Э.ОРХОНСҮРЭН

Шүдний өвчинг манайхан аминд хү­рэх өвчин биш гэж ойлгодог. Гэтэл амьдрал дээр харин ч эсрэгээрээ шүдний өвчин бүх өвчний үн­дэс суурийг тавьдаг. Тэр бүү хэл, дэлхийн хүн амд аюулын харанга дэлдээд буй хорт хавдрын өвчлөл хүр­тэл шүдний өвч­нөөс үүдэлтэй гэдгийг Японы эрдэмтэд тогтоогоод байна. Тиймээс энэ удаа­гийнхаа дугаарт  “Ортодент” шүдний эмнэлгийн захирал, их эмч Т.Энхзаяаг зочиноор урилаа.

 

-Сүүлийн үед шүдний эмнэлэг олширч, бай­шингийн булан бүрт л ийм хаяг харагдах болж. Энэ нь нэг талаараа шүдний өвчин их байгаагаас болж байгаа байх. Нөгөө талаар  шүдний өвчин бизнес болж хувирсан юм уу гэсэн бодол төрөх юм.  Танай эмнэлгийн хувьд бусад эмнэлгээс юугаараа онцлог вэ?

-Манай эмнэлэг  2011 онд  албан ёсоор бай­гуу­лагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Миний өмнө ажиллаж байсан эм­нэлэг шүд, эрүү нүүрний гажиг заслын чиглэлээр ажилладаг байсан учраас би энэ чиглэлээ барьж , шүдний эмчилгээ, онош­логоо, эрүү нүүрний согог засал, хиймэл шүдэлбэр, жижиг мэс ажилбар зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Эмнэлэгт үзүүлж байгаа хүнийг зүгээр л үзүүлээд гаргах биш, тухайн хүн­тэйгээ харьцаж  яаж эрүүл амьдрах, шүдээ хэрхэн арчлах, зөв хооллох зөвлөгөөг боломжоороо өгдөг байх ёстой. Ер нь эмч хүн гэдэг өвчтнөө хараад юу дутагдалтай, юу хэ­рэгтэй байгааг  мэддэг байх нь чухал. Ядаж, шүдээ яаж зөв угаахыг нь зааж өгөөд гаргавал миний зорилго биелж байгаа хэ­рэг. Энэ нь манай эм­нэлгийн бусдаас ялгарах гол онцлог доо.

- Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсад шүдний өвчлөл эрс нэмэг­дэж байгаад эмч, мэргэ­жилтнүүдийн санааг зо­воож байна. Хүн амын дунд  өвчлөл нэмэгдэж буй шалтгаан нь юу байна вэ?

-Шүдний өвчлөлийн гол шалтгаан нь шүдний угаалтаас шалтгаалдаг. Өдөр тутмын шүд угаал­таас шалтгаалж цоорол, чулуужилт үүсдэг. Шүдийг зөвхөн өглөө орой угаах ёстой гэсэн нийтлэг ойлголт ард иргэдийн дунд байдаг. Гэтэл хэзээ, яаж угааж байгаа нь чухал юм. Шүдний цоорол шинжлэх ухаан талаасаа тодорхой бус байдаг ч дөрвөн үндсэн шалтгаан байдаг гэж үздэг. Үүнд цаг хугацаа, шүдэнд үйлчилж буй бодис, түүний давтамж ингээд сүүлд нь тухайн хүний шүдний палангийн нимгэн зузаанаас болж шүдний цоорол үүсдэг. Тиймээс хүн гэрээ хогтой болохоор цэвэрлэдэг шиг хоол идсэн даруйдаа заавал шүдээ угааж байх хэрэгтэй. Бид орой угааж унтаад өглөө босонгуутаа угаагаад хоол цайгаа уугаад гардаг. Уг нь орой унтахдаа угаасан бол өглөө босоод амаа зайл­чихаад хоол цайгаа уусныхаа дараа шүдээ угаах хэрэгтэй. Өдөр хоол идсэнийхээ дараа шүдээ угаах эсвэл зайлах нь чу­хал. Одоо үед шүд зайлах олон төрлийн уусмал бий болсон учраас түүнийг биедээ аваад явж байх хэрэгтэй. Хоол унд идсэн даруйдаа угааж цэвэрлэж байхыг бүрэн гүйцэд цэ­вэрлэж байна гэж үздэг. Мөн шүдийг яаж ямар чиглэлд зөв угаах, сойзоо хэрхэн зөв сонгох зэрэг чухал нөлөөтэй. Сойзны үс жижиг байх тусмаа сайн угаадаг.  Том байвал аман дотор хөндөлдөөд, шүдэнд наалдсан өнгөрөө амаараа тараах аюултай.

-Шүдний өвчлөл дотроо олон янз байдаг байх. Түүний нэг нь шүд чулуужих өвчин. Үүнийг манайхан төдийлөн тоо­доггүй. Энэ тухай та тодорхой мэдээлэл өгөөч?

-Хоолны үлдэгдлээс болоод чулуу үүсэх нөхцөл бий болдог. Хоол унд идсэний 10-15 минутын дараа шүдээ угаах ёстой. Энэ хугацаанд хоол нь физик химийн шинж ча­нараа алдаагүй байдаг. Үүнээс хойш задраад хү­чиллэг үүсч шүдний паланг уусгадаг зүйл үүсдэг. Ингэснээр паланг уусгаж цоорол үүснэ. За­рим хэсэг нь үнгэр үүсгэж түүнд нь шүдний бул­чир­хайнаас ялгарч байгаа хүчил цугалраад шүдэнд чулуу үүсдэг. Нэгэнт чулуужсан бол шүдээ яаж арчлах, юуг анхаарах зэргийг эмчээс асууж зөв­лөгөө авч байх хэрэгтэй.

- Эрүүл шүдтэй болъё гэвэл амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиж сурах хэрэгтэй гэдэг. Энэ нь оо, сойзоо зөв сонгохоос эхлэдэг байх?

-Тэгэлгүй яахав.  Гэр бүлийн гишүүд бүгд өөр өөр “оо” хэрэглэх ёстой. Учир нь буйлны үрэв­сэлтэй хүн бол зөвхөн буйландаа зориулсан, палан муутай бол паланд зориулсан, хүүхэд зөвхөн хүүхдэд зориулсан “оо”-гоор шүдээ угааж байх ёстой. Нэг том “оо” авчи­хаад бүгдээрээ угаадаг асуудал манайд их байдаг. Энэ бол маш буруу. Тухайн айлд хүн бүртээ тохирсон “оо”-г хэрэглэх хэрэгтэй.

- Зарим эцэг, эх   2-3 настай хүүхэд сойз хэ­рэг­лэж чадахгүй. Цэцэрлэгт нь хүртэл оо, сойз өгөөд хэрэг байна уу гэсэн ханд­лагтай байдаг.  Тэгвэл  хүүхдэд  ямар оо сонгох вэ. Томчууд ихэнхдээ л хүүх­дүүдэд чихэрлэг оо авч өгдөг?

-Хүүхдэд зориулсан “оо”-нд хүүдийн дуртай амтыг нь зориуд хийж өгдөг. Тэр нь ч тийм их хэмжээтэй биш байдаг. Ер нь хүүхдийг хоёр нас хүр­тэл нь “оо”-гоор угаал­гахгүй байх хэрэгтэй. Буцалсан усаар дандаа амыг нь зайлж хоёр нас­наас дээш хүүхдийн шүдийг “оо”-гоор угааж болно. Гэхдээ хүүхдийн шүдэнд зориулсан “оо”-гоор угаах хэрэгтэй.

-Телевизээр дэлхийн шүдний эмч нарын хол­бооноос сайшаагдсан “оо” гэх зэргээр зар сур­тал­чилгаа зөндөө явдаг. Гэтэл шүдний эмчид очихоор өөр “оо” хэрэглэхийг зөвлөдөг. Тэгвэл манайд зарагдаж байгаа “оо” нь ямар төрлийх вэ. Үнгэр тогт­сон, шарласан шүдэнд ямар “оо” хэрэглэх ёстой байдаг вэ?

-Гадуур худалдаанд байгаа “оо”-нууд нь тийм сайн үйлчилгээтэй биш. Ер нь манайхан сайн чанарын “оо” ерөөсөө оруулж ирдэггүй. Ча­нарын шаардлага хан­гахгүй гэж миний хувьд боддог. Харин зарим сүл­жээний “оо” нь үйлчилгээ сайтай, шүд цэвэрлэх чад­вар сайтай байдаг. Шүдний “оо”-ны сайныг яаж мэдэх вэ гэхээр угааж байхад хөөсрөөд, тодорхой хугацаа өнгөрсөн ч ам цэвэрхэн байдаг. Энэ үед л тухайн “оо” шүдийг бүрэн цэвэрлэсэн байна гэж үздэг. Буйлны үрэвслийн эсрэг “оо” хэрэг­лээд буйлны үрэвсэл дарагдаж байвал тэр “оо”-г сайн гэж дүгнэж болно.

- Өнгөрсөн хавар явуулсан “Эрүүл хүүхэд аян”-ы хүрээнд  хүүх­дүүдийг үзлэгт хамруу­лахад 91.3 хувь нь амны хөндийн өвчтэй гарсан гэх мэдээ бий.  Хүүхдүүдийн  дунд энэ өвчлөл нэмэгдэж буй шалтгаан  нь олон янз байх. Энэ тухай та юу гэж боддог вэ?

-Хүүхэд, том хүн бүгд шүдний ямар нэгэн өвчлөлтэй байна гэдгийг “Эрүүл монгол хүүхэд” үзлэгийн үеэр мэдлээ. Учир нь тэр үзлэгт хамрагдсан нийт хүүхдийн 90 гаруй хувь нь цоорол болон амны хөндийн ямар нэг асуудалтай байсан. Энэ бол нийгэмд тулгам­даж буй асуудал. Тиймээс эцэг эх, багш нар хүүхдийг бага цэцэрлэгээс нь яаж шүдээ арчлах, яаж эрүүл байх гэдгийг зааж зөвлө­дөг, эрүүл мэндийн хичээл орох хэрэгтэй байна. Эмч нар хүүхдэд зөвлөгөөг үнэгүй өгдөг. Тийм учраас ирээд зөвлөгөө аваад яадаж л шүдээ зөв угаах зөвлөгөөг нь ав. Эмч нарт хандах хандлага муу байна. Эмчид ерөөсөө хан­даж өгөхгүй байна. Хоёрдугаарт шүдний га­жиг заслын асуудал өндөр хэмжээнд тавигдаж байна. Шүдний гажиггүй хүүхэд гэж бараг байхгүй болсон.

- Сүүлийн үед шүдний аппарат зүүсэн хүүхэд цөөнгүй харагдах юм. Ер нь юунаас болж шүд эвгүй ургаж,  шүдний гажиг үүсдэг юм бэ?

-Энэ өнөөгийн нийгмийн байдалтай холбоотой юм.  Яагаад гэхээр хүүхдүүд хатуу зүйл идэхгүй дандаа зөөлөн чихэр, чипс, печень, гурилан юм иддэг болж. Биднийг бага байхад эрүүгээ хөдөлгөж хатуу ааруул их иддэг байсан. Гэтэл  одооны хүүхдүүд ингэж шүдэндээ анхаарал тавьж, дасгал хөдөлгөөн хийхгүй байна. Үүнээс болж,  сүүн шүд нь унахгүй дараагийн шүд нь давж гарах, өөр газар гарах зэргээр гажиг үүсч байна. Мөн үүнээс болоод эрүү хөгжихгүй эрүүний хөгжил маш жижигхэн болж байна. Байх ёстой шүдний хэмжээ нь гараад ирэхээр эрүүний хэмжээ бага учраас эрүүндээ багталцаж гарч ирэхгүй шүдний гажиг үүсэх нөхцөл бий болж байна. Мөн сүүн шүд цоороод эрт авагдаж буйл битүүрч дараагийн байнгын шүд гарч ирэхэд хэцүү болоод зөөлөн газраараа гарч ирдэг. Тиймээс хүүхдийг ийм байдалд оруулахгүй тулд эрт дөрвөн настай байхад нь эмчид хандаж хоёр сар тутамд эмчид үзүүлж байх ёстой. Ингэж хүүхдийнхээ шүднийх нь хөгжлийг тодорхойлуулж эмчлүүлэх хэрэгтэй. 10 нас хүрсэн хүүхдийн шүдний гажгийг засахад маш хэцүү. Бараг л хагалгааны кейс болоод явдаг. Тийм учраас гажиг заслыг дөрвөн настайд нь оношлуулаад авдаг аппарат зүүлгэхэд зургаан нас хүрэхэд бараг бүрэн эдгэрдэг. Хүүхэд байхад нь гажгийг нь засвал эдийн засагт ч хэм­нэлттэй, тэгээд ч хугацаа хожно. 

Хэрэв гажгийг нь засахгүй том болгосон тохиолдолд тухайн хүүхдийн сэтгэхүйд муу­гаар нөлөөлдөг. Шил­жилтийн насны хүүхэд  үүнийгээ хүндээр хүлээж аваад нийгэм болон  хүнтэй харьцах харьцаа нь мууддаг. Өөртөө итгэлгүй шинж тэмдэг илэрдэг. Тиймээс ийм өвчлөлийг аль болох бага дээр нь эмчлэх хэрэгтэй. Мөн гажгаас болоод хоолоо сайн боловсруулж ча­дахгүй ходоод гэдэсний өвчлөл үүсэх шалтгаан болж байна. 

-Танай эмнэлэг үйлч­лүүлэгч олонтой юм. Биднийг орж ирэхэд бүх л насныхан үзүүлэхээр ирсэн байсан. Ер нь хэдээс хэдэн насны хүмүүс түлхүү ирж үйлчлүүлдэг вэ?       

-Найман настай балч­раас 80 настай буурлаас эхлээд бүх л хүмүүс үйлч­лүүлдэг. Мөн 2-3 насны хүүхдүүд их ирэх болсон. Энэ сүүн шүдний, хөхний сүүний цоорол их ирж байна. Учир нь хүүхдээ шөнөжингөө хөхүүлэхээр сүү нь хүчилтэй учраас шүдний завсрыг нь иддэг. Үүдэн шүдний дээд доод завсраар идээд цоорсон байдаг. Энэ өвчлөл бол сүүлийн жилүүдэд эрч нэмэгдэж байгаа. Сүүн шүдийг цахиур цухуйж эхлэх үед арчилж эхлэх ёстой байдаг. Тиймээс болж өгвөл хүүхдээ шөнө­жин хөхүүлэхгүй байх хэрэгтэй. Энэ байдлын хүндрэл нь 3-4 настай хүүхдүүд буйл нь хавдсан ирдэг. Бага насны хүүхдийн амыг эцэг эх­чүүд ангайлгаж харагүй байсаар өвчилсөн шүд нь хавдаад холбоос эд рүүгээ орчихсон байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд бага насны тэр дундаа шүд нь цухуйгаад ургаад эхэлсэн үеэс л шүдийг нь харж, арчилж, анхаарал хандуулж  байх хэрэгтэй.