Д.БОЛДБААТАР

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч твитерр хуудсаараа дамжуулан иргэдийг цусаа өгөхийг уриалсан. Тэрээр “Цусны төвд цусны хангалт багасчээ. Цусаа өгч амьдрал бэлэглээрэй. Санаачилга гаргаарай. Эх орноосоо энэ биеэ ч харамлалгүй байлдаж байсан дайчдынхаа хойч үе бид дусал цус харамлана гэж үү. Бүгдээрээ цусаа өгцгөөе” хэмээжээ. Үүний үр дүнд ч цусны төвийг зорих хүмүүсийн тоо өсч, цусны нөөц нэмэгджээ. Энэ талаар Үндэсний цус сэлбэлт төвийн албаны дарга Ц.Тунгалагтамиртай ярилцлаа.

 

-Манай улсын хувьд цусны нөөц, хүрэлцээ муу гэдэг асуудал нэлээд яригддаг. Тэгэхээр танай төвд өдөрт дунджаар хэдэн хүн цусаа өгөхөөр ирдэг вэ?

-Цусны төв нь нийслэлийн хэмжээнд явуулын болон суурин гэсэн хоёр янзаар цусаа цуглуулдаг. Явуулын гэдэг нь үйлдвэр албан бай­гууллага, их, дээд сургуу­лиуд болон хөдөлмөрийн хамт олон дээр очиж цус авдаг. Энэ ажлаа Монго­лын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтарч явуулдаг. Дунд шатны улаан загалмайн хороод нийслэлийн улаан загал­майн хороодын харъяа байгууллагуудад очиж сур­­галт сурталчилгаа зохион байгуулж үүний үр дүнд манай явуулын багийнхан очиж цус авдаг.

Суурин гэдэг нь Үн­дэсний цус сэлбэлтийн төвд донор зорьж ирэхийг хэлнэ. Суурин болон явуу­лынх нийлээд нийслэлд өдөрт 80-120 хүн цусаа бэлэглэж байвал эмнэл­гүүдийн хэвийн хэрэгцээг хангаж чадна. Сүүлийн үед донорын идэвхи нэ­мэг­дэж байна нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Амьдрал бэ­лэглье” аян өрнөсөнтэй холбоотой. Аяны хүрээнд цус өгөх иргэд нэмэгдсэн. Гэсэн хэдий ч цагаан сараар цусны эрэлт буур­сан. Учир нь иргэдийн өөх тостой хоол, цагаан идээ, архи дарсны хэрэглээ нэмэгдсэн үед донорын цус өгөх хориотой байдаг. Тиймээс энэ байдалтай тэмцэж Монгол Улсын Ерөнхийлөгч Twitter хууд­саараа дамжуулан уриал­сан. Үүний хүрээнд маш олон байгууллага санал тавьж цусаа бэлэглэсэн. Зөвхөн цусны төв дээр 60 орчим донор ирж байна. Гэхдээ ирж байгаа доно­рууд  мэдээлэл дутуу байгаагаас хоол ундаа тохируулаагүй, цус өгөх хүсэлтэй боловч өвдсөн байх жишээтэй. Донорын шалгуур маш нарийн. Шаралсан болон бэлгийн замын халдварт өвчтэй болсноор хасагд­даг. Манайхыг зорьж ирсэн донорын найман орчим хувь нь, халдвар илрүүлэх шинжилгээгээр 10 орчим хувь нь цусаа өгч бол­доггүй. Гэхдээ сүүлийн үед цусаа өгөх гэж ирэх донорын тоо нэмэгдэж байна. Харин донор бо­лохоор ирэхдээ цус өгөх­тэй холбоотой мэдээлэл дутмаг байгаа нь телевиз, сонин,  FM, радиогоор мэдээлэл бага гардагтай холбоотой юм.

-Цус өгөхөд нас, хүйс хязгаарладаг уу?

-17-60 насны хүн цус­ны донор болох боломж­той. Харин ДЭМБ-аас ихэвчлэн 18-35 насны хүмүүсийг донорын эг­нээнд хамруулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгдөг. Манай улс залуучуудын орон учраас цусаа бэлэглэж байгаа иргэдийн  60-аас дээш хувь нь залуучууд байна. Тиймээс манай улс энэ шалгуураар олон улсын төвшинд хүрсэн гэж ойлгож болно.

-Ихэвчлэн хэддүгээр бүлгийн цус дутмаг байдаг юм бэ?

-Хэрэглээ аль бүлэг их байна, өвчлөл хэзээ га­рахыг бид мэдэхгүй.  Ма­най улсын хувьд   хүмүү­сийн цусны бүлгийн хамаарлын судалгаагаар хүн амын 6-7 хувь нь А,B буюу дөрөвдүгээр бүлэг бага байдаг. Гэхдээ өвчлөлтэй холбоотойгоор янз янзын цусны хэрэглээ гарна. Зарим үед 2,3,4,1 хэрэгтэй байдаг. Сая элэг шилжүүлэн суулгах ха­галгаанд O бүлэг B бүлгийн цусны хэрэглээ их байсан. Гэтэл нэг хүнд 80-100 донорын цус ордог.

-Цусаа өгснөөр доно­рууд хүний амь аварч байгаа гэдгээ хэр ойлгодог бол. Ер нь хүмүүс ямар шалтгаанаар цусаа өгдөг бол?

-Одоогоор манай сур­галт сурталчилгаанд хамрагдсан хүмүүсийн 92 хувь нь тэнцэж, найман хувь нь хасагддаг. Ер нь иргэдийн мэдээлэл эерэг талруугаа байдаг. Хүний амь нас аварч буян үйлдэж байгаа гэдгээ ухамсарлаж иргэн хүний үүрэг гэдгээ сайн ойлгодог болсон.

-Цусны шинжилгээ гэдэг нарийн. Тэгэхээр цусны шинжилгээний тоног төхөөрөмж мэдээж чухал үүрэг гүйцэтгэх байх. Танай байгууллагын хувьд тоног төхөөрөмж ямар байна вэ?

-Манай байгууллагын хувьд эмч мэргэжилтнээс гадна тоног төхөөрөмж хамгийн чухал байдаг. Шин­жилгээний төхөө­рөмж олон улсын стан­дартад нийцсэн гэдгийг нүүр бардам хэлж чадна.

-Цусаа өгөхийг Ерөн­хийлөгч хүртэл уриалсан. Гэтэл иргэдийн идэвхи хэр байна. Энэ талаарх уриал­га нь иргэдэд хэр хүрдэг вэ?

-Улаан загалмайн ний­­гэмлэгийн арга зүйч, манай үндэсний төв бо­ломжийн хэрээр суртал­чилгаа явуулж байгаа боловч санхүүжилт дутмаг учраас энэ талын мэдээллээ  хангалттай явуулж чаддаггүй. Twitter болон донор.мн цахим хаягаар амьдрал бэлэглье зэрэг группыг байгуулж сурталчилгаа хийж байгаа боловч хангалттай биш байна. “Амьдрал бэ­лэглье” аяны хүрээнд Монголын үндэсний олон нийтийн телевизээр ганц­хан удаа шууд нэвтүүлэг цацсан. Энэ нь тийм олон хүнд хүрч чадаагүй. Тиймээс Бөхийн өргөө, МУИС зэрэг гадуур байр­лах том дэлгэц мөн авто­бусны телевизээр цацсан. Мэдээлэл хангалттай  яв­сан гэж хэлж чадахгүй ч иргэдийн идэвхи сайжирч байна.

Ерөн­хийлөгчийн хувьд донор хүн. Манай улс донор ерөнхийлөгчтэй. Харин дэлхийд донор ерөнхийлөгчтэй улс хэр олон байдгийг хэлж мэ­дэхгүй байна. Ерөнхий­лөгч тогтмол цусаа бэлэг­лэдэг цаашид ч бэлэглэнэ гэдгээ илэрхийлсэн.

-Тухайн хүн танай төвд очоод цусаа өгье гэвэл хэр хугацаа шаар­даг­дах вэ? 

-Бид хүмүүст “Амьдра­лын­хаа 15-20 хормыг хү­ний амьдрал, цусаа өгөхөд зориулаач. Энэ мөч таны амьдралын том жаргалтай мөчүүдийн нэг байх болно” гэж хэлдэг. Яагаад гэхээр цус бэлэглэх нь хүнлэг ёсны хамгийн том илрэл юм. Донор хүний онцлог нь  хэн нэгэнд цус бэлэглэж хүний амь аврах. Өөрөөр хэлбэл манай бай­гууллагаар дамжуулан  ха­риу нэхэлгүйгээр өөрийн­хөө нэрийг нуун далдалж өгдөг хандив. Донор өвч­төн хоёрыг  хэзээ ч уул­зуулах ёсгүй гэсэн ДЭМБ-ын зөвлөмж бий. Өвчтөн донор хоёрын хоорондын харьцаа янз бүрийн эдийн засгийн дарамт үүсэх зэргээс хамгаалж донорыг нууцалдаг. Донорын нэр нь цусанд хэзээ ч явдаггүй кодтой байдаг. Ингэж нэрээ нууцлан байж хүний амь аврана гэдэг маш сайхан хандив.

-Хүмүүс том хагалгаа­наас аврагдаад цусаа бэлэглэсэн доноруудад талархсан бичгийг уншиж байхад үнэхээр цусаа өгөх нь хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Харин иргэд цус ямар үнэтэйг хэр зэрэг ойлгодог бол?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай мэдээлэл гарсны дараа манайхыг зорьж ирэх хүмүүсийн тоо нэмэгддэг. Тэгэхээр иргэд үүргээ, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг  хүнлэг сэтгэлтэй ард түмэн гэдэг олон зүйл дээр харагддаг. Цусны алба нь цусаа бэ­лэглэсэн донор хүн болон цусыг хэрэглэдэг өвчтөн хоёрыг холбодог дамжлага бааз. Тэдгээр өвчтө­нүү­дийн талархлыг донортоо мэдээллэх нь манай бай­гууллагын үндсэн үүрэг. Яагаад гэвэл өвчтөнүүд хэнд талархахаа мэд­дэггүй. Тиймээс тэдний талархалыг хүргэх үүднээс “Донорууддаа баярлалаа” талархалын бичгийг эм­нэлгүүдээр аялуулж талар­халын булан байгуулсан юм.