Э.ОРХОН
Нийслэлийн эрүүл мэндийн газрын Сэтгэц, дондолтын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, саяхнаас хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилт ямар байна вэ?
-Хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн байгууллага бүр тус хуулийг хэрэгжүүлж ажиллахад манлайлж оролцох, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан бичгийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт ирүүлсэн. Үүний дагуу НЭМГ-ын даргын 19 дүгээр тушаал гарч Эрүүл мэндийн нэгдэл, харьяа 29 байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт хуулийг хэрэгжүүлж ажиллах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, тамхины хор уршгийн талаар иргэдэд танилцуулахыг үүрэг болгосон.
-Хууль тогтоомж зөрчсөн хүнд хүлээлгэх хариуцлага өндөр санагдсан. Торгох арга хэмжээг хэн авах вэ?
-Тамхины хуулийн зорилго нь торгох биш. Иргэдийг утаат тамхинаас татгалзаж, дам тамхидалтаас сэргийлэх зорилготой. Иргэд хуулиа мэдэхгүй, сонсоогүйн улмаас тамхи татаж болох юм. Энэ тохиолдолд бид эхний ээлжинд хуулиа сурталчилж, зөвлөгөө өгнө. Хууль, тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн болон захиргааны шийтгэлийг сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, улсын байцаагч нар ногдуулна. Цаашид утаат тамхины хэрэглээг зохицуулахад олон нийтийн байцаагч томилон ажиллуулахаар төлөвлөж байна.
-Зарим хүн энэ хуулийн талаар тодорхой ойлголтгүй байна. Энэ талаар болон зөвлөгөө авахыг хүссэн хүмүүс хаана хандаж болох вэ?
-Зөвлөгөөг бүх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Сэтгэц, наркологийн кабинетын эмч нар утсаар өгч байгаа. Мөн биеэр ирж зөвлөгөө авч болно. Цаашид тус кабинетэд зөвлөгөө өгдөг тусгай дугаар бүхий утас ажиллуулна.
-Зөвлөгөө өгөхөөс гадна сургалт, сурталчилгаа нэлээд явуулж байгаа гэсэн. Ер нь хэчнээн хүн сургалтад хамрагдаад байна вэ?
-Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө дүүргүүдэд сургалт явуулж эхэлсэн. Сургалтыг төрийн болон төрийн бус байгууллагуудад явуулахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас үүрэгдсэн. Мөн дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран явуулж байгаа. Одоогоор 1700 орчим аж ахуйн нэгж, хувь хүн сургалтад хамрагдсан. Үүнээс гадна томоохон байгууллагууд хууль сурталчилах сургалтыг өөрийн байгууллагадаа зохион байгуулах хүсэлт гаргасан. Мөн иргэдэд хуулийг сурталчилж, утаат тамхинаас татгалзахыг уриалсан сургалт, сурталчилгааны ажлыг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх ажлыг хийж байна.
-Тухайн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан байгууллагууд дотоод журамдаа өөрчлөлт оруулна гэсэн. Байгууллагууд хэр идэвхтэй ажиллаж байна вэ?
-Аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасны дагуу байгууллагынхаа дотоод дүрэмд өөрчлөлт оруулахыг заасан. Үүний дагуу зарим байгууллага, аж ахуй нэгж дотоод журамдаа өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд “Зөвшилцлийн гэрээ”-г бий болгосон. Тухайн гэрээ нь хэвтэн эмчлүүлж буй хүн, эмнэлэг хоорондынх бөгөөд тус гэрээнд иргэн эмнэлэгт утаат тамхи татсан тохиолдолд эмчилгээг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэсэн заалт оруулж өгсөн байх жишээтэй.
-Яагаад эмчилгээг нь зогсооно гэж?
-Ингэснээр тухайн хүний тамхины хэрэглээ багасах, цаашлаад тамхинаас гарч ч болох юм. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс үүнийг эсэргүүцэх биш харин ч дуртай хүлээн авч байгаа. Яагаад гэвэл өөрт нь болон бусад хүмүүсийн эрүүл мэндэд тустай гэдгийг мэдэж байгаа хэрэг. Мөн бид эмчлүүлэгчиддээ зориулж тамхины хор уршгийн талаар сургалт явуулж байгаа.
-Цаашид гарах үр дүнг хэрхэн харж байна вэ. Аливаа шийдвэрийг дэмжих нэгэн байхад татгалзах хүн ч байдаг шүү дээ?
-Хөгжингүй оронд, тухайлбал АНУ-д хажуу айлын хүн хүүхдээ ганцааранг нь орхисныг хөршүүд нь мэдвэл утасдаад цааш нь мэдэгдчихдэг. Түүн шиг манайхан ч гэсэн тамхи татаж байгаа хүнийг хараад утасддаг болж болох юм. Энэ хууль хэрэгжсэнээр иргэд хүчээр ч гэсэн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалуулах ажилд өртөж байгаа юм.