Зүрх судасны мэс заслын их эмч Д.ЦЭГЭЭНЖАВ

Өнөөдөр аливаа өвчний оношлогоо, эм­чилгээний стандарт хэдэн зуугаар бий болсон. Харин тэр стандартыг хэрэг­жүү­лэх багаж, тоног тө­хөөрөмж, бусад нэг удаагийн хэрэгслийн стан­дарт гэж байхгүй. Хэрэв тухайн өвчнийг онош­лох орчин үеийн, өндөр технологийн аппа­рат тоног төхөөрөмжгүй бол нөгөө боловсруулан батлуулсан стандарт маань ач холбогдолгүй, цаашид ийм стандарт боловс­руу­лах шаардлагагүй болно. Өндөр технологийн аппа­рат багаж, тоног төхөө­рөмж авахад багагүй хэм­жээний мөнгө хэрэгтэй болно. Энэ мөнгийг хаанаас хэн өгөх вэ.

Хоёр дахь гол асуудал бол, оношлогоо, эмчил­гээний өртөгийн тооцоо гаргах. Хэрэв манай эрүүл мэндийн салбар улс орныхоо зах зээлийн гадна үлдье гээгүй л юм бол үүнийг хийхээс өөр ар­гагүй. Гадны гэхээ больё, хаяанд байгаа хоёр хөршдөө очоод эмчлүүлье гэхээр бүх оношлогоо, эмчилгээний өртөг нь тодорхой байдаг шүү дээ. Манайд хэнд хэдэн төгрөгийн эмчилгээ, үйл­чилгээ хийснийг өвч­төндөө өгсөн эм, тарьсан тариагаар нь тооцохоос хэтрэхгүй байна. Нэгэнт өртөгийг нь нарийн тооцож чадахгүй болохоор санхүүжилт нь ямар байх ёстойг тооцох боломжгүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртөг тооц­дог аргачлалаас өөрийн орны хөрсөнд суухаар ар­гач­лалыг нэвтрүүлэх шаардлагатай. Бидний тооцоогоор зүрхний нээлттэй 156 хагалгааны өртөг (эм, тариа, ороох боох материал, нэг удаагийн хэрэгсэл) 440 сая 312 мянган төгрөг болж байна. Үүний 115 сая 752 мянган төгрөгийг эмнэл­гээс гаргаж, үлдсэн 324 сая 560 мянган төгрөгийг иргэн халааснаасаа гар­гасан байна. Хэрэв иргэн хүн төлөх ёсгүй гэж үзвэл, төрөөс хийх санхүүжилт тийм хэмжээгээр дутуу хийж байна гэсэн үг. Ийм энгийн байдлаар тооцох нь учир дутагдалтай байж магадгүй. Үүнийг илүү оновчтой болгохын тулд эмнэлзүйн болон эдийн засгийн стандарт боловс­руулах шаардлагатай. Шинэчлэлийн засгийн газрын Эрүүл мэндийн салбарын өөрчлөлтийн гол цөм нь эндээс эхлэлтэй байж болох юм.  

 

ЭХ ОРОНДОО ЧАНАРТАЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ

 

Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 165 дугаар заалтад “Эх орондоо ча­нартай оношлогоо, эм­чилгээ хийх боломж”-ийн тухай орсон. Хожимдож гарч байгаа ч хөхиүлэн дэмжих асуудал. Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Монгол хүн эх орондоо орчин үеийн анагаах ухааны чанартай тус­ламжийг зохих үнээр нь авч чадах боломжийг бүрдүүлнэ” гэж мэдэгдсэн байгаа. Энэ нь гадаадын нөхцлийг өөрийн оронд бий болгож, гадаадад хийдэг оношлогоо, эм­чилгээг өөрийн оронд хийнэ гэсэн үг. Түүнээс биш төрийн бус зарим байгууллагууд телевизээр гадаадад ийм ч олон хүнийг эмчлүүлж эдгэ­рүүллээ гэж сайрхахын нэр биш байх. Харин гадны орчныг монголдоо бүрдүүлэхэд төчнөөн төг­рөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Ийм ч мэргэ­жилтэнг сургалаа, үүний үр дүнд гадагшаа явах байсан хүмүүс эх орондоо эмчлүүлэх боломжтой боллоо гэвэл тэдгээр компани, иргэдийг тат­вараас чөлөөлж, хөхиүлэн дэмжих төрийн бодлого хэрэгтэй. Ингэхгүйгээр Та нар яаж гадныханд хүрэх юм, чадахгүй байж” гэж мэргэжилтнүүдээ ба­самжлах нь төрийн бодлого биш. Хүмүүс гадагшаа явж эмчлүүлэх нь тухайн иргэний эрхийн асуудал. Харин үүнийг хэрхэн зо­хицуулах нь төрийн бод­лого. Хэдэн жилийн өмнө монгол хүний цусыг га­дагшаа гарган шинж­лүүлж байгааг эсэргүүцэн асуудал дэгдэж байсан. Гэтэл зөвхөн цус биш, бүхэл бүтэн хүнээр нь, олноор нь гадагшаа эм­чилгээнд явуулж байгаа нь бодох асуудал. Иргэдийн ихэнх нь гадаадад очиж эмчлүүлэх боломжгүй ядуу тарчиг амьдралтай. Манай орны хувьд ир­гэнээ харсан бодлого хэ­рэг­жүүлэх гэж байгаа нь урд хожид үзэгдээгүй гай­халтай зүйл.  Гадагшаа явж эмчлүүлж байгаа хүмүүс I, II шатлалын бус III шатлалын буюу өндөр нарийн мэргэжлийн тус­ламж авахаар явж байна. Тиймээс энэ чиглэлд төр бодлогоо боловсруулахыг иргэд үйлдлээрээ харуулж байна. Ерөнхий сайд гурав дахь шатлалын тусламж алга болж, түүнийг Солонгос, Тайланд, Хятад улс гүйцэтгэдэг болсон тухай ярьсан. Тэгэхээр гурав дахь шатлалын тусламжийн талаар төрийн бодлого үгүйлэгдэж байгааг иргэд нь хэлээд төр нь хүлээн зөвшөөрлөө. Одоо бодлого боловс­руу­лан түүнийг хэрэгжүүлэх л үлдэж байна.   Чанартай оношлогоо, эмчилгээний цаад мөн чанар нь техно­логийн шинэчлэл, оюуны чадамж юм. Технологийн шинэчлэлийг тухайн сал­барын хөгжлийн өнөөгийн төвшингөөс хамааран за­рим салбарт нэг далай­цаар, зарим салбарт шат дараалан хийх бодлого барих нь оновчтой. Тухайлбал, зүрхний мэс заслын технологийн ши­ нэчлэлийг иж бүрнээр хийхгүй, зүрх, уушги ор­луулах машин нь 500 мянган ам.долларын үнэтэй юм. Үүнийг дараа жил авъя, харин  амьсгалын аппарат нь хямд юм өнөө жил гэж төлөвлөж болохгүйтэй адил. Нэг далайцаар то­моохон хөрөнгө оруулал­таар технологийн шинчлэл хийсэн байхад хэдэн жилдээ дахин том хөрөнгө оруулалт хийхгүй байх боломжтой. Тэгэхээр өнөөдрийн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр технологийн шинэчлэл хийх боломжгүй. Учир нь төсвөөс нэмэлт санхүү­жилт хийх замаар шийдэх, эсвэл төлбөрт эмчил­гээний эзлэх хувийг нэмж, түүнээс орсон мөн­гөөр тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж болох юм. Гэтэл эрүүл мэндийн сал­барын хөрөнгө бүрдүү­лэлтэд төлбөрт эмчилгээ 3-4 хувиас хэтэрдэггүй, зах зээлийн жишгээр явбал энэ өсөх магадлалтай.

Технологийн шинэч­лэлийг оюуны чадамж сайтай мэргэжилтнүүд хийдэг. Өнөө цагт техникийн шинэчлэлээс, технологийн шинэчлэл түрүүлэх ч явдал бий. Оюунлаг залуус шинэ тех­нологи нэвтрүүлмээр байдаг. Гэтэл дэлхийн төвшний тоног төхөөрөмж нь байдаггүй. Түүнийг авъя гэхээр өндөр өр­төгтэй, хөрөнгийн асуудлыг тавихаар бүт­дэггүй явдал амьдрал дээр байна. Энэ байдал нь технологийн шинэчлэлээс улам бүр хоцроход хүр­гэдэг. Иймээс техно­логийн шинэчлэл хийхдээ тоног төхөөрөмж нийлүү­лэ­хээс өмнө түүнийг ажил­­луулах мэргэжилтэнг газар дээр нь бэлтгэх бодлого барих хэрэгтэй. Алдаатай бодлогын улмаас хөдөө орон нутаг, дүүргийн зарим эмнэлгүүдэд багаж аппарат нийлүүлсэн ч ажил­луулдаг мэргэжилтэн байхгүй байсаар үеэ өнгөрөөдөг муу зуршил байсныг давтаж болохгүй.

 

 

ОЮУНЫ ЧАДАМЖ СУЛТАЙ МЭРГЭЖИЛТНҮҮД ОЛШРОХ НЬ УЛС ОРНЫГ ТЕХНОЛОГИЙН ХОЦРОГДОЛ РУУ ХӨТЛӨХ АЮУЛТАЙ

 

Эрүүл мэндийн сал­барын шинэчлэлийн нэг гол хэсэг нь мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийн асуудал. Өнөөдөр хувь, хувьсгалын их, дээд сургууль төгсөж эмчийн мэргэжил эзэмшсэн хүмүүс гараад ажиллах ажлын байргүй. Эмчээр ажиллах эрх нь хаалттай байгаа нь бас л тог­тол­цооны болон бодлогын гажиг. Социализмын үед төгссөн бид сургууль төгсөөд шууд эмчээ хийж байлаа. Тэглээ гээд муу байгаагүй, харин ч сайн байсан. Тэр үеийн сур­галтын чанар, эмч нарын идэвхи, бие даах чадвар өнөөгийнхөөс хавьгүй дээр байсан гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Өнөөдөр ялангуяа хувийн сургууль төгсөгчдийн эзэмшсэн мэргэжил нь амьдралын баталгаа болох нь буй хэл өрх, сумын эмч хийхэд гологдож байна. Энэ байдлыг яаж засах вэ. Нэгдүгээрт, оюуны үйлдвэрлэл хийдэг дээрх сургуулиуд зах зээлд тэн­цэхгүй гологдол бүтээг­дэхүүн үйлдвэрлэхээ зог­соох хэрэгтэй. Хоёр­дугаарт, нэгэнт үйлдвэр­лэсэн гологдол бүтээг­дэхүүнээ зах зээлээс эргүүлэн татан авч, дахин боловсруулалтад оруулж чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн болгохын тулд элсэлтээ хязгаарлах бодлого байж болох юм. Оюуны чадамж муутай мэргэжилтнүүд олшрох нь улс орныг технологийн хоцрогдол руу хөтлөх аюултайг хаана хаанаа анхаарууштай.