон явган явж чадахгүй хүндрэлтэй байгаа бол эмнэлэгт хандаарай. Хөлийн шөрмөс цахилгаан гүйх мэт татах болон хүч байнга суларч тамирдаж байгаа бол мэргэжлийн эмчид хандах ёстой. Хошногоны амсар мэдээгүй болох эсвэл өтгөн, шингэн гарахад асуудалтай бол, осол, гэмтлийн улмаас ууц, нуруундаа гэмтэл авсаны дараа бий болсон өвдөлтийн үед яаралтай рентген зураг авахуулж, шинжилгээ хийлгэн манай эмнэлэгт хандаарай. Манай эмнэлэг Хан-Уул дүүрэг, Оргил рашаан сувиллын зүүн жигүүрт байрладаг. Шаардлагатай бол 345374, 96662728 утсаар холбоо бариарай.