Э.ОРХОН

 Энэ удаа Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын их эмч Д.Цэгээнжавыг дугаарын зочноор урилаа.

-Монголд зүрхний мэс заслыг анх хэдэн онд хийж эхэлсэн байдаг вэ. 50 жилийн туршлагатай гэж ярьдаг боловч хүмүүс  гадагшаа хагалгаанд явсаар л байгаа шүү дээ?

-Монгол хүн монгол хүний зүрхэнд анх 1958 онд хагалгаа хийсэн байдаг. Үүгээр тооцвол 50 гаруй жил өнгөрсөн байна. Албан ёсоор зүрхний мэс заслын тасаг 1969 онд байгуулагд­сан.  Үүгээр нь тооцвол 40 гаруй жил болж байна. Энэ хугацаанд 10 мянга гаруй хүнд зүрхний мэс засал хийсэн. Үүний ихэнх хувийг зүрхний тө­рөлхийн гажигтай хүмүүс хийлгэсэн байдаг. Ер нь зүрхний мэс засал хийж эхлэхдээ зүрхний төрөл­хийн гажгийн мэс засал хийж байсан. Хэсэг хуга­цааны дараа хав­халгын гажиг сүүлийн үед буюу 10-аад жилийн өмнөөс титэм судасны хагалгааг хийж эхэлсэн. Зүрх су­дасны хагалгаа нэг хэсэг уналтад орж байгаад сүү­лийн 10-аад жилд сэр­гэж эхэлсэн. Энэ нь хоёр шалт­гаантай. Зүрхний ха­галгааг хоёр нөхцөлд хийдэг. Нэг­дүгээрт, аг­шиж байгаа зүр­хэнд хийдэг. Энэ нь зүрх агшиж байх хуга­цаанд зүрхний гажгийг нь засдаг. Хоёр­дугаарт, зүрхээ зог­соож буюу цээжийг нь нээж байгаад хагалгаа хийдэг. Агшиж байгаа зүр­хэнд хийгддэг хагалгаа нь арай хялбар гажигт хийгд­дэг. 1972 он хүртэл дандаа аг­шиж байгаа зүрхэнд ха­галгаа хийдэг  байсан. Харин цусны зохиомол эр­гэлттэй буюу зүрхийг зогсоож хий­дэг хагалгааг 1972 оноос хийж эхэлсэн. Энэ мэс засал хөгжлийн хувьд тийм их хурдацтай биш байсан ч сүүлийн жи­лүүдэд эрс сайжирсан.

Таван жилийн өмнө жилд 50-60 хүнд зохиомол эргэлттэй буюу зүрхийг нь зогсоож, зүрх уушигны аппаратыг ажиллууж хагалгааг хийдэг байсан. Одоо энэ тоо 4-5 дахин нэмэгдсэн. Өнгөрсөн жил 156 хүнд нээлттэй зүрхний хагалгаа хийсэн. Энэ хагалааг хийхэд маш өндөр төвшний нарийн тоног төхөөрөмж шаард­лагатай. Гэхдээ сүүлийн үед энэ тоног төхөө­рөм­жтэй болсон ч энэ нь учир дутагдалтай юм. Манайд орчин үеийн өндөр технологи орж ирээгүй байгаа учраас зүрхний хүнд хэлбэрийн эрсдэл өндөртэй өвчлөлийн үед гадагшаа явахыг зөвлөдөг. Гэхдээ ямар оноштой хү­мүүсийг явуулахыг Эрүүл мэндийн яаманд санал болгож оношийн дагуу явуулдаг. Зүрхний мэс засал гэхэд найман төрлийн өвчнөөр гадагшаа явж эмчлүүлж байна. Манайд өнөөдрийн байдлаар жилд 500-600 зүрхний хагалгаа хийгдэж байна. Цаашид гадагшаа явуулах эмчил­гээний онош цөөрч бид өөрсдөө гардан хийдэг болно гэдэгт итгэлтэй байна. 

-Тав, 10 жилийн өмнө хийж чаддаггүй байсан хагалгаа шат шатаар ахи­саар хийгддэг болжээ. Тэгвэл одоо хийгдэж байгаа хагалгаанд тоног төхөөрөмж нь бүрэн хан­гагдаж чадаж байна уу?

-Агшиж байгаа зүр­хэнд зүрхийг нь зогсоож, цээжийг нь нээж хийдэг хагалгааг Монгол, Орос хоёр л хийдэг. Энэ бол тун аюултай өөр улс хийдэггүй байсан. Цус нь гоожиж байхад соруулж байгаад цоорхойг нь оёдог байсан. Ийм байдлаар 2000 он хүртэл явсан. Энэ нь нэг удаагийн хэрэгслээр бүрэн хангагдаагүйтэй холбоотой. Өвчтөн өөрсдөө гаднаас худалдаж авдаг байсан. Үүнээс хойш арай өөрчлөгдөж байна. Гэхдээ л тийм сайн биш. Титэм судасны хагалгаа хийхэд титэм судасны зургийг маш өндөр төвшинд авдаг байх ёстой. Гэтэл манайд 1969 онд Щвейдээс оруулж ирсэн аппараттай байдаг. Түүнээс хойш өөр нэг аппарат оруулж ирсэн ч титэм судасны зураг авах ямар ч боломжгүй. Титэм судасны хагалгаа хийхэд судсаа хаана нь нарийс­сан байгааг сайн мэдэх шаардлагатай. Тэр зургийг нь авдаг аппарат, мэргэ­жилтэн, тоног төхөөрөмж нь ч манайд сайн хан­гагдаагүй байсан. Ингээд 2000 оноос сайжирсаар одоо өдөр тутам хийдэг хагалгаа болсон. Гэхдээ орчин үед шинэ технологи нэвтэрснээр судсан дотуур хагалгаа хийдэг болж байна. Тухайлбал, зүрхний төрөлхийн гажгийг судсан дотуур аргаар бөглөх, хов­дол, тосгуур хоорондын цоорхойг бөглөх, мөн хав­халгийн нарийссан хэсгийг судсан дотуур аргаар нарийссан хэсгийг нь тэлэх, титэм судасны нарийслыг нээлттэй ха­галгаа хийхгүйгээр судсан дотуур хийх зэрэг эм­чилгээний аргууд сүүлийн 5-6 жилийн өмнөөс нэв­тэрч эхэлж байна. Судсан дотуурх хагалгааг манай эмч нар гардан хийдэг болсон нь Монголын эрүүл мэнд анагаах ухаан тэр дундаа зүрх судасны сал­барт сүүлийн үед гарсан том дэвшил. Одоо бид зүрхний төрөлхийн гаж­гийг судсан дотуурх аргаар эмчлэхэд суралцаж байна. Гэхдээ одоогоор Монгол эмч нар гардан хийхэд хараахан бо­ломжгүй байна. Яагаад гэхээр энэ хагалгааг хийхэд гадны оронд су­ралцаж нарийн мэргэш­сэн байх ёстой. Гэтэл энэ чиглэлээр хүн сургах нөхцөл, санхүү­жилт нь бүрдээгүй байгаа юм. Бага хэмжээний байгаа ч дэвшил гарах хэмжээний биш учраас үүнд анхаарал хандуулах хэрэгтэй.

-Зүрхний мэс заслын эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ хэр байдаг вэ. Залгамж халаагаа бэлтгэж байна уу?

-Эмч мэргэжилтнүүд боломжийн бэлтгэгдсэн байгаа. Миний дараагийн үед титэм судас болон хавхалгын мэс засал хийх хүмүүс боломжийн хэм­жээнд бэлтгэгдэж байна. 1-2 жилийн дараа гэхэд тэд хагалгаагаа гардан хийдэг болно. Гэхдээ л зүрхний нээлттэй хагалгаа болон хөнгөн хагалгааг залуу эмч нар гардан хийж байгаа.

-Сүүлийн үед шинэ оношлогооны төв барих асуудал яригдаж байна. Хэрэв оношлогооны төв шинээр нээгдээд шинэ тоног төхөөрөмжтэй бол­вол гадагшаа явахгүй Монголдоо эмчлүүлэх боломж бий юу?    

-Ганц ч хүн гадагш явуулахгүйгээр зүрхний мэс засал эх орондоо хийнэ гэдэг өрөөсгөл ойл­голт. Бидэнд хийж чадахгүй зүйл зөндөө бий. Зөвхөн бид ч бус Монгол улс дэлхийн хөгжлөөс 20-30 жил хоцорсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэ­рэгтэй. Техник техно­логийн хоцрогдолд орсон учраас гажуудал үүсэн. Тиймээс Америк, Японы төвшинд хүрэх болоогүй ч боломжийн хэмжээнд хийж байна. Гадагшаа явах тохиолдол байж болох ч аль болох л цөөлөх бо­ломж бий. Энэ нь тоног төхөөрөмж болон мэргэж­лийн боловсон хүчин бэтгэгдэж ажиллах орчин нөхцөл нь сайжирсан үед гадагшаа явах асуудал багасна.

-Хүмүүс гадагшаа 60, 70 мянган ам.доллараар хагалгаа хийлгэлээ гэдэг. Тэгвэл манайд хийгдэж байгаа зүрхний хагалгаа ямар үнэтэй хийгддэг вэ?

-Монголд зүрхний хагалгаа үнэ төлбөргүй хийгддэг. Дэлхийд хаана ч байхгүй буяны ажлыг бид хийдэг. Төлбөртэй юм шиг хүмүүст ойлгогддог. Яагаад гэхээр хиймэл хавх­лага, аппаратаа ху­далдаж авдаг учраас төл­бөртэй юм шиг боддог. Үүнд засаг мөнгө гар­гахгүй учраас хувь хүн өөрөө худалдаж авдаг. Сайн хавхлага нь хаана хийсэн хэр зэрэг хүний бид амьдрах чадвартай гэдгээсээ ха­маа­раад доод тал нь 3-4 сая төгрөг байдаг. Үүнийг төлбөртэй гэж огт бодож бо­лохгүй. Энэ асуудал бол эрүүл мэндийн салбар зах зээлийн хаалттай бүсд байгаатай холбоотой.     

-Эмч нарыг бусад улс орон руу сургалтад хамруулах асуудалд төрөөс хэр анхаарч байна вэ. Одоогоор энэ чиглэлээр сурч байгаа хүн бий юу?

-Зүрхний мэс засалд хүн бэлдэхэд урт хугацаа шаарддаг. Ийм урт ху­гацаа шаардаж гадагшаа явж сурсан мэргэжилтнээ зах зээлийн үед алддаг. Тухайлбал, манай эмнэлэг Сонгодо эмнэлэгт зүрхний наркоз өгдөг анислогийн нэг эмчээ алдсан. Тухайн хүн маань Солонгос, Германд бэтгэгдсэн хүн байсан. Тиймээс гадагшаа явж сурах асуудалд би шүүмжлэлтэй ханддаг.  Яагаад гэхээр Засгийн газар хоорондын гэрээ, улсын зардлаар сурж ирчихээд сурсан мэдсэн зүйлээ улсын эмнэлэгтээ гаргах хэрэгтэй. Гадагшаа улсын зардлаар явж сур­сан хүмүүстэй ирээд тав, 10 жил ажиллана гэсэн гэрээг байгуулах хэрэгтэй.  Одоо энэ чиглэлийн хүн дахин бэлдэхэд доод тал нь 10 жил шаардлагатай. Тиймээс ийм мэргэ­жилт­нүүдийг ажлын байран дээр нь ажиллуулах төрийн бодлого үгүй­лэгдэж байна. Эмнэлэг, яам, төр харицлагагүй байгааг эндээс харж болно. Үүний цаана иргэд л хохирдог гэдгийг ан­хаарах нь чухал.

-Тэвэл төрөөс бод­логын хувьд ямар өөрчлөлт хийх хэрэгтэй байна вэ. Таны бодлоор?

-Эрүүл мэндийн сал­барт олон доголдол бий. Үүний нэг нь салбар хоо­рондын уялдааг  сайж­руулах юм. Үүнийг төр хийх ёстой байтал хий­дэггүй. Жишээ нь, Эх нялхас бидний эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Эх нялхасын төв учраас хүүх­дүүд тэнд оношлогддог. Үүнийг хураагаад бидэнд өгдөггүй. Ингээд бидний эсрэг сурталчилгаа явуул­даг. Гуравдугаар эмнэлэгт зүрхний төрөлхийн гажгийг эмчилж чаддаггүй гэх зэргээр. Тэгээд нөгөө зүрхний гажигтай хүүх­дүүдийг гадагшаа явуул­даг. Эх нялхасын төвд Ерөхний сайдын дэмж­лэг­тэйгээр зүрхний гажгийн тасаг байгуулна гэсэн. Уг нь манайх шиг цөөхөн хүн амтай улсад 40 гаруй жил хөгжсөн зүрхний бүхэл бүтэн төв байхад заавал тэнд тийм тасаг байх шаардлагагүй гэж боддог. Бидний хийж байгаа хагалгааны 40 хувь нь  зүрхний төрөлхийн гажиг байдаг. Төрөлхийн гажигаар хагалгаа хийл­гэж байгаа хүмүүсийн 30 орчим хувь нь таваас доошх насны бага насны хүүхэд байдаг. Тэр ч бүү хэл бид 10 сартай хүүхдэд хүртэл хагалгаа хийсэн. Ерөхний сайд хэлж байсан зүрхний хагалгаа хийлгэх гээд хүлээж байгаа 1000 хүүхэд байна гэж. Тэр хүүхдүүд нь хаана байгаан. Хаанахын ямар судла­гаагаар ингэж ярьж бай­гааг нь мэдэхгүй байна. Хэрэв үнэхээр тийм хүүх­дүүд байгаа бол магадгүй 500-д нь бид өөрсдийн тасагт хагалгаа хийх бо­ломж байж магадгүй. Га­дагшаа хүүхдүүд хагал­гаанд явлаа гэдэг гэтэл манайхаар дамждаггүй. Уг нь зүрхний мэс заслын эмч нарын зөвлөгөөнөөр ороод үүнийг бид хийж чадахгүй юм байна гэсэн тохиол­долд явуулдаг. Гэтэл ийм асуудал байдаггүй. Ингэж нэгнийхээ хийж байгаа ажлыг үгүйсгэсэн нөх­цөлд энэ салбар сайж­рахгүй.