Т.ДАЛАЙ

Манайд төрөлхийн дүлий хүнд сонсгол оруулах дунгийн суул­гацын хагалгаа хийгээд даруй 3-4 жил болжээ. Тиймээс бид энэ удаа­гийнхаа дугаарын зочноор Чих хамар хоолой, сонсголын улсын үйлчил­гээтэй Сургалт эрдэм шинжил­гээний “ЭМЖЖ” Төв-ийн Сонсгол суд­лалын эмч, АУ-ны доктор М.Заяаг урьсан юм.  

 -Бидний  чих ямар бүтэцтай байдаг вэ.  Энэ сэдвээр ярилцлагаа эхэлье?

-Чих нь  гадна,  дунд,  дотор чих гэсэн  гурван хэсгээс бүрддэг.  Гадна болон дунд чих нь  дууны долгионыг цуглуулж авах, дамжуулах үүрэгтэй.  До­тор чих нь  захын сонсголын мэдрэлийн эсүүд нь чихний дунгаас тархи уруу мэдээлэл дамжуулах буюу хүлээж авдаг.  Энэ нь механик энергийг биологийн энерги болгон   цааш сонсголын мэдрэлээр дам­­жаад тархинд хүрдэг.  Тэнд хүн үгийг ялгаж, дуу чимээг таньж мэдэх процесс явагддаг.

Чихний гадна дэлбээ нь  дууг цуглуулна. Чихний гадна сувгаар дамжуулаад хэнгэргэн хальсан дээр очиход энэ нь дууны долгионыг аваад хэлбэлзэж хөдөлнө. Хэнгэргэн хальсны цаад талд  алх, дөш, дөрөө гэх сонсголын гурван яснууд байрладаг. Эдгээр яснууд нь хөшүүргийн дөрөөгөөр бие биеэ хөшиж хөдөлгөөд дотор чихний доторх шингэнийг цалгиахаар захын сонсголын мэдрэл буюу сормууслаг эсүүд сэрж дууны долгионыг дамжуулна. Ингээд тар­хинд  очиж дуу чимээг ялгана гэсэн үг.  Сонсголын эдгээр ясууд гэмтсэн үед дуу дам­жуу­лах хэлбэрийн сонсгол бууралт үүсдэг.

-Манайхан чих хатуурах, дүлийрэх, юм сонсохгүй байх гэж ярьдаг. Харин мэргэжлийн эмч нар сонсгол бууралт гэж ярьдаг. Энэ тухай жаахан тодруулаач?

-Сонсголын бууралтыг дотор нь дуу дамжуулах, дуу хүлээн авах,  холимог хэлбэрийн гэж гурав ан­гилдаг. Гадна болон дунд чихний үйл ажиллагааны алдагдлаас болж үүсч буйг дуу дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт гэнэ. Дотор чихтэй холбоотой хүлээн авах хэлбэрийн сонсгол бууралтыг дуу хүлээн авах хэлбэрийн бууралт гэнэ. Дуу дам­жуулах хэлбэрийн болон хүлээн авах хэлбэрийн бууралт хоёр нь  хоёулаа хавсарч тохиолдвол холи­мог сонсгол бууралт болно. Дуу дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт эмийн болон мэс заслын эм­чилгээгээр  нөхөн сэргээгдэх боломжтой.

-Тэгвэл эдгээр нь эмийн болон мэс заслын аргаар бүрэн эмчлэгдэх үү?

-Дотор чихний буу­ралтыг одоогоор нөхөн сэргээх эм  дэлхийд  хараахан гараагүй байна.  Гэхдээ дотор чихний сор­мууслаг эсүүдийг ур­гуулдаг янз бүрийн судал­гааны ажлууд хийгдэж байгаа. Энэ сонсгол буу­ралтыг техникийн аргаар нөхөн сэргээдэг. Энэ нь нэгдүгээрт, сонсголын аппарат, хоёрдугаарт дунгийн суулгац буюу до­тор чихний суулгац хагал­гаагаар  нөхөн сэргээж байгаа. Дотор чихний сонс­гол бууралтын үед тодорхой хэмжээний үлдэг­дэлтэй үед сонс­голын аппарат тохи­руулна. Дотор чихний бү­рэн гэмтэл буюу таг дүлий үед сонсголын аппарат тус болж чадахгүй. Энэ үед дунгийн суулгац буюу дотор чихэнд электрод хагалгаагаар оруулж суул­гана.  Хагалгааны дараа спич процессор буюу дуу боловсруулах процессыг чихнийхээ ард (сонсголын аппараттай адил) зүүгээд дотор чихний элект­родтойгоо соронзонгоор холбогддог. Дунгийн суулгацын аргаар сонсгол нөхөн сэргээх боломжтой.

-Сүүлийн үед дунгийн суулгацын  хагалгаа гэж их ярьдаг болсон. Энэ хагал­гааг манайхан төдийлөн сайн мэдэхгүй.  Ямар хүмүүст яаж хийдэг юм бэ?

-Дэлхий дээр 100 төрөлт тутамд 1-2 таг дүлий хүүхэд төрдөг гэж үздэг. Сонсгол оруулах буюу дунгийн суулгац хагалгааг дэлхий дээр анх Австрали улсад 26 жилийн өмнө хийж эхэлсэн.  Энэ хагалгаа нь огт сонсохгүй, сэрэхгүй байгаа дотор чихийг хагалгааны аргаар электрод суулган тех­никийн аргаар сонсгол оруулж буй арга юм. Дунгийн суулгац нь гадна, дотор гэсэн хоёр хэсэгтэй. Гадна хэсэг нь дууны про­цес­сор буюу дамжуу­лагчаас бүрдэнэ. Харин дотор хэсэг буюу элект­родууд нь чимээг сонс­голын мэдрэлээр дам­жуулан тархинд хүргэдэг.

Энэ хагалгааг  дөнгөж төрсөн хүүхдэд  гурван сар дотор хийвэл эрүүл хүнтэй адил хэл, боловсрол эзэм­ших боломжтой. Хэрэв гурван наснаас дээш хийвэл үр дүн буурдаг. Дүлийг дотор нь олдмол  ба төрөлхийн гэж хоёр ангилдаг.  Төрөлхийн дүлий тохиолдолд дээрх аргаар мэс засал хийнэ. Харин олдмол дүлий буюу эрүүл төрчихөөд ямар нэг шалтгааны улмаас сонс­голоо алдсан тухайлбал гэмтэл, вирусийн га­ралтай халдвар, стресс, чихэнд хортой эм тариа болон бусад зүйлээс болж сонсгол алдсан тохиол­долд  нас харгалзахгүй хийдэг. Хүн чихээрээ үг  дамжуулах л үүрэгтэй. Тархиараа үгийг ялгадаг. Олон жил дүлий явбал үг ялгах тархины үйл ажиллагаа устдаг тул тухайн хүнд энэ хагалгааг хийвэл нөхөн сэргээх про­цесс төдий чинээ удаан явагдана. Тэгэхээр сонс­гол буурсан тохиолдолд шууд л арга хэмжээ авах хэрэгтэй.

-Энэ хагалгааг хийл­гээд сонсгол бүрэн сэргэх боломжтой юу. Хэр үр дүнтэй вэ?

-Орчин үед дунгийн суулгац хагалгааг хийх хугацааны заалт илүү богиноссон. Энэ хагалгааг хөгжингүй орнуудад хоёр чихэнд хийж байгаа. Ингэхэд  эрүүл хүнтэй адил хоёр чихээрээ сон­сож, ярих боломж бүрддэг. Энэ хагалгааны өмнө 3-6 сар заавал аппарат зүүх ёстой. Аппарат зүүгээд үр дүн тодорхой хэмжээгээр илэрч байвал цаашдаа аппарат зүүнэ. Харин огт илрэхгүй байгаа тохиолдолд энэ хагалгааг хийдэг. Шинжилгээгээр батлагдсан ч гэсэн заавал сонсголын аппарат зүүнэ гэсэн үг. Манай орны хувьд  хожуу оношлогддог. Хүүхэд хэлд орох насандаа хэлд орохгүй байна гэж сургуульд орохын өмнөхөн эцэг эхчүүд дагуулж ирдэг. Тэгэхээр нилээд хожуу буюу ихэвчлэн 3-6 настайдаа оношлогддог. Энэ өвчин оношлогдоод аппарат зүүж хяналтанд явна, дараа нь  хагалгаанд орох процесс 6 сараас нэг жил хүртэл явагдана. Ингэхэд тухайн хүүхэд бүр 4-6 настайдаа хагалгаанд орох болдог.

Хойшлох тутам үр дүн буурна. Гэхдээ үр дүнг эцэг эхчүүд өөр өөрөөр хүлээж авдаг. Зарим эцэг эхчүүд хагалгаанд ороод эрүүл хүн шиг сонсож  шууд ярьж эхлэхийг шаардана. Энэ бол бүр багадаа хийгдсэн тохиол­долд л боломжтой зүйл. Хожуу хийгдэж байгаа тохиолдолд эрүүл хүн шиг ярьж сурахгүй гэхдээ дуу чимээг авна, бүх чимээг ялгаж сурна. Энэ нь зарим эхчүүдэд том үр дүн бол­дог. Жишээлбэл 10 настай хүүхэд эрүүл хүнтэй адил ярьж сурна гэж байхгүй. Энэ хагалгаа бол хүчээр сонсгол оруулж буй ха­галгаа. Тархины үйл ажиллагааг сэргээнэ гэж байхгүй. Тиймээс 10 настай хүүхэд ядаж л хаалга тогшиход тайлаад өгчихдөг, нэрээр нь дуудахад эргэж хардаг тийм болвол зарим эцэг эхчүүдэд том үр дүн болдог. Ерөнхийдөө хэдэн насанд хийж байна гэд­гээс үр дүн өөр өөр гарна.

-Манай оронд хэ­зээнээс эхэлж хийгдэх болсон бэ?

-Австралийн Кохлеар фирмийн дунгийн суулгацыг манайх анх 2009 онд хийсэн. Одоогоор 15 орчим хүүхдэд хийгд­сэн байгаа.

-Насны хувьд ямар насныхан их ирж байна вэ?

-Насны хувьд 2-14 настай хүүхдүүд ирсэн.  Ингэж оройтож ирэх шалтгаан гэвэл манайд оношлогооны асуудал нэ­лээд төвөгтэй. Хөгжингүй орнуудад  төрөх тасагт сонсголыг шалгах шин­жилгээ байдаг учраас төрөнгүүт нь сонсголыг нь шинжилж сонсголын алдагдалтай бол чих хамар хоолойн эмнэлэг рүү ил­гээдэг. Тиймээс хөг­жилтэй орнуудад хүүхэд  дөнгөж төрөнгүүтээ онош­логддог. Харин манай орны хувьд тийм онош­логоо төхөөрөмж хан­галтгүй учир эцэг эхчүүд маань ихэнхдээ мэдэхгүй байсаар оройтдог.

-Үнэ өртгийн хувьд?

-Энэ хагалгаа нь хөгжингүй орнуудад ихэвч­лэн даатгалд хам­рагдсан байдаг учир иргэ­дэд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй. Харин манай орны хувьд  одоо­гоор эрхтэн шилжүүлэх хагалгаа даатгалд хам­рагдаагүй учраас эцэг эхчүүдэд төлбөрийн асуу­дал төвөгтэй. Одоогоор бид эрүүл мэндийн даатгалд хамрагдана гэдэгт найдаж байгаа. Зөвхөн сонсгол биш элэг бөөр гэх мэт эрхтэн шилжүүлэх ха­галгаа даатгалд хамрагдаж эхэлвэл хүлээгдэж буй маш олон хүүхдүүд ха­галгаанд орно. Манай эмнэлэг дээр одоогоор 300 - гаад хүүхэд оношлогдсон байгаа. Хожуу оношлогд­дог дээр нь төлбөрийн асуудал гэхээр бүр хойш­логдоод байдаг. Хамгийн гол нь нас явах тусам үр дүн буурдаг учир тун харамсалтай.

-Мэс засал хийлгэсний дараа хэр хурдан хуга­цаанд үр дүнгээ өгдөг вэ?

-Хагалгаа хийснээс хойш нэг сарын  дараа спич процессороо нээдэг. Хүүхэд эхийн хэвлийд бий болох цагаасаа дуу авиаг сонсч эхэлдэг. 4 сар­тайгаасаа дуу гарсан зүг рүү эргэж харна. Улмаар 1 нас орчмоос ганц нэг үг хэлж эхэлдэг шүү дээ. Энэ нь тархи дуу чимээг таньж мэдээд хариу урвал үзүүлдэг болж буй хугацаа. Энэ хугацаа нь сонсгол оруулж буй хүнд яг адил явагдана. Тэгэхээр хагалгаа хийлгээд  сарын дараа ярьдаг болно гэж байхгүй. Харин сарын дараанаас сонсч эхэлнэ. Ингээд 1 жил орчмын дараанаас ганц нэг үг хэлж эхлэнэ. Эрүүл хүүхэд ямар үе шат дамжиж хэлд орно яг үүнтэй адил үе шатыг дамждаг.

Тиймээс хагалгааны дараа хэл заслын багш тусдаа 1-2 жилийн хугацаанд хичээл заадаг. Энэ хагалгаа нь  маш олон хүний хөдөлмөр байдаг. 1-рт, хагалгаа амжилттай болох үүднээс мэс заслын эмч 2-рт, сонсгол судлалын эмч, 3-рт, хэл заслын эмч,  4-рт, техник учраас дунгийн суулгацын ажиллагааг шалгаж байх инженер техникийн баг  5-рт, гэр бүл гэсэн 5 баг хамтарч ажиллаж байж хагалгааны үр дүн гарна.

-Манай орны хувьд сонсголын гажигтай болох суурь нөхцөл юу байна?

-Сонсголын гажиг нилээд олон шалтгаантай. Тухайлбал саяхан гахайн хавдар нилээд ихэслээ. Гахайн хавдарын улмаас нэг талын сонсгол дүлий болох тохиолдол байна. Гэхдээ энэ нь ховор. Тархалт их байвал мэдээж сонсголд нөлөөлнө л гэсэн үг. Жирэмсэн байхад улаа­нууд өвчнөөр өвчил­вөл хараа, сонсголын гажигтай төрөх магадлал тун өндөр. Мөн жирэмсэн үедээ болон төрсөний дараа халдварт өвчнөөр өвдөх, гэмтэл ослоос, удамшлын шалтгаанаар, чихэнд хортой антибиотик хэрэглэснээс, сүрьеэ өвчний үед канамицин эм хэрэглэснээс, жин дутуу төрөх, шарлалт удаан явагдах гэх мэт сонсголын гажигтай болох олон шалтгаан байдаг.

Хамар хоолой чих гурав салшгүй холбоотой. Хамар залгиурын өөрч­лөлтөөс болоод дунд чихний агааржилт алдагд­сантай холбоотой сонсгол дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт үүснэ. Энэ тохиолдолд багад нь эмчилвэл эдгэрэх бо­ломжтой. Хүүхдэд ихэвч­лэн дунд чихэнд шингэн хуримтлагдах архаг үрэвслийн үед бол зарим үед гайгүй, зарим үед муу сонсох, эсвэл нэг дуу­дангуут эргэж харахгүй байх тохиолдол байдаг. Үүнийг эцэг эхчүүд манай хүүхэд анхаарал нь өөр тийш төвлөрсөн учраас хэнэггүй байна гэж бодоод хугацаа алдах тохиолдол их байдаг. Тэгэхээр хүүхдээ төрөнгүүт нь сонсголыг нь нэг удаа заавал үзүүлэх хэрэгтэй. Мөн хамар хоолой өвддөг өвчлөмтгий хүүхдүүдийг жилд нэг удаа үзүүлэх нь зүйтэй. Ер нь телевиз чанга үздэг, дуу хөгжим чанга сонсдог, чанга ярь­даг, хамар нь битүүрдэг харшилтай, хурхирч унтдаг хүүхдүүдийг заавал үзүүлээрэй гэж хэлье.

-Орчин үед залуучууд маань чихэвч байнга сон­сох болсон. Энэ нь сонсголд хэрхэн нөлөөлдөг бол?

-1990 оны үед сонсгол дамжуулах үеийн сонсгол бууралт их байдаг байсан. Харин сүүлийн үед үйлд­вэржилттэй холбоотой  FM, MP3, төрөл бүрийн утас гээд  чихэвчээр дуу хөгжим  их сонсдог, мөн хүнд машин механизм барьдаг хүмүүст дуу чи­мээнээс үүдсэн сонс­голын мэдрэлийн хүлээн авах хэлбэрийн сонсгол бууралт үүсэх нь ихэсч байгаа. Энэ нь эмийн эмчилгээгээр нөхөн сэргээгддэггүй, заавал сонсголын аппарат эсвэл дунгийн суулгац хагалгаа хийлгэх заалттай.

Тэгэхээр байнга чихэвчээр хөгжим сонсох хэрэггүй. Тодорхой хэм­жээгээр хэсэг хугацаанд сонсоод нэг цаг ч юмуу амраагаад дахин сонсох хэрэгтэй. Манайхан бол хэдэн цагаар сонсдог шүү дээ. Мөн  хөдөлмөр хамгааллын хэрэгслийг сайн хэрэглэж байх хэрэгтэй. Ялангуяа үйлд­вэрийн нөхцөлд ажиллаж байгаа ажиллагсад мөн сүүлийн үед буун спорт, ан агнах гэх мэтээс үүсч буй  гэнэтийн чанга чимээ нь сонсголын мэдрэлийн эргэшгүй өөрчлөлтийг гаргадаг.

-Дунгийн суулгац  хагалгаагаар цаашдаа эмч бэлтгэж байгаа юу?

-Манайх дунгийн суулгац хагалгаагаар  гурван эмч бэлтгэж байгаа. Нэг нь бие даан хийж байгаа. Нөгөө хоёр нь залуу эмч нар бэлтгэгдэж байна. Герман, Солонгос улсуудад мэргэжил дээшлүүлж байгаа. Австралийн Кохлеар фирм нь дурын эмнэлгийг дист­рибютерээ болгодоггүй. Манай эмнэлэг 2002 оноос энэ хагалгаагаар эмчээ бэлтгэж эхэлж байсан. 2009 онд Австралиас мэргэжилтэн ирж багаж, тоног төхөөрөмж, эмч мэргэжилтэн, лобаронт, инженер технийкийн баг бүрдсэн эсэхийг шал­гасан. Энэ шалгалтанд манай эмнэлэг тэнцэж Кохлеар фирмийн дист­рибютер болсон. Үүнээс хойш жил бүр тасралтгүй сургалт зохион байгуулдаг. Бид Австрали, Бээжин, Солон­госоос эмч мэр­гэжилтэн профес­со­руудыг урьж авчирч олон улсын семинар 2 дахь жилдээ зохион байгуул­сан.

-Энэ хагалгаанд орох хүсэлтэй хүүхдүүдийн ар гэрийнхэнд зориулсан зөвлөгөөг өгөөч.

-Хүүхдүүд дүлий төрнө гэдэг заавал удамшил байх албагүй. Би олон хүүхдийг үзэж байсан. Сонсгол буу­ралттай нь оношлогдвол эцэг эх нь ихэвчлэн манай тал, танай тал гээд хайгаад явчихдаг. 2-3 дүлий төрсөн хүүхдүүдийн дунд су­далгаа хийхэд 70-80 хувь нь ямар ч удамшлын шалтгаангүй эрүүл эцэг эхээс төрсөн байдаг. Эцэг эхчүүдэд заавал удамшлаас болж дүлий төрдөг гэсэн ойлголт бай­даг. Удамшлын шалтгаан байх албагүй гэж энэ дээр хатуу хэл­мээр байдаг. Хоёрдугаарт,  хүүхдийг аль болох бага дээр нь  эмчид хандан үзүүлвэл нөхөн сэргээх эмчилгээ сайн хийгдэнэ. Дүлий төрнө гэдэг бол хувь заяа биш. Айж хугацаа алдахгүйгээр эмч нарт хандах хэрэгтэй. Аль болох эрт арга хэмжээ авна төдий чинээ үр дүн сайн гарна.