Д.ГАНТУЛГА, Д.БОЛДБААТАР
Харшил буюу аллерги гэсэн нэр томьёог манайхан хэрэглэдэг болоод удаж байна. Хүүхэд, хөгшид гэлтгүй бүх насныхан энэ өвчнөөр өвддөг, хүмүүсийн олонхи нь ургамлын тоосонцрын, хүйтний, хоол хүнсний харшилтай гэсэн өвөрмөц тодотголтой болоод удаж байна. Өвлийн улиралд манайхны зарим нь энэ өвчнийг бараг мартдаг. Харин хавар, зун, намар гээд харшлын өвчин сэдэрч, сэтгэл зовоосон асуудлуудтай нүүр учирдаг. Тиймээс Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшлын төв лабораторийн эрхлэгч, ШУ-ы доктор, профессор Б.Сэнгэдоржтой ярилцлаа.
УРГАМЛЫН ТООЦОНЦРЫН ХАРШИЛ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛЭЭР ЭХЭЛДЭГ
-Урин дулаан орохоор бид харшлын өвчин эхлэх нь гэж ойлгодог болж. Энэ нь харшлын өвчин их дэлгэрсэнтэй холбоотой байх. Манайд хамгийн их түгээмэл тохиолдож байгаа нь ямар харшил байна вэ?
-Дэлхий дахинд харшлын өвчний тархалт жилээс жилд нэмэгдсээр байна. Манайд ч гэсэн энэ өвчний тархалт нэмэгдсэн. Манайд сүүлийн үед хөрсний бохирдол их болсноос ургамлын тоосонцрын харшилтай хүний тоо нэмэгдсэн. Монголын нөхцөлд ургамлын тооцонцрын харшил дөрөвдүгээр сарын сүүлээс аравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Үүнийг бид харшлын үе гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, энэ үед ургамлын тоосжилт ид явагддаг гэсэн үг.
-Эмч, мэргэжилтнүүд үүнийг ургамлын тоосонцрын харшил гээд нэрлээд байдаг. Харин хүмүүс харшлын өвчин нь яг ямар ургамлаас үүсээд байгааг мэддэггүй. Тиймээс та манай оронд харшлын өвчнийг үүсгээд, сэдрээдэг ямар ургамал байдгийг хэлж өгөөч?
-Цэцгийн дохиурын тоосноос үүдэлтэй харшил хүмүүст элбэг тохиолддог. Дэлхий дахинд 700 гаруй харшил үүсгэгч ургамал байдгаас манай оронд 200 гаруй нь байдаг. Үүнээс 40 орчим ургамал нь онцгой харшил үүсгэдэг. Энэ нь нийт ургамлынхаа 7.2 хувийг эзэлж байна.
Манай улсын хэмжээнд сүүлийн 30 гаруй жил ямар төрлийн ургамлаас хэдийд харшил үүсээд байна вэ гэж нөхцөл шалтгааныг нь судалсан тархацын судалгаа хийсэн. Үүний үр дүнд 4-5 дугаар сард мод сөөглөг ургамал болох бургас, улиас, хус цэцэглэхтэй холбоотой эдгээрийн тоосонцроос үүсэх харшил эхэлдэг.
Тавдугаар сарын сүүл зургадугаар сарын дундуур өвс ургамлын тоосны харшил ид эхэлдэг. Долдугаар сарын эхний 10 хоногоос наймдугаар сарыг дуустал лууль шарилжийн төрлийн ургамал цэцэглэхтэй холбогдон харшил хөдөлдөг.
Дэлхийд 500 гаруй зүйлийн шарилж байдгаас манайд 100 гаруй нь тэмдэглэгдсэн байдаг. Бидний судалгааны үр дүнд эдгээрээс 10 гаруй зүйл нь харшлын үндсэн шалтгаан болдог. Энэ төрлийн харшил манайд элбэг. Тухайлбал, Улаанбаатар хотын хүн амын 1-2 хувийг эзэлж байна. Үүнээс ч ихсэх магадлалтай. Энэ нь Улаанбаатар болон бусад төвлөрсөн хотуудад шарилж ихэсч байгаатай холбоотой.
ӨВЧИЛСӨН ХУГАЦАА ХЭР БАГА БАЙНА, ЭМЧЛЭГДЭХ ХУГАЦАА ТҮРГЭН БАЙДАГ
-Харшлыг эмчлүүлэхгүй удсан тохиолдолд даамжирч хүндрэх үү?
-Өвчилсөн эхний хугацаа хэдий бага байна эмчлэгдэх хугацаа түргэн байдаг. Амьсгалын замын шалтгаантай харшил, арьсны замын гаралтай харшил даамжирч хүндрэх тохиолдол бий. Тиймээс өвчнийг эрт оношлуулж даамжруулахгүй байх хэрэгтэй. Манайхан ихэвчлэн хүндэрсэн хойно нь ирдэг.
- Хүмүүс дархлаа суларснаас харшилтай болоод байна гээд дархлаа сайжруулах эм уудаг. Мөн харшил хөдлөнгүүт дур мэдэн тос түрхэх, эм уудаг. Энэ зөв үү?
-Хүмүүс харшил хөдлөнгүүт юм уу эсвэл ханиад томууны шинж тэмдэг илэрмэгц ам дамжсан буруу эмчилгээ хийж өвчнөө хүндрүүлдэг. Харшил төрүүлэгч бүхэн хүмүүсийн хувийн онцлогоос болж ялгаатай үүсдэг учраас хамгийн түрүүнд эмчид хандах хэрэгтэй. Мэргэжлийн эмч өвчтөний биеийн байдлыг шалгаж харшил мөн эсэх юунаас үүдсэн зэргийг сорил тавьж, лабораторийн аргаар олж тогтоосны дараа зохих эмчилгээг хийнэ. Дур мэдэн эмчилж болохгүй. Харшилтай байж магадгүй гэсэн хүн харшил төрүүлж байгаа орчноо сайн судлаад мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
ХАРШЛЫН ВАКЦИНЫГ УУХ, ЦАЦАХ, ТАРИХ АРГААР ХЭРЭГЛЭДЭГ
-Харшлыг эдгэдэггүй өвчин гэж зарим хүн ярьдаг. Ер нь ургамлын харшлаас сэргийлэх дорвитой эмчилгээ юу байна вэ?
-Ургамлын харшлаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол сүүлийн үед дэлхий дахинд харшил үүсгэгчээс вакцин гаргаж авч эмчилдэг болсон. Бид харшил төрүүлж байгаа ургамлын судалгааг авч оношлогоо хийгээд түүн дээр үндэслэж тухайн хүнд вакцин хийдэг. Уг вакциныг уух, цацах, тарих аргаар хэрэглэдэг. Үүнтэй холбогдуулан манай лаборатори шарилжны болон луулийн төрлийн ургамлын эмчилгээний төрлийн вакцин хийдэг. Хамгийн их тохиолддог нь шарилжны төрлийн вакцин. Олон төрлийн ургамлын харшилтай хүмүүст оношлогоог харгалзан хэд хэдэн төрлийн ургамлын холимог тарилга цацлага хийж болохыг тодорхойлж хийдэг. Энэ нь хэдий хугацаанд үргэлжлэхийг зөвлөдөг. Манай орны хувьд нийтлэг нэг шинж байдаг. 4-7 дугаар сар хүртэл ид шарилж цэцэглэх хугацаанд хийдэг. Эмчилгээний үр дүн ямар гарах нь өвчтөний хувийн дэглэмээс шалтгаална. Өвчин хөдөлж байгаа үед бусад хавсралт эмчилгээнүүдийг хийлгэх шаардлагатай. Энэ эмчилгээний үр дүн маш сайн байгаа. Үүнийг бид цаашид олон улсын жишигт хүргэнэ.
ХАРШИЛ УЛИРЛЫН ЧАНАРТАЙ ХАЛДВАРГҮЙ ӨВЧИН
-Энэ вакцин төлбөртэй юу. Хэрэв төлбөртэй бол хэдэн төгрөгөөр хийж байгаа вэ?
-Энэ эмийг гаргаж авахад өндөр зардал гардаг. Америкт 800-1000 ам.доллар байдаг бол бусад оронд 400-500, 200-300 ам.доллар байдаг. Бидний хувьд клиник туршилт, судалгаа шинжилгээ амжилттай болж байгаа учраас төлбөрийг нь 20 орчим ам.доллараар тооцож хийдэг. Цаашид ард түмний амьжиргааны төвшинг харгалзах мөн нийгмийн байдлыг харгалзаж хандивлагч хүмүүстэй харилцах хэрэгтэй. Үүний чанарыг сайжруулахын тулд судалгаа шинжилгээ хийж байна. Мөн энэ чиглэлд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа. Бид аль болох хямд үнэтэй чанартай бүтээгдэхүүнийг ард түмэндээ хүргэхийг зорьж байна.
-Ярилцлагынхаа төгсгөлд та харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч?
-Харшил улирлын чанартай халдваргүй өвчин учраас сэргийлэх бүрэн боломжтой. Хүн өөрийн мэдрэмжээ ашиглах, өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Мэргэжлийн эмч нарын заавар зөвлөгөөг дагаж өгсөн эмчилгээг сайн хийлгэх нь чухал. Эмчилгээгээ үр дүнгүй гэж орхиж болохгүй.