Р.ОЮУН

П.Н.Шастины нэрэмжит улсын III эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, докторант Д.Энхболд эмчийг дугаарын зочноор урилаа.

 

-Сүүлийн үед хүмүүс нуруугаар өвдлөө гэж их ярих боллоо. Нурууны өвчлөл юутай холбоотой вэ?

-Нурууны өвчин өөрөө их олон шалтгаантай. Нурууны өвчлөл гэвэл их өргөн ойлголт. Үүнд хавдар үрэвсэлт өвчин, гэмтэл гээд олон өвчин хам­рагдана. Шалтгаан нь ч олон янз. Ихэнхдээ ну­рууны завсарын жийргэвч мөгөөрсний эвэрхий өвчин то­хиолддог. Түүнээс нуруу, нугасны хавдар гэдэг нь тусдаа өвчин. Хүмүүсийн сонирхоод байгаа өвчин бол нурууны жийргэвч мөгөөөрсний эвэрхий бо­лов уу. Ивэрсэн газраасаа хамаараад хүний гар, хөл нь өвдөнө. Мөн хүзүү нь хөшинө. Бүр хүндэрвэл гар, хөлийн мэдээ алдахаас гадна аар­цаг эрхтэний үйл ажил­лагаа алдагддаг хүнд өвчин. 

-Ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Зарим хүн бөөр өвдлөө, нуруу хөшөөд байна гэдэг?

-Янз бүрээр илэрнэ. Жаахан өвдөлт, хөшил­төөс аваад гар, хөл мэ­дээгүй болох, аарцаг эрхтэний  үйл ажиллагаа алдагдах, эсвэл дөрвөн мөч нь ч мэдээгүй болж болдог. Нурууны аль төв­шинд өвчилснөөс хамаарч хүзүү нь хөшөөд гар, мөр рүүгээ өвдөхөөс гадна бүр доошоо нуруу, хөл рүүгээ өвдөх зэргээр анхны зовиур илэрдэг. Өвчний эхлэл ямар ч зо­виургүйгээр явж байснаа зовиурлаж эхэлдэг. Тэр үеэс эхэлж хүн өвчнийг мэдэрдэг. Бас зарим хүнд биед мэдрэгдэх өвчний байдал янз бүр байдаг. Зарим хүн нэлээд хүнд өвдөж, эрхтэнд нь өөрч­лөлт орсны дараа өвчнөө мэдэрдэг. Зарим нь бага зэргийн өөрчлөлт ороход мэдэрдэг. Энэ бол тухайн хүний онцлогоос хамаа­ралтай. Тиймээс тухайн хүн зовиур мэ­дэрсэн цагаасаа өвчин эхэлсэн гэж үзэж бо­лохгүй. Хө­дөлгөөний зөв дэглэмийг баримтлах хэ­рэгтэй. Хүн жилд нуруугаа заавал гэ­рэлд харуулах нь чухал биш. Хамгийн гол нь эрүүл, хөдөлгөөнтэй бай­вал хүний яс сий­рэг­жихгүй. Амархан тэ­жээлийн алдагдалд орж өвчлөхгүй.

-Нурууны өвчин бүрэн эдгэрдэг үү?

-Тухайн өвчнөөс хамаарна. Хүний нурууны тулгуур яс их урт байдаг. Хүзүүнээс авахуулаад бүсэлхий хүртэл олон эрхтэнд, нурууны завсар болгоноор олон эрхтэн рүү явсан мэдрэл байдаг. Нэг л нуруунд жаахан үрэв­сэл, өөрчлөлт байвал бүрэн эдгэрэх боломжтой. Хэрэв олон нуруу дамжсан өөрчлөлттэй байвал бүрэн эдгэрнэ гэж хэлэхэд их хэцүү. Нурууны үрэвсэлт өвчин ихэнх тохиол­долд эдгэрдэг байхад нурууны хавдар хортой байвал үр дүн муу.

-Ямар тохиолдолд хавдартай болдог вэ?

-Үүнийг тогтоогоогүй байна. Ихэвчлэн ну­рууны анхдагчаар хавдар үүсэх нь ховор. Харин өөр эрхтнээс үсэрхийлэх нь элбэг байдаг. Тухайлбал, элэг, гэдэсний хорт хавдар  эсвэл түрүү бул­чирхай, уушгины хавд­раас үсэр­хийлж байна. Түүнээс биеэ даагаад шууд хортой, хоргүй хав­дар болох магадлал бага. Энэ бол ховор тохиолдол. Нурууны завсарын мө­гөөрсний хэсэгт нэлээд тохиолддог. Ихэнхдээ хоргүй хавдар байдаг.

-Нурууны өвчний ямар үед хагалгаа хийдэг юм бэ. Хагалгаа хийхгүйгээр эмчилж болдоггүй юм уу?

-Нугас юм уу, ну­гасны ёзоор дарагдсан үед хагалгаа хийдэг. Гэхдээ дарагдаагүй байхад ха­галгаа хийхгүй гэсэн үг биш. Хавдартай байвал дарагдсан, дарагдаагүй хагалгаа хийнэ. Тэгэхгүй дарагдахыг нь хүлээгээд байхгүй. Ер нь мэдээ алдаагүй байхад хагалгаа хийвэл илүү үр дүнтэй. Заримдаа нурууны өвчин их өвдөлттэй байдаг. Эмийн эмчилгээ хийгээд нам­дахгүй бол ийм үед мөн хагалгаа хийж өв­дөлтийг намдаадаг. Их өв­дөх хэцүү шүү дээ. Амьд­ралын чанар алдагддаг.  

-Хүмүүс нуруу өвдөөд байхаар нь блокад тавиулчихсан чинь гайгүй болчихлоо гэж ярьж бай­сан. Энэ нь ямар эмчилгээ юм бэ?

-Өвдөж байгаа хэсэгт нь өвчин намдаах тариа хийгээд түр зуур намдааж байгаа хориг юм. Удаан хугацаагаар үйлчлэх нь ч бий. Ихэнхдээ хориг эмчилгээг хийлгээд үндсэн өвчин засардаггүй. Ну­руунд тариа хийж байна гэж яриад байгаа нь хоригийн нэг хэлбэр.Ийм хоригийн дараа зовиур багасч, бүр арилж ч болно. Харин нурууны ясанд гарсан өөрчлөлт хэвээр үлдэнэ. Хүний бие өөрийгөө эмчлэх, дасан зохицох чадвартай. Зарим хүний нурууны яс өвчилж хүчтэй өвдөж байснаа тодорхой дэглэм барьсаны дараа бие нь тэрэнтэйгээ дасан зохицоод өвдөлтгүй болдог. 30-аас дээш насанд бүх хүний нурууны ясанд өөрчлөлт орсон бай­даг нь амьдралын  явцад ясанд гарч байгаа хэвийн өөрчлөлт. Өндөр настай нурууны ясанд их өөрч­лөлт орсон хүн ямар ч өвдөлтгүй зүгээр л явж байх тохиолдол элбэг. Энэ нь тухайн хүний эрхтэн өөрийгөө эмчлэх, дасан зохицох чадвартайг харуулж байна. Иймээс нурууны ясанд өөрчлөлт орсон болгоныг өвчин гэж үзэхгүй.

-Эмийн болон эмийн бус аргаар эмчлэх бо­ломжтой юу?

-Өвчний үе шат мөн ямар өвчин болохоос хамаарна. Нурууны яс, зөөлөн эдэд их өөрчлөлт ороогүй бол эмийн болон нөхөн сэргээх эмчил­гээгээр сайн засардаг.

-Ямар тохиолдолд бариа засал хийхийг хориг­лодог вэ?

-Ясны хавдартай, эс­вэл нугас дарагдах аюултай үед бариулж болохгүй. Бариа засал энэ үед хориотой.

-Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүс яах ёстой вэ. Энэ талаар та манай уншигчдад зөвлөгөө өгөхгүй юу?

-Ихэнх нурууны өвч­лөл хүмүүсийн амьдралын буруу хэвшлээс болдог гэж үздэг. Үүнийг өөрчлөх нь чухал. Дандаа хүнд юм өргөдөг хүмүүс нурууны бүс зүүж нуруугаа хам­гаалдаг, эсвэл зөв өргөдөг байх хэрэгтэй болов уу. Хөдөлгөөн багатай хүмүүс ясны сийрэгжилтэд амар­хан өртдөг учир дасгал хөдөлгөөн, идэвхтэй амьдрал тустай гэж бодож байна. Харин нурууны үрэвсэлт өвчин ихэвчлэн сүрьеэгийн шалтгаантай байдаг учир үүнээс урьдчилан сэргийлж биеэ эрүүл байлгах нь чухал. Хэрэв сүрьеэ тусвал хугацаа алдалгүй эмч­лүүлэх хэрэгтэй. Зовиурыг бага гэлтгүй урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх хэрэгтэй. Энэ бүхэн ну­рууны өвчнөөс хамгаална. Хамгийн сайн арга бол хүн хөдөлгөөнтэй, жин багатай байх юм. Сүүлийн үед тулгараад байгаа асуудлын нэг бол жин нэмэх. Жин нэмэгдсэнээр нуруунд ачаалал өгдөг. Жин багатай хүн бол хагалгааны дараа ч гэсэн хөнгөн байдаг. Эрүүл чийрэг хүн ямар ч тохиолдолд бага өвддөг, өвчнийг хөнгөн давдаг.