Э.ОРХОН

 Өнөөдөр “Дэлхийн бөөр хамгаалах өдөр”. Манай ороны эрс тэс уур амьсгал бөөрний өвчлөлд ихээхэн нөлөөлдөг. Мөн агаарын бохирдол, хоол хүнс хүнс зэрэг нь энэ өвчлөл үүсэх гол шалтгааны нэг болж байна. Манай улс бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2005 оноос хийж эхэлсэнээс хойш 100 гаруй хүнд хагалгаа хийжээ. Тэдгээрийн 50 гаруй хувийг монгол эмч нар гардан хийсэн байна. Энэ хагалгааг хийхэд 11 сая төгрөг зарцуулагддаг бөгөөд найман саяыг төрөөс үлдсэн хэсгийг хувь хүн өөрөө гаргадаг аж. Бөөр хамгаалах өдрийг тохиолдуулан ЭМЯ, ЭМШУИС-ийн Бөөр судлалын тэнхим, ДЭМБ, Монголын бөөрний эмч нарын нийгэмлэг хамтран “Бөөр хамгаалах” сарын аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Тиймээс энэ талаар албаны хүмүүстэй уулзаж ярилцлаа.

 

ЭМШУИС-ийн Бөөр судлалын тэнхмийн эрхлэгч Т.Ариунаа:

БӨӨРНИЙ АРХАГ ӨВЧЛӨЛ ХЭЗЭЭЧ БҮРЭН ЭДГЭРДЭГГҮЙ

-Манай улсад бөөрний өвчлөл ямар төвшинд байна вэ. Энэ өвчин хүний бие ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар сонир­хуулаач?

-Дэлхий дахинд бөөрний өвчлөлийн тар­халт жилээс жилд нэ­мэгддэг. Манай улсад ч гэсэн бөөрний өвчлөл байнга өсөн нэмэгдэж байна. Бөөрний өвчлөл сүүлийн 10 жилийн байд­лаар хүн амын өвчлөлийн гуравдугаарт жагсах бол­сон. Нэгдүгээрт амьс­галын зам, хоёрдугаар хоол боловсруулах замын өвчин зонхилдог бол гуравдугаарт бөөр шээс ялгаруулах замын өвчлөл орох болсон. Энэ нь эмнэ­лэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчний нэгдүгээрт ордог. Тиймээс улс орон, хувь хүний эдийн засагт хор хө­нөөлтэй өвчин юм. Ялангуяа эрт оно­шлуу­лаагүй тохиолдолд өвчин даамжирч архагшдаг. Ин­гээд нэгэнт архагшсан бол бүр мөсөн хэзээч эдгэр­дэггүй. Тодорхой хуга­цааны дараа бөөрний ар­хаг дутагдалд ордог. Ин­гэс­нээр бөөр биед гүй­цэтгэдэг үндсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ. Хорт бодис биеэс гадагшлахгүй, цус төл­жихгүй, даралт хэвийн биш болохоор хүний бие организмын солилцоо тэр чигээрээ зогсонги байдалд ордог. Мөн яс сий­рэгжлтийг зохицуулдаг гол эрхтэн нь бөөр. Энэ мэтээр бөөр нь маш олон үүрэг гүйцэтгэдэг.  Ингээд бүх хэвийн байдал алдаг­даж эцсийн шатандаа бөөр орлуулах эмчилгээ хийл­гэхгүйгээр амьдрах бо­ломжгүй болдог. Энэ то­хио­долд хиймэл бөөрний аппарат болон бөөр шил­жүүлэн суулгах арга зам үүсдэг.

Хиймэл аппарат буюу гемодиалзын аппарат нь асар өндөр үнэтэй эмчилгээ. Тухайн хүн нэг удаа хийлгэх бус насан туршдаа энэ эм­чилгээг хийлгэх шаард­лагатай болдог. Долоо хоног гурван удаа, нэг удаа энэ аппаратад ороход доод тал нь 150 мянган төгрөг зарцуулдаг. Манай улсын хувьд энэ төрлийн эмчилгээг хийлгэж байгаа 200 гаруй хүн бий. Эдгээр хүмүүсийн долоо хоногт зарцуудаг 500 орчим мянган төгрөгийг улсын төсвөөс зарцуулдаг.

-Бөөр, шээсний замын үрэвсэлт өвчний гол үүс­гэгч шалтгаан нь юу байна. Манай орны эрс тэс уур амьсгал энэ өвчлөлд нөлөөлдөг гэж сонссон? 

-Чихрийн шижин, даралт ихсэх зэрэг өвчин нь бөөрний архаг дутаг­далд хүрэх гол шалтгаан нь болдог. Тиймээс энэ жи­лээс эхлэн бөөрний архаг өвчинтэй тэмцэх үн­дэсний аянг зохион бай­гуулахаар боловсруулж байна. Энэ хөтөлбөр хэ­рэгжснээр олон асуудлыг хөндөнө.  Өвчлөл буурах, эмч нарын мэр­гэжил мэд­лэгийг дээш­лүүлэх, эм зүйн практикт оношлогоо эмчилгээний шинэ ар­гуудыг нэвт­рүү­лэхэд анхаарч ажиллана. Хувь хүн өөрийнхөө эрүүл мэндэд хандах хандлага сул байна. Ялангуяа бөөрний өвчлөлийн мэ­дээлэл хангалтгүй байд­гаас болоод өвчнөө даамжруулдаг. Манай улс жилийн дөрвөн улиралтай учраас дөрвөн өөр уур амьсгалд цочмог, архаг хэлбэрийн бөөрний өвчлөл бий болдог.

 

ЭМЯ-ны Оношлогоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн :

БОДЛОГЫН ХҮРЭЭНД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАГДСАН

-Манай улсад бөөрний өвлөл жил ирэх тусам нэмэгдэж байна. Тиймээс салбарын яамны зүгээс ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Эрүүл мэндийн салбарт зайлшгүй хийх шаардлагатай асуудлын нэг нь бөөрний архаг дутагдал болон бөөрний өвчлөлтэй тэмцэх асуудал хурцаар тавигдаж байна. Яамны зүгээс бодлогын хэд хэдэн ажил хийж эхэлсэн. Үүнийг нэг нь бөөрний архаг өвчинтэй  тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа явдал. Манай улсад хувийн болон улсын эмнэлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 56 гемодиализын аппарат бий. Үндэсний хөтөл­бөрийн гол зорилго буюу яамны бодлого бол  өнөөдрийн төвшиндөө гемо­диалзын аппаратаар бөөрний эмгэгтэй хүмүүст тусламж үйлчилгээг үзүүлж, энэ төвшинд нь барих, цаашид өвчлөлийг бууруулах юм. Мөн энэ чиглэлийн эмч нарыг мэргэшүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна.

-Бөөрний архаг өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр болон бөөр хамгаалах аяны хүрээнд ямар ажлыг хийхээр төлөвлөөд байна?  

ЭМЯ, ДЭМБ, ЭМШУИС, Монголын бөөрний эмч нарын нийгэмлэг хамтран жил бүр бөөр хамгаалах өдрийг зохион байгуулдаг. Энэ удаагийн бөөр хамгаалах өдрийг маргааш/ өнөөдөр/ зохион байгуулж байна.

Сарын аяны хүрээнд өсвөр үеийхэн болон олон нийтийн дунд бөөрний өвчнөөс сэргийлэх, хяналтыг сайжруулахад чиглэсэн сургалт сур­тал­чилгаа, удалдаан зохион байгуулах. Бөөрний өвчтэй хүмүүст мэдээлэл зөв­лөгөө өгөх, хүндрэлээс сэргийлэх зэ­рэг үндсэн таван чиг­лэлийн ажил хийхээр төлөвлөөд байна.