Д.ОЮУНЧИМЭГ

Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эх  барих эмч Ч.Таалайтай нялхсын эрүүл мэндийн ярилцлаа.

-Сүүлийн үед төрөлт нэмэгдсэн. Гэтэл түүнийг дагаад саар мэдээллүүд их гарах боллоо. Энэ нь эмчийн ур чадвараас хамаарч байна уу гэж харж байна. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Жирэмсэн эхийг дөрвөн удаа үздэг. Анх удаа үзсэнээс хойш тав, долоо, есөн сартайд нь үзнэ. Энэ үедээ эрсдэл байгаа эсэхийг хянадаг. Үзлэгийн явцад эхэд урд өмнө ямар нэг шинж тэм­дэг, эрсдэл гарч байсныг тодруулах ёстой. Хэрэв өмнө нь зулбаж байсан, эсвэл амьгүй болж байсан шинж тэмдэгүүд илэрч байсан бол түүнийг нь сайн хянах хэрэгтэй. Тухайн сардаа ерөнхийдөө эрсдэл өндөр байдаг учраас эх өөрөө ч мөн хяналттай байх хэрэгтэй. Ер нь үр зулбах, эндэх маш олон шалтгаан бий. Эдгээр нь дан ганц эмчээс шалтгаалдаг зүйлс биш. Тиймээс аль аль талдаа хянамгай байх хэрэгтэй юм. Тухайлбал, нөхөн үржихүйн замын үрэвсэлт өвчин бас зулбалтад нөлөөлнө. Гэтэл хүмүүс энэ төрлийн өвчний талаар ойлголтгүй байдаг.

-Нярайн эндэгдэл, ургийн гажигийн талаар  нэлээд ярих болсон. Танай аймгийн хувьд ямар байгаа вэ?

-Нярайн эндэгдэл сүүлийн 2-3 жил нэлээд өндөр байгаа. Өнгөрсөн онд 51 тохиолдол гарсан. Амьгүй 14 гарсан. Үүнийг 2011 онтой харь­цуулахад нийт эндэгдлийн тоо буурсан. Гол шалтгаан нь эхийн жирэмслэлт хүндэрснээс болдог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 23 долоо хоногтой 500 гр жинтэй бол төрөлт гэж үзнэ гэсэн зөвлөмж байдаг. Тиймээс энэ зөвлөмжийн дагуу явахаар эндэгдэл өндөр болж харагддаг. Эндэгдэлд нөлөөлж буй бас нэг зүйл нь халдварт өвчин. Тий­мээс гэр бүлийн хүмүүс тохиолдлын харьцаанд орохгүй байх хэрэгтэй. Энэ нь өвчин авч дамжуулах нэг эх үүсвэр болдог. Мөн сүүлийн үед вирусын халдвар нөлөөлж байна. Түүнчлэн хотжилт ч мөн нөлөөлдөг. Учир нь машинаас гарч байгаа утаа болон нүүрсний утаа, агаарын бохирдол маш их сөрөг нөлөөтэй.

-Эрүүл төрсөн нярайг эмчийн хариуцлагагүйгээс ямар нэг байдлаар гэм­тээх, түлэх гээд олон асуудал  гарч байна. Танай аймгийн эмнэлэгт эмчийн буруугаас болж нярай эндсэн тухай сонслоо. Та үүнийг тодруулж өгөөч?

-Төрөлтийг удирдахдаа ямар заалт барьж төрүүлэх вэ гэдгийг баримтлах ёстой. Одоогоор гомдол гаргасан хоёр тохиолдол бий.

-Хэрэв нярай байх үедээ гэмтэл авсан бол тэр нь том болох тусам нь сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэг баталгаа өгч чадах уу?

-Үгүй. Тиймээс аль аль талдаа болж өгвөл алдаа гаргахгүйгээр ажил­лах хэрэгтэй. Аливаад хандах хандлага нь зөв байх хэрэгтэй гэж боддог. Ер нь эмчийн хяналтын болон төрөлтийн түүхийг маш сайн хадгалах ёстой. Эргээд ямар нэг байдлаар хэрэг болдог. Тиймээс эх өөрөө, бас эмч ч заавар зөвлөгөө өгөхдөө үүнийг хэлж байх хэрэгтэй.  Яагаад гэвэл тухайн үед нь ямар хүндрэл гарсан, яаж арга хэмжээ авсан гээд бүх түүх бичигддэг. Тэгэхээр олон хоног, сарын дараа тэр нь баримт болох юм.

-Эмчийн хариуцлагын талаар ярих цаг нь болсон гэж хүмүүс ярих боллоо. Эмчийн хайнга хариуц­лагагүй, ур чадвар муугаас болсон эндэгдэл, хариуц­лагыг хэн үүрэх ёстой вэ?

-Сүүлийн үед өсөлтгүй болон янз бүрийн тохиолдол гардаг. Үүнийг юунаас шалтгаалж байгааг хийсэн судалгаа одоогоор байдаггүй юм. Байдлыг хараад байхад манай аймгийн хувьд Бат-Өлзий сумаас өсөлтгүй жирэмслэлт гурван тохиолдол илэрсэн. Энэ нь юутай холбоотой гэвэл байгаль орчноос шалт­гаалж байгаа юм. Өмнө нь Уянга сумын иргэдэд илүү анхаардаг байсан бол одоо Бат-Өлзий сум нэмэгдэж байна. Энд бас нэг зүйл бий. Хүсээгүй жирэмс­лэлтээс гарах үр дагавар их.

-Мөн эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчин насны хязгааргүй болсон тухай сонсож байсан. Тухайл­бал, гурван настай эмэгтэй хүүхэд савны хавдартай байсан тухай ярьдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Би бас энэ тухай сонсож байсан юм байна. Ургийн бойжил­тийн үед үүссэн уйлан­хайтай хүүхэд төрсөн то­хиолдол байсан. Тэгэхээр тэр гурван настай хүүхдийг тийм байсан гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс бид “Эрүүл залуу гэр бүл” гэсэн сургалтыг аймгийн Хүний хөгжлийн төвийн даргатай ярьж байгаад өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн явуулж эхэлсэн. Энэ сургалтад жирэмсэн эхчүүдээс гадна шинээр гэр бүл болж буй иргэдийг хамруулдаг.

-Төрөхүүд ачааллаа дийлэхээ байсан. Төрөхөөр ирж байгаа ээжүүдийг авалгүй буцаадаг гээд төрөх эмнэлгийг тойрсон хэл ам тасрахгүй юм. Танай аймгийн хувьд ямар байна вэ?

-Төрсөн ээжүүдийг дор хаяж нэг хонуулах ёстой. Гэтэл ор хүрэлцэхгүй бай­гаагаас шалтгаалан тө­рөлтийн явц гайгүй бай­сан,  харьцангүй гайгүй ээжүүдээ 2-3 цаг болгоод сандал дээр суулгах бол юу ч биш. Тэгэхгүй бол цөөхөн орон дээрээ төрөх гэж байгаа, төрсөн ээжүүд маань багтахгүй болчихдог юм. Аймгийн хэмжээгээр 2500 гаруй эх төрж байхад төрөх ор нь 20, жирэмсний эмгэгийг ор 12, эмэг­тэйчүүдийн үзлэгийн 5, амрах байрны 4 ортой байлаа. Өртгөтөл баригд­санаар 70 ортой болно. Энэ жил шинэ байрандаа орох төлөвлөгөөтэй байгаа. Хөдөө орон нутагт бас нэг тулгамддаг бэрхшээл гэвэл мэргэжлийн эмч.