Э.ОРХОН
Өрхийн анагаах ухаан ХХ зууны дунд үеэс эхлэн АНУ, Англи, Баруун Европын орнууд болон Австрали, Шинэ Зеланд зэрэг оронд эхлэн хөгжсөн түүхтэй. Тиймээс өрхийн эмчийн тусламж, үйлчилгээ нь өндөр хөгжилтэй орны иргэдийн өдөр тутмын амьдралын чухал хэрэгцээ болсон байдаг байна. Гэтэл манай улсад өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа хүндээ хүрч үйлчилдэггүй, чанаргүй, хүртээмжгүй байгааг иргэд шүүмжилдэг. Тиймээс “Өрхийн эрүүл мэндийн төвийн хөгжил, тусламж үйлчилгээний шинэчлэл” сэдэвт улсын зөвлөгөөнийг энэ долоо хоногийн эхээр зохион байгууллаа. Өрхийн эмнэлгийн ажиллах орчин нөхцлийг сайжруулах, хүчин чадал, үйл ажиллагааг нь нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг салбарын сайд дүүргийн иргэдтэй уулзах үеэр хөндөгдөж байсан. ДЭМБ-аас Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг явуулахад нэг хүнд 50 мянган төгрөг ногдвол үйл ажиллагаа нь хэвийн, чанар хүртээмж нь сайжирна гэжээ. Тиймээс эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд хүлээгдэл, чирэгдэл, хүнд суртлыг арилгаж, хүртээмж, чанар, үр дүнг нь чухалчлан үзэх болно гэдгийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал хурлын үеэр онцолсон юм. Энэ удаагийн зөвлөгөөнийг өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, асуудлыг цаг алдалгүй хамтран шийдвэрлэх, хөгжлийн шинэчлэлийн стратеги, бодлогыг хэлэлцэх зорилгоор зохион байгуулжээ.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 218 өрхийн эмнэлэг байдгаас нийслэлд 123, хөдөө орон нутагт 95 байдаг ажээ. Эдгээрийн 181 нь зориулалтын байранд ажиллаж байгаагаас нийслэлд 110 хөдөө орон нутагт 71 нь байна. Мөн нэг өрхийн эмчид дунджаар 2731 хүн ноогдож байгаа нь нэг эмчид ногдох стандартаас 673 хүнд илүү үйлчилж байгаа аж. Тиймээс цаашид өрхийн эмчийн орон тоог нэмж ажиллуулах шаардлагтай байна гэдэгт хуралд оролцогчид санал нэгтэй байлаа.
Мөн энэ үеэр нийслэлийн болон орон нутгийн тэргүүний Өрхийн эрүүл мэндийн төвтэй танилцаж, туршлага солилцсон юм. Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөнд шийдвэр гаргах төвшний болон хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч, Олон улсын байгууллагын төлөөлөл болон Өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллөөс бүрдсэн 265 хүн оролцлоо.
Мөн “Оны шилдэг Өрхийн эрүүл мэндийн төв”-ийг шалгаруулан ивээн тэтгэгч байгууллагын зүгээс нэг сая төгрөгөөр, “Оны шилдэг өрхийн эмч”, “Оны шилдэг сувилагч” нарыг тус бүр 500 мянган төгрөгөөр, “Настанд ээлтэй Өрхийн эрүүл мэндийн төв”-өөр гурван байр эзлүүлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа. Энэ үеэр хөдөө орон нутгийн өрхийн эмчийн саналыг сонслоо.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Нарны дөш” өрхийн эмнэлгийн ахлах эмч Б.Чулуунцэцэг:
МАНАЙ ЭМНЭЛЭГ БҮХ ХҮНДЭЭ ХҮРЧ ҮЙЛЧИЛДЭГ
-Өрхийн эмнэлгийн чанар, хүртээмж гэдэг асуудал сүүлийн үед олны анхаарлыг татах болсон. Энэ асуудал хөдөө орон нутагт ямар байна вэ?
-Орон нутгийн төвшинд өөрийнхөө хэмжээнд тодорхой үйл ажиллагааг явуулж байр сууриа эзэлсэн. Орон нутгийн иргэдийн ихэнх нь өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлдэг. Манай аймгийн хувьд 40 гаруй мянган хүн амын 40 гаруй хувь нь өрхийн эмнэлгээрээ тогтмол үйлчлүүлдэг гэсэн судлагаа байдаг. Өрхийн эрүүл мэндийн төв нь анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг учраас тухайн өрхийн бүх хүнд хүрч үйлчилдэг.
-Орон нутгийн хэмжээнд өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг явуулахад тулгардаг ямар бэрхшээл байдаг вэ?
-Энэ удаагийн зөвлөгөөнд өрхийн эмнэлэг тэр дундаа орон нутгийн өрхийн эмнэлэгт тулгардаг асуудлыг удирдах албан тушаалтнууд хөндөж ярьж байгаад баяртай байна. Хөдөө орон нутагт нэн тэргүүнд тулгардаг асуудал нь санхүүжилт байдаг. Тухайн орон нутагт төсөвлөсөн мөнгө нь хүндээ хүрч үйлчлэхэд хүрэхгүй байх бэрхшээл гардаг. Мөн хүний нөөцийн хангалтгүй, хүн нэмж ажиллуулах гэхээр санхүүгийн боломж байдаггүй. Хоёрдугаарт, тусламж үйлчилгээг өргөжүүлж шинэ шатанд гаргах хэрэгцээ шаардлага бий болсон байна. Үүний тулд хүний нөөцөө сургаж чадавхжуулж сургах, эмч, сувилагч нарын тоог нэмэгдүүлэх шаардлагатай.
-Нийслэлд өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа зогсонги байдалд байна. Иргэд анхан шатаа алгасаад хоёр, гуравдугаар шатны эмнэлэгт ханддаг гэсэн асуудал нэлээд яригддаг. Энэ асуудал хөдөө орон нутагт ямар байна вэ?
-Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл, хувийн хэвшлийн эмнэлэг олон байдаг гэдэг утгаараа хүмүүс хоёрдугаар шатлалын эмнэлэгт үзүүлдэг байх. Нөгөө талаас иргэдийн хандлага, мэдээллийг өөрчлөх шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Өрхийн эмч тухайн хүнийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин туссан тохиолдолд бага шатанд нь зогсоох чадвартай гэдгийг иргэд мэддэггүй. Тиймээс хоёр, гуравдугаар шатны эмнэлэгт ханддаг. Хөдөө орон нутгийн хувьд бид чадлынхаа хэмээнд тусламж үйлчилгээгээ үзүүлдэг. Гэхдээ хөдөө орон нутгийн эмч нарын хувьд гэрээр нь очиж үзэх тусламж үйлчилгээ илүү байдаг. Гэрээр үзүүлж байгаа иргэдийн ихэнх нь бага насны хүүхэд, өндөр настай, жирэмсэн эмэгтэй,эмзэг бүлгийн хүмүүс байдаг. ММСС-гаас хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хүрээнд 30-60 насны хүн ам хамрагдаж эхэлж байгаа нь өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа, хүн амын хандлагыг сайжруулж байна.