Р.ОЮУН
“Өвчингүй бол жаргал, өргүй бол баян” гэдэг. Үнэхээр эрүүл байхад ажиллаад, амьдраад байна. Гэтэл сүүлийн жилүүдэд бөөрний өвчин дэлхий даяар ихэсч, жил бүр хэдэн сая хүн бөөрний архаг өвчнөөр нас барж байна. Дэлхийн хүн амын 600 сая хүн буюу 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвддөг гэсэн үг. Тиймээс бөөр хамгаалах дэлхийн өдрийг олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэгийн санаачлагаар 2006 оноос дэлхийн 200 гаруй оронд тэмдэглэдэг болжээ. Харин манайх 2009 онд анх тэмдэглэж эхэлсэн байна. Дэлхийд тархсан өвчлөлүүдийн дотор халдварын бус гаралтай өвчлөл 80 гаруй хувийг эзэлдэг аж. Манай орны хувьд 2007, 2008 оноос хойш Эрүүл мэндийн яамтай хамтарч хийсэн судалгаагаар бөөр, шээсний замын өвчлөл байнга эхний гуравт ордог ажээ. Энэ жилийн бөөр хамгаалах дэлхийн өдрийг “Бөөр амьдрал тэтгэнэ. Бөөрний цочмог гэмтлээс сэргийлье” уриан дор зохион байгууллаа. Улсын нэгдүгээр төв эмнэлэг энэ өдөрт зориулж бөөрний төв, бөөрний эмгэг судлалын клиникээс хэвтэн эмчлүүлж байгаа болон амбулаториор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нарын дунд бөөрний өвчлөл эдгэрдэг өвчин үү, ямар шалтгаантай, яавал эрсдэлт байдалд орохгүй байх вэ, шинжилгээгээ яаж өгөх вэ, эм, тариагаа хэдийд яаж хэрэглэх талаар лекц уншиж танилцуулсан юм. Мөн амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүст 12.00-16.00 цаг хүртэл нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзэж, зөвлөгөө өгч байлаа. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт он гарсаар Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий аймгаас иргэд ирж бөөр шилжүүлэн суулгуулжээ. Тэдний сэтгэгдлийг уншигч танд толилуулъя.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Б.Шинэтулга:
БӨӨРНИЙ ДУТАГДАЛД ОРООД ХОЁР САР ГАРУЙ АППАРАТАНД БАЙСАН
-Та саяхан бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн гэж байна. Бөөрний дутагдалд орсноо хэзээ яаж мэдсэн юм бэ?
-2008 онд бөөрний дутагдалд орсноо мэдсэн. Тэгээд гам хийж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бүр муудаж аймгаас түргэний машинаар энд ирсэн. Бөөрний дутагдалд ороод хоёр сар гаруй хугацаанд аппаратанд байж байгаад сая бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Биеийн байдал сайн. Эмч нартаа баярлаж байна.
-Биед чинь ямар нэгэн өөрчлөлт байна уу. Хоолондоо хэр байна?
-Байлгүй яах вэ. Өмнө нь хордлоготой байсан. Одоо өөрөө бие засдаг болсон. Өдөр ирэх тусам сайжирч байна. Хоолондоо сайн байгаа. Гэхдээ шарж, хуурсан хоол, чихэр, жимс идэхийг хориглосон.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн С.Нэргүй:
АМЬДРАЛ ХАЙРЛАСАН ЭМЧ НАРТАА БАЯРЛАЛАА
-Хэзээ хагалгаанд орсон бэ. Одоо биеийн байдал ямар байна вэ?
-Монголын эмч нар их чадварлаг болсон байна. Хүнд амьдрал бэлэглээд, дахин амьдруулж байгаад баярлаж байна. Би бөөрний өвчнөөр олон жил эмнэлгээр явсан. Энэ сарын 4-нд бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орж дахин төрсөндөө баяртай байна. Өмнө нь бөөрний өвчтэй байхад их зовлонтой, сэтгэл санааны дарамттай, ар гэр, ахуй амьдрал доройтсон. Харин өнөөдөр амьдралын зорилготой, сэтгэл санаа өөдрөг, гэртээ харих гэж байгаадаа баяртай байна. Эрхтэн шилжүүлэн суулгадаг чадварлаг хамт олонтой юм. Амьдрал хайрласан эмч нартаа, мөн Сэлэнгэ аймгийнхаа иргэдэд тусалж, дэмжсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Эрүүл сайхан болоод удахгүй очно.
Улсын нэгдүгээр эмнэлгийн Сургалт, судалгааны албаны дарга Б.Болормаа:
ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ТАНХИМТАЙ БОЛЛОО
-Улсын нэгдүгээр төв эмнэлэг улсын хэмжээнд бөөрний эмгэг, бөөрний дутагдал, бөөр орлуулах эмчилгээг гемодиализын тусламж үйлчилгээг дангаараа үзүүлдэг төв эмнэлэг. Өнөөдөр салбарын тулгамдсан асуудлыг шийдэхэд зориулан сургалтын өрөөг нээлээ. Энэ өрөөнд өөрсдийнхөө эмч нарыг тасралтгүй сургах, мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх боломжоор хангана. Хоёрдугаарт, манайд суралцаж байгаа дотрын эмч нарт бөөрний талын хичээлийг нь оруулж сургана. Үүгээр гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн сургалтын үйл ажиллагаа хязгаарлагддаг байсан бол одоо нийгмийн шаардлага, дэлхий дахины хандлагыг дагаад эрүүл мэндийн салбараас баримталж байгаа үзэл баримтлал нь эмч, мэргэжилтнүүд болон иргэд рүү чиглэсэн сургалтад ач холбогдол өгч байна.
Тиймээс бидний байгуулсан сургалтын танхимд өвчлөөд хэвтэж байгаа өвчтөнүүд ямар дэглэм барих, яаж урьдчилан сэргийлэх, эмээ яаж зөв уух, яаж зөв хооллож, амьдрах тухай заана. Мөн эрүүл хүнд эмгэг хууч өвчнөөс яаж сэргийлэх вэ гэдэг нийгмийн эрүүл мэндийн сургалтуудыг явуулах зорилготой юм.